Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 224/МА2026/00025

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Б-д холбогдох иргэний хэргийн тухай

   Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Б.Мөнхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

     Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 318/ШШ2026/00735 дугаар шийдвэртэй,

   “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Б-д холбогдох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 42,687,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мөнхзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

      1.1. Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Ц.Б-с ослын улмаас асгарсан дизель түлшний үнийн 50 хувь болох 18,756,200 төгрөг, Н.А-ын тээврийн хэрэгсэл, чиргүүлд учирсан хохирлыг нөхөн төлсөн зардлын 50 хувь болох 23,931,500 төгрөг, нийт 42,687,700 төгрөг гаргуулахаар шаарджээ.

    1.2. Шаардлагын үндэслэлээ, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг, Т гэх газарт Ц.Х-ны жолоодож явсан х улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж, компанийн өмчлөлийн 9,820 литр дизель түлш асгарсан, нэг литрийг 3,820 төгрөгөөр тооцоход 37,512,400 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарласан байна.

     1.3. Мөн Ц.Х нь тус компанийн ажилтан байсан тул түүний жолоодож явсан, Н.А-ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болон чиргүүлд учирсан 47,863,000 төгрөгийн хохирлыг компани төлж барагдуулсан. Ц.Х, Ц.Б нарын хэн аль нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тул нийт хохирлын 50 хувийг Ц.Б хариуцах ёстой гэжээ.

   1.4. Нэхэмжлэгч анх гаргасан 85,375,400 төгрөгийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан Ц.Х-д холбогдох хэсгээс татгалзаж, Ц.Б-д холбогдох 42,687,700 төгрөгийн шаардлагыг дэмжсэн байна.

      2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

     2.1. Хариуцагч Ц.Б нь уулзварт нэвтрэхдээ замын хоёр талыг харсан, өөр тээврийн хэрэгсэл харагдаагүй тул хөдөлгөөнөө эхэлж, баруун гар талаа барин өгсөж явахад өөдөөс ирсэн тээврийн хэрэгсэл зөрж өнгөрсөн, өөрийн машинтай шүргэлцээгүй, ослыг хараагүй гэж тайлбарлажээ. Ослын шалтгаан, жолооч нарын үйлдэл, гэм бурууг бүрэн тогтоогоогүй тул хохирлыг өөрөөс нь гаргуулах үндэслэлгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

     2.2. Хариуцагчийн өмгөөлөгч нь тээврийн хэрэгсэл осолдож, түлш асгарсан үйл баримтыг үгүйсгээгүй боловч энэ нь Ц.Б-ийн буруутай үйлдлээс болсон эсэхийг тогтоогоогүй, ослын акттай танилцах, дүгнэлтийг дахин гаргуулах боломжийг хангаагүй, мөрдөн шалгах ажиллагааны баримтыг харьцуулан үнэлээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсжээ.

       3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

     Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Б нь уруудаж яваа тээврийн хэрэгсэл өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой, хариуцагч өгсөж явсан гэж ойлгосон тул нэхэмжлэгчид хохирол учрахад Ц.Б буруугүй гэсэн дүгнэлт гаргасан байна.

       4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

    4.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шатахууны үнэ 18,756,200 төгрөг, мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлсөн зардал 23,931,500 төгрөг, нийт 42,687,700 төгрөгийг хариуцагч Ц.Б-с гаргуулж, нэхэмжлэгч “У” ХХК-д олгожээ.

     4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 587,827 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 371,388 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

      5. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

     5.1. Анхан шатны шүүх буцаан шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг бүрэн шалгаагүй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлийн талаарх нөхцөлийг тогтоогоогүй гэжээ.

     5.2. Ослын газрын замын байдал, тээврийн хэрэгслүүдийн байрлал, хөдөлгөөн болон жолооч тус бүрийн үйлдэл осол гарахад хэрхэн нөлөөлсөн, хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг бүрэн тогтоогоогүй, нөхөн үзлэг хийлгэх, ослын нөхцөлийг дахин шалгах талаар гаргасан тайлбарыг харгалзаагүй гэж маргасан байна.

      5.3. Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолыг иргэний хариуцлагыг шууд тогтоосон шийдвэр мэтээр үнэлсэн, ослын акттай танилцуулаагүй, дахин үзлэг хийлгэх боломжийг хангаагүй талаарх татгалзалд дүгнэлт өгөөгүй гэжээ.

    5.4. Хохирлын бодит хэмжээ, түүнийг тооцсон үнэлгээ, нэхэмжлэгчийн төлсөн төлбөр болон хариуцагчаас шаардаж байгаа дүнгийн уялдааг бүрэн тогтоогоогүй, ямар хохирлыг ямар баримтаар тогтоосныг нэг бүрчлэн ялгаж үнэлээгүй гэж гомдол гаргасан байна.

    5.5. Хариуцлагын хэмжээг тогтоохдоо осолд оролцсон этгээдүүдийн үйлдэл, гэм буруу, шалтгаант холбоог хангалттай харгалзаагүй, шийдвэрт хуулийн заалтыг бодит үйл баримтад хэрхэн хэрэглэснийг тодорхой тайлбарлаагүй гэжээ.

     5.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, хэрэв хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл бүрэн тогтоогдоогүй гэж үзвэл дахин хэлэлцүүлэхээр буцаахыг хүссэн байна.

      6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд:

  6.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Алтанлхам “...Хариуцагч Ц.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасан “гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн гэдэг нь тодорхой буюу хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон. Ц.Х гэх хүн Улаанбаатар чиглэлээс том оврын ачааны машинтай ирж байсан. Хажуу талаас нь мөн том машинтай хүн ирж байсан. Ачааны машины хурдыг дор хаяж 20 метрийн цаанаас сааруулж байж зогсоно гэдгийг тэр хүн мэддэг учраас тухайн чиргүүлтэй машиныг очиж мөргөж унагааж байснаас би өөрөө энэ машинаа унагаая гэх эрсдэлийг өөртөө авсан гэж харагддаг. Ц.Х нь замын хөдөлгөөний дүрмээ бариад явахад юу ч болж мэднэ гэх байдлаар л машинаа унагасан. Зөвхөн Ц.Х-ны жолоодож явсан тээврийн хэрэгсэлд болон чиргүүлд хохирол учирсан. Мөн ачиж явсан түлш нь бүгд асгарсан. Эдгээрийн үнийг төлөхөд Ц.Х болон Ц.Б нарын гэм буруугийн шалтгаант холбоо нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна” гэх агуулгатай тайлбар гаргаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүсжээ.

     6.2. Хариуцагч Ц.Б “...Өмнөх шүүх хуралд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “манай машин араар нь тойрч гарахын тулд” гэж хэлсэн. Араар нь тойрох бус зам дээр л зөрсөн. Миний чиргүүл тэгшрээгүй байсан. Өгсөж яваа машин нь уруудаж байгаа машинд зам тавьж өгөх ёстой. Би 36 жил тээвэрт явж байна, миний 2 хүү мөн тээвэрчин. Надад тухайн жолоочийг 2 хоногийн өмнө Их Уул суманд архи ууж байсан талаар мэдээлэл байгаа. Би хуулийн мэдлэггүй болохоор хэнэггүй явсан нь миний буруу болсон. Тухайн дутуу ажиллагаа мэргэжлийн хүнээр нь хийлгэмээр байна” гэх агуулгатай тайлбар;

    - түүний өмгөөлөгч Б.Лхагважав “...Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь иргэний хариуцагчаар шууд тогтоох нөхцөл байдал үүсэхгүй боловч уг ажиллагааны явцад тогтоогдсон шинжээчийн дүгнэлт, үйл баримт, ослын нөхцөл байдлыг ямар хэмжээнд дүгнэсэн, хэрхэн шийдвэрлэснийг шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дүгнэх ёстой ч дүгнээгүй.

    Анхан шатны шүүх хэрэг бүртгэлтийн хэрэгт Ц.Б-ийг гэм буруутай этгээдээр дүгнэж болохгүй бөгөөд иргэний хэрэгт хариуцагчаар тогтоохын тулд гэм буруутай эсэх болон шалтгаант холбоог тус тусад нь тогтоох ёстой гэж үзэж байна.

    ...Хохирлын бодит хэмжээ нэхэмжлэгчийн төлсөн төлбөр болон хариуцагчаас шаардах хохирлын  уялдаа холбоог бүрэн тогтоогоогүй. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл болон чиргүүлд учирсан хохирлын тодорхой хэсгийг байгууллагаас төлсөн гэж тайлбарлаж байгаа. Нийт 42,687,700 төгрөгийг Ц.Б-с шаардсан. Гэвч тухайн нэхэмжилсэн төлбөр нь хаанаас яаж тогтоосон болон байгууллагаас ямар хэмжээний төлбөрийг хэзээ, хаана, ямар үндэслэлээр төлсөн. Уг төлбөр нь ослоос үүссэн бодит хохирол мөн эсэхийг ялгаж тогтоогоогүй, ерөнхий байдлаар оруулж ирсэн нь үндэслэлгүй юм.

      Иргэний хуулийн 229.2 дугаар заалт болон 511.1 дэх заалтад нийцүүлэн бодит хохирлын гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх шаардлагатай хэмжээгээр тогтоох зарчим үйлчилдэг. Үүнд хохирлын тооцоог таамагласан эсхүл бусад заалттай давхацсан байж болохгүй гэж заасан. Нэхэмжлэгч байгууллагаас гуравдагч этгээдэд төлсөн төлбөр нь бодит хохирлыг нөхөн төлсөн болохоос уг төлбөрийг бүхэлд нь гаргуулах үндэслэл биш гэж үзэж байгаа.

    Иргэний хуулийн 498.5-д заасан шаардах эрх үүсэх, дараа нь бодит хохирол шаардах дараалалтай байх ёстой. Эдгээр нөхцөл байдлуудыг хангаагүй гэж үзэж байгаа. Шүүхээс хохирлын хариуцлагын хэмжээг тогтоохдоо гэм буруугийн хэмжээг хангалттай харгалзаагүй гэж үзэж байгаа.

      Гэм хорын хариуцлагын хэмжээ нь зөвхөн хохирлын мөнгөн дүнгээр хэмжигдэх бус харин тухайн хохиролд оролцсон этгээдийн үйлдэл, шалтгаант холбоо, хохирогчийн болгоомжгүй үйлдэл байсан эсэх нөхцөл байдалтай уялдуулан тогтоох учиртай гэж үзэж байна. Иймд осол гарахад хоёр талын үйлдэл нөлөөлсөн эсэхийг бүрэн тогтоогоогүй, зөвхөн миний үйлчлүүлэгчийг бүхэлд нь хохирлыг хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

    Шүүхийн шийдвэр нь хуулийн заалт дурдсан байхаас гадна тухайн заалтыг бодит нөхцөл байдалд хэрхэн хэрэглэснийг тодорхой харуулсан байх шаардлагатай.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх гомдлыг гаргасан. Хэрэв давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл дээр дурдсан нөхцөл байдлуудыг тогтоолгохоор хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэх агуулгатай тайлбар тус тус гаргаж, давж заалдах гомдлоо дэмжиж оролцсон болно.

ХЯНАВАЛ:

      1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

    Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хариуцагчийн гомдлыг “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах” агуулгаар хангах нь зүйтэй гэж дүгнэв.

    2. Нэхэмжлэгч “У” ХХК нь зам тээврийн ослын улмаас түлш тээвэрлэж явсан автомашинд учирсан хохирол болон түлш асгарснаас учирсан хохиролд нийт 42,687,700 төгрөгийг хариуцагч Ц.Б-с гаргуулахаар шаарджээ.

    Хариуцагч нь зам тээврийн осол өөрийн буруутай үйлдлээс болоогүй, хохирол төлөх үүрэг үүсээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна. Тодруулбал, хариуцагч тал шүүхээс осол гарсан газрын замын байдал, тээврийн хэрэгслүүдийн байрлал, хөдөлгөөн болон жолооч тус бүрийн үйлдэл осол гарахад хэрхэн нөлөөлсөн, хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг бүрэн тогтоогоогүй, мөн прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолыг шууд үндэслэн гэм хорын хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргасан ба гомдлыг хангах үндэслэлтэй байна.

     2.1. Шүүхээс хариуцагч Ц.Б-ийг 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Х сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Т гэх газар болсон зам тээврийн ослын улмаас “У” ХХК-ийн эд хөрөнгөд учирсан хохирлын тал хувь буюу 42,687,700 төгрөгийг хариуцах үндэслэлтэй гэж үзэхдээ Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13/А дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоол, Ц.Б-д Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан гэх эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үнэлсэн талаар шийдвэртээ тусгажээ.

    Хэрэгт авагдсан Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13/А дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоолоор зам тээврийн осол гарсан байдал буюу HOWO маркийн, х улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын далан хэсэг рүү унаж гэмтсэн үйл баримтын талаар дүгнэж, жолооч Ц.Х, Ц.Б нарын үйлдэл Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан шинжтэй тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг дурдаж, тухайн осолд холбогдуулан хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан 233500200 дугаар хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хаасан байх ба уг тогтоолоор хариуцагч Ц.Б-ийг шууд буруутгах үндэслэлгүй.

     Мөн Ц.Х, Ц.Б нарт холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан зөрчлийн хэргийн баримтууд хэрэгт авагдаагүй, тэдгээр нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн, шийтгэл хүлээсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад шүүх шийдвэртээ Ц.Б-д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл хүлээлгэсэн шийтгэлийн хуудас хүчин төгөлдөр болсон талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, шүүх ямар нотлох баримтад үндэслэснээ тайлбарлаагүй байна. Хэргийн 71 дүгээр талд авагдсан хариуцлага хүлээсэн эсэх тухай лавлагааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, шүүх энэхүү лавлагаа гэх баримтыг үнэлсэн эсэх талаар дүгнээгүй. 

      3. Түүнчлэн анхан шатны шүүх зам тээврийн ослын улмаас “У” ХХК-ийн  өмчлөлийн 9,820 литр дизель түлш асгарч, 37,512,400 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхдээ хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13А дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолыг үндэслэсэн, мөн шүүх шийдвэртээ хариуцагч гэм буруугийн талаар маргасан боловч асгарсан түлшний хэмжээ, зах зээлийн үнэлгээний талаар маргаагүй гэж дүгнэсэн нь тус тус үндэслэлгүй байна. 

     3.1. “У” ХХК-ийн өмчлөлийн түлш тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэл осолдож, дизель түлш асгарсан үйл баримт хэрэгт тогтоогдсон боловч тухайн тээврийн хэрэгслээр хэчнээн хэмжээний дизель түлш тээвэрлэж явсан, уг ослын улмаас хэчнээн хэмжээний түлш асгарсан, тухайн цаг хугацааны түлшний үнэ ханш хэд байсан зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, тодруулбал, автомашин унаж, түлш асгарснаас учирсан бодит хохирлын хэмжээ тодорхойгүй байна.

     Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбарласан 9,820 литр түлш асгарсан гэх хэмжээг ямар нотлох баримтаар тогтоосон, холбогдох баримтуудыг хэрхэн харьцуулан үнэлсэн үндэслэлээ шийдвэртээ тодорхой тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцээгүй.

     Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт нь түлш асгарсныг нотолж болох боловч нэхэмжлэгчийн тайлбарласан хэмжээгээр түлш алдагдсаныг хэрхэн нотолж байгаад анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй атлаа нэхэмжлэгчийн тооцоолсон үнийг шууд үндэслэн хохирлын хэмжээг тогтоосон нь буруу болжээ.

      3.2. Хариуцагч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байхад анхан шатны шүүх түүнийг асгарсан түлшний хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

     Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд тээврийн хэрэгсэл осолдсоноос түлш асгарсан үйл баримтыг үгүйсгээгүй боловч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байх ба түлш асгарсан үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч талын тайлбар нь ослын улмаас 9,820 литр түлш асгарснаас нийт 37,512,400 төгрөгийн хохирол учирсан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

    4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхэд учирсан хохирлын бодит хэмжээг тогтоох шаардлагатай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардаж буй  хохирлын хэмжээ, үндэслэлээ, хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ тус тус нотлох үүрэгтэй.  

     5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, талуудын тайлбарыг тодруулж, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхийг ханган, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох шаардлагатай бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

    6. Шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч тал давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,388 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь үндэслэлтэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 318/ШШ2026/00735 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын давж заалдах гомдлын зарим хэсэг буюу “шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай” хэсгийг хангасугай.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 371,388 (гурван зуун далан нэгэн мянга гурван зуун наян найм) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эсхүл эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх хуульд заасан үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал магадлалыг танилцуулан сонсгосноос хойш 14 хоног өнгөрснөөс хойших 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмаар тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаас хойш гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ,

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Л.АЛТАН

                                                                   ШҮҮГЧ                                Н.МӨНХЖАРГАЛ

                                                          ШҮҮГЧ                                Б.МӨНХЗАЯА