Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 01122

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Алтан ном” ББН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Саран Үйлс” ХХК-ийн захирал Г.Энхсаранд холбогдох түрээсийн болон цахилгааны төлбөрт нийт 6 033 550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Байгалмаа, хариуцагч Г.Энхсаран, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Алтан ном” ББН шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Энхсарангийн Саран үйлс оёдлын цех нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс “Алтан ном” ББН-ийн 2 дугаар давхар 72 м2 талбайг сарын 500 000 төгрөгний төлбөртэй түрээслэсэн. Г.Энхсаран нь 2013 оны 09 сараас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөрөө хагас дутуу төлж, зарим саруудад огт төлбөр төлөөгүй. Г.Энхсаран нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 15 хүртэл 30 сар түрээслэсэн бөгөөд 2013 оны 09, 10 сарын төлбөрийн үлдэгдэл 200 000 төгрөг, 11 сард 100 000 төгрөг, 12 сард 300 000 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн, 2014 онд нийт 2 520 000 төгрөг дутуу, 2015 онд 2 260 000 төгрөг дутуу, нийт түрээснээс 5 880 000 төгрөгийн төлбөр, цахилгаанд 153 650 төгрөг төлөөгүй. Манай Алтан ном ББН-ийн зүгээс тухайн бүрт нь шаардлага хүргүүлж байсан бөгөөд шаардлага хүргүүлэх болгонд хохирлыг барагдуулна, төлбөрөө бүрэн төлнө гэсээр өнөөг хүрлээ. Иймд “Саран үйлс” ХХК-ийн оёдлын цехийн захирал Г.Энхсарангаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 5 880 000 төгрөг, цахилгааны төлбөр 153 650 төгрөг, нийт 6 033 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Энхсаран шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: “Алтан ном” ББН-ийн 2 давхарын байрыг түрээслэж байх хугацаанд түрээсийн төлбөрийг аль болох боломжоороо төлж байсан. Харин энэ хугацаанд иргэн М.Байгалмаагийн байнга дарамтлах, ажилчдын дунд хэл амаар доромжлох явдал их гардаг. 2014, 2015 оны өвлийн халаалтын үед зориудаар халаалт таслах /1 сараар/ ажиллах боломжгүй болгож байсан. Дээр нь дулааны мөнгө гэж 100 000 төгрөг нэхдэг байсан. Ажилчдын дунд намайг гутаан доромжилж нэр хүндийг унагах явдал их гаргадаг. Нэг удаа 2014 оны 04 сарын 20-ны өдөр нөхөртэй /нөхөр нь согтуу байсан/ ирж намайг зодох гэж дайрч, оёдлын машиныг гаргана гэж эвдэж байсан. Эдгээр нүдэн дээр болсон. Тэрээр миний бизнесийн нэр хүндэд халдах, тэр хэрээр ажлын захиалга буурч алдагдалтай ажиллах болсон. Мөн ажилчид ч тогтвортой ажиллах боломжгүй болж байсан нь үүнтэй холбоотой гэх үзэж байна. Мөн тэрээр МСҮТ-ийн сургуулийн хүүхдүүд дадлага хийж байхад намайг доромжлон хүүхдүүдэд буруу хандлага төрүүлэх сургуульд хүртэл буруугаар ярьж явсан. Ийм нөхцөлд ажиллаж байхдаа би түүнд нэг ч удаа гомдол гаргаж байгаагүй. Харин ч аль болохоор тохиролцоод явахыг боддог байсан. Би М.Байгалмаагийн нэхэмжилсэн 6 033 650 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тэрээр миний бизнесийн нэр хүндийг унагааж алдагдалд оруулсны хувьд надад нөхөн төлбөр өгөх ёстой гэж үзэж байна. Түрээсийн гэрээ “Алтан ном” ББН болон “Саран үйлс” ХХК-ын хооронд хийгдсэн бөгөөд би захирлын хувьд гарын үсэг зурсан. Намайг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Алтан ном ББН нь хариуцагч Саран Үйлс ХХК захирал Г.Энхсарангаас түрээсийн төлбөр 5 880 000 төгрөг, цахилгааны төлбөр 153 650 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Г.Энхсаран нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд өөрийгөө хариуцагч биш,түрээсийн гэрээ  “Алтан ном” ББН болон “Саран Үйлс” ХХК-ны хооронд байгуулагдсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохыг шаардаж байна. 

Нэхэмжлэгч “Алтан ном” ББН нь түрээсийн гэрээг “Саран Үйлс” ХХК захирал Г.Энхсарантай байгуулсан гэж үзэн хариуцагчийг Г.Энхсаран гэж тодорхойлон шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түрээсийн гэрээ “Алтан ном” ББН болон “Саран үйлс” ХХК-ны хооронд байгуулагдсан, хариуцагч Г.Энхсаран нь түрээсийн төлбөрийг хариуцах этгээд биш болох нь  батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Хариуцагчаар татагдсан Г.Энхсаран нь “Саран үйлс” ХХК-ны захиралын хувьд хуулийн этгээдийг төлөөлөн түрээсийн  гэрээнд гарын үсэг зурсан  байх боловч  энэ нь “Саран үйлс” ХХК-ны хүлээсэн гэрээний  үүргийг Г.Энхсаран хариуцах   үндэслэл болохгүй байна.

Хэргт авагдсан нотлох баримтаар “Алтан ном” ББН болон “Саран үйлс” ХХК-ны хооронд 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр “Саран Үйлс” ХХК нь оёдлын сургалт үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилгоор “Алтан ном” ББН-ийн өргөтгөлийн 2 давхрын талбайг  2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаанд түрээслэн сар бүр 500 000 төгрөг төлөхөөр тохиролцсон, гэрээний хугацаа дуусахад талууд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01, 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гэрээг тус тус сунгасан, мөн хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас төлбөр барагдуулах мэдэгдэл өгч байсан зэрэг нь батлагдаж байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-д заасныг баримтлан хариуцагч Г.Энхсарангаас түрээсийн төлбөр 5 880 000 төгрөг, цахилгааны төлбөр 153 650 төгрөг, нийт 6 033 650 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэгч “Алтан ном” ББН-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111 490 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэнийхэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 119 дүгээрзүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЯМБАСҮРЭН