Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 11

 

 

  2026          05           05                                           206/МА2026/00011

 

 *******гийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 319/ШШ2026/00104 дугаар шийдвэртэй,

            Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* оршин суух, ******* ******* *******ийн Занданхүүгийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хүсэлт гаргагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Оюумаа нар оролцов.

                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хүсэлтийн үндэслэл: 

1.1 Миний бие 1984 онд 4 дүгээр ангиа төгсөөд хөдөө гарч, эцэг эхийн хамт Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдэлд сайн дураар мал маллаж эхэлсэн. Тийнхүү 15 наснаасаа буюу 1986 оны 01 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн дэвтэр нээлгэн 1992 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сараас эхлэн 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* ******* “ ” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 319/ШШ2026/00104 дугаар шийдвэрээр:

2.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн Занданхүүгийн 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* ******* “ ” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлага болох 1986 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 

2.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

2.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,

2.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Хүсэлт гаргагч ******* нь давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 319/ШШ2026/00104 дугаар шийдвэрээр ******* миний 1986-1988 онуудад ******* ******* “ ” нэгдлийн ******* ******* бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзсанд гомдолтой байна. ******* миний бие 4 дүгээр ангиас сургуулиас гарч эцэг, эхийн хамт ******* ******* Баясгалан-Амьдрал нэгдлийн ******* ******* бригадад малчнаар өдийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа нь бодит үнэн. Энэхүү байдал ******* миний хөдөлмөрийн дэвтэрт 1986-1988 онуудын 01-12 дугаар саруудад цалин хөлс олгосон бичилт, гавьяат малчин гуайн мэдүүлгээр нотлогдсоор байхад анхан шатны шүүхийн шүүгч уг нотлох баримтыг анхаарч үзээгүй, няцаасан дүгнэлт хийгээгүй, намайг хохироосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хүсэлт гаргагчийн *******гийн давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч ******* нь “1986 оны 01 дүгээр сараас эхлэн 1992 оны 02 дугаар сарыг дуустал хугацаанд Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдлийн ******* ******* бригадад малчнаар, 1992 оны 03 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* ******* “ ” хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

 

3. Хүсэлт гаргагч  нь шаардлагаа нотлохоор өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “1987, 1989-1993 оны 70-р дансны хуулбарууд, Ховд аймгийн өмч хувьчлалын  комиссын тогтоол,  ХААТР- 1,15 маягтууд, 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 1991 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус тус нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Регистрийн дугаар, овог, эцэг, эхийн, өөрийн нэр өөрчилсний болон төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн,

харин шүүх Ховд аймгийн Засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр “аймгийн сайн малчин шалгаруулж, шагнах тухай” захирамж, Ховд аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын тодорхойлолт, ХААТР-1, 15, 21 маягтууд, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******ийн Занданхүүгийн 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарыг дуустал Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдэлд малчнаар, 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* ******* “ ” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, үлдэх шаардлага болох 1986 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Хүсэлт гаргагч ******* нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “Би 4-р ангиасаа сургуулиас гарч мал маллаж байсан. Энэ талаар хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэр болон цалин хөлс олгосон баримт, гэрчийн мэдүүлгүүдээр нотлогдож байхад 1986 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх агуулга бүхий  гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

 

5.1 Шүүх хүсэлт гаргагч *******гийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулах замаар бодитой үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигчид гаргаж мэтгэлцдэг харин онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэхүү мэтгэлцэх зарчим  хамаарахгүй  тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх учиртай бөгөөд энэ ажиллагааг зохих ёсоор хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.2  Анхан шатны шүүх  хүсэлт гаргагч *******гийн 1986 оны 01 дүгээр сараас 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нээсэн, *******гийн нэртэй хөдөлмөрийн дэвтрийн “Эрхэлсэн ажил № хэсэгт “01” гэж, “Ажилд орсон гарсан он” хэсэгт “1988” гэж “сар” хэсэгт “10” гэж, “өдөр” хэсэгт “20” гэж тус тус бичигдсэн байх бөгөөд хүсэлт гаргагч ******* нь 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн малчнаар томилогдож ажилласан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

            Тухайн үед нэгдлийн гишүүдийн хөдөлмөрийн дэвтрийг олгохдоо нээж олгосон цаг хугацаанаас өмнөх онуудад хөдөлмөр эрхэлж, ажиллаж, цалин хөлс авч байсан талаар хөдөлмөрийн дэвтэрт нь нөхөн бичилт хийх боломжтой байсан бөгөөд дээрх Ховд аймгийн ******* ******* “ ” нэгдлээс нээж *******д олгосон 000011 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт *******г 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн нэгдлийн зөвлөлийн 10-р тогтоолоор “тэмээчнээр” ажиллуулахаар шийдвэрлэж бичилт хийсэн нь тухайн тэмээчний ажилд түүнийг томилон ажиллуулж байсан  талаарх мэдээлэл бүхий бичилт  болохоос  уг өдрөөс өмнө ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй гэсэн агуулга биш, мөн энэхүү бичилтээр түүнийг анх малчнаар томилогдон ажиллаж эхэлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн дэвтэрт ажилтныг тухайн ажилд орсон, гарсан хугацаа, томилогдсон шалтгаан, ажлаас өөрчлөгдсөн мэдээлэл, тогтоол, тушаалын он, сар, өдөр, дугаар бүрийг тэмдэглэхээр тусгасан байна.

 

5.3 Түүнчлэн шүүх хэрэгт авагдсан нотлох баримт бүрт хууль зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй бөгөөд уг дэвтэрт *******г 1986 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, хөлс олгосон талаар бичилт хийж,  гарын үсэг зурсан байхад анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг хэрхэн үнэлж байгаа, мөн ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа тодорхой дүгнэлт хийгээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

 

5.4 Хүсэлт гаргагч нь 1986-1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байхад *******г 1986 онд ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх талаарх төрийн архивын лавлагаа хэрэгт авагдаагүй байна.

Тодруулбал: *******гийн шүүхэд ирүүлсэн 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1138 дугаартай архивын лавлагаанд “1987, 1989-1993” оны байдлаар мэдээлэл авагдсан,

харин шүүх “Ховд аймгийн төрийн архивын тасаг”-аас 1986-1994 оны тушаалууд, цалингийн цэс, холбогдох баримтууд буюу архивын лавлагаа гаргуулахаар 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаартай албан бичиг хүргүүлсэн боловч уг албан бичгийн хариуд Ховд аймгийн засаг даргын 1996 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаар “аймгийн сайн малчин шалгаруулж, шагнах тухай” захирамжийг ирүүлж, бусад хугацаанд хамаарах архивын лавлагаа ирүүлээгүй, 1986 оны архивын лавлагаа хэрэгт авагдаагүй байхад шүүх хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна.

 

5.5 Мөн хүсэлт гаргагч нь 1971 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн бөгөөд 1986, 1987 онд буюу 14-15 настай байхдаа ажил хөдөлмөр эрхэлж байсан болохоо шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан байна.

БНМАУ-н Ардын их хурлаас 1973 оны 07 дугаар сарын 03-ны өдөр баталсан Хөдөлмөрийн хуулийн 10 дугаар бүлгийн 163 дугаар зүйлд “Залуучуудын нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах зорилгоор 16 нас хүрсэн хүүхдүүдийг улс ардын аж ахуйн соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө…”, “...Онцгой тохиолдолд 15 нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгөөр ажилд авч болно...” заасан бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн актаар хөдөлмөр эрхлэх нас 16 нас байсан байна. Гэтэл шүүх энэ талаар тодруулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй, үйл баримтын болон хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

5.6 Мөн шүүх хүсэлт гаргагч *******г 1992 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн ******* ******* “ ” ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд уг “ ” хувьцаат компани хэзээ үүсгэн байгуулагдаж, хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр татан буугдсан эсэх талаарх хуулийн этгээдийн лавлагаа хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Дээрх нотлох баримт нь хүсэлт гаргагчийн уг хувьцаат компанид ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагыг нотлоход чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудын нэг болно.

 

 6. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, түүнчлэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нөхцөлд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм. Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Иймд хүсэлт гаргагч *******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны  02 дугаар сарын 25-ны өдрийн 319/ШШ2026/00104 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хүсэлт гаргагчийн давж журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хүсэлт гаргагч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойл*******т, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.ОТГОНХИШИГ

 

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Н.ТУЯА

 

                                                               ШҮҮГЧ                     М.НЯМБАЯР