| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0060/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/63 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/63
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгч: Г.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б- овогт Г-ын А-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1927000290049 дугаартай, 146/2019/0060/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, Б- овогт Г-ын А-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ___ гэх газраас өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Портер маркийн автомашинаар мод, модон материал буюу 85 ширхэг унины цуудасыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч Г.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ___ гэх газраас өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Портер маркийн автомашинаар мод, модон материал буюу 85 ширхэг унины цуудасыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна Үүнд:
Шүүгдэгч Г.А-гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: ...Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв рүү явахдаа модон дотор байсан унины цуудасыг ачаад сумын төв рүү орж байгаад цагдаад баригдсан. Цуудасыг ачиж явсан нь миний буруу. Би буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Г.Цогтбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Г.А- нь 2018 оны 06 дугаар сард өрхийн түлшний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан. Тэрнээс хойш ямар нэгэн мод бэлтгэх эрхийг авч байгаагүй. Би оршин суугаа газрынх нь байгаль хамгаалагч учир зөвхөн надаас авах ёстой өөр албан тушаалтанаас авахгүй. Экологи эдийн засгийн үнэлгээн дээр үндэслэсэн хохирлын актыг бүрэн барагдуулсан тохиолдолд нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.А-гийн тээвэрлэсэн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч С.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ___ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны хавар Г.А- гэх хүн надаас худалдаж авсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.А-гийн нэр дээр шилжүүлж өгч амжаагүй байгаа юм. Гэрчилгээ миний нэр дээр байгаа болохоос Г.А-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-27 дугаар хуудас/,
Гэрч М.Баяндалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: ...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай нөхөр Г.А- үхэртээ явчихаад ирэхдээ урд талын модон дотор хураасан мод байна гэж хэлээд тэр модыг ачаад ирье гээд өөрөө машинтайгаа ачаад ирсэн. Тэгээд хоёр хүүхдээ аваад бид дөрөв төв рүү явсан. Портер маркийн автомашиныг 2018 оны намар нэрийг нь мэдэхгүй байна Үрчиг гэх хочтой Бат-Өлзий сумын иргэнээс худалдаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Сум дундын ойн ангийн 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох дүгнэлтэнд:
1 .Бат-Өлзий сумын аж ахуйн нэгж, нөхөрлөлүүд нь ойн цэвэрлэгээний журмаар унанги мод бэлтгэдэг тул цуулбар унины цуудас гарах боломжгүй.
2.Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно.
З.Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 108854 төгрөг болж байна гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/,
2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 15/04/336/07 дугаартай Улсын байцаагчийн акт /хх-ийн 34 дүгээр хуудас/
Шүүгдэгч Г.А-гийн гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэхдээ ашигласан ___ улсын дугаартай Портер маркийн автомашиныг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, зах зээлийн үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 43-47 дугаар хуудас,/
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Г.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн нутаг ___ гэх газраас өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Портер маркийн автомашинаар мод, модон материал буюу 85 ширхэг унины цуудасыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулав.
Шүүгдэгч Г.А- нь нойтон шинэс модоор хийсэн 85 ширхэг унины цуудас гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаль орчинд 108854 төгрөгийн хохирол учруулсан байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дэх хэсэгт зааснаар ойн санд учруулсан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулахаар заасан байна.
Шүүгдэгч нь 326562 төгрөгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 326562 төгрөгийг гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч анх удаа хөнгөн ангилалын гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.А- гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар мод тээвэрлэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашиныг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар хурааж хохирлыг нөхөн төлүүлж, илүүг нь улсын орлогод оруулах, 85 ширхэг гэрийн унины цуудасыг битүүмжлэлээс чөлөөлж улсын орлогод оруулах нь хуульд нийцэж байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ___ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээнд өмчлөгч нь С.Мөнхбаяр байх боловч гэрч С.Мөнхбаярын ...___ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны хавар Г.А- гэх хүн надаас худалдаж авсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.А-гийн нэр дээр шилжүүлж өгч амжаагүй байгаа юм. Гэрчилгээ миний нэр дээр байгаа болохоос Г.А-гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн... гэх мэдүүлэг, гэрч М.Баяндалайгийн ...Портер маркийн автомашиныг 2018 оны намар нэрийг нь мэдэхгүй байна. Үрчиг гэх хочтой Бат-Өлзий сумын иргэнээс худалдаж авсан гэх мэдүүлэг, шүүгдэгчийн 45-87 Портер маркийн автомашин миний эзэмшлийнх, би худалдаж авсан гэх мэдүүлгээр шүүгдэгч Г.А- уг машины өмчлөгч болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч нь 326562 төгрөгийн нөхөн төлбөрийг төлөөгүй байх тул түүний эзэмшлийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны нас бие гүйцсэн хүрэн гүүг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шүүгдэгч хохирлоо төлөх хүртэл хэвээр үлдээлээ.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн батгалгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Г-ын А-г гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Б- овогт Г-ын А-г 245 /хоёр зуун дөчин таван/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаж ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Г.А-гаас 326,562 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Байгаль орчин Уур амьсгалын сангийн 100100355401 тоот дансанд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн 85 ширхэг гэрийн унины цуудас модыг улсын орлогод оруулах, шүүгдэгчийн эзэмшлийн 1,200,000 төгрөгийн үнэ бүхий ___ улсын дугаартай Хюндай портер маркийн автомашиныг шүүгдэгч Г.А-гаас хурааж хохиролыг нөхөн төлүүлж, илүү гарсныг улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгчийн эзэмшлийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 тооны нас бие гүйцсэн хүрэн гүүг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохиролыг төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА