Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 710

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч:  Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 11-17 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, РД:ОЮ63020561, Хольдог овогт Идэшийн Хүрлээгийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Хүрлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч И.Хүрлээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Би Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1987 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус үйлчлэгчээр ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийгдсэн боловч ажилд томилогдон орсон тушаал олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1987 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ч.Энэбиш, Д.Цэвээн нарыг гэрчээр асуулгасан болно” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч И.Хүрлээ нь Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1987 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1.1986 онд Увс аймгийн Наранбулаг сумын “Пионер” нэгдлээс И.Хүрлээд нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 

2. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Идэшийн Хүрлээгийн Увс аймгийн Нисэх онгоцны буудалд 1987 оны 1 дүгээр сараас 1987 оны 12 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

3. Увс аймгийн Нисэх онгоцны буудлын даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 тоот “Социалист уралдаан дүгнэх тухай” тушаалын хавсралтад “үйлчлэгч Хүрлээ” гэж бичигджээ,

4. Гэрч Ч.Энэбишийн шүүхэд өгсөн: “Би 1977 оноос Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зууханд одоог хүртэл ажиллаж байна. И.Хүрлээ нь 1987 оноос Иргэний агаарын тээврийг удирдах газрын харьяа Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр 1991 он хүртэл ажилласан юм. Тухайн үед Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын уурын зуух нь Нисэх онгоцны буудлын харьяанд багтаж ажилладаг байсан бөгөөд бид үйлчилгээний хэсэгт олон жил хамт ажиллаж учраас түүнийг сайн таньж мэднэ. Тухайн үед байгууллагын даргаар Б.Бадам, Ц.Дашдорж, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Д.Цэвээний шүүхэд өгсөн: “Би 1985 оноос Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын харьяа Авто баазад нисэх онгоцны цэнэглэх жолоочоор 1990 оныг дуустал ажилласан юм. И.Хүрлээ нь 1987 оноос Иргэний агаарын тээврийг удирдах газрын харьяа Нисэх онгоцны буудалд үйлчлэгчээр 1991 он хүртэл ажилласан юм. И.Хүрлээ их сайн ажилладаг учраас баярын бичиг, шагнал урамшуулал олон авч байсан. Бид нэг байгууллагын харьяанд олон жил хамт ажиллаж учраас түүнийг сайн таньж мэднэ. Тухайн үед байгууллагын даргаар Б.Бадам, Ц.Дашдорж, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ч.Энэбишийн Увс аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Д.Цэвээний Увс аймгийн Нисэх онгоцны буудалд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

     Нэхэмжлэгч И.Хүрлээ нь Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1987 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь И.Хүрлээгийн хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсан талаар бичсэн байдал, Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн И.Хүрлээгийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Нисэх онгоцны буудлын даргын 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 32 тоот “Социалист уралдаан дүгнэх тухай” тушаал, гэрч Ч.Энэбиш, Д.Цэвээн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

       Иймд нэхэмжлэгч И.Хүрлээгийн Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1987 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 жил, 2 сар, 17 хоног үйлчлэгчээр, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жил, 9 сар, 27 хоног үйлчлэгчээр, нийт 4 жил, 14 хоног үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Хүрлээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хольдог овогт Идэшийн Хүрлээгийн Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1987 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 1989 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 2 /хоёр/ сар, 17 /арван долоо/ хоног үйлчлэгчээр, 1989 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 /нэг/ жил, 9 /ес/ сар, 27 /хорин долоо/ хоног үйлчлэгчээр, нийт 4 /дөрөв/ жил, 14 /арван дөрөв/ хоног үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч И.Хүрлээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР