| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0815/Э |
| Дугаар | 872 |
| Огноо | 2019-05-30 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 30 өдөр
Дугаар 872
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.А даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Н.Г, хохирогч Д.Баасансүрэн, шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Б, Р.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 08053 0759 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Д,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Д нь Улаанбаатар хотын банкнаас 8 хувийн зээлээр авсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Консул товер хотхоны 147 тоот орон сууцыг урьдчилгаа авч зарна хэмээн, уг орон сууцанд Н.Хулан гэх эмэгтэйгээс мөнгө зээлж хүүнд нь хүн суулгасан, 2018 оны 04 дүгээр сард уг орон сууцыг худалдахаар Г.Мэндбаяр гэх хүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан үедээ бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дээрх байрыг зарна хэмээн 2018 оны 07 дугаар сард иргэн А.Нямсүрэн, Д.Баасансүрэн нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь хашаа байшинг нь 16.000.000 төгрөгөөр бусдад заруулж, 12.000.000 төгрөгийн урьдчилгаанд тооцно хэмээн хуурч мэхлэн 8.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баасансүрэн мэдүүлэхдээ: “...Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Би хохирол төлбөрт 8.000.000 төгрөг авсан. Одоо шүүгдэгчийн дүүгийн өгөх машиныг авчихвал гомдолгүй.” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 8-9/, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор Д.Баасансүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-17/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Нямсүрэнгээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 18-22/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Р.Мөнхжаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 23-24/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.Мөнхзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-29/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ц.Мэндбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 30-31/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Даас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 41-42/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, хорооны тодорхойлолт /хх-н 44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 46/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаагаас шүүгдэгч Б.Д нь Улаанбаатар хотын банкнаас 8 хувийн зээлээр авсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Консул товер хотхоны 147 тоот орон сууцыг урьдчилгаа авч зарна хэмээн, уг орон сууцанд Н.Хулан гэх эмэгтэйгээс мөнгө зээлж хүүнд нь хүн суулгасан, 2018 оны 04 дүгээр сард уг орон сууцыг худалдахаар Г.Мэндбаяр гэх хүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан үедээ бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж дээрх байрыг зарна хэмээн 2018 оны 07 дугаар сард иргэн А.Нямсүрэн, Д.Баасансүрэн нарын Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь хашаа байшинг нь 16000000 төгрөгөөр бусдад заруулж, 12.000.000 төгрөгийн урьдчилгаанд тооцно хэмээн хуурч мэхлэн 8.000.000 төгрөгийг авч залилах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Дыг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Консул товер хотхоны 147 тоот орон сууцыг урьдчилгаа авч зарна хэмээн 2018 оны 07 дугаар сард иргэн А.Нямсүрэн, Д.Баасансүрэн нарыг хуурч мэхлэн 8.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Баасансүрэнгийн өгсөн: “...Манай нөхөр Мөрөнд байгаа хашаа байшингаа зарж хот руу орно гэж ярьсан юм шиг байгаа юм. Тэгэхээр нөгөө Даваажаргал нь би Улаанбаатар банкны 8%-д орсон Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 79 дүгээр байрны 147 тоот хаягтай байр байгаа, зарна гэж хэлсэн юм байна. Тэгээд манай нөхөр бид 2 байранд нь орчихъя гэж бодоод Даваажаргалтай уулзсан бас байрыг нь үзсэн. Тэгэхэд байранд нь нэг эгч түрээслэж байгаа гэж байсан. Тэгээд Даваажаргал Мөрөнд байрлах манай хашаа байшинг зарж өгөхөөр болоод тэр мөнгөөрөө байрны урьдчилгаа өгөхөөр болоод салсан. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Мөрөн хот дахь байрандаа байж байхад нэг эгч ирээд манай хашаа байшинг 16.000.000 төгрөг өгөөд Даваажаргал 4.000.000 төгрөг өгч нийт 20 сая төгрөгөөр зарахаар болсон. Тэгээд манай нөхрийн данс руу 16 сая төгрөг шилжиж орж ирээд 8 сая төгрөгийг тэр дор нь шилжүүлсэн. Тэрнээс хойш 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хотод ирээд гэрээгээ хийх гэтэл улсын баяр болж байна, одоо онгорхой юм байхгүй гэж хэлээд аргалсан. 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уулзаж гэрээгээ хийх гэтэл Даваажаргал бичиг баримтгүй байна гээд бас аргалаад байсан. 2018 оны 06 сарын 20-ны өдөр Хөвсгөлд байрлах хашаа байшингийн зургийг Даваажаргалын фейсбүүк хаяг дээр зарахаар тавьсан. Тэгээд хүмүүс үзэж байгаад Мэндбаяр гэх хүнд зарахаар болж нөхөр бид хоёр зарсан. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байрны худалдах, худалдан авах гэрээ хийх гэж байтал нотариатаас гэрээ зөрчилтэй гэж байсан. Тэгээд гарч ирээд манай нөхөр Нямсүрэн уурлаад “би чамд итгээд мөнгө өгөхдөө ямар ч цаас аваагүй чамд дэндүү итгэсэн” гэж хэлсэн. Тэгээд бид хэд дахиад андуудын тэнд байдаг нотариат ороод ямар ч байсан мөнгө өгч авсан гэрээ хийе гэж бодоод, зээлийн гэрээ хийсэн. Энэ хугацаанд Мөнхзул хамт байсан ба тэгээд утас руу нь залгахад би хамаагүй Даваажаргалтай ярь гэж хэлдэг байсан." гэх мэдүүлэг /хх 12-13, 14-17/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Нямсүрэнгийн өгсөн: "...Би 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эхнэрийн хамт “Консул товер” гэх хотхонд Даваажаргалтай хамт байрыг нь очиж үзсэн. Очиход байрыг нь түрээслэж байгаа гээд 2018 оны 08 дугаар сарын 20 гэхэд гаргачихна гэж тохиролцож байсан. Тэгээд Хөвсгөл аймагт байх хашаа байшинг 22 сая төгрөгөөр зараад байрныхаа урьдчилгаа өгөх байсан. Тэгтэл 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 16 сая төгрөгөөр зарсан байсан. Тэгээд би хямд байна гэж хэлэхэд Даваажаргал бид хоёр 20 сая төгрөгөөр хашаагаа зарсан юм шиг аман яриагаар тохиролцоод би 8.000.000 төгрөгөө хувийн банкны зээлэнд өгөөд Даваажаргалд 8.000.000 төгрөг байрны урьдчилгаа гэж өгөөд нийтдээ 12.000.000 төгрөг байрны урьдчилгаа болгоод тохиролцсон. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархоринд байрлах манай ажил дээр Даваажаргал гэрээ хийх гээд иртэл наториат байгаагүйн улмаас гэрээ хийж чадаагүй. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хот руу орж ирээд байрандаа орох гэтэл асуудал үүссэн. Эхнэр бид хоёрыг байрны төлбөр төлөх чадваргүй, тэгээд байрны түрээслэгч гараагүй байгаа гэж хэрүүл үүссэн. Тэгээд бид 3 ямар ч байсан мөнгө өгч авалцсан гэх баталгаа авъя гээд 2 өөр нотариат дээр очиход залилангийн чанартай гээд баталж өгөөгүй. Сүүлдээ батлахгүй болохоор нь зээлийн гэрээ хийе гээд зээлийн гэрээ хийсэн. Зээлсэн гэрээ бол үнэндээ биш байсан." гэх мэдүүлэг /хх-н 18-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мэндбаярын өгсөн: "...2018 оны 07 дугаар сарын эхээр байшин хашааг үзсэнээс хойш удаагүй байхад 16 сая төгрөгөөр худалдаж ав гэх Д.Баасансүрэнгийн охин гэмээр эмэгтэй над руу ярьсан. Мөн эхлээд 2 сая төгрөг энэ данс руу шилжүүлчих гэж хэлээд надад дансны дугаар өгөхөөр нь тухайн данс руу шилжүүлсэн. Түүнээс 2 өдрийн дараа Д.Баасансүрэн болон түүний нөхөр Нямсүрэн нартай уулзаж хашаа байшингийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж Нямсүрэнгийн өгсөн данс руу 14 сая төгрөгийг шилжүүлсэн. Нэр шилжүүлэх гэхэд Д.Баасансүрэнгийнх банкинд зээлтэй байсан ба миний өгсөн мөнгөнөөс банкны зээлийг төлөөд миний нэр дээр хашаа байшингийн гэрчилгээ шилжсэн..." гэх мэдүүлэг /хх-н 30-31/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Хулангийн өгсөн: "...2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр орон сууц хөлслөх болон зээлийн холимог гэрээг байгуулсан. Гэрээний нөхцөл 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусгавар болох ба манай талаас 15 сая төгрөг бэлэн зээлүүлээд 4% буюу 600.000 төгрөгийн хүүндээ тухайн байранд амьдрахаар гэрээ байгуулан амьдарч байсан. 2018 оны 04 дүгээр сараас Даваажаргал нь манайд ирээд байр суллаж өг эхнэр нүдний хагалгаанд орох болсон учир 5 сая төгрөг нэмээд зээлчих эсвэл байр суллаад өгчих зэргээр ирэх болсон..." гэх мэдүүлэг /хх-н 119-120/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Б.Дын өгсөн: "... А.Нямсүрэн гэх хүнтэй би нэг дор хамт ажилаж байхдаа буюу 2018 онд танилцсан. Би нэг хүнтэй байраа зарах талаар ярьж байтал А.Нямсүрэн манайх Хөвсгөл аймагт байдаг намраас Улаанбаатар хот руу орох санаа байгаа. Хөвсгөл аймагт байх хашаа байшингаа зарна, танай байрыг сонирхож үзэж болох юм гэж ярьсан. Би хариуд нь "тэгвэл та Улаанбаатар хотод орж ирэхээрээ үзээрэй" гэж хэлж байсан. 2018 оны 06 дугаар сард А.Нямсүрэн, эхнэр Баасансүрэнгийн хамт ирээд би тэр хоёрт байраа үзүүлсэн. Тэгээд маргааш нь "боломжийн юм байна орчихмоор байна" гэсэн. Манай байр миний эхнэр Ө.Мөнхзулын нэр дээр байдаг банканд зээлийн барьцаанд байгаа гэдгийг хэлж байсан. Ерөнхийдөө 20.000.000 төгрөгний урьдчилгаа аваад цаашид банканд байх зээлийг үргэлжлүүлэн өөрсдөө төлж яваад ав гэсэн. Энэ нөхцөлийг зөвшөөрч байсан. Баасансүрэн нь Хөвсгөл аймагт байх хашаа байшингаа зарна гэхээр нь би "би хашаа байшинг нь чинь зарж борлуулж өгнө, гэхдээ хямд зарж болно, би 12.000.000 төгрөгөөр авсанд тооцно, үлдэгдэл мөнгийг байранд орох үед чинь авна" гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би зар тавьж авах хүнийг олж уулзуулсан. Би бол Хөвсгөл аймагт очиж гар бие оролцоогүй ба хашаа байшинг 16.000.000 төгрөгөөр зарсан. Над руу 8.000.000 төгрөг аваад 12.000.000 төгрөгийг авсанд тооцлоо, үлдэгдэл мөнгөө байранд орохдоо өгөөрэй гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр байрандаа орно, үлдэгдэл мөнгийг өгнө гэж байсан боловч 2019 оны 01 дүгээр сараас нааш өгч чадахгүй нь тэрнээс наана Солонгос явж мөнгө олно тэгээд өгнө гэж хэлсэн. Тэгээд ерөнхийдөө манай эхнэр дургуйцэж, наадуул чинь өгөхгүй юм байна гэж уурласан, мөн тухайн үед манай байранд мөнгө зээлүүлсэн хүн хүүндээ байрлаж байсан.." гэх мэдүүлэг /хх-н 41-42/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дыг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хохирогч А.Нямсүрэн, Д.Баасансүрэн нарт хохирол төлсөн болох нь хэрэгт авагдсан хүсэлт /хх199/, Хаан банкны мөнгөн шилжүүлэг /хх201-202, 204/, мөнгө хүлээн авсан баримт /хх203, 205/ зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч 7 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.