| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 105/2017/0304/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2017-07-20 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 529
Э.Оюунбатад холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Энэрэл,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатарын гаргасан 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 492 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Энэрэлийн бичсэн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот прокурорын эсэргүүцэлд үндэслэн Э.Оюунбатад холбогдох 201726010891 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Бичээч овогт Эрдэнэ-Очирын Оюунбат, 1992 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эмээгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 3 дугаар баг, 1-03 тоотод оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар ял шийтгүүлснийг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан гэх, /регистрийн дугаар: РЭ92062238/,
Э.Оюунбат нь 2017 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, АОС 3-260 тоот хашаанд байсан хохирогч Г.Өлзийжаргалын 65-38УНА улсын дугаартай “Тоёота Истима” загварын тээврийн хэрэгсэл дотроос 5925011369 тоот данстай “Хаан” банкны виза картыг авч, картнаас 600.000 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Э.Оюунбатад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Э.Оюунбатад холбогдох хэргийг хянан хэлэлцээд тус хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн болон бусад байдал/-ыг тогтоох шаардлагатай. Өөрөөр хэлбэл Э.Оюунбатыг “...тээврийн хэрэгсэл дотроос 5925011369 тоот данстай “Хаан” банкны виза картыг авч картнаас 600.000 төгрөг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт...” холбогдуулан шалгаж улмаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд ирүүлсэн нь хууль зөрчсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт “Энэ хэргийг ...агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэж заасан, хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан болон тусгай зориулалтын автомашины кабинийг “агуулах сав” гэж тус тус хуульчилсан байх тул хэргийн зүйлчлэлийг хуульд нийцүүлэн зөвтгөж ирүүлэх шаардлагатай.
Мөн Э.Оюунбатын хувийн байдлыг бүрэн тогтоох үүднээс хэрэгт ач холбогдолтой байж болох хүмүүсийг гэрчээр асуух, түүнчлэн бүрэн дунд боловсролтой, автын механик мэргэжилтэй гэж биеийн байцаалтад авагдсан нөхцөл байдлын талаарх нотлох баримтуудыг хуулийн хүрээнд цуглуулж, бэхжүүлэхэд анхаарвал зохино гэх үндэслэлээр Э.Оюунбатад холбогдох 201726010891 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Энэрэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэг буцах үед 2002 оны Эрүүгийн хууль хэрэгжиж байсан. Түүнтэй холбоотойгоор 1 үндэслэлийг бичсэн. Түүнчлэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор 1 заалтыг оруулж шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж үзсэн. Шүүхээс Э.Оюунбатын үйлдлийг автомашинд нэвтэрч виза картыг авсан гэж үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр холбогдогч Э.Оюунбат болон хохирогч нарын хооронд найз нөхдийн холбоотой. Хэрэг гарсан өдөр хамт архи уухдаа хохирогчийн зүгээс өөрт байсан виза картаа Э.Оюунбатад өгөөд картынхаа нууц дугаарыг хэлээд архи авхуулж хамт уусан. Автомашиндаа хамт суугаад автомашиндаа картаа орхисныг Э.Оюунбат хараад виза картыг нь авсан гэх үйлдэл тогтоогддог. Тэрнээс биш зориудаар тухайн автомашины хаалгыг эвдэх, түлхүүр тааруулж нэвтэрсэн үйлдэл хавтаст хэрэгт тогтоогдоогүй.” гэв.
ХЯНАВАЛ:
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 492 дугаар захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Э.Оюунбатад холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн, шүүх хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хянан шийдвэрлэх боломжтой байжээ.
“Хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт нь Э.Оюунбатын үйлдэлтэй тохирохгүй бөгөөд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “агуулах саванд нэвтэрч үйлдсэн” гэх хууль зүйн ойлголтын агуулгаас өөрчлөгдөн хуульчлагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүх Э.Оюунбатад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Э.Оюунбатад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 492 дугаар захирамжийг хүчингүй болгож, Э.Оюунбатад холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Э.Оюунбатад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Ц.ОЧ