| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Туяа |
| Хэргийн индекс | 319/2025/01305/И |
| Дугаар | 13 |
| Огноо | 2026-05-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 13
2026 05 12 206/МА2026/00013
Т.Жавхланнямын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, шүүгч М.Нямбаяр, ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж шийдвэрлэсэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 319/ШШ2026/00235 дугаар шийдвэртэй,
******* ******* Жаргалант сумын Бугат багийн ******* ******* ******* ******* , ын Жавхланнямын нэхэмжлэлтэй,
******* ******* Жаргалант сумын Жаргалан багт байрлах, "******* ******* ******* ******* *******”-т холбогдох
“******* ******* ******* ******* *******”-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Жавхланням, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, хариуцагчийн төлөөлөгч , түүний өмгөөлөгч Н.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 “******* ******* ******* ******* *******”-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
******* ******* ******* ******* *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2025 оны 11 дүгээр сарын 28-ны Б/46 дугаар тушаалаар аж ахуйн нэгж байгууллагын орон тоо цөөрүүлсэнтэй холбогдуулан найрал дуу ангиас нарийн цээл/тонер/ хоолойноос орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.
Төрийн албан хаагч нь тухайн ажлын байран дээрээ өөрийгөө цаг ямагт хөгжүүлж байх үүрэгтэй. Театрын уран бүтээлчид нь өөрийн хувийн уран бүтээлээ туурвих нь өөрийгөө хөгжүүлж байгаа хэлбэр юм. Орон нутгаа сурталчилж, Улаанбаатар хотод тоглолтоо хийх гээд явсан хойгуур ******* ******* ******* ******* *******ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ******* удирдлага, болон нягтлан тай үгсэж, цалингийн сан хүрэлцэхгүй байгаа, нийгмийн даатгалын их хэмжээний өр үүссэн байгаа гэх худал мэдээлэл ажилчдын дунд тарааж, цомхотгол нэрийдлээр орон тоо хасаж, батлуулан эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөрийнхөө ашиг сонирхлыг хэрэгжүүлсэн. Сул орон тоог царцаах байдлаар цомхотгол явуулах чиглэл ирсэн байхад идэр есийн хүйтэнд ажилчдаа ажлаас нь халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн чиглэлийн дагуу гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчийн гэрээг цуцлах, мөн шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаас чөлөөлөгдөж байгаа албан хаагчийг бусад байгууллагад шилжүүлэх зэргээр хөдөлмөр эрхлэхэд нь туслалцаа үзүүлэх гэж заасан. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Эдгээр нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газраас өгсөн чиглэл, журмыг зөрчсөн. Нам, улс төрийн оролцоотой юм. Орон тооны цомхотгол хийхдээ албан хаагчдынхаа мэргэжил, мэргэшил, туршлага, ажилласан хугацаа, ар гэрийн байдлыг харгалзан үзээгүй. Зөвхөн өөрийн бодлыг хэрэгжүүлсэн гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 ******* ******* Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/833 дугаар захирамжаар манай байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Уг захирамжаар Т.Жавхланнямын ажиллаж байсан нарийн цээл/тенор/ хоолойноос орон тоо хасагдаж батлагдсан тул ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дуусгавар болгосон. Т.Жавхланням нь ******* ******* ******* ******* *******т дуучнаар 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр түр томилогдсон бөгөөд дуучид дундаас хамгийн сүүлд томилогдож, 9 сар ажилласан. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуй нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан бөгөөд ажлын байр хасагдаж, орон тоо цөөрсөн бол ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар байна. Хуульд өөр нөхцөл, болзол тавиагүй. Ажлын байр хасагдаж, орон тоо цөөрсөн бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нь ажил олгогчийн эрхийн асуудал бөгөөд шүүх байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцож энэ хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах нь зүйтэй, энэ хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахгүй байх нь зүйтэй гэж шийдэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг Т.Жавхланнямд 30 хоногийн өмнө бичгээр өгсөн. Бүтэц орон тоо хасагдаж батлагдсан, төсөв байхгүй тул ажил олгогч эрхээ эдэлсэн гэжээ.
3. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 319/ШШ2026/00235 дугаар шийдвэрээр:
3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Жавхланнямын хариуцагч "******* ******* ******* ******* *******”-ийн даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
3.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "******* ******* ******* ******* *******"-иас 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,871,746 төгрөг 97 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Жавхланнямд олгож,
3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Жавхланнямын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,871,746 төгрөг 97 мөнгөнөөс 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “******* ******* ******* ******* *******”-т даалгаж,
3.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Жавхланням нь хариуцагч “******* ******* ******* ******* *******"- т холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “******* ******* ******* ******* *******"-иас улсын тэмдэгтийн хураамжид 124,897 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,
3.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* ******* эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг тухайн байгууллагад хамгийн сүүлд ажилд орсон ажилтан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад нийцээгүй байна. Миний бие 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* ******* Засаг даргын захирамжаар анх тус байгууллагад томилогдсон бөгөөд уг хөдөлмөрийн харилцаа тасралтгүй үргэлжилсэн.
Хариуцагч нь буруу тушаал гаргаж томилсон нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байхад, мөн хариуцагч талын цомхотгол хийсэн гэх нөхцөл байдал илт хууль бус харагдаж байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг бүрэн дүүрэн хянахгүйгээр хэт нэг талыг барьсан байдлаар маргааныг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Мөн анхан шатны шүүх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд сэргээн тогтоох ямар нэгэн шийдвэр гаргаагүй атлаа ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалын шимтгэл гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаа нь ажил олгогчийн тушаал, томилгоо болон ажил үүргээ бодитоор гүйцэтгэж эхэлснээр үүсэх бөгөөд ажилд сэргээн тогтоогоогүй нөхцөлд нийгмийн даатгал шимтгэл гаргуулсан шийдвэр нь үндэслэл хэсэгтэйгээ зөрчилдсөн шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 319/ШШ2026/00235 дугаар шийдвэрийн зарим хэсэг буюу тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт: Анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 1-д "... гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв" гэж тодорхойлсон мөртлөө шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Нэхэмжлэгчийн маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн томилуулах тухай гомдлын шаардлага хангагдаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлага биелэгдэх боломжгүй юм.
Хоёрдугаарт: Шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийх ёстой бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-8 хүртэлх заалтуудад бодит нөхцөл байдалд тохирсон зөв дүгнэлт хийсэн мөртлөө үндэслэх хэсгийн 9-12 дахь заалтуудад буруу дүгнэлтийг хийж Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Шүүх хариуцагчийг "процедурын алдаа гаргасан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг мэдэгдэл өгснөөс хойш 30 хоногийн дараа гаргах ёстой, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т нийцээгүй гэж дүгнэсэн атлаа "Гэвч энэхүү процедурын алдаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг хүчингүй болгож, ажилтныг урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй" гэж шүүх дүгнэлт хийсэн.
Гуравдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж хуульчилсныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь дээрх заалт нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажилтныг ажлын байранд нь "эгүүлэн тогтоосон" тохиолдолд ажил олгогч өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүргийг хүлээсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажлын байранд нь эгүүлэн тогтоогоогүй тул ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөх үүргийг ажил олгогч хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. ******* ******* засаг даргын тамгын газраас бүтэц орон тоог баталж цөөлсөн. Бүтэц орон тоог цөөлсөн тохиолдолд хэнийг чөлөөлөх нь байгууллагын даргын эрх хэмжээний асуудал бөгөөд уг асуудалд шүүх хөндлөнгөөс оролцох, тэрийг чөлөөлөх нь зүйтэй, тэрийг чөлөөлсөн нь буруу байна гэх асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм. Өөрөө хэлбэл байгууллагын дотоод асуудалд оролцох боломжгүй. Бүтэц орон тоо багасгасан тохиолдолд хэнийг, ямар шалгуураар чөлөөлөх, авч үлдэх талаар хуульчилсан хууль, журамласан зүйл байхгүй. Байгууллагын уран сайхны зөвлөл мөн хуралдсан байдаг. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу байгууллага өөрөө санаачилгаараа тэтгэмж өгөх үүрэгтэй байгаа. Гэхдээ уг мөнгө нь ажилгүйдлийн тэтгэмж хэлбэрээр өгөхөөр байгаа. Түүнээс биш ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал биш юм. Иймд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 319/ШШ2026/00235 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг талуудын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, хариуцагч талын гомдлыг хүлээн авч шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т.Жавхланнямын хариуцагч "******* ******* ******* ******* *******”-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор “өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* ******* Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын “Жаргалант суманд хөдөлмөрийн маргаан таслах 3 талт хороо байхгүй болно” гэх албан бичиг, ******* ******* ******* ******* *******ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалын хуулбар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/1760 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2515 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг зэрэг баримтыг шүүхэд гарган өгчээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүхэд хүсэлт гаргаж ******* ******* Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/15 дугаартай “Т.Жавхланнямыг ажилд томилох тухай” захирамж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б/17 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” захирамжийг тус тус ******* ******* Засаг даргын Тамгын газраас, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4 дүгээр хуралдааны тэмдэглэлийн хуулбар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ХЭГ/1760 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/2515 дугаартай “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбарыг ******* ******* Соёл, урлаг, аялал, жуулчлал, залуучуудын газраас тус тус хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж хэрэгт хавсаргасан байна.
3. Хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба үндэслэлээ “******* ******* Засаг даргын захирамжаар ажлын байрны орон тоо цөөрсөн тул хамгийн сүүлд дуучнаар томилогдсон албан хаагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан” гэж тайлбарлажээ.
Хариуцагч талаас өөрийн татгалзлаа нотлох зорилгоор “2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №11 дугаартай ******* ******* Хөгжимт ******* *******ын уран сайхны зөвлөлийн хурлын тэмдэглэл, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Т.Жавхланнямд нэг сарын хугацаатай цалинтай чөлөө олгосон баримт, чөлөө хүссэн өргөдөл, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Т.Жавхланнямд хуулийн дагуу ээлжийн амралт олгосон баримт, ээлжийн амралтаа авах тухай өргөдөл, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Т.Жавхланнямд 5 хоногийн уран бүтээлийн чөлөө олгосон баримт, чөлөө хүссэн өргөдөл, 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Т.Жавхланнямд 10 дугаар сард цалинтай, 11 дүгээр сарын 24-нийг хүртэл цалингүй чөлөө олгосон баримт, чөлөө хүссэн өргөдөл, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Т.Жавхланнямд “аавын даавууны 10 хоног”-ийн чөлөө олгосон баримт, чөлөө хүссэн өргөдөл, Цалингийн тооцооны хүснэгт 3 хуудас, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудас, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/78 дугаартай Албан тушаалын тодорхойлолт шинэчлэн батлах тухай ******* ******* Хөгжимт ******* *******ын даргын тушаал, Албан тушаалын тодорхойлолт, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, мөн өдрийн ******* ******* Хөгжимт ******* *******ын даргын Б/02 дугаартай Т.Жавхланнямыг дуучнаар түр авч ажиллуулах тухай тушаал, ******* ******* Хөгжимт ******* *******ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаартай Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, нэр бүхий хүмүүсийг ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон тушаалууд” зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн байна.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Жавхланнямын “******* ******* ******* ******* *******”-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч ******* ******* ******* ******* *******"-иас 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,871,746 төгрөг 97 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Жавхланнямд олгож, нэхэмжлэгч Т.Жавхланнямын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,871,746 төгрөг 97 мөнгөнөөс 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “******* ******* ******* ******* *******”-т даалгаж шийдвэрлэсэн байна.
5. Нэхэмжлэгч Т.Жавхланням түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар нь “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулгатай, хариуцагч нь “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэнэ үү” гэх агуулгатай давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.
5.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж “орон тоо цөөрсөн талаарх үйл баримт”-ыг зөв дүгнэсэн, уг үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн” байна.
Иймд нэхэмжлэгч Т.Жавхланнямын “******* ******* ******* ******* *******”-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
5.2 Харин анхан шатны шүүх хариуцагч ******* ******* ******* ******* *******"-иас 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,871,746 төгрөг 97 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Жавхланнямд олгож, нэхэмжлэгч Т.Жавхланнямын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6,871,746 төгрөг 97 мөнгөнөөс 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч “******* ******* ******* ******* *******”-т даалгаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
5.2.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.” гэж заасан.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” үндэслэлээр ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа түүнд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх талаар хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалт нь “ажилтан бичгээр мэдэгдэл авснаас хойш нэг сарын цалин хөлс авч, энэ хугацаанд сэтгэл зүйн хувьд өөрийгөө бэлтгэх, өөр ажил хайж олох” гэх мэт боломжийг олгох зорилготой юм.
Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажилтанд цахимаар мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр нь үндэслэлийн хувьд зөв боловч процедурын хувьд буруу байна, Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4 дэх хэсэгт нийцээгүй байна” гэж дүгнэн нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргах үндэслэл болгосон нь буруу байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар ажил олгогч нь нэхэмжлэгч Т.Жавхланнямд 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр чөлөө олгохдоо 10 дугаар сард цалинтай, 11 дүгээр сарын 24-нийг хүртэл цалингүй чөлөө олгосон байна. Цалингийн тооцооны хүснэгтээс харвал нэхэмжлэгч нь 2025 оны 10 дугаар сарын цалингаа бүтэн авсан, 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 28-нийг өдрийг дуустал 5 хоногийн цалинг 11 сард авсан байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг авсан өдрөөс хойших 1 сарын цалин хөлсийг бүтэн авсан болох нь баримтаар тогтоогдож байх бөгөөд талууд дутуу авсан цалин хөлсний талаар маргаагүй байна.
Иймд ажил олгогч нь ажилтанд “ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдэх хуудсыг цахимаар хүргүүлснээс хойш 29 хоногийн дараа тушаал гаргасан нь ажилтны эрх ашгийг хохироосон гэж үзэх, эсхүл ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг гаргуулж шийдвэрлэх үндэслэл болохгүй юм.
5.2.2 Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.” гэж заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн гэж дүгнэн, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,871,746 төгрөг 97 мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.2.3 Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үүрэг үүсэхгүй юм.
Иймд “нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах” тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5.2.4 Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсгийн 1-д “Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, бичмэл нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд хийж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.” гэсэн атлаа шийдвэрийн “Тогтоох” хэсэгт гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйл болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасан “Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”-д нийцээгүйг дурдах нь зүйтэй.
6. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр байхад улсын тэмдэгтийн хураамжид 124,898 төгрөг төлүүлсэн байх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар хариуцагчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 319/ШШ2026/00235 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “нэхэмжлэгч Т.Жавхланнямын "******* ******* ******* ******* *******”-ын даргын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/46 дугаар "Т.Жавхланнямын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай" тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан дуучны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* *******ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,898 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР