| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0027/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/29 |
| Огноо | 2019-03-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/29
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга А.Батцог,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болд
Шүүгдэгч Д.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаа шүүгдэгч Х- овогт Д-ын Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1927000580021 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, ___тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Х- овгийн Д-ын Х-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ___ тоот өөрийн гэртээ төрсөн ах Д.Х-тай гэртээ гал түлэх асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар Д.Х-ын бүсэлхий, мөн гуя хэсэгт нийт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Х- нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ___ тоот өөрийн гэртээ төрсөн ах Д.Х-тай гэртээ гал түлэх асуудлаас болж хоорондоо маргалдан улмаар Д.Х-ын бүсэлхий, мөн гуя хэсэгт нийт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Х- мэдүүлэхдээ: ...2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу шинийн 07-ны өдөр авдранд байсан “Нутгийн буян” нэртэй 2 шил архийг өөрийн төрсөн ах Д.Х-тай хувааж уусан. Бид хоёр галаа түлэх асуудал дээрээс болж маргалдаад би ахыгаа орон доогуур хайрцагт байсан хутгаар 2 удаа хутгалсан. Би гэм буруугаа ойлгож байна гэв.
Хохирогч Д.Х- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ___ тоотод гэртээ 12 цагийн үед төрсөн дүү Д.Х-ын хамт авдранд байсан 2 шил "Нутгийн буян" гэсэн шошготой 0.5 граммын архи хувааж ууцгаасан юм. Тэгээд бид хоёр тэр хоёр шил архийг ууж дуусгаад Д.Х-тай ойр зуурын зүйл дээрээс маргалдаад би гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан чинь Д.Х- гэрийн зүүн талын орон доор байсан цаасан хайрцагт байсан хутгыг баруун гараараа авч шүүрээд миний зүүн талын гуя хэсэгт, дараа нь зүүн сүвээ хэсэгт нэг хутгалсан тэгээд их цус гарахаар нь би гэрээс гараад урд айл У.Батчулууны гэрт ороод ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэг дээр байсан гэжээ /хх-ийн 23-25 дугаар хуудас/,
Гэрч У.Батчулуун мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн үед Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг ___ гудамжинд гэртээ ганцаараа байсан чинь манай хойд айлын Д.Х- гэх залуу хутгалуулчихлаа гээд манайд цусаа гоожуулаад ороод ирсэн. Тэгээд би гар утас байдаггүй цагдаа дээр өөрийн биеэр очиж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа, эмнэлэг 2 ирээд Д.Х-ыг эмнэлэг рүү авч явсан. Д.Х- нь дүү Д.Х-таа хутгалуулчихлаа гээд манайд ороод ирэхээр нь би гэрт орж Д.Х-ыг дуудаж ах Д.Х-ыгаа харж бай би эмнэлэг цагдаа дуудъя гээд дагуулж гэртээ оруулж ирсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай дүгнэлт: 1.Үзүүлэгч Д.Х-ын биед бүсэлхийн зүүн хажуу дунд хэсэг, зүүн гуяны гадна дээд хэсэг шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Хэрэг болсон гэх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Э.Хүрэлсүх гэжээ. /хх-ийн 32 дугаар хуудас/
Эд мөрийн баримтаар нэг ширхэг хутгыг тооцох мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Х- нь хохирогч Д.Х-тай маргалдан түүний бүсэлхий, мөн гуя хэсэгт нийт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгч Д.Х-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Д.Х- гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Х- нь анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдав.
Хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгч Д.Х-ын эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий бариа гэр битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүйд тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогт Д-ын Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х- овогт Д-ын Х-ыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.Х- цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий бариа гэрийг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА