Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 1716

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Д.М холбогдох эрүүгийн 1806 02138 2131 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 373 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1435 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Д.М .

             

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулсан байсан иргэн Л.Хүрэлтуяагийн эзэмшлийн 2 ширхэг 20 тонны контейнерыг өөрийн эзэмшлийн гэж бусдад итгүүлэн, 1 ширхэг 20 тонны контейнерыг бусдад 1.900.000 төгрөгөөр зарж борлуулан өгч явуулан бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан буюу хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Тэнсэж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Хүрэлтуяагийн өгсөн мэдүүлэг /хх-15, 18/, иргэний нэхэмжлэгч Э.Пүрэвсайханы өгсөн мэдүүлэг /хх-22/, гэрч И.Цогбаярын өгсөн мэдүүлэг /хх-30/, эд зүйлийн үнэлгээ /хх-34/ Д.М яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-45/, шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-47/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулсан байсан иргэн Л.Хүрэлтуяагийн эзэмшлийн 2 ширхэг 20 тонны контейнерыг өөрийн эзэмшлийн гэж бусдад итгүүлэн, 1 ширхэг 20 тонны контейнерыг бусдад 1.900.000 төгрөгөөр зарж борлуулан өгч явуулан бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Хүрэлтуяагийн өгсөн: “...Миний бие 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдөр би эхнэрийн хамтаар айлын хашаанд тавьсан байсан 20 чингэлгийг зам дагуу явж байгаад шалгатал ногоон өнгийн 20 тонны чингэлэг алга болсон байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний эзэмшлийн чингэлэг 2010-аад онд шиг санагдаж байна 3 сая төгрөгөөр худалдан авч байсан. “Нооц” ХХК-наас худалдан авч байсан чингэлэг байгаа юм. Тухайн ойролцоо хашаанд амьдарч байсан сүүлд тухайн айлын газар дахин төлөвлөлтөд ороод би тухайн чингэлгийг авч амжаагүй тэнд нь үлдээсэн байсан. Хажуу айлын эмэгтэй угаасаа мэдэж байсан юм. Би 2 чингэлгийг анх худалдан авч байхдаа зургийг нь дарж байсан. Тэрэн дээр хоёулаа дугаар номер нь тод байгаа. Зураг бол байх нь байгаа. Гэхдээ яг одоо утсан дээр байхгүй өөр утсан дээр дарсан байгаа. Миний эд зүйлийг эргүүлэн өгчихвөл надад гомдол санал гээд байх зүйл алга байна.” /хх-18/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Э.Пүрэвсайханы өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 1950-аас “зарын дагуу контейнер зарна” гэсэн. Зарыг хараад утсаар холбогдоод Улиастай өнгөрөөд Хар хошууны наахан талаас нэг ахтай холбогдож байгаад ирсэн. Тэгээд зар тавьсан хүн болох Мөнхбаяр гэдэг хүнээс 20 тонны контейнерыг 1.900.000 төгрөг бэлнээр өгч авсан. Тэгээд тэр контейнерээ ачиж авч яваад Баянзүрхийн товчооны гүүр гараад дөнгөж уулзвар дээр тавьсан. Тэгээд тэндээ мод нүүрс зарж байгаа одоог хүртэл намайг контейнер авах гээд очиход Мөнхбаяр өөрөө байсан өөр хүн байгаагүй. Би мэдээгүй ээ хулгайн эд гэж мэдсэн бол юу гэж авах билээ. Надад нэхэмжлээд байх зүйл алга тэр анх контейнер худалдаж авсан 1.900.000 төгрөгөө буцааж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч И.Цогбаярын өгсөн: “...Миний төрсөн хүү Пүрэвсайхан 2018 оны 2 сарын хэдэнд билээ дээ өдрийг нь би сайн санахгүй байна. Зарын дагуу худалдан авахаар боллоо гээд тэгээд тухайн чингэлгийг үл таних залуугаас 1.900.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн чингэлгийг Хар хошууны наах нь талд байдаг газраас кран машин хөлслөөд очиж ачаад авч явсан юм. Тухайн чингэлэг зардаг залуугийн нэр усыг хэлж мэдэхгүй нэрийг нь асуугаагүй мөнгөө газар дээр өгөөд бид нар чингэлгээ ачаад аваад явсан. Краныг хүү Пүрэвсайхан бид хоёр тохироод тухайн залуутай утсаар ярьж байгаад байгаа газар нь очоод чингэлгийг ачуулсан юм. Тухайн хүн хүн байгаа газрыг нь зааж өгч байсан учраас байсан.” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.М яллагдагчаар өгсөн: “...2018 онд байхаа cap өдрийг нь сайн мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Мангаагийн амны автобусны буудлын харалдаа ертөнцийн зүгээр хойд талдаа гудамжинд байдаг хоёр ширхэг контейнерын 20 тонны бүдэг ногоон өнгөтэй контейнерыг 1950 дугаарын утсанд зар өгөөд зарын дагуу холбогдсон таньж мэдэхгүй хүнд 1.900.000 төгрөгөөр зарсан. Тэгээд 1.900.000 төгрөгийг бэлнээр тоолж аваад аавтайгаа гээд нэг залуу ирээд ачаад аваад явсан. Тухайн мөнгөний хэрэгцээ их байсан. Тэр үед би манай гэрийн тэнд гудамжинд байгаад нэлээн удсан 2 контейнер байхаар нэгийг нь зарсан юм. Тэр үед одоо манай талийгаач аав маань харваад хагалгаанд орсон байсан тэндээ зарцуулсан. Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байхгүй. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн зүйл буруу гэдгийг ойлголоо.” /хх-45/ гэх мэдүүлэг,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-12/,

         Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-15/,

         Гэрэл зургийн үзүүлэлт /хх-16/,

         Эд зүйлийн үнэлгээ /хх-33-34/,

 Шүүгдэгч Д.М урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-47/ зэрэг болно.

        

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Д.М нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Л.Хүрэлтуяа, иргэний нэхэмжлэгч Э.Пүрэвсайхан, гэрч И.Цогбаяр нарын өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, Д.М гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.М нь 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршуулсан байсан иргэн Л.Хүрэлтуяагийн эзэмшлийн 2 ширхэг 20 тонны контейнерыг өөрийн эзэмшлийн гэж бусдад итгүүлэн, 1 ширхэг 20 тонны контейнерыг бусдад 1.900.000 төгрөгөөр зарж борлуулан өгч явуулан бусдад 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

         Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

            Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Д.М гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д.М нь хохирогчид учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

            Шүүхээс шүүгдэгч Д.М ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Д.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Д.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Д.М нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Д.М нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС