Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 001136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар

             Нэхэмжлэгч: 1973 онд төрсөн, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот  багийн 2 дугаар байрны 20 тоотод оршин суух, Алаг морьт  овгийн Лайханжавын Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй

“Ажилласан байдал сэргээн тогтоолгох”-ыг хүссэн  нэхэмжлэлийг 2016-09-16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч Л.Бямбасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Бямбасүрэн нь 1992 онд Цагдаагийн байгууллагад орж цагдаагаар 24 жил 03 сар тасралтгүй ажилласан. 1995 онд Орхон аймгийн Цагдаагийн газарт шилжин ирж 1996 оноос 2001 онд эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажилласан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаагаар ажиллаж байсан үеийн тушаал баримт олдохгүй байгаа тул намайг 1996 оны 01 дүгээр сараас 2001 оны 02 сар хүртэл эрүүлжүүлэх, баривчлах байрны цагдаагаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймаг дахь цагдаагийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  гэрч Э.Энхтөр, С.Батсүх нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Алаг морьт  овгийн Лайханжавын Бямбасүрэн нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар  ажиллаж байсан болох нь Иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймаг дахь цагдаагийн газрын 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,  гэрч Э.Энхтөр, С.Батсүх нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

           Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

            Монгол Улсын  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Алаг морьт  овгийн Лайханжавын Бямбасүрэн нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2001 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байрны жижүүрийн цагдаагаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Монгол Улсын ИХШХШ тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЯМБАСҮРЭН