| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 318/2026/00835/И |
| Дугаар | 224/МА2026/00027 |
| Огноо | 2026-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 224/МА2026/00027
“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд
холбогдох иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч Б.Мөнхзаяа, Ерөнхий шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00854 дүгээр шийдвэртэй, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн төлбөр 16,457,593.16 төгрөг, алданги 11,108,745 төгрөг, нийт 27,566,338.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагч байгууллагын төлөөлөгч А.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 27,566,338.16 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “…Х сумын Эрүүл мэндийн төвтэй 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дулаан нийлүүлэх гэрээгээ байгуулсан. Манай байгууллагын зүгээс халаалт дулааныг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн боловч Эмнэлгийн зүгээс 11 дүгээр сар, 12 дугаар сарын халаалтын зардлаас 16,457,593.16 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй байна. 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болж санхүүгийн тайлан баланс гаргахад тухайн байгууллага нь манайд өртэй гэдгээ тооцоо нийлсэн актаар баталгаажуулсан байгаа. Өгөхгүй байгаа шалтгаанаа дээрээс буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээс санхүүжилт дутуу өгсөн гэдэг шалтгааныг хэлдэг. 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээнд зааснаар алданги тооцоход 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл нийт 135 хоног болж дээрх нийт дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн тооцоход хоногийн алданги нь 11,108,745 төгрөг болсон байна. Ингээд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй дулааны төлбөрөө төлөөгүй тул үндсэн төлбөр 16,457,593.16 төгрөг дээр алданги 11,108,745 төгрөг нийт 27,566,338.16 төгрөгийг Х сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж манай компанид олгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төв нь нэхэмжлэлийн шаардлагын талаар болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын дулааны төлбөрийн үлдэгдэл төлбөр болох 16,457,593.16 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөр нь 2025 оны 9,10,11,12 сар хүртэлх халаалтын санхүүжилтийг аймгийн төрийн сангаас бүрэн өгөөгүйн улмаас тухайн жилийн эцсээр үүссэн өр бөгөөд манайх төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн асуудал биш. Манайх үндсэн өр төлбөрөө төлнө. Харин алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 318/ШШ2025/00854 дүгээр шийдвэрээр:
- Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвөөс худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 16,457,593.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,108,745 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,782 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн 6,457,593.16 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 240,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дулаан нийлүүлэх гэрээ байгуулсан.
Манай байгууллагын зүгээс халаалт дулааныг гэрээнд заасны дагуу нийлүүлсэн боловч хариуцагч тал 2025 оны 11, 12 дугаар сарын халаалтын зардлаас 16,457,593.16 төгрөгийг одоо болтол өгөөгүй байна.
Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заасан бол Х сумын Эрүүл мэндийн төвтэй 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай №02 дугаартай гэрээний 4.8 дахь хэсэгт “4.6” дахь заалт биелээгүй тохиолдолд “Эрчим хүчний тухай хуульд зааснаар халаалтын хөлсний төлөгдөөгүй дүнгээс анхны бичилт хийсэн өдрөөс эхлэн тооцож хоног тутам 0.5%-ийн алданги оногдуулна” гэж заасан байдаг.
Аймгийн болон орон нутгийн төсөв батлах тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол болон Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тухайн жилийн төсөвт суулгаж баталсны үндсэн дээр гэрээ хийх ёстой байсан.
Иймд Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00854 дүгээр шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас хүчингүй болгосон алданги болох 11,108,745 төгрөгийг Х сумын Эрүүл мэндийн төвөөс гаргуулж “Г” ХХК-д олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид дулаан нийлүүлдэг байгууллагуудаасаа халаалтын төлбөрөө авч байж компанийн ажилчдын цалин болон бусад зардалдаа зарцуулдаг. Гэтэл 2025 оны сүүлийн саруудад дулааны төлбөрөө бүрэн авч чадаагүйн улмаас өөрийн хувийн хөрөнгөөр цалин хөлс, бусад зардлаа нөхөж ажиллаж байгаа тул дулааны төлбөрийн алдангийг гаргуулан авах хүсэлтэй байна. Давж заалдах журмаар гаргасан гомдлоо дэмжиж оролцож байна” гэв.
7. Хариуцагчийн төлөөлөгч А.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай талаас дулааны өр төлбөрөө барагдуулахын тулд аймгийн засаг дарга руу хүсэлт явуулсан, тухайн албан бичгээ аваад ирсэн байгаа. Ирэх жил төлбөрөө барагдуулна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Б-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00854 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Х сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дулааны эрчим хүч ашигласны төлбөрийн үлдэгдэл 16,457,593.16 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 11,108,745 төгрөг, нийт 27,566,338.16 төгрөг гаргуулахаар шаардсан,
- хариуцагч тал гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дулааны төлбөрийн үлдэгдэл төлбөр 16,457,593.16 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хугацаа хэтрүүлсний алданги 11,108,745 төгрөг төлөхийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “ Аймгийн төрийн сангаас 2025 оны санхүүжилтийг бүрэн олгоогүйн улмаас тухайн жилийн эцсээр дулааны төлбөрийн өр үүссэн бөгөөд манайх төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн асуудал биш. Иймд алдангийг төлөх боломжгүй гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
3.1. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.
3.2. Нэхэмжлэгч “Г” ХХК нь тусгай зөвшөөрлийн дагуу Увс аймгийн Х сумын төрийн байгууллага, аж ахуй нэгж, айл өрхөд гэрээгээр дулаан нийлүүлэх үйл ажиллагаа явуулдаг байх ба 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвтэй “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал хугацаагаар байгуулсан нь хэрэгт авагдсан гэрээ /хх-ийн 11-14 дүгээр тал/, зохигчдын тайлбараар нотлогдсон. Тус гэрээгээр хангагч тал нь хэрэглэгч байгууллагын 2145.13 м³ эзлэхүүн бүхий барилгыг 1 м³ тутамд 2174.7 төгрөгөөр /НӨАТ орсон дүнгээр/ дулааны эрчим хүчээр хангахаар, хангагч нь төлбөрийн нэхэмжлэхээ сар бүрийн 22-ны өдөр өгөх, хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэх авсан тухайн сарын дотор төлбөрөө бүрэн төлж байхаар тус тус тохиролцжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч “Г” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, хэрэглэгч байгууллагыг дулааны эрчим хүчээр хангасан, харин хариуцагч нь 2025 оны 11, 12 дугаар сард дулааны эрчим хүч ашигласны төлбөр төлөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу 16,457,593.16 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу дулааны төлбөр 16,457,593.16 төгрөг гаргуулах тухай хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв, шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
3.4. Нэхэмжлэлийн шаардлагаас, дулааны төлбөр төлөх гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний алдангид 11,108,745 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл нь хугацаа хэтрүүлснээс үүсэх үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасан заалтад нийцсэн байна.
Зохигчдын хооронд байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээний 4.6-д: хэрэглэгч буюу хариуцагч байгууллага хэрэглэсэн дулааны төлбөрийг хангагчаас өгсөн нэхэмжлэхийн дагуу тухайн сардаа багтаан төлөх үүрэг хүлээсэн, 4.8-д: хэрэглэгч нь хэрэглэсэн дулааны төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хожимдуулсан хоног тутам төлөгдөөгүй төлбөрийн дүнд 0.5 хувиар тооцон алданги ногдуулахаар тохиролцжээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагаас дулааны эрчим хүч ашигласны төлбөр төлөх гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр алданги шаардах эрхтэй боловч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хариуцагч талын гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй.
Тодруулбал, хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төв нь төсвийн байгууллага тул тухайн төсвийн жилд батлагдсан төсвийн дагуу олгогдсон санхүүжилтийн хэмжээнд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төлөх боломжтой юм. Хариуцагч байгууллагын халаалтын зардлын санхүүжилтийг бууруулж баталсны улмаас 2025 оны 11, 12 дугаар сард дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бүрэн төлж чадаагүй үйл баримт хэрэгт тогтоогдсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Өөрөөр хэлбэл, төрөөс санхүүжилт олгогдоогүйн улмаас төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл үүссэн нь тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар, тодорхой нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэгч /хариуцагч/ төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаандаа, зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй, улмаар хугацаа хэтрэхэд хариуцагч гэм буруугүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул хугацаа хэтрүүлснээс үүсэх хариуцлага хүлээхгүй.
Хэргийн баримтаар дулааны төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэнд хариуцагч Увс аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр түүнд гэрээний хариуцлага буюу алданги төлөх үүрэг хүлээлгэх үндэслэлгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.
4. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Г” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан “хариуцагчаас алданги 11,108,745 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 318/ШШ2026/00854 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн захирал Ц.Б-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар хэргийн зохигчид магадлалыг танилцуулан сонсгосноос хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаас хойш гомдол гаргах хугацаа тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН