Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 16

 

 

 

           

 

 

 

 

 

М.Жүгдэрбарамын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 553 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багт  оршин суух, Боролдой овогт Мягмардоржийн Жүгдэрбарамын нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багт оршин суух Тарвагатайхан овогт Бямбаагийн Долгормаад холбогдох иргэний хэргийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Б.Долгормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн амрамж өөрчлүүлэх, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “М.Жүгдэрбарам миний бие 2010 оны 01 дүгээр сард Б.Мягмарбаяртай танилцаж, улмаар хайр сэтгэлийн холбоотой болж хоёр талын гэртээ ээлжлэн хамтран амьдарч байсан ба бидний дундаас 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүү Ж.Буд-Эрдэнэ төрсөн. Ингээд хүү Ж.Буд-Эрдэнийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авахаар Жаргалант сумын иргэний бүртгэлийн ажилтанд хандахад намайг 18 нас хүрээгүй, эрх зүйн чадамжгүй гэж ээж Б.Мягмарбаяраар овоглон гэрчилгээ олгосон. Гэтэл хүүгийн ээж Б.Мягмарбаяр нь 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр өвчний улмаас нас барсан. Гэтэл хадам ээж Б.Долгормаа нь тухайн үеийн Ховд аймгийн Жаргалант сумын Засаг дарга Б.Дүгэржавт хуурамч бичиг баримт бүрдүүлэн өгч, хүү Ж.Буд-Эрдэнийг бүтэн өнчин, эх Б.Мягмарбаяр нь нас барсан, одоо миний асрамжид байгаа хэмээн худал хэлж, айлган сүрдүүлж байгаад 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр А/206 тоот захирамжаар өөрийгөө асран хамгаалагчаар тогтоолгож, улмаар Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг гаргуулсан байдаг. Иймд Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүү Ж.Буд-Эрдэнийг миний асрамжид шилжүүлж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “…Миний зээ Ж.Буд-Эрдэнэ нь миний охин Б.Ням-Ундралын охин Учралтай ихэр юм шиг тоглож, наадаж, инээд цангинасан орчинд, миний асрамжид өнөөдрийг хүртэл эрүүл саруул өсөн бойжиж байна. Мөн намайг ээжээ гэж дууддаг бөгөөд миний мөөмийг хөхөж өссөн. Мөнх бусыг үзүүлсэн нялх охиныг минь орлож, элгийг минь дэвтээж байдаг. Би хүүгээ өөрийн гараар өсгөн хүмүүжүүлж, ээжийнх нь эдэлж чадаагүйг эдлүүлж, эзэмшүүлж чадаагүй эмч мэргэжлийг нь эзэмшүүлэн, ирээдүйд энэрэнгүй хүн болгон өсгөж, хүмүүжүүлэхээ амалсан. М.Жүгдэрбарам хүүг надаас булааж авч яваад хаана байгаа, ямар орчин нөхцөлд байлгаж байгаа талаар ямар нэгэн мэдээ, мэдээлэл өгөхгүй байсан. Зээ хүүд маань миний асран хамгаалалт шаардлагатай байсан тул шүүхээр асран хамгаалагчаар тогтоолгосон нь хууль зөрчөөгүй. М.Жүгдэрбарам өөрөө хүүхэд өсгөн хүмүүжүүлэх дадлага туршлага байхгүй, аливаа асуудалд хайхрамжгүй ханддаг, мөн Б.Золжаргал гээд охинтой үерхэж дундаасаа нэг хүүхэдтэй болсон. Ингээд үзэхээр М.Жүгдэрбарам өөрөө амьдралын туршлага байхгүй, өөр эмэгтэйгээс хүүхэдтэй болсон хэрнээ түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй байдал нь миний зээ хүүг аваад өсгөх чадваргүй болохыг харуулж байна. Нөгөө талаар, Ж.Буд-Эрдэнийн дассан орчин нөхцөлийг өөрчлөн, эдгээр хүмүүсийн гарт очсон тохиолдолд хүмүүжлийн болон бусад доголдол үүсэхийг үгүйсгэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.6-д зааснаар асран хамгаалагчийн хувьд эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, асран хамгаалж байгаа хүнийг хараа хяналтгүй, тусламж дэмжлэггүй орхисон зүйлгүй тул Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгох М.Жүгдэрбарамын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хүүг М.Жүгдэрбарамын асрамжид өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 553 дугаар шийдвэрээр: “1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5, 146 дугаар зүйлийн 146.6-д зааснаар Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгож, 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, ПЮ12241190 регистрийн дугаартай, Боролдой овогтой Жүгдэрбарамын Буд-Эрдэнийг түүний эцэг М.Жүгдэрбарамын асрамжид шилжүүлсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Жүгдэрбарамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгормаагаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Жүгдэрбарамдолгосугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний  өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүхийн 553 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт "Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5, 146 дугаар зүйлийн 146.6-д" заасныг үндэслэн хэргийг шйидвэрлэсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133.1.5-д заасан үндэслэлээр "асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцох" нь шүүхийн "онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг" тул энэ тохиолдолд хариуцагчаар Б.Долгормааг оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.Б.Долгормаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 3-дагч этгээдээр оролцож хэргийн оролцогч болно. Мөн Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.6-д заасныг үндэслэн "Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 сарын 19-ний өдрийн 448 тоот шийдвэрийг хүчингүй болгосон нь" хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйлийн 146.6-д "шүүх нэхэмжлэлийг хангавал асран хамгаалагчаар тогтоосон шийдвэрийг хүчингүйд тооцох шийдвэр гаргана" гэсэн заалтын шийдвэр гэснийг шүүхийн шийдвэр хэмээн тайлбарлаж, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгожээ.Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар "шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянаж" мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.6-д зааснаар "урьд гаргасан шүүхийн шийдвэрийг хүчингүй" болгох хуулийн зохицуулалттай байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133.1.5, 146.6-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт Ховд аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн шинжээчдийн багийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхдээ дүгнэлтэд дурдагдсанаас зөрүүтэйгээр дурдаж, түүнийгээ нотлох баримтаар үнэлжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлд зааснаар дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэх, эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч шинжээчийн гаргасан дүгнэлтийг өөрчлөх эрхийг хуулиар шүүхэд олгоогүй бөгөөд шүүгч өөрийн санаачлагаар шинжээчийн дүгнэлтийн утга агуулгыг өөрчилсөн нь мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тодорхойлсон журам зөрчөөгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийвэрийг хүчингүй болгуулах, хүү Ж.Буд-Эрдэнийг өөрийн асрамжид авах тухай шаардлага гаргасан,  хариуцагч нь  хүү Ж.Буд-Эрдэний асран хамгаалагчаар намайг тогтоосон шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж маргажээ.

 

Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 498/А дугаар шийдвэрээр хүү Ж.Буд-Эрдэний эцгээр Мягмардоржийн Жүгдэрбарамыг тогтоож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. Түүнчлэн Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 467 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар М.Жүгдэрбарамыг эрх зүйн бүрэн чадамжтайд тооцсон шийдвэр мөн хүчин төгөлдөр болсон байх тул М.Жүгдэрбарам шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж,  эрхээ хэрэгжүүлэх боломжтой байна.

Эцэг М.Жүгдэрбарам нь хүү Ж.Буд-Эрдэнийг өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээг зохих байгууллагаас авсан байна. /1 дүгээр хавтасны 67 дугаар тал/

 

Хариуцагч Б.Долгормаа түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг болон Н.Оюунчимаг нарын ”нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байх үед нэхэмжлэл хүлээн авч хянан шийдвэрлэсэн, М.Жүгдэрбарам эцэг, эхээсээ хараат, ганцаардмал байдалтай амьдардаг, сэтгэлзүйн хувьд төлөвшөөгүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх Үндсэн хуулинд заасан журамт үүргээ хэрэгжүүлэх боломжгүй”, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар шийдвэрийг хүчингүй болгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйл, 146 дугаар зүйлийн 146.6, 181 дүгээр зүйлийн 181.6, дэх заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шинжээчдийн багийн дүгнэлтийг зөрүүтэйгээр шийдвэртээ дурдаж, түүнийгээ нотлох баримтаар үнэлсэн гэх гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй байна.

 

Мөн хариуцагчаар Б.Долгормааг оролцуулж хянан шийдвэрлэх ажилгааны журам зөрчсөн гэж гаргасан гомдол нь үндэслэлтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчдын эрхийг зөрчөөгүй байна. Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай боловч хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар  “бага насны бүтэн өнчин  хүүхдийг” асран хамгаалах, харгалзан дэмжих, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр зохицуулжээ. Хүү  Ж.Буд-Эрдэний эцэг М.Жүгдэрбарамыг эрх зүйн бүрэн чадамжгүй буюу хугацаат цэргийн алба хааж байх хугацаанд хүү Ж.Буд-Эрдэнэ нагац эмээ Б.Долгормаагийн асран хамгаалалт хайр халамжид өсөж хүмүүжиж байсан нь дээрх хуулийн агуулгад нийцэж байна. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хүү Ж.Буд-эрдэнэ нь нагац эмээ Б.Долгормаагийн гэр бүлд түүний асрамжид эрүүл аюулгүй орчинд эрүүл саруул өсөж бойжиж, хүмүүжиж байгаа боловч  Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар  хүү Ж.Буд-эрдэнэ нь “эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх... эрхтэй”,  Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 зааснаар үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг,  Гэр бүлийн тухай хуулийн 26  дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг М.Жүгдэрбарам нь  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй  байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж, хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж  хүү Ж.Буд-Эрдэний асрамжийг шийдвэрлэсэн нь  Үндсэн хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн конвецид  нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, Гэр бүлийн тухай хуулийн зарим зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглсэн алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, гомдол гаргахдаа Б.Долгормаагийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр нь үлдээв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 553 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6,” гэснийг “Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1,  26 дугаар зүйлийн 26.2.2,” гэж өөрчилж, шийдвэрийн бусад зүйл, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Долгормаа болон түүний өмгөөлөгчид Н.Оюунчимэг, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

                                                                        Д.ЖАМБАЛСҮРЭН