Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 502

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис, нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ц.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х , хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д , хариуцагч Гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У нарыг оролцуулан иргэн Б.Г , Ц.Ч нарын нэхэмжлэлтэй, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Ц ийн Ч

Нэхэмжлэгч: Б ын Г 

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газар

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Татвар бүрдүүлэлтийн албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/499 албан тоот, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2/1520 албан тоотыг тус тус хүчингүй болгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г , Ц.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Г , Ц.Ч бид нарын япон улсаас оруулж ирсэн Д х маркийн бага оврын 5 ширхэг ачааны автомашинд бүрдүүлэлт хийж зохих журмын дагуу татвар хураамжаа төлөөд машинаа гаалиас аваад бүгдийг нь бусдад худалдаж борлуулсан. Тухайн үед бид машинаа бүгдийг нь хууль журмын дагуу шалгуулж авсан. Адил маркийн машин оруулж ирсэн бусад хүмүүс ч мөн адил шалгуулаад ачааны автомашин гэж гаалийн бүрдүүлэлт хийж автомашинаа авч байсан юм. 

Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газраас надад 05/499 дугаар албан бичгээр таны нэр дээр бүрдүүлэлт хийсэн*******, *******, *******, *******, ******* тоот мэдүүлгүүдийн алдааг залруулж, татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гарсны дагуу татварын зөрүү 16283674 / арван зургаан сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун далан дөрөв/  төгрөгийг нөхөн төлөх шаардлагыг хүргүүлэв. Татвар бүрдүүлэлтийн албаны дарга Н.У гэсэн албан тоотыг хүлээн авлаа. Уг R дугаараар нь хөөж гаалийн бүрдүүлэлтийг шалгахад ******* нь Ц.Ч бүрдүүлэлт хийж 3 дугаар сарын 30-нд гаалиас авсан 1 ширхэг автомашин бусад R-02-2141016-16-I*******, *******, *******, ******* нь Б.Г гийн бүрдүүлэлт хийж авсан 4 ширхэг ачааны автомашин байна. 

2016 оны 11 дүгээр сарын 28-нд Гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч Гаалийн ерөнхий газар 2016 оны 12 дугаар сарын 05-ны 02-21520 тоотоор дээрх гомдлыг хянах явцад уг бүрдүүлэлтээс өмнө Д х маркийн S3..V моделийн тээврийн хэрэгслийг ачааны автомашины кодоор бүрдүүлэлт хийсэн алдаа илэрсэн тул алдааг залруулж, татварыг нөхөн төлүүлэх үүргийг Улаанбаатар хот дахь гаалийн газарт өгсөн. Иймд бүрдүүлэлтийн алдааг залруулах зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газраас танд өгсөн шаардлагын дагуу холбогдох татварыг нөхөн төлөх нь зүйтэй. Гаалийн бүрдүүлэлтийн газрын дарга З.Ц гэсэн хариуг өгсөн учир Гаалийн ерөнхий газрын дарга А д 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргасан боловч түүний хариу болгож Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б таны гаргасан хүсэлтийн дагуу холбогдох материалыг хянан үзэхэд Улаанбаатар хот дахь гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2/1520 дугаар албан бичгээр хариу өгсөн тул энэ шийдвэр нь гаалийн байгууллагын албан ёсны шийдвэр байна гэсэн хариу өглөө. Уг хариуг үл зөвшөөрч зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Манай машиныг дагалдаж ирсэн бичиг баримтад ачааны автомашин мөн болохыг стандартыг хангасан. Тухайлбал: 

1. Жолоочийн эгнээний хойд хэсэгт вандан сандалтай. Энэ сандал нь ачаа ачих үед эвхэгддэг.

2. Вандан сандал нь хамгаалалтын бүсгүй, хамгаалалтын бүсийг тогтоох бэхэлгээ, тоноглол байхгүй. 

3. Эвхэгддэг вандан сандал нь ачаа ачих үед эвхэгдэж, жолоочийн арын хэсгийн зайг ачаа ачихад бүрэн ашиглах боломжтой. 

4. Ачаа ачих хэсгийн цонх нь онгойдоггүй.

5. Ачаа ачих арын хэсэгтээ гадагш сөхөгдөж онгойдог хаалгатай. 

6. Машины ачаа ачих хэсэгт зорчигчийг тав тухтай нөхцөлөөр хангасан тоног хэрэгсэл байхгүй. Тухайлбал хөгжмийн деффузор, үнсний сав, агааржуулагч байхгүй. 

7. Ачаа ачих зориулалтын машин тул ар талдаа нумтай. 

8. Кузовын арын хэсэгт ачааны даацын хэмжээг заасан бичиглэлтэй.

Энэ ачааны машин нь аж ахуй эрхэлдэг хүмүүст зориулагдсан бага оврын ачааны авто машин юм. Хөдөөний малчид нүүдэл хийх, ачаа зөөх, түлээ бэлдэх, эсгий унгас ноос, өвлийн идэшний махаа ачиж тээвэрлэдэг. Хүнсний ногооны тариаланчид төмс, хүнсний ногоо зөөх, оёдлын цех даавуу, оёсон бүтээгдэхүүн зөөх, хиамны цех ажлуулагчид мах, хиам зөөх, нарийн боовны цех гурил, боорцог зөөдөг бага оврын ачааны автомашин юм. Өөрөөр хэлбэл жижиг үйлдвэрлэл эрхэлж амьжиргаагаа залгуулж байгаа эгэл бор амьдралтай жирийн ардуудын ачаа зөөх зориулалттай ачааны автомашин юм. Эдгээр үзүүлэлтээс үзэхэд би гаалийн бүрдүүлэлтийг байцаагч нарын тавьсан шаардлагын дагуу хийсэн. Байцаагч нар ажил үүргийн дагуу шалгаж гаргасан. Уг машинуудыг зарсан хойно нь дахин их хэмжээний нөхөн татвар нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Байцаагч нар нь ачааны автомашин гэдгийг хүлээн зөвшөөрч гаргасан байхад нэг байцаагчийн алдаатай үйл ажиллагаанаас болж ийм үр дагаварт хүрлээ. Иймд Улаанбаатар хот дахь гаалийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/499 дугаартай татвар бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уийн татвар нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ц.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын дарга З.Ц ыг хамтран хариуцагчаар  татаж  хэргийг  шийдвэрлэнэ  үү.  2016  оны  12  дугаар сарын 24-ний өдрийн нэхэмжлэлдээ Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/499 дугаартай татвар бүрдүүлэлтийн албаны дарга Н.Уийн 16283674 төгрөгийг нөхөн төлөх шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч дээрх гомдлыг хянах  явцад уг бүрдүүлэлтээс өмнө Д х маркийн S3..V моделийн тээврийн хэрэгслийг ачааны автомашины кодоор бүрдүүлэлт хийсэн алдаа илэрсэн тул алдааг залруулж, татварыг нөхөн төлүүлэх үүргийг Улаанбаатар хот дахь Гаалийн газарт өгсөн байна.  

Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газраас өгсөн шаардлагын дагуу холбогдох татварыг нөхөн төлөх нь зүйтэй гэсэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2/1520 тоотоор нэхэмжлэгч надад бүрдүүлэлтийн алдааг залруулах зорилгоор Улаанбаатар хот дахь Гаалийн газраас өгсөн шаардлагын дагуу холбогдох татварыг нөхөн төлөх шаардлага өгснийг хүчингүй болгож өгнө үү.

Учир нь алдааг залруулж татварыг нөхөн төлүүлэх, татварын зөрүү төгрөгийг нөхөн төлүүлэх гэсэн агуулгатай бичгүүд нь гадагшаа чиглэсэн боловч гаалийн бүрдүүлэлтийг бүрэн хийгээд төлбөр хураамжаа төлөөд, хяналт шалгалтаар ороод,  төлбөр тооцооны зөрчилгүй гээд автомашинуудаа аваад зарж, борлуулаад одоо уг машин хаана, хэний эзэмшилд явааг мэдэхгүй. 

Тухайн үед гаалийн байцаагч нар шалгаж үзээд бүрдүүлэлтийг шат шатанд үнэн зөв зөрчилгүй гэж нэхэмжлэгчид өгч гаалийн бүсээс гаргаж явуулсан ба ийм модельтой ачааны машин хэдэн арваар нь иргэд оруулж ирж ачааны машин гэдгээр бүрдүүлэлт хийж гаргачихаад одоо алдааг залруулах, татварыг нөхөн төлүүлэх, татварын зөрүү нөхөн төлүүлэх гэж янз янзаар бичсэнийг хариуцагч нараас тодруулан хэн алдаа гаргасан талаар тайлбар авч хэрэгт хавсаргаж өгнө үү, ” гэжээ.

Хариуцагч Улаанбаатар хот дахь Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Япон улсаас импортлосон Д х маркийн авто тээврийн  хэрэгслийг гаалийн байгууллага эхлээд “ачааны” гэсэн ангилалд хамааруулан Монгол улсад оруулах зөвшөөрөл өгсөн мөртлөө араас дахин “суудлын” гэсэн ангилалд хамааруулж онцгой албан татварыг нэмж нэхэмжилж байгааг залруулж өгөхийг хүсжээ. 

1. Гаальд мэдүүлэх гэх ойлголт нь мэдүүлэгч буюу иргэн гаалийн системд барааны талаарх мэдээллээ оруулахыг хэлдэг. Барааны талаарх мэдээлэлд барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн жагсаалтын код багтдаг. Энэ кодын дагуу улсын хилээр нэвтрэх бараанаас гаалийн тарифын дагуу гаалийн болон бусад татварыг ногдуулж, гаалийн байгууллага барагдуулдаг. Ингэхээр маргаад байгаа Дайхацу  Хайжет  ван   загварын   авто   тээврийн   хэрэгслийн   барааг   тодорхойлох, кодлох уялдуулсан системийн жагсаалтын /8704/ кодыг гаалийн байгууллага биш харин “гаальд мэдүүлэгч иргэн” буюу нэхэмжлэгч Ц.Ч, Б.Г нар сонгосон байна.  Учир нь гаалийн бүрдүүлэлтийн нэгдсэн системд гаалийн байгууллага өөртөө мэдүүлэх боломж байдаггүй. Энэ талаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байна. Харин Гаалийн улсын байцаагч нь мэдүүлэгчийн мэдүүлсэн уялдуулсан системийн жагсаалтын кодыг бараатай нь тулган шалгаад зөв гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөл өгөхөөр зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгч иргэдийн авто тээврийн хэрэгслүүдийг шалгахдаа алдаа гаргаж, улсад төвлөрөх ёстой онцгой татварыг дутуу авсан алдааг залруулах зорилгоор албан тоотоор хандсан байна.

2. Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцод Монгол улс 1991 онд нэгдэн орсон. Тус конвенц нь олон улсын гадаад худалдааны барааны мэдээллийг нэгтгэх, боловсруулах, олон улсын худалдааны “Тариф, статистикийн нэгдсэн жагсаалт”-ыг гаргаж хэрэглэгчдэд түгээх ашиглах зэрэг өсөн дэвжиж байгаа олон улсын худалдаанд хийх зохицуулалтыг хөнгөвчлөх зорилгоор хийгдсэн хэлцэл байдаг. Монгол улс гишүүн орны хувьд дээрх жагсаалтыг мөрддөг бөгөөд гаалийн болон бусад тарифаа ч гэсэн уялдуулсан системийн жагсаалтын кодтой уяж өгсөн байдаг. Маргаанд хамаатай Д х ван загварын Япон улсад үйлдвэрлэгдсэн авто тээврийн хэрэгсэлд ногдуулах импортын татварт онцгой албан татвар хамаарах эсэх нь мөн энэ уялдуулсан системийн жагсаалтын кодтой уягдсан байдаг. Одоо мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулийн 4.1.4-т заагдсан “суудлын автомашин” гэдэгт юуг хамааруулах талаар хүндрэл, маргаан гарсныг тухайн үед хүчин төгөлдөр хэрэглэгдэж байсан хуулийн хүрээнд Улсын Дээд Шүүх авч хэлэлцээд, Монгол улсын нэгдэн орсон уялдуулсан системийн тухай олон улсын конвенцийн жагсаалтын 8703 ангилалд хамаарах хүн ба ачаа аль алиныг тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй тээврийн хэрэгслийг ойлгохоор шийдвэрлэж, 2007 оны 13 тоот тогтоолыг гаргасны дагуу гаалийн байгууллага хэрэглэж, хэрэгжүүлж байгаа юм. 

Ингэхээр уялдуулсан системийн жагсаалтын 8703 ангилалд хамаарах /цасны болон гольфын машин, эмнэлгийн түргэн тусламжийн болон гибрид автомашинаас бусад/ бүх авто тээврийн хэрэгслүүд нь онцгой албан татвартай байхаар болж байна. Уялдуулсан системийн 87 дугаар бүлэгт бүх төрлийн тээврийн хэрэгслүүд ангилагддаг. 8701 зүйлд трактор, комбайнууд, 8702 зүйлд 10-с дээш суудалтай автобуснууд, 8704 зүйлд зөвхөн ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгслүүд, 8705 зүйлд тусгай зориулалтын тээврийн хэрэгслүүдийн сэлбэгүүд ангилагдахаар харагдаж байгаа бөгөөд дээрх зүйлүүдэд хамаарахгүй бүх төрлийн авто тээврийн хэрэгслүүд нь 8703 зүйлд хамаарч ангилагддаг болохыг анхааралдаа авахгүй бол болохгүй. Ингэхгүй бол нөгөө л “суудлын” машин мөн биш гэсэн маргаан дэмий үргэлжлэх гээд байдаг. Харин 8703 зүйлд хамаарах цасны машин, гольфын машин, эмнэлгийн түргэн тусламжийн болон гибрид автомашинаас бусад бүх тээврийн хэрэгслүүд нь импортын онцгой албан татвартай юм. 

3.Уялдуулсан системийн жагсаалтыг хэрэглэхэд дөхөм болгох үүднээс Дэлхийн гаалийн байгууллагын дэргэдэх уялдуулсан системийн хорооноос тайлбар бичиг гаргадаг бөгөөд түүнд барааны онцлог шинж, зориулалт гэх мэтийг харгалзан хэрхэн зөв ангилах талаар зөвлөмжүүд бичигдсэн байдаг. Үүнийг ашиглахдаа тухайн бараа ангилагдаж болох зүйл бүрийн тайлбарыг хамтад нь харж хэрэглэх шаардлагатай. Ингэхгүйгээр зөвхөн нэг зүйлийн тайлбарыг дангаар нь хараад зарим нэг нөхцөл хангагдаж байгаагаар нь мушгин ангиллын кодыг тодорхойлж болохгүй юм. Учир нь нэгдэн орсон конвенцийн “Хэлэлцэн тохирогч талуудын хүлээх үүрэг”-ийн 1-ийн а-ийн i-д “уялдуулсан системийг бүх зүйл, мөрийг тэдгээрийн тоон кодын хамт ямар нэг нэмэлт буюу шинэчлэлтгүйгээр ашиглах”, ii-т “Уялдуулсан системийн ерөнхий тайлбар дүрэм, бүх хэсэг, бүлэг, маркийн тайлбарыг хэрэглэх бөгөөд Уялдуулсан системийн хэсэг, бүлэг, зүйл буюу мөрийн хүрээг шинэчлэхгүй байх”, iii-т “Уялдуулсан системээр тогтоосон тоон дарааллыг баримтлах үүрэг хүлээж байгаа болно” гэснээр бид тухайн жагсаалтын дагуу ангилагдах барааг өөрсдийн үзэмжээр өөрчлөх боломжгүй, барааны ангиллыг дурын байдлаар тогтоох эрхгүй болж байгааг бас харгалзан үзэхгүй байж болохгүй юм. 

4.Тариф, статистикийн нэгдсэн жагсаалт гэх ойлголт нь Конвенцийн 1 дүгээр зүйлд тодорхойлсон. Үүний дагуу улс орнууд Уялдуулсан системийн жагсаалтын кодын дагуу тухайн бараа бүрээр кодолж, холбогдох тарифаа байршуулсан сайт олон улсын худалдаанд өргөн ашиглагддаг. Үүний нэг болох Глобал Трейд Солюшионс /Global Trade Sоlutions/ гэдэг дэлхийн 141 орны 1 сая гаран барааны мэдээлэлтэй сайт дээр Д х Ван гэсэн загварын ангиллын код ямар байгааг харахад 8703.21 зүйлд хамаарч байгаа мэдээлэл харагдаж байна. Үүнийг орчуулан хавсаргав. Хайлт хийхдээ “Ван” гэдэг ангилалд анхаарахгүй бол Д х машин нь “truck”, “Van”, “Dambo” гэсэн 3 төрөл байна. Ингэхээр Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бүх улс орнууд Уялдуулсан системийн ангиллыг нэг мөр мөрддөг бөгөөд хоорондоо ямар нэг зөрчилгүй байдаг нь нотлогдож байгаа юм. 

Иймээс иргэн Ц.Ч, Б.Г нарын импортлосон Д х ван загварын авто тээврийн хэрэгслүүд нь Уялдуулсан системийн ангиллын 8703.21 зүйлд хамааран ангилагдах бөгөөд, “нэг бүхээгтэй, хүн ба ачаа аль алиныг тээвэрлэх хосолмол зориулалттай” тээврийн хэрэгсэл байгаа, Улаанбаатар хот дахь гаалийн газраас “онцгой албан татварын нөхөж төлүүлэх” талаар хүргүүлсэн шийдвэр нь хуулийн дагуу байх тул нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Иргэн Б-ийн импортлосон Д х маркийн S3..V моделийн тээврийн хэрэгсэл /бензин хөдөлгүүртэй, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж 650 см3/-ийг Улаанбаатар хот дахь гаалийн газар шалгаж барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зүйл 87.03-т хамаарах хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашин гэж шийдвэрлэсэн. Иргэн Б уг шийдвэрийг эс зөвшөөрч Гаалийн ерөнхий газарт гаргасан гомдлыг хянаж үзэхэд Улаанбаатар хот дахь гаалийн газрын ангиллын шийдвэр зөв байсан тул холбогдох татварыг төлж, гаалийн бүрдүүлэлт хийсэн.

Иргэн Б нь дээрх гомдолдоо иргэн Б. Г гийн импортлосон Д х маркийн тээврийн хэрэгслийг зүйл 87,04 кодод ангилан бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлгийг хавсарган ирүүлсэн тул иргэн Б.Г гийн импортлосон тээврийн хэрэгсэлтэй харьцуулан шалгах шаардлага гарсан. Гаалийн бүрдүүлэлтийн CAIS программаас иргэн Б-ийн импортлосон Д х маркийн S3..V модельтой тээврийн хэрэгслийг түүвэрлэн үзэхэд иргэн Б.Г гийн нэр дээр 5 тээврийн хэрэгсэл ачааны автомашины код /зүйл 87.04/-оор бүрдүүлэлт хийсэн байсан тул алдааг залруулж, татварыг нөхөн төлүүлэх үүргийг Улаанбаатар хот дахь гаалийн газарт өгсөн. 

Монгол Улсын нэгдэн орсон 1983 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Барааг тодорхойлж, кодлох уялдуулсан системийн тухай” Олон улсын Конвенцийн 87.03-т хамаарах хүн тээвэрлэх болон хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай нэг бүхээгтэй автомашины дараах шалгуур үзүүлэлтийг Уялдуулсан системийн тайлбар бичигт Дэлхийн гаалийн байгууллагын Уялдуулсан системийн хорооны шийдвэрээр оруулсан. Үүнд: 

А. Хүн бүрийн аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болох хамгаалалтын бүс, түүнийг   тогтооход   хэрэглэх   бэхэлгээний   суурь   болон   тоноглол   бүхий   суурин суудалтай, эсвэл  жолоочийн  хойд хэсэгт  аюулгүй  байдлыг  хангах  хэрэгсэл  болон суудлыг суурилуулах зориулалтын бэхэлгээний суурь, тоноглолтой, эдгээр суудлууд нь хөдөлгөөнгүй бэхлэгдсэн, эвхэгддэг, бэхэлгээний суурьнаас салдаг буюу хураагддаг байж болно,

Б. Хоёр хажуугийн талдаа шилэн цонх бүхий,

В. Хажуу тал буюу хойд талдаа цонх бүхий гүйгддэг, гадагшаа онгойдог, сөхөгддөг хаалгатай, 

Г. Жолоочийн эгнээний хэсэг, хүн ба ачааны алиныг нь тээвэрлэж болох хойд хэсгийн хооронд хөдөлгөөнгүй суурилуулсан байнгын хана буюу хаалтгүй,

Д. Тээврийн хэрэгслийн салон нь бүхэлдээ зорчигчийн хэсэгтэйгээ адил доторлогоо, тоноглолтой /жишээлбэл: Шалны хивс, агааржуулагч, дотоод гэрэлтүүлэг, үнсний сав гэх мэт/ байна.

Эдгээр шалгуур үзүүлэлтийг иргэн Б-ийн импортлосон Д х маркийн S3..V моделийн тээврийн хэрэгсэл хангаж байсан тул зүйл 87.03-т хамаарах хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашин гэж шийдвэрлэсэн Улаанбаатар хот дахь гаалийн газрын даргын шийдвэрийг хэвээр үлдээсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г , Ц.Ч нараас Улаанбаатар хот дахь гаалийн газарт холбогдуулан “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/499 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгох” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улаанбаатар хот дахь гаалийн газрын хариу тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримт зэргийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа “Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын дарга З.Ц ын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2/1520 албан тоотыг хүчингүй болгох” гэж нэмэгдүүлсэн. 

“Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/499 дугаартай албан шаардлагыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд. 

Маргаан бүхий 05/499 дугаар албан бичгээр “... таны нэр дээр бүрдүүлэлт хийсэн *******, *******, *******, *******, ******* тоот мэдүүлгүүдийн алдааг залруулж, татварыг нөхөн төлүүлэх шийдвэр гарсны дагуу татварын зөрүү 16283674 /арван зургаан сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун далан дөрөв/ төгрөгийг нөхөн төлөх шаардлагыг хүргүүлэв” гэжээ.

Хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр дээрх импортоор оруулж ирсэн Д х маркийн 5 тээврийн хэрэгслийн 1 нь /*******/ нэхэмжлэгч Ц.Чын нэр дээр 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдэж бусад 4 тээврийн хэрэгслийн 2 нь /02-2141016-16-I*******, *******/ нэхэмжлэгч Б.Г гийн нэр дээр 2016 оны 4 дүгээр сарын 6-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдэж, үлдсэн 2 нь /*******, *******/ мөн Б.Г гийн нэр дээр 2016 оны 9 дүгээр сарын 26-ний өдөр гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь нотлогдож байна. 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг Уялдуулсан системийн дагуу тодорхойлно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нар дээрх 5 тээврийн хэрэгслийн барааны ангиллын кодыг 8704 гэж мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байна. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр хийсэн тайлбарт “...иргэн Б-ийн импортлосон Д х маркийн S3..V маркийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот дахь гаалийн газар шалгаж барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн зүйл 87.03 кодод хамаарах хүн ба ачаа аль алиныг нь тээвэрлэх хосолмол зориулалттай, нэг бүхээгтэй автомашин гэж шийдвэрлэснийг иргэн Б эс зөвшөөрч /нэхэмжлэгч Б.Г гийн импортлосон Д х маркийн тээврийн хэрэгслийн зүйл 87.04 кодод ангилан бүрдүүлэлт хийсэн гаалийн мэдүүлгийг хавсарган/ Гаалийн ерөнхий газарт гомдол гаргасан тул нэхэмжлэгч нарын нэр дээр импортлосон 5 тээврийн хэрэгслийг харьцуулан шалгахад тээврийн хэрэгслийн зүйл 87.04 кодоор гаалийн бүрдүүлэлт хийсэн байсан тул алдааг залруулж, татварыг нөхөн төлүүлэх үүргийг Гаалийн ерөнхий газраас Улаанбаатар хот дахь гаалийн газарт өгсөн...” гэжээ. 

Харин нэхэмжлэгч нар “...тухайн үедээ гаалийн бүрдүүлэлтээ хийгээд, гаалиас тээврийн хэрэгслүүдээ аваад, ашиг орлогоо тооцоод  бусдад зарж борлуулсны хэдэн сарын дараа маргаан бүхий 05/499, 02-2/1520 албан тоотыг үндэслэж нөхөн татвар шаардах нь хууль зүйн үндэслэлгүй...” гэж маргаж байгаа. 

Хэдийгээр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ тайлбарлахдаа Д х маркийн S3..V загварын тээврийн хэрэгслийн барааны ангиллын кодыг 8704 байх ёстой гэж маргадаг боловч тухайн тээврийн хэрэгслийн барааны ангиллын кодын асуудлаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй юм.   

Гаалийн  тариф,  гаалийн  татварын  тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэнэ”, 22.3-т “Барааны ангиллын талаар гаалийн байгууллагаас гаргасан шийдвэрийг мэдүүлэгч дагаж мөрдөх бөгөөд эс зөвшөөрвөл Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхтэй“ гэж заасны дагуу гаалийн байцаагч нэхэмжлэгч нарын гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон автомашинуудыг шалгах үедээ барааны ангиллын кодыг хянаж шийдвэрлэх ёстой бөгөөд хэрэв мэдүүлэгч эс зөвшөөрвөл тухайн шийдвэрт холбогдох гомдлыг шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Улаанбаатар хот дахь Гаалийн газрын даргад гомдол гаргах эрхээр хангаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв.  

Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 “... гаалийн хяналт хийх явцад мэргэжлийн тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах, гаалийн зорилгоор барааны ангиллын кодыг тодорхойлох тохиолдолд магадлан шинжилгээ хийнэ”, 252.2 “Магадлан шинжилгээг  ...  гаалийн байгууллагаас томилсон байгууллага, эсхүл шинжээч хийнэ”, 252.6.2 “тээврийн хэрэгсэлд магадлан шинжилгээ хийх тохиолдолд 1 сар хүртэлх хугацаанд” хийнэ гэж  гаалийн байцаагчийн барааны ангиллын кодыг тодорхойлох явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардагдах тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хуулиар тус тус зохицуулсан байна. 

Иймд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт “... нэхэмжлэгч иргэдийн авто тээврийн хэрэгслүүдийг шалгахдаа алдаа гаргаж, улсад төвлөрөх ёстой онцгой татварыг дутуу авсан алдааг залруулах зорилгоор албан тоотоор хандсан...” мөн шүүх хуралдаанд  “...гаалийн байцаагчийн мэдлэг дутмаг байснаас тухайн үед барааны ангиллын кодыг зөв тодорхойлоогүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм. 

Гаалийн тухай хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 “Гаалийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад учруулсан хохирлыг гаалийн байгууллага барагдуулна”, 239.4 “Гаалийн байгууллага энэ хуулийн 239.2-т зааснаар барагдуулсан хохирлыг буруутай гаалийн албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана” гэжээ. Энэ нь гаалийн байцаагч дээр дурдсанаар мэдүүлэгчийн тодорхойлсон барааны ангиллын кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлээгүйгээс хэдэн сарын дараа нэхэмжлэгчээс нөхөн татвар төлөхийг шаардаж байгаа нь нэг ёсны төрийн албан  хаагчийн  ажилдаа  хайхрамжгүй  хандсан,  эсхүл  мэдлэг  мэргэшил  дутмаг байдлаас болж гаалийн бүрдүүлэлтээ хийж, гаалиас бараа авч бусдад борлуулсны дараа ийнхүү нөхөн татвар төлөхийг шаардах нь шударга ёсонд үл нийцнэ.

Гаалийн тухай хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 “Гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор чөлөөт эргэлтэд байгаа барааны мэдээллийн үнэн зөвийг шалгах эрхтэй”, 235.2 “Чөлөөт эргэлтэд оруулсан барааны мэдээллийн үнэн зөвийг дараахь үндэслэлээр шалгана: 235.2.3 ”хууль тогтоомж зөрчсөн, эсхүл зөрчихийг завдаж байгаа тухай мэдээллийг шалгах”, 235.4 “Чөлөөт эргэлтэд орсон барааг гаалийн хилээр нэвтрүүлснээс хойш 5 жил хүртэл хугацаанд шалгаж болно” гэсэн хуулийн зохицуулалттай боловч хариуцагч байгууллагууд ямар хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч нараас нөхөн татвар төлөхийг шаардаж байгаа нь ойлгомжгүй,  маргаан бүхий 05/499, 02-2/1520 албан бичгүүдэд заагаагүй байна. 

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд зааснаар гаалийн болон бусад татварыг гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг үндэслэж ногдуулах ёстой бөгөөд гаалийн байгууллагын ямар нэгэн албан тушаалтны албан тоотоор ногдуулах хуулийн зохицуулалт байхгүй. 

Хэдийгээр мэдүүлэгч бараагаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй ч нэхэмжлэгч өмнө нь ижил төрлийн тээврийн хэрэгсэлд мэдүүлж байсан гаалийн бүрдүүлэлтийн нэгэн адилаар бүрдүүлэлтээ хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд хариуцагч Д х маркийн S3..V загварын тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэгдсэн  оноороо ялгаатай учраас барааны ангиллын код нь 8703, 8704 гэж ялгамжтай байгаа гэсэн тайлбарыг хийсэн. Хэрэв нэхэмжлэгч энэ байдлыг мэдээгүй, мэдэх боломжгүй, эсвэл болгоомжгүйгээр барааны кодоо буруу тодорхойлсон бол Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.2-т “Энэ хуулийн 293.1-д заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн бол буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.    

Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд захиргааны актыг бичгээр гаргахад тавигдах шаардлагыг заасан ба 40.2.3 “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах”, 40.2.5 “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах”, 40.3 “... захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл заалтыг тодорхой заана” гэж заасан.

Маргаан бүхий Улаанбаатар хот дахь Гаалийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/499 албан тоот нь дээд шатны байгууллага болох Гаалийн ерөнхий  газраас  өгсөн  чиглэлийн  дагуу  нэхэмжлэгчээс  татварын  зөрүү  16283674 /арван зургаан сая хоёр зуун наян гурван мянга зургаан зуун далан дөрөв/  төгрөгийг нөхөн төлөхийг шаардсан гэх боловч тус албан тоот нь зөвхөн Б.Г д хаягласан ч утга агуулгаараа нийт 5 автомашины гаалийн бүрдүүлэлттэй холбоотой учраас нэхэмжлэгч Ц.Чад мөн хамаарах, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар бий болгосон, бичгээр гаргасан, захирамжилсан шинжийг агуулснаараа нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байна. 

Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын дарга З.Ц ын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2/1520 албан тоотын хувьд “... гомдлыг хянах явцад уг бүрдүүлэлтээс өмнө Д х маркийн S3..V загварын тээврийн хэрэгслийг ачааны автомашины кодоор бүрдүүлэлт хийсэн алдаа гарсан тул алдааг залруулж, татварыг нөхөн төлүүлэх үүргийг Улаанбаатар хот дахь гаалийн газарт өгсөн.... Иймд бүрдүүлэлтийн алдааг залруулах зорилгоор Улаанбаатар хот дахь гаалийн газраас танд өгсөн шаардлагын дагуу холбогдох татварыг нөхөн төлөх...”  гэж Б.Г д хаягласан боловч утга агуулгаараа мөн нэхэмжлэгч Ц.Чад хамаарах,  маргаж буй 05/499 албан тооттой шалтгаант холбоотой, тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, гадагш чиглэсэн, бичгээр гарсан, эрх зүйн үр дагавар бий болгохоор байна. 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна.   

Хариуцагч Улаанбаатар хот дахь гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “... 05/499, 02-2/1520 албан тоотыг хүчингүй болгосон ч Гаалийн ерөнхий газрын дэд даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ний 03/1642 албан тоот хүчинтэй хэвээрээ үлдэнэ...”  гэсэн тухайд. 

Нэхэмжлэгч тухайн асуудлаар Гаалийн ерөнхий газрын даргад 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт гаргаж, түүнд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б “...таны гаргасан хүсэлтийн дагуу Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газраас 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2/1520 дугаар албан бичгээр хариу өгсөн тул энэ шийдвэр нь гаалийн байгууллагын албан ёсны шийдвэр байна...” гэсэн хариу өгсөн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн байна. Захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан актыг хуульд заасан журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийснээр  хариуцагч болохгүй бөгөөд үүнтэй холбоотой шаардлагыг нэхэмжлэгч гаргаагүйг дурдах нь зүйтэй юм. 

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2,  22.3, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г , Ц.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Татвар бүрдүүлэлтийн албаны даргын 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 05/499 албан тоот, Гаалийн ерөнхий газрын Гаалийн бүрдүүлэлтийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 02-2/1520 албан тоотыг тус тус хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Гаалийн ерөнхий газраас 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Н.ДОЛГОРСҮРЭН