| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2026/00712/И |
| Дугаар | 224/МА2026/00021 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 224/МА2026/00021
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн
төвд холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 318/ШШ2026/00767 дугаар шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдох, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний төлбөрт 6,170,670 төгрөг, алданги 3,085,335 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л /цахимаар/, хариуцагчийн төлөөлөгч Я.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 318/ШШ2026/00767 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний төлбөрт 6,170,670 төгрөг, алданги 3,085,335 төгрөг, нийт 9,256,005 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Манай төвийн зүгээс нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулаагүй. Манай байгууллага сумын эмийн эргэлтийн сангаас эм, эмнэлгийн хэрэгслийг захиалж авдаг бөгөөд 2024, 2025 онд “А” ХХК-аас эм худалдан аваагүй. Х сумын эмийн эргэлтийн сан нь татан буугдаагүй байгаа. Сумын эмийн эргэлтийн сан нэхэмжлэгч компаниас эм худалдан авсан бол тухайн байгууллага хариуцагчаар оролцох ёстой” гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцээд:
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 187 дугаар зүйлийн 187.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсэж, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
4.1. “Аз” ХХК болон “А” ХХК-ийн хууль зүйн хамаарал болон шаардах эрхийн талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба хэрэгт цугларсан баримтуудыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. “А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үүсгэн байгуулагчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/01 тоот тогтоол болон компанийн дүрмийн 1.3, 5.2-т зааснаар Аз ХХК нь “А” ХХК-ийн гаргасан 100 ширхэг энгийн хувьцааг нь бүрэн эзэмшдэг толгой компани болох нь эргэлзээгүй нотлогдож байна.
4.2. “Аз” ХХК нь Увс аймагт эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний борлуулалт, нийлүүлэлтийг хариуцуулахаар өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани болох “А” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа.
4.3. Толгой компани болох “Аз” ХХК-ийн системд бүртгэгдсэн нэхэмжлэхийн дагуу түүний нэрээр нийлүүлсэн эм, бүтээгдэхүүний төлбөр шаардах эрхийг түүний охин компани болох “А” ХХК шилжүүлэн авсан. Уг компанийн шүүхэд нэхэмжлэл гаргах, төлбөр шаардах эрх нь Иргэний хууль болон Компанийн тухай хуулиар хамгаалагдсан.
Толгой болон охин компани нь нэгдмэл сонирхолтой, нэг хөрөнгөтэй субъектүүд байтал анхан шатны шүүх тэдгээрийг огт хамааралгүй мэтээр дүгнэж, төлбөр шаардах эрхийг тодорхойгүй гэж үзсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь, бүрэн, бодитой үнэлж чадаагүйг харуулж байна гэжээ.
4.4. Хариуцагч нь эм, эмнэлгийн хэрэгслийн захиалгыг өгч, тухайн эм, бүтээгдэхүүнийг бодитоор хүлээн авч зарцуулсан. Сумын эмийн эргэлтийн сан нь Эрүүл мэндийн төвийн даалгавраар эмийг хүлээн авах суваг болж оролцсон. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т зааснаар бодит үйлдэл хийгдсэнээр хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
4.5. Шүүх Х сумын Эмийн эргэлтийн санг “жинхэнэ хариуцагч” гэж үзэж байгаа бол хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохигчдыг зөв тодорхойлох, хамтран хариуцагчаар татан оролцуулах, эсвэл хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байтал нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна” гэжээ.
5. Хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
5.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн маргааны үйл баримтын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч талд төлбөр төлөх үүрэг үүсээгүй гэж зөв дүгнэсэн байна.
5.2. Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын хооронд эм, эмнэлгийн хэрэгсэл, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдсан, бүтээгдэхүүн нийлүүлсэн болохыг нотлох хангалттай баримт хэрэгт цуглараагүй байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Х сумын Эрүүл мэндийн төвтэй эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажилласан, 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 6,170,670 төгрөгийн өр үүссэн гэж дурдсан байх боловч хэрэгт бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй. Мөн нэхэмжлэгч тал ямар хугацаанд эм, эмнэлгийн хэрэгсэл, бүтээгдэхүүн нийлүүлсэн, хэдий хэмжээний төлбөр үүссэнээс хэзээ, хэдэн төгрөгийг төлсөн буюу өр төлбөрийн үлдэгдэл ямар хугацаанд хамаарахыг тус тус нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтуудаа шүүхэд ирүүлэх, тухайлбал Х сумын Эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулсан талаарх баримтуудаа ирүүлэх, хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбартай танилцах талаар удаа дараа мэдэгдэж, тайлбарлаж өгснийг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул шүүхээс талууд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж, нөхцөлийг хангасан гэж үзнэ.
5.3. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолдоо “Толгой компани болон охин компанийн хууль зүйн хамаарлын талаар шүүх дүгнэж чадаагүй, Аз ХХК нь “А” ХХК-ийн гаргасан 100 ширхэг энгийн хувьцааг 100 хувь эзэмшдэг, толгой компани юм. Толгой компани болох Аз ХХК-ийн системд бүртгэгдсэн төлбөрийн нэхэмжлэх, түүний нэрээр нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрийг охин компани болох “А” ХХК нэхэмжлэх эрхтэй” гэж дурдаж, “А” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 23/01 тоот тогтоол болон компанийн дүрмийг хавсарган ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж заасан тул нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд хавсарган ирүүлсэн дээрх баримтуудыг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй болно.
Хавтаст хэргийн 38-41 дэх талд авагдсан, Аз ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн хуулбарууд нь нэхэмжлэгч “А” ХХК-ийнх гэдгийг нотолсон өөр бусад нотлох баримтууд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдаагүй, түүнчлэн нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн MNUT000623 дугаартай тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нэхэмжлэлийн шаардлагыг нотлоход хүрэлцэхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй байна.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,046 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 318/ШШ2026/00767 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,046 /нэг зуун жаран гурван мянга дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН