Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 224/МА2026/00022

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт

холбогдох иргэний хэргийн тухай

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 318/ШШ2026/00750 дугаар шийдвэртэй,

     “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг, алдангид нийт 25,871,564 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, хариуцагчийн төлөөлөгч Ш.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг, алдангид нийт 25,871,564 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж,

     - шаардлагын үндэслэлээ: “Манай компани нь Х сумын нэгдсэн халаалтын үйл ажиллагааг 2017 оноос хойш эрхлэн явуулж байна. Халаалт нийлүүлэх үнэ тарифыг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталснаар мөрдөж ажилладаг. Х сумын Цэцэрлэгтэй 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дулаан нийлүүлэх гэрээг байгуулсан. Манайх гэрээнд заасны дагуу дулааны эрчим хүчийг нийлүүлсэн боловч тус Цэцэрлэг нь дулааны төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу 2025 оны 10 дугаар сард 1,335,020 төгрөг, 11 дүгээр сард 6,908,040 төгрөг, 12 дугаар сард 7,020,400 төгрөг тус тус дутуу төлж, нийт 15,263,460 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн ба одоог хүртэл төлөөгүй байна.  

     2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, баланс гаргахад тухайн байгууллага нь манайд өртэй гэдгээ тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байгаа. Төлбөр төлөхгүй байгаа шалтгаанаа дээрээс буюу аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс санхүүжилт дутуу өгсөн тул төлбөрийн өр үүссэн гэж тайлбарладаг. 2026 он гарснаас хойш үлдэгдэл төлбөр тооцоог барагдуулах талаар утсаар холбогдож мэдэгдэж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл халаалтын төлбөрийг барагдуулаагүй байна. 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсний алданги тооцоход 2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 139 хоног хугацаа хэтэрсэн, нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцоход хоногийн алдангийн төлбөр 76,317 төгрөг, нийт алданги 10,608,104 төгрөг болсон” гэж тайлбарласан. 

    2. Хариуцагч Х сумын Цэцэрлэгээс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Манай байгууллага 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, баланс гаргахдаа “Т” ХХК-д 15,263,460 төгрөгийн дулааны өртэй гэдгээ тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, хүлээн зөвшөөрсөн.

     Аймгийн санхүү, төрийн сангийн хэлтсээс дулааны санхүүжилтийг хийсэн үед 2025 оны дулааны төлбөрийн үлдэгдэл болох 15,263,460 төгрөгийг төлөх бүрэн боломжтой бөгөөд алданги 10,608,104 төгрөгийг орон нутгийн төсөв хүрэлцэхгүйн улмаас төлөх боломжгүй” гэжээ.  

    3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 318/ШШ2026/00750 дугаар шийдвэрээр:

    - Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгээс худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 15,243,460 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,608,104 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

    - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 15,243,460 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 234,167 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

    4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хариуцагч тал гэрээнд заасан хугацааны дотор дулааны төлбөрөө төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч, 2025 оны эцэст манайхтай тооцоо нийлж, дулааны өр төлбөртэй гэдгээ баталсан, мөн шүүхэд гаргасан тайлбартаа ч дулааны төлбөрөө төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа.

    Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заасан ба манай байгууллагын зүгээс гэрээнд заасан дулааны эрчим хүч нийлүүлэх үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн, хариуцагч ч дулааны эрчим хүчийг бүрэн хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

    Хариуцагч болох Х сумын Цэцэрлэг нь төсвийн байгууллага ба төрөөс бүрэн санхүүждэг. Тиймээс өөрийн байгууллагын тогтмол зардал болох цахилгаан, дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд, гэрээнд заасан мөнгөн дүнгээр төлөх үүрэгтэй гэдгээ мэдэж байгаа мөртлөө Увс аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1/1338 дугаар албан бичиг, Х сумын ИТХ-ын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Б/01 дугаартай тогтоолууд гарч байхад байгууллагын зүгээс тогтмол зардал нь хасагдаж байхад арга хэмжээ аваагүй байсан, мөн оны эцэст өр үүснэ гэдгийг ч мэдэж байсан.

    Дулааны төлбөрийн санхүүжилт буурсан, гэрээнд заасан дүнгээр төлөх боломжгүй болсноо манай байгууллагад огт мэдэгдэж байгаагүй. Манайхаас 2025 оны 11, 12 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлэхэд, мөн нэхэмжлэхийн үнийн дүнгээс дутуу төлж байх үедээ мэдэгдэх боломжтой байсан гэж үзэж байна.

     Шүүх талууд гэрээ байгуулсан, хууль болон гэрээнд зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөх, мөн Эрчим хүчний тухай хуулиар алданги ногдуулахыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт хийсэн мөртлөө Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Х сумын Цэцэрлэгийг хугацаа хэтрүүлсэнд буруугүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу алданги төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Төсөв хасагдсан гэдэг тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн гаргасан шийдвэрийн улмаас бизнесийн байгууллага хохирох ёсгүй гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс халаалтын хөлсөө гэрээнийхээ хугацаанд авна гэж тооцоолон өөрийн зардлаа төсөвлөсөн байдаг.

    Иймд Увс аймаг дахь анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 318/ШШ2026/00750 дугаар шүүхийн шийдвэрт, алданги буюу 10,608,104 /арван сая зургаан зуун найман мянга нэг зуун дөрөв/ төгрөгийг Х сумын Цэцэрлэгээс гаргуулан “Т” ХХК-д олгуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулгаар тайлбарлажээ.

     5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Ш.Н: “...манай байгууллагын төсөв хасагдсантай холбоотой 2025 оны 11, 12 дугаар сарын дулааны төлбөрийн өр үүссэн. Тухайн үед өр үүссэн талаар холбогдох газарт нь мэдэгдсэн. Энэ асуудал нь манай байгууллагатай холбоогүй. Аймгийн ИТХ-аас 86,359,400 төгрөгийн төсөв баталж өгсний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Т” ХХК-тай гэрээ байгуулж, сар бүр ирсэн санхүүжилтийн дагуу дулааны төлбөрөө төлөөд явж байсан. Гэтэл 2025 оны 07 дугаар сард санхүүжилт хасагдаж ирснээс өр үүссэн. Сумын ИТХ-ын хуралдаанд нөхцөл байдлаа танилцуулсан. Дулааны төлбөр болон төсвийн талаар Увс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс болон аймгийн Засаг даргад мэдэгдэж байсан” гэх тайлбар гаргасан байна.

ХЯНАВАЛ:

     1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-ийн давж заалдах гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 318/ШШ2026/00750 дугаар шийдвэртэй иргэний хэргийг хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

    2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэгт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дулааны төлбөр 15,263,460 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 10,608,104 төгрөг тус тус гаргуулахаар шаардсан. Хариуцагч гэрээний гүйцэтгээгүй үүргийн төлбөр 15,263,460 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хугацаа хэтрүүлсний алданги 10,608,104 төгрөгийг төлөхийг зөвшөөрөөгүй бөгөөд халаалтын төлбөр төлөх хугацаа хэтрэхэд манай байгууллагын буруутай үйл ажиллагаа байхгүй тул хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж маргажээ.

    3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.      

    3.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон  байна.   

     3.2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу Увс аймгийн Х сумын төрийн байгууллага, аж ахуй нэгж, айл өрхөд гэрээгээр дулаан нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байх ба 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Х сумын Цэцэрлэгтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан нь хэрэгт авагдсан гэрээ /хх-ийн 6-8 дугаар тал/, зохигчдын тайлбараар нотлогдсон. Тус гэрээгээр хангагч тал нь хэрэглэгч байгууллагын 3,899.3 м³ эзлэхүүн бүхий барилгыг 1 м³ тутамд 2,142.8 төгрөгөөр /НӨАТ орсон дүнгээр/ дулааны эрчим хүчээр хангахаар, хангагч нь төлбөрийн нэхэмжлэхээ сар бүрийн 22-ны өдөр өгөх, хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэх авсан тухайн сарын дотор төлбөрөө бүрэн төлж байхаар тус тус тохиролцжээ. 

    3.3. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Т” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, хэрэглэгч байгууллагыг дулааны эрчим хүчээр хангасан, харин хариуцагч нь 2025 оны 11, 12 дугаар сард дулааны эрчим хүч ашигласны төлбөр төлөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 15,243,460 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

    Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох 15,243,460 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

    3.4. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсний алдангид 10,608,104 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэсэн, хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан заалтад нийцсэн байна.

     Зохигчдын хооронд байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээний 4.6-д: хэрэглэгч буюу хариуцагч байгууллага хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэлийн дагуу тухайн сардаа багтаан төлөх үүрэг хүлээсэн, 4.8-д: хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнд 0.5 хувиар тооцон алданги ногдуулахаар тохиролцжээ.  

     Алданги төлөх талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 232.6-т тус тус заасан зохицуулалтад нийцсэн, гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас дулааны эрчим хүч ашигласны төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хариуцагч талын гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй

    Тодруулбал, хариуцагч Увс аймгийн Х сумын Цэцэрлэг нь төсвийн байгууллага тул тухайн төсвийн жилд батлагдсан төсвийн дагуу олгогдсон санхүүжилтийн хэмжээнд дулаан хэрэглэсний төлбөрийг төлөх боломжтой ба 2025 оны төсвийн тодотголоор хариуцагч байгууллагын халаалтын зардлын хэмжээг өмнөхөөс бууруулж баталсан, үүний улмаас 2025 оны 11, 12 дугаар сард дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бүрэн төлж чадаагүй үйл баримт хэрэгт тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, үндэслэл бүхий болжээ. Төрөөс санхүүжилт олгогдоогүйн улмаас төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл үүссэн нь тогтоогдсон байна.  

     Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан.

    Хуулийн дээрх зохицуулалтаар тодорхой нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэгч /хариуцагч/ төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа, зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй, улмаар хугацаа хэтрэхэд хариуцагч гэм буруугүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлага хүлээхгүй.  

     4. Хэргийн баримтаар дулааны төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагч байгууллагыг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр түүнд гэрээний хариуцлага буюу алданги төлөх үүрэг хүлээлгэх үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

   5. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “хариуцагчаас алданги 10,608,104 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

     6. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 318/ШШ2026/00750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-ийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗАЯА

                                            ШҮҮГЧ                            Н.МӨНХЖАРГАЛ

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН