Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 224/МА2026/00023

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Х сумын Соёлын төвд

холбогдох иргэний хэргийн тухай

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулж,

    Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2026/00694 дүгээр шийдвэртэй,

    “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 23,517,209.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б (цахимаар), Т.Ж (цахимаар), хариуцагчийн төлөөлөгч Х.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь Увс аймгийн Х сумын Соёлын төвөөс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 23,517,209.6 төгрөг гаргуулах тухай

    - нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Эрчим хүчний тухай хуулийн 28.1, 28.3-д тус тус заасны дагуу тус сумын Соёлын төвийн 4,056.02 м.куб талбайг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд дулааны эрчим хүчээр хангах тухай 2023/07 тоот гэрээг талууд 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан.

    Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /цаашид "УАЭХЗЗ" гэх/ нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн №21 тогтоолоороо “Увс аймгийн Х сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф”-ыг шинэчлэн баталсан. Улмаар уг тогтоолд заасан үнэ тариф (1м.куб нь НӨАТ-тай 2,104.3 төгрөг)-ыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг талуудад үүрэг болгосон.

    Мөн талуудын байгуулсан гэрээний 6.4 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д тус тус зааснаар хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд ийнхүү хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги тооцож төлөхөөр тусгасан болно.

      Хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс буюу 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сард дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг шинэ үнэ тарифаар тооцож төлөх үүрэгтэй байсан боловч уг үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүйгээс нийт 15,678,139.7 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулаагүй  байна

     Иймд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийн үлдэгдэл болох 15,678,139.7 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 7,839,069.9 төгрөг буюу нийт 23,517,209.6 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх агуулгаар тайлбарлажээ.

   2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж,  татгалзлын үндэслэлээ “...Увс аймгийн Х сумын Соёлын төв нь 2023 оны батлагдсан төсөвт багтаан “Т” ХХК-нийн төлбөрийг нэхэмжилсэн дүнгийн дагуу хугацаанд нь бүрэн төлж жилийн эцсийн тайлангаар өр төлбөргүй гарсан болно.

     2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хийсэн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Увс аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн шийдвэрээр шинээр мөрдөх дулааны тарифаар төсөвт тусгагдаагүй тодотгол хийгдээгүй, хугацаа заагаагүй “Т” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-нд байгуулсан гэрээ нь баталгаажаагүй тул 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 05 тоотоор төлөх нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тайлбарласан байна.

     3. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2026/00694 дүгээр шийдвэрээр:

     - Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн, Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 23,517,209.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

     - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,536 /хоёр зуун далан таван мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

     4. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг буруу тодорхойлж, хэрэглэх ёсгүй хуулийг илт буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хуулиар тусгайлан зохицуулсан харилцаанд хуульд нийцээгүй гэрээний заалтыг үндэслэл болгон шийдвэрлэсэн байна.  Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

     5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:

   - Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б “...Анхан шатны шүүхээс уг хэргийг шийдвэрлэхдээ маргааны зүйлийг буруу тодорхойлсон гэж үзэж байна.

     Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө” гэж заасны дагуу хариуцагч нь дулааны эрчим хүчийг хэрэглэсэн төлбөрийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан тарифын дагуу нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээнэ хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй боловч маргааны зүйлийг дүгнэхдээ:

    Талуудын хооронд Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу нийтлэгдсэн тарифаар төлбөрийг төлөх үүрэг үүссэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлснөөр хариуцагч талуудын хооронд үүссэн үүрэг нь дуусгавар болсон буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хариуцагчийг үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдтэйгээ зөрчилдөөд байгаа юм.

     Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан. “Т” ХХК-ийн хувьд зохицуулалттай хангагчийн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд тус хуульд заасны дагуу зохицуулалттай хангагчаар дулааныг хэрэглэгчдэд нийлүүлдэг.

    Анхан шатны шүүхээс талууд Эрчим хүчний тухай хуулийн 27.2-т зааснаар хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар төлөх үүрэг хүлээнэ гэж дүгнэсэн атал хариуцагч тал нь нэхэмжлэгч талын хуучин тарифын дагуу үүсгэсэн нэхэмжлэхээр үнийг төлснийг үүргийг зохих ёсоор биелүүлсэн байна гэж дүгнэсэн нь хуулийн зүйл заалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

     Талуудын хооронд нэг талаас тогтвортой шаардлага хангасан дулаанаар хангах үүрэг, нөгөө талаас нийтлэгдсэн тарифаар дулааны төлбөрийг төлөх үүрэг үүсэж байгаа юм.

     Үүний дагуу нэхэмжлэгч компаниас гэрээнийхээ үндсэн үүргийг биелүүлнэ үү, үүргээ хэсэгчилж буюу цахимаар үүсгэсэн нэхэмжлэхийн үнийн дүнгээр төлсөн байна. Нэхэмжлэхээ цахимаар илгээсэн эсэхээс үл хамааран төлбөрөө төлөх ёстой, Иргэний хуулийн 236.1-т үүргийг зохих ёсоор биелүүлснээр гэж заасан нь хуульд заасан үүргийг хугацаанд нь зохих ёсоор, ямар нэгэн доголдолгүй гүйцэтгэсэн байхыг хэлээд байгаа юм.

   Гэтэл хариуцагч талаас үүргийг гүйцэтгэхдээ шинэчлэгдсэн тарифаар хүлээлгэж өгөөгүй, хүчингүй болсон актыг баримтлаад төлбөрөө төлсөн. Үндсэн үүргийн биелэлтийг бүрэн биелүүлээгүй, хэсэгчилж биелүүлсэн гэж нэхэмжлэгч талаас үзэж байна. 

     Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/1 тоот гэрээнд  хариуцагч тал гарын үсэг зураагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзсэн байсан, манай талаас уг гэрээг гаргаж өгөхдөө анхнаасаа хүчин төгөлдөр гэрээ гэж гаргаж өгөөгүй.

     Эрчим хүчний тухай хуулийн 28.5-т “Хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгч талаас гэрээгээ шинэчилж байгуулахаар гэрээ болон тариф шинэчилсэн тогтоолын хамт 2023 оны 09 дүгээр сарын 15-нд хариуцагч талд хүргүүлсэн боловч хариуцагч тал төсөвт шинэчлэгдсэн тарифаар тусгаагүй, энэ гэрээг хүлээж авч гарын үсэг зурах боломжгүй гээд тариф шинэчилсэн тогтоолыг нь хүлээж аваад гэрээг буцаасан.

    Нэхэмжлэгч талаас гэрээгээ шинэчилж байгуулах тухай саналаа хүргүүлсэн, хариуцагч тал гэрээг хүлээж авч баталгаажуулаагүй болох нь дээрх үйл баримтаас харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх агуулгатай тайлбар;

      - нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж “...хариуцагч байгууллагын зүгээс 2023 оны 9-12 дугаар сарын дулааны төлбөрийн мөнгө хүрэлцэхгүй байна, төсөвт хуучин тарифаар тусгагдсан тул хуучин тарифын дагуу нэхэмжлээд мөнгөө авч бай, шинэ тарифын зөрүүг төсөвт тусгагдаж шийдэгдэхээр 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үлдэгдэл төлбөрөө төлье гэсэн хүсэлтийг нэхэмжлэгч компанийн удирдлагуудтай ярьсан учраас бага дүнгээр нэхэмжлэхээ үүсгэсэн.

     Төсөвт байгууллагуудын зүгээс бага дүнгээр буюу хуучин тарифаар бусад үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зорилгоор хуучин тарифаараа нэхэмжлэхээ үүсгээд явж байгаа. Дулааны эрчим хүчээр хангадаг байгууллага өөрсдөө тарифаа тогтоодоггүй, хөндлөнгийн байгууллага тооцоо судалгааны үндсэн дээр тарифыг тогтоодог.

    Нэхэмжлэгч компанийн зүгээс ажилчдынхаа цалин хөлсийг тавих, түлээ нүүрснийхээ үнийг бүрдүүлэх зорилгоор бага үнийн дүнтэй нэхэмжлэхийг цахимаар илгээж, үүний дагуу төлбөр төлөгдсөн.

     ...Орон нутгийн байгууллагуудыг дулаан эрчим хүчээр хангаж байгаа байгууллагуудын хувьд тарифын зөрүү гэдэг бол маш чухал орлогынх нь эх үүсвэр байдаг бөгөөд тарифын зөрүүний асуудлаас шалтгаалж компанийн үйл ажиллагаанд сүүлийн 2 жилийн хугацаанд сөргөөр нөлөөлж байна.

     Төлбөрөө төлнө гэж итгэж найдсаар өдийг хүрсэн. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэх агуулгатай тайлбар;

     - хариуцагчийн төлөөлөгч Х.Т “2023 оны 01 дүгээр сарын 05-нд гэрээ байгуулж, гэрээний дагуу төлбөрөө хийсэн. 2023 оны 09 дүгээр сард тариф шинэчлэгдсэн, шинэчлэгдсэн тарифаар гэрээгээ шинэчилж байгуулъя гэсэн боловч улсаас ирэх төсөв мөнгө нь ирээгүй.

     Тодотголоор улсаас мөнгө орж ирээгүй, төсөвт тусгагдсан мөнгөнийхөө хэмжээнд, цахимаар илгээсэн нэхэмжлэхийн дагуу бид төлбөрөө төлсөн. Улсаас шинэ тарифын дагуу төсөвт суулгаж өгсөн бол бидний зүгээс нэхэмжлэгч талаас нэхүүлэхгүйгээр дулааны төлбөрөө төлөх боломжтой байсан” гэх тайлбар тус тус гаргасан байна.

                                           ҮНДЭСЛЭХ нь:

       1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2026/00694 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

      2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвд холбогдуулан, дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дулааны үнэ тарифын зөрүү төлбөр 15,678,139.7 төгрөг, алданги 7,839,069.9 төгрөг, нийт 23,517,209.6 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх ба хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

    3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнэж, “Т” ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 23,517,209.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

      4.  Нэхэмжлэгч “Т ” ХХК нь 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан шинэчилсэн тарифын дагуу 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг тооцож, төлбөрийн зөрүүд 15,678,139.7 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 7,839,069.9 төгрөг, нийт 23,517,209.6 төгрөгийг хариуцагч Увс аймгийн Х сумын Соёлын төвөөс  гаргуулахаар шаардлага гаргаж, үндэслэлээ: “Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь 2023 оны 5 сарын 26-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Увс аймгийн Х сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, уг үнэ тарифыг 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэхээр үүрэг болгосон. Ингэснээр хариуцагч нь 2023 оны 9, 10, 11, 12 дугаар сард дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөхдөө Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу шинэ тарифаар  төлөх үүрэгтэй байсан боловч үүргээ бүрэн гүйцэд биелүүлээгүй” гэх агуулгаар,   

      - харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ “манай байгууллага 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, “Т” ХХК-ийн нэхэмжилсэн дүнгээр дулааны төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргажээ.

     5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж дүгнэсэн байна.  

     5.1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу Увс аймгийн Х сумын төрийн байгууллага, аж ахуй нэгж, айл өрхөд гэрээгээр дулаан нийлүүлдэг байх бөгөөд Увс аймгийн Х сумын Соёлын төвтэй “Дулааны эрчим хүч, хэрэгцээний усаар хангах, хэрэглэх тухай” 07 тоот гэрээг 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан нь хэрэгт авагдсан гэрээ /1-р хх-ийн 7-9-р тал/, зохигчдын тайлбараар нотлогдсон. Тус гэрээний 6.1-т: гэрээ хийх үеийн 1 м3 дулааны үнийг 909,000 /НӨАТ ороогүй дүн/ төгрөг байхаар, мөн гэрээний 7.2-т: энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах бол гагцхүү бичгээр нэмэлт гэрээ үйлдэж гарын үсэг зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулна. Уг нэмэлт гэрээ нь энэхүү гэрээний салшгүй хэсэг байхаар тус тус тохиролцжээ. 

      Дулааны эрчим хүчээр хангагч “Т” ХХК нь хэрэглэгч байгууллага болох Увс аймгийн Х сумын Соёлын төвөөс гэрээнд заасан хугацааны дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг, гэрээнд заасан үнэ тарифаар буюу 1м3 дулааны үнийг 909,000 төгрөгөөр тооцож төлбөрийн нэхэмжлэхийг цахимаар үүсгэж хүргүүлж байсан, хэрэглэгч байгууллага болох Соёлын төв нь төлбөрийн нэхэмжлэхэд заасан үнийн дүнгээр тухай бүр буюу 2023 оны 10 дугаар сарын 24, 2023 оны 11 дүгээр сарын 30, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдэд төлбөрийг бүрэн төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийн нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт гэх баримт /хх-ийн 24-31-р тал/-уудаар нотлогдсон байна.

     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд худалдан авагч буюу хариуцагч тал талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу буюу “Дулааны эрчим хүч, хэрэгцээний усаар хангах, хэрэглэх тухай” 07 тоот  гэрээгээр тохиролцсон үнийн дагуу дулааны төлбөрөө төлсөн нь хэргийн баримтаар нотлогдсон байх тул гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

    Тодруулбал, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал төлбөр төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэх тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв. 

       5.2. Түүнчлэн хариуцагч Х сумын Соёлын төв нь төсөвт байгууллагын хувьд төсвийн хөрөнгийг Төсвийн тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авах тухай зэрэг тусгайлсан хуулиудад заасан зориулалт, холбогдох байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн маягт, хөтлөх журмын дагуу зарцуулах, өр өглөгийг анхан шатны санхүүгийн баримтад үндэслэн бүртгэх, санхүүгийн тайландаа үнэн зөв тусгах үүрэгтэй бөгөөд Х сумын Соёлын төв нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар бусдад төлөх өр төлбөр, мөн авлагагүй болох нь өр төлбөр, авлагын тодруулга гэх баримтууд /32,33-р тал/-аар нотлогдсон байна.

     Нэхэмжлэгч болон хариуцагч байгууллага хооронд өр төлбөртэй болох нь санхүүгийн болон бусад баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар баримт гаргаж шүүхэд нотлоогүй, шинэ тарифын дагуу дулааны төлбөрөө нэхэмжилж байсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

     5.3. Анхан шатны санхүүгийн баримтаар нэхэмжлэх үүсгэн ирүүлээгүй, тооцоо нийлсэн актад тусгагдаагүй төлбөрийг хариуцагч байгууллага урьдчилан бүртгэж, төлөх үүрэг хүлээхгүй ба нэхэмжлэгч байгууллага нь тухайн үед өөрийн үүсгэсэн нэхэмжлэхийн дагуу дулааны төлбөрийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон .

     6. Нэхэмжлэгч талаас, “Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-т “хэрэглэгч энэ хуулийн 27.5-д заасны дагуу мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор хангагчтай байгуулсан гэрээндээ зохих өөрчлөлт оруулах бөгөөд гэрээндээ өөрчлөлт оруулаагүй нь энэхүү өөрчлөлтийг мөрдөхөөс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан тул гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч шинэ тарифыг мөрдөх ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү үндэслэлээр хэрэглэгч буюу хариуцагч талыг буруутгах үндэслэлгүй.

       Учир нь, талуудын хоорондох дулааны эрчим хүчээр хангах харилцаа нь хуулиар бус гэрээний үндсэн дээр үүсэж байгаа бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, харилцан тохиролцсоноор нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд талууд Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан шинэ тарифыг үндэслэн шинээр гэрээ байгуулаагүй, нэхэмжлэгч тал тухайн үедээ шинэ тарифаар буюу нэмэгдүүлсэн дүнгээр дулааны төлбөрийн нэхэмжлэх үүсгэж, нэхэмжлээгүй байна.

     Нэхэмжлэгч нь гэрээг шинэчлэн байгуулах талаар гэрээний төсөл хүргүүлсэн гэх тайлбар гаргаж байгаа боловч шинээр гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

      7. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

     8. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон, ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 318/ШШ2026/00694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Б.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

      2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,536 /хоёр зуун далан таван мянга таван зуун гучин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноос хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаас хойш гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.МӨНХЗАЯА                   

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.АЛТАН                                    

                                                                 ШҮҮГЧ                              Н.МӨНХЖАРГАЛ