Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2025/ХШТ/57

 

Б.С, Л.Э, Л.Д,

Э.С, С.Э нарт  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор  А.Золзаяа, шүүгдэгч Л.Э-, Л.Д-, Э.С- нарын өмгөөлөгч Б.Энхжаргал, шүүгдэгч Б.С-, Э.С- нарын өмгөөлөгч Г.А-, хохирогч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Баярцогт, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалтай, Б.С-, Л.Э-, Л.Д-, Э.С-, С.Э- нарт холбогдох 2423000000017 дугаартай хэргийг шүүгдэгч Л.Э-, Л.Д-, Э.С- нарын өмгөөлөгч Б.Энхжаргал, хохирогч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Баярцогт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Батбаатарын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц овогт Б-н С- (РД:***)

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Н овогт Л-н Э- (РД:***)

3.Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, *** оршин суух хаягтай,

урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан Н овогт Л-н Д- (РД:***),

4.Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “***” ХХК-д ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, **** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт Э-н С- (РД:***),

5.Монгол Улсын иргэн, 1994 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, “***” хоршоонд малын эмч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *** тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш овогт С-н Э- (РД:***).

Шүүгдэгч Б.С- нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн *** багийн нутаг дэвсгэр “***” гэдэг газарт бэлчээрт байсан Г.Ш-гийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж хохирогч Г.Ш-д 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Л.Э- нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн *** багийн нутаг “***” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч М.Д-ын өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 8,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.С-, Л.Д- нартай бүлэглэн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн *** багийн нутаг “***" гэдэг газарт бэлчээрлэж байсан хохирогч Э.О-ийн эзэмшлийн хонин сүргээс 2 тооны хонийг Л.Э-ын эзэмшлийн “Марк-2” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Э.С- нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн *** багийн нутаг дэвсгэрт “***” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Б.Д-, Б.М- нарын өмчлөлийн 3 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч нарт 3,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

дээрх завшсан үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрч Д.Х-, Б.С-, Ж.Б-, хохирогч Б.Д- нарыг “...3 тооны адууг Ж.Б-ийг авсан гээд гэрчлээд өгөөч, ...10-15 сая төгрөг өгнө гэх зэргээр” зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан,

2024   оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн *** сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээг иргэн С.Э-оор хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглаж, иргэн С.Б-гийн нэр дээр 24, О.М-ын нэр дээр 18 тооны адуу нийт 42 тооны адууг тус тус бүртгэж, худалдан борлуулж баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

шүүгдэгч С.Э- нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн *** сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээ, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг буюу иргэн С.Б-гийн нэр дээр 24, О.М-ын нэр дээр 18 тооны адуу нийт 42 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.С-, Л.Э- нарыг олон тооны мал, бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Л.Д-ыг бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.С-ыг алдуул мал завших, гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлсөн, хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С.Э-ыг хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С-ыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Э-ыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Д-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, шүүгдэгч Э.С-д оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоож,

шүүгдэгч Э.С-, С.Э- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э-, Л.Д-, Б.С- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-, Л.Э-, Л.Д- нараас тус бүр 1,233,334 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,

шүүгдэгч Л.Э-ын эзэмшлийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.Э-д буцаан олгож,

хохирогч Г.Ш- нь шүүгдэгч Б.С-оос сэтгэцэд учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Ш-, түүний өмгөөлөгч Б.Баярцогт, шүүгдэгч Л.Д-, Л.Э-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Э-, Л.Д-, Э.С- нарын өмгөөлөгч Б.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхээс Л.Д-, Л.Э- нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 зааснаар, мөн Л.Э-ын 8 тооны адуу хулгайлсан гэж гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч Э.С-д холбогдох хэсэгт гомдол гаргахгүй бөгөөд хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийн талаар маргаан байхгүй, шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрч байна.

Харин Л.Д-, Л.Э- нарын 2 тооны хонь хулгайлсан, Л.Э-ын 3 адуу хулгайлсан талаарх баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс 8  тооны адууны хохирол учирсан гэж үзсэн нь өмгөөлөгчийн зүгээс (шүүгдэгч нар нь үйлдэл дээр маргадаггүй) анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Тухайлбал: 1.Э-ыг 8 тооны адуу хулгайлсан гэх хэргийн хохирлын талаар хохирогч Ш.Д- болон гэрч С.Т-, Ц.Д-, Ш.Э-, Б.Д- нарын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн боловч Л.Э-ын амбаарнаас гарсан 4 ширний  3 нь хохирогч Д-ын алдсан адууны шир мөн болох нь тогтоогдсон, харин 5 адуу нь тогтоогдоогүй байхад хохирлыг гаргаж шийдвэрлэсэн.

2. Л.Д-, Л.Э- нарыг бүлэглэн, машин механизм ашиглан 2 тооны хонь хулгайлах буюу эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэм буруутай тооцсон боловч хохирогч О-, гэрч А- нараас хуц, ухна хариулсан хөлсөнд хонь авах ёстой байсан талаар хохирогч болон шүүгдэгч нар мэдүүлдэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Э- нь гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр байхгүй, эргэлзээтэй байдаг. Мөн Л.Э-ын хувьд эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, хүү Ү- нь оюун ухааны хүндэвтэр хомсдол оноштойгоор хөгжлийн бэрхшээлтэй, ар гэрийн асаргаанд байдаг, гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын хүрээнд хоригдож байхад бага насны нэг хүүхэд нь цусны хорт хавдар оноштойгоор хүндэрч Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан гэх ар гэрийн гачигдалтай байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Л.Д-, Л.Э- нарт холбогдох хэсгийг шүүгдэгч нарт ашигтайгаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд хохирогч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Баярцогт гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр хохирогч Г.Ш-гийн сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм.

Шүүх энэ талаар дүгнэхдээ шинжээчийн дүгнэлт гараагүй байна гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл бөгөөд шинжээч дүгнэлт гаргуулахаар томилсон шинжээч мөрдөгч тухайлсан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч хүснэгтээр гаргахаар зохицуулсан гэж хариу ирсний дагуу мөрдөгч хүснэгтээр сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож шийдвэрлэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Анхан болон давж заалдах шатны шүүх Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 3.6 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирогч Г.Ш-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.С-, Э.С- нарын өмгөөлөгч Г.А- хяналтын шатны шүүхэд хэлсэн тайлбартаа “Шүүгдэгч Б.С-ыг 2 гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан. Тэрээр 5 тооны адуу хулгайлсан гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн зүгээс энэ талаар ямар нэгэн маргаан байхгүй, мөн учруулсан хохирлоо шинжээчийн дүгнэлтийн дагуу төлж, шүүх хуралдаанд оролцсон. Хоёрдугаарт, Улсын дээд шүүхээс эд хөрөнгийн маргаантай холбоотой хэрэгт тогтоол гаргаж байсан. Л.Д- нь айлуудаас хуц, ухна цуглуулж, хөлсөөр хариулдаг байсан. Тэрээр хохирогчоос 2 хонь авахаар тохиролцож 1 жилийн хугацаанд түүний хуц, ухныг хариулж байгаад хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл, тэдгээрийн дунд үүссэн харилцаа нь гэрээний эрх зүйн маргаан юм. Л.Д- нь хохирогчоос 2 хонь авахдаа үеэл дүү нартаа “би энэ айлаас 2 хонь авах ёстой” гэж хэлээд авсан байдаг. Тэгэхээр энэ хэрэг нь иргэний эрх зүйн маргаан буюу “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдаагүй. Тэрээр одоо болтол хохирогчоос 2 хонио авч чадаагүй нөхцөл байдалтай байна. Иймээс өмгөөлөгчийн зүгээс түүний үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэнийг буруу гэж үзэж байна. Түүнчлэн түүний үйлдэлд Б.С- хамтран оролцсон болох нь тогтоогддоггүй. Л.Д- энэ талаар “энэ хэрэгт хоёр дүү маань ямар ч хамаагүй. Би энэ айлаас хуц, ухна хариулсныхаа төлбөрт хонь авсан” гэж мэдүүлсэн. Тэгэхээр яллах дүгнэлтэд дурдсан Б.С-ын нэг үйлдлийг цагаатгах боломжтой. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс “Б.С-ын 5 тооны адуу хулгайлсантай холбоотой хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хүснэгтээр гаргах ёстой” гэх агуулга бүхий гомдол гаргасан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг шинжилгээний байгууллага тогтоох учиртай. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж заасан. Үүний дагуу 2023 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нар хамтран “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. Тус журмын 2.1-т “Гэмт хэргийн хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, эд хөрөнгөө алдсанаас хохирогчид учрах эрүүл мэндийн хохирол, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан тогтоосон энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан  Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр (цаашид “хүснэгт” гэх)  шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ” гэж заасан. Тэгэхээр ямар ч тохиолдолд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжилгээний байгууллага тогтоох ёстой. Хэрэгт хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоосон баримт авагдаагүй тул шүүх “хохирогч тус хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй” хэмээн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С-, Л.Э-, Л.Д-, С.Э- нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж оролцож байна. Харин шүүгдэгч Э.С-ын үйлдсэн гэмт хэргийн зарим зүйлчлэлтэй санал нийлэхгүй байх тул дараах дүгнэлтийг гаргаж байна. Прокуророос шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуульд тусгагдсан 3 гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нэгдүгээрт, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн Завханмандал сумын нутгаас хохирогч Б.Д-, Б.М- нарын өмчлөлийн 3 тооны алдуул мал завшсан хэрэг, хоёрдугаарт, С.Э-оор иргэн С.Б-гийн нэр дээр 24, О.М-ын нэр дээр 18 тооны адуу, нийт 42 тооны адууны мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан хэрэг, гуравдугаарт, 3 тооны адууг завшсан үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрч, хохирогч нарыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан хэрэгт гэм буруутайд тус тус тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн. Эдгээрээс алдуул малыг завших гэмт хэргийн зүйлчлэлтэй санал нийлэхгүй байна. Учир нь, Улсын дээд шүүхээс алдуул мал завших гэмт хэргийг 2022 онд Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасантай холбож тайлбарласан. Улсын дээд шүүхийн тогтоолд “иргэний хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол мал хулгайлах гэмт хэрэг юм” хэмээн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Улсын дээд шүүхээс хууль хэрэглээг тогтоосноос хойш мөрдөн шалгах ажиллагааны практик тогтож эхэлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Э.С- нь бусдын 3 тооны адуу гэдгийг мэдсээр байж, Улаанбаатар хот руу оруулан зарж борлуулсан үйл баримт тогтоогддог. Ингэхдээ тэрээр Засаг дарга болон айл, саахалтын хүмүүстээ алдагдсан малын тухай утсаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь шүүгдэгчийн энэ талаар гаргасан мэдүүлгийг давхар нотолж байгаа бөгөөд шүүгдэгчийг “Алдуул мал завших” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болжээ. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь 42 тооны адуунд хуурамч гарал үүслийн гэрчилгээ үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэтэл тэрээр тухайн шөнө 45 тооны адууг ачиж, Улаанбаатар хотод ирснийхээ дараа “3 тооны адуу авч ирснээ мэдлээ” гэж тодорхой гэрч нар руу утсаар мэдэгдсэн. Хэрэв тэрээр өөрийн малд нь алдуул мал санаандгүй байдлаар нийлсэн гэдгийг мэдсэн бол Иргэний хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан. Мэдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаанд тухай малыг хариуцах, хадгалах үүрэгтэй. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч нь мал хулгайлах гэмт хэргээ нуун далдлах санаа зорилгоо алдуул мал болгон илэрхийлэх байдлаар гэрч нар руу утсаар мэдэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тэгэхээр прокуророос хэргийг “Алдуул мал завших” зүйлчлэлээр зүйлчилж, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг зүйлчлэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хоёрдугаарт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн зүгээс хэд хэдэн гомдол гаргасан. Л.Д-ын зүгээс хохирогч М.Д-оос 8 тооны адуу хулгайлсан үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдүүлсэн. Гэвч уг нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой гомдол гаргасан байна. Улсын дээд шүүх энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тайлбар гаргаж, хууль хэрэглээний практик нэгэнт тогтсон тул хоёр шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хоёр шатны шүүх 5 шүүгдэгчийн 4-т холбогдох хэргийг хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэрлэсэн тул хэвээр үлдээх саналтай байна. Харин шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийг тусгаарлаж, түүнд холбогдох хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь, “Алдуул мал завших” гэмт хэрэг нь “Мал хулгайлах” гэмт хэргээс хөнгөн эрүүгийн хариуцлагатай. Хяналтын шатны шүүх хэргийн зүйлчлэлийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн өөрчлөх боломжгүй тул Э.С-д холбогдох хэргийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгч Л.Э-, Л.Д-, Э.С- нарын өмгөөлөгч Б.Энхжаргал, хохирогч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Баярцогт нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.С-, Л.Э-, Л.Д-, Э.С-, С.Э- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.С-, Л.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, шүүгдэгч Л.Д-ын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4, шүүгдэгч С.Э-ын үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

4.Шүүх дээрх нэр бүхий 4 шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг өөрчлөн дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

5.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхжаргалаас Л.Э-ыг 8 тооны адуу бус 3 тооны адуу хулгайлсан гэж гомдол гаргадаг боловч энэхүү үйл баримтыг шүүхүүд хохирогч М.Д-, түүний малыг малладаг гэрч Ш.Э- нарын “...4 азарга адуу хариулдаг, 1 халтар азаргатай 8 тооны адуу 2024 оны 10 дугаар сарын 20-дын үед очиход байхгүй байсан..., ...адуунууд өөр тийшээ явдаггүй, тэр хавиараа байсаар байгаад сурчихсан, өмнө нь ингэж алга болж байгаагүй...”, гэрч С.Т-, Ц.Д-, Б.Д-, “...8 тооны адуугаа хайж байсан...”, шүүгдэгч Л.Э-ын “...гаргаж өгсөн адууны ширийг хараад өөрийн адуу мөн болохыг таньсан...” гэсэн мэдүүлэг зэрэгт үндэслэн тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

6.Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч Г.Ш-гийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар “зэрэглэл тогтоох хүснэгтийн дагуу хор уршгийг тогтоосон ч хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд хүснэгт нь уг хүний сэтгэцийн байдлыг ерөнхийд нь тодорхойлсон бөгөөд хохирогчийн тухайд сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт гараагүй учир энэ талаарх нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж” шийдвэрлэсэн нь зөв болжээ.

7.Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад өөрчлөлт оруулсан.

8.Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан энэ талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 19, 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 23 дугаар тогтоолуудад тодорхой тайлбарласан болно.

9.Иймд хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан “...Л.Д-, Л.Э- нарт холбогдох хэсгийг шүүгдэгч нарт ашигтайгаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү”, хохирогч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Баярцогтын гаргасан “...сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон хэмжээгээр гаргуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10.Харин шүүхүүд Э.С-ын холбогдсон зарим хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг тодорхойлж, хууль зүйн дүгнэлт хийх ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй байна.

11.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа таван хошуу малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан байдгаараа мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын алдуул малыг завших гэмт хэргээс ялгаатай.

12.Тодруулбал, ижил сүргээсээ тасарсан, өмчлөгч нь тодорхойгүй малыг өөрийн эзэмшилдээ байлгаж буй этгээд “Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар “...орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэг”-ээ биелүүлсэн эсэхээс шалтгаалж хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 171 дүгээр тогтоолд тодорхой тусгаж, хууль хэрэглээний жишиг тогтоосон болно.

13.Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.С-ын “...бусдаас худалдан авсан 42 тооны адууг Улаанбаатар хот руу тээвэрлэх явцад 3 тооны адуу нийлснийг ирээд мэдсэн, мэдсэн даруй гэрч нартай утсаар холбогдож эзнийг нь сурагласан, ...махны үйлдвэрийн хашааг чөлөөлөх шаардлагаар тухайн адуунуудыг захиран зарцуулж худалдан борлуулсан...” гэх үйлдэлд мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх талаар, ялангуяа өмчлөгч нь тодорхойгүй адууны талаар дээрх Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үүргээ биелүүлсэн эсэхэд тодорхой дүгнэлт өгөөгүй байна.

14.Хавтаст хэрэгт авагдсан баримтат мэдээллийг хянан үзэхэд шүүгдэгч Э.С- нь “3 тооны адуу хамт ачигдаж ирсэн” талаар мэдсэн даруйдаа Завхан аймгийн Завханмандал сумын *** багийн засаг дарга Б.Б- болон тус сумын *** багийн засаг дарга Б.Б-, гэрч Б.С-, У.Г- нартай “...3 тооны адуу хамт ачигдаад иржээ, эзнийг нь сураглаад өгөөч...” гэж ярьсан гэх үйлдлийн дэс дараалал, хоорондын цаг хугацааг тодорхойлж, тогтоогоогүй, эдгээр хүмүүстэй утсаар ярих үед тухайн адууг худалдан борлуулсан эсэх талаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож чадаагүй байна.

15.Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.С-ын гэмт үйлдлийн сэдэлт, санаа зорилго, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй байхад хэргийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг бодит байдалд нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

16.Иймд энэ талаар прокурор А.Золзаяагийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй.

17.Гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ялыг оногдуулахад чухал ач холбогдолтой.

18.Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг хянахдаа анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгч Э.С-д холбогдох хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын талаар эцэслэн дүгнэлт хийх хууль зүйн боломжгүй.

19.Иймд эрүүгийн хэргээс шүүгдэгч Э.С-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар магадлалд “Шүүгдэгч Э.С-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарласугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2.Шүүгдэгч Л.Э-, Л.Д-, Э.С- нарын өмгөөлөгч Б.Энхжаргал болон хохирогч Г.Ш-гийн өмгөөлөгч Б.Баярцогтын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Э.С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ                                           Ч.ХОСБАЯР

                                          ШҮҮГЧ                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                               Д.БАТБААТАР

                                                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ