Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 01139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг баруун дэнжийн 20 дугаар гудамж 03 тоотод оршин суух, /регистрийн дугаар: ФА94052607/, Махранз овгийн Чулуунсүхийн Солонгын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг зураагийн 3 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, Харуул овгийн Гансүхийн Ганутулгад /ГН95102311/ хариуцагдах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Солонго нь хариуцагч Г.Гантулгад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ч.Солонго нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Гантулгатай 2012 онд анх танилцаж гэр бүл болсон. Албан ёсоор гэр бүл болоогүй. Бидний дундаас 2013 онд хүү Амгалан төрсөн. Бидний хоорондын харилцаа таарамжгүй болсон учир 2014 оноос хойш хамтран амьдрахаа больсон. Тиймээс хүү Амгаланд тэтгэмж тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Солонго шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ. Гантулга бид хоёр 2013 онд хүү Амгалангаа төрүүлсэн. 2014 оноос таарч тохирохгүйн улмаас хамтран амьдрахаа больсон. Гэрлэлтээ батлуулаагүй. Хүү Амгаландаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Мөн хүүгээ би өөрийн нэрээр овоглохыг хүсэж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт Ч.Солонгын иргэний үнэмлэхний хуулбар, эмчийн тодорхойлолт, Орхон аймгийн 20 дугаар цэцэрлэгийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаар тодорхойлолт, Дэнж багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Солонго нь хариуцагч Г.Гантулгад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Зохигчид 2012 онд танилцан хамтран амьдарч байгаад 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүү Г.Амгаланг төрүүлсэн, хүүхэд одоо эхийн асрамжинд эрүүл энх өсөж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, “Учралт баяр” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Хүү Г.Амгаланг эх Солонгоор овоглуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариу тайлбарыг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлээгүй байгаа нь хариуцагч өөрөө мэтгэлзэх эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэстэй байна.

         Зохигчид 2014 оноос тусдаа амьдарч байгаа гэх тул хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаангүйг үндэслэн эхийн асрамжинд байгаа 2013-10-25-ны өдөр төрсөн хүү Г.Амгаланг эцэг Г.Гантулгаас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцан төлөх тул 70,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:       

             1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааснаар хүү Г.Амгаланг  11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 % иар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Гантулгаар тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

            2. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.         

          3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч Г.Гантулгаас 70,200 төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

 

         4.2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Гантулгын Амгаланг эх Ч.Солонгын нэрээр овоглохыг Орхон аймгийн Улсын бүртгэлд даалгасугай.

 

         5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЯМБАСҮРЭН