| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0028/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/32 |
| Огноо | 2019-04-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/32
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш
Шүүгдэгч: Б.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Т овгийн Б-ын Ү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1827002160012 дугаартай, 146/2019/0028/Э индекстэй хэргийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Т овгийн Б-ын Ү-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ү- нь 2018 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “___” гэх газраас хохирогч М.Б-ын халиун зүсний 1 тооны адууг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ү- нь 2018 оны 08 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр баг “___” гэх газраас хохирогч М.Б-ын халиун зүсний 1 тооны адууг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү- нь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид адуугаа эрж хайсны зардал 150 000 төгрөгийг ямаагаа самнаад өгөхөөр ярьсан, төлнө гэв.
Хохирогч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 06 дугаар сараас эхлээд өөрийнхөө адуунаас халиун зүсний адуу алга болсныг мэдээд ойр хавиар сураглахад сураг нь гараагүй. Тэгээд 2018 оны 09 дүгээр сард сураг нь гарсан. Тухайн үед манай нутгийн Д.Амарцогт гэдэг хөгшин Ү-г өөрийнхөө адуутай цуг манай халиун зүсний адууг холбож байгаад мотоцикльтой туугаад явсан гэж хэлсэн. Адуугаа 800 000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой, адуугаа эрэл сурал болж явахдаа 150 000 төгрөгийн бензин зарцуулсан тул нэхэмжилнэ...гэжээ. /хх-ийн 9-12-р хуудас/
Гэрч А.Цэрэндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 08 дугаар сард өдрийг нь сайн мэдэхгүй, санахгүй байна. Би нөхөртэйгээ адуундаа гүүгээ саагаад байж байсан чинь манай адуу үргээд тухайн үед манайх Балгас гэх газар зуншиж байхад Нарийны амнаас Хужирт сум руу чиглээд 1 мотоцикльтой хүн цөөхөн хэдэн адуу туугаад явж байсан. Тухайн адуун дундаас бор сааралдуу морь эргэж буцаад байсан чинь мотоцикльтой хүн элдэж хөөсөөр байгаад Д.Амарцогт гэх айлын ойролцоо очсон. Тэгээд цаашаа юу болсныг мэдээгүй. Би нөхөртэйгээ хүүхэд уйлаад гэртээ орсон. Дараа нь М.Б ирж адуу сураглахаар нь би энэ талаар хэлсэн гэжээ. /хх-ийн 15-16-р хуудас/
Гэрч А.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 08 дугаар сард нэг өдөр би эхнэртэйгээ хамт гүүгээ саагаад байж байтал Нарийны амнаас дээшээ Хужирт чиглэлтэй 10 гаран тооны адуу туусан мотоцикльтой хүн явж байсан. Тухайн үед манай адуу үргээд байсан юм тэгээд харсан. Тэр дундаас халиун, саарал зүсний нэг адуу эргэж буцаад байсан чинь тэр мотоцикльтой хүн мотоциклоороо элдэж хөөж нийлүүлээд яваад байсан. Тэгээд би гүүн зэлээ аваад гэртээ орсон. Дараа нь М.Б ирээд адуугаа сураглахаар нь тэр талаар хэлсэн. Холоос харсан болохоор хэн гэдгийг нь мэдэхгүй гэжээ. /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Д.Амарцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 08 дугаар сард байхаа гэртээ байж байхад манай гадна Хужирт сумын Эрээнээ /Ү-/ гэх залуу манай гадна адуу тууж ирээд 1 адуу адуун сүрэгтэй нийлэхгүй байна. Танай хашаанд хашиж бариад авах гэсэн юм. Ногт байна уу гээд манайхаас ногт аваад саарал зүстэй адууг холбож бариад туугаад явсан. Тэгээд дараа нь нилээн сүүлд М.Б адуугаа сураглаж явахаар нь хэлсэн гэжээ. /хх-ийн 19-20-р хуудас/
Яллагдагч Б.Ү-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна. Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг Нарийны ам гэх газраас Хужирт сум руу өөрийн адуугаа тууж яваад замдаа бусдын саарал зүсний хязаалан засаатай үрээг өөрийн адуундаа нийлүүлж туугаад Д.Амарцогт гэх айлын гадна очиж тухайн адууг хашаанд нь хашиж байгаад барьж авч өөрийнхөө адуутай холбож ногтлоод туугаад явсан. Тэгээд Хужирт сумын 2 дугаар баг “Шавар түрүү” гэх газар очиж өөрийнхөө гэрийн гадна тухайн адууны дэлийг нь аваад өөрийнхөө тамгаар тамгалчихсан юм. 2018 оны 10 сард цагдаа нар ирээд тухайн адууг эзэнд нь буцаагаад өгсөн. ...хэний адуу гэдгийг нь мэдээгүй. Намайг адуу туугаад явахад ганц адуу бэлчээр дээр байсан. Тэгэхээр нь өөрийнхөө адуутай нийлүүлээд туусан. Тухайн адууг анх өөрийнхөө адуутай нийлүүлээд тууж явахад эргэж буцаад байсан юм. Тэгэхээр нь хашиж барьж авч байгаад өөрийнхөө 1 адуутай холбож ногтлоод авч явсан. ...Мустанг-5 маркийн мотоцикль унаж явсан. ....Тухайн мотоциклийг 2018 оны 09 дүгээр сард мотор нь эвдэрчихээр нь сумын төв дээр хоёрдогч түүхий эд авна гээд Улаанбаатар хотоос явж байсан хүмүүст 50 000 төгрөгөөр зарчихсан. ...дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй гэжээ. /хх-42-р хуудас/
“ЛЭНДС” ХХК-ны хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 25-27-р хуудас/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-51-р хуудас/
Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-59-р хуудас/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-60-р хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Ү-г бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч М.Б нь адуугаа хайж эрэл хайгуул хийхэд гарсан бензиний зардал 150 000 нэхэмжилнэ гэж мэдүүлэг өгсөн байх ба хавтаст хэргийн 61-р хуудсанд авагдсан зарлагын баримтанд хэмжих нэгж, нэгжийн үнэ бичигдээгүй, худалдан авагчийн нэр, регистрийн дугааргүй, хүлээн авсан хүний нэр, гарын үсэг зурагдаагүй байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул хэлэлцээгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдав.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгчийн эзэмшлийн 900 000 төгрөгийн үнэлгээ бүхий шаргал зүсний 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь хуульд нийцнэ.
Шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогтой Б-ын Ү-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогтой Б-ын Ү-г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Ү-г зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.Ү- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бичгийн баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч М.Б нь нотлох баримтаа бүрдүүлэн адуугаа эрж хайхад гарсан зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн эзэмшлийн 900 000 төгрөгийн үнэлгээ бүхий шаргал зүсний 1 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ү-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА