| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2019/0036/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/64 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/64
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч Б.Амартүвшин, нарийн бичгийн дарга Н.Ням, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Адъяасүрэн, шүүгдэгч О.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон С- овогт О-гийн Т-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1927000180017 дугаартай, 146/2019/0036/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэр, ам бүл 1, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ___ регистрийн дугаартай, С- овогт О-гийн Т-
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т- нь 2018 оны 06 дугаар сарын орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т- улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна Үүнд:
Шүүгдэгч О.Т- шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би амьдралынхаа төлөө явж байгаад ойгоос мод бэлтгэж авсан. Би нэг сар гаруй хугацаанд цагдан хоригдсон. Их зүйл ойлгосон. Миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг төлөөлөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. О.Т-ын хууль бусаар ойгоос мод бэлтгэсэн газар нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх газар юм. Тус газар нутаг тусгай хамгаалалттай газарт хамаарагддаг, улмаар манай хамгаалалтын захиргааны хариуцдаг газар нутаг юм. Тусгай хамгаалалттай газар нутагт манайхаас тендер зарласны үндсэн дээр мэргэжлийн байгууллагууд ойн цэвэрлэгээг хийж болдог, түүнээс хувь хүмүүс ойн цэвэрлэгээ хийх эрхгүй байдаг. Иймд О.Т-ын үйлдэл бол хууль бус, байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Янжиндуламын мэдээллийн дагуу манай хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч М.Мөнхдалай, М.Бат-Үүл, сумын байгаль хамгаалагч Н.Пүрэвтогтох нарыг очиход 2.40 метрийн урттай нийт 24 ширхэг хуш модыг бэлдсэн байсныг илрүүлэн шалгаж, зургийг авч баримтжуулсан байсан. О.Т- гэх иргэний байгаль орчинд учруулсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 1,090,584 төгрөг байсан. Ойн санд учирсан хохиролыг 3 нугалан хохирлыг барагдуулдаг. Миний бие 3,271,752 төгрөгийн нөхөн төлбөрийн актыг тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/,
Гэрч М.Бат-Үүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчны байцаагч Б.Янжиндуламын мэдээлэл шалгаад ир гэсний дагуу Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг ___ гэх газар байгаль хамгаалагч Н.Пүрэвтогтох, М.Мөнхдалай нарын хамт О.Т-ийн дүү болох О.Баянжаргалыг дагуулж очсон. Тэгээд тухайн газар очиход 8 ширхэг нойтон хуш мод унагаасан байдалтай тухайн модоо 2 метр 40 см-ийн урттай 24 ширхэг тайрсан байдалтай байсан. Тусгай хамгаалалттай газарт мод бэлтгэх зөвшөөрөл олгох ёсгүй. О.Т- ямар нэгэн зөвшөөрөл аваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч Н.Пүрэвтогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчны байцаагч Б.Янжиндуламын мэдээллийн дагуу Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг ___ гэх газар байгаль хамгаалагч М.Бат-Үүл, М.Мөнхдалай нарын хамт О.Т-ын дүү болох О.Баянжаргалыг дагуулж очсон.
Тэгээд тухайн газар очиход 8 ширхэг нойтон хуш мод унагаасан байдалтай тухайн модоо 2 метр 40 см-ийн урттай 24 ширхэг тайрсан байдалтай байсан. Дараа нь О.Т- тухайн бэлтгэсэн модноосоо 14 ширхэг хуш мод Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгч хашаанд буулгасан байсан. Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар хамаардаг. Мод бэлтгэх ямар нэгэн зөвшөөрөл О.Т- байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Б.Янжиндуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: О.Т- гэх иргэний хууль бусаар мод бэлтгэсэн газар нь Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг "___" гэдэг юм билээ. Тус газрыг Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцан ажиллаж, хууль журмын хэрэгжилтийг хангадаг юм гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч М.Мөнхдалайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: Тухайн мод бэлтгэсэн гэсэн мэдээллийн дагуу шалгахдаа тухайн газрын ойр орчмын айлуудаас хүмүүсийг дагуулж явсан. Тухайн модыг О.Т- ганцаараа бэлтгэх боломжтой. Нарийн тоог нь сайн санахгүй байна, 6 ширхэг нойтон хуш мод унагаасан байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Сум дундын ойн ангийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон дүгнэлтэнд:
1. Тус мод нь нойтон хуш модны төрөлд орно.
2. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 1090584 төгрөг болж байна гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/
Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын БОХ-ын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №39-04-078-01 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай актанд: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын иргэн О.Т-ийн Сум дундын ой ангийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №01 тоотоор ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ болох 1,090,584 төгрөгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлж 3,271,752 төгрөгөөр нөхөн төлбөр оногдуулахаар шийдвэрлэв гэжээ. /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг "___" гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдаж байгааг харуулсан Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 53 тоот албан бичиг, хилийн зураглал /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Т-ийн зөвшөөрөлгүй мод бэлтгэхдээ ашигласан 100.000 төгрөгийн үнэ бүхий хөрөө, 35.000 төгрөгийн үнэ бүхий ишгүй сүх зэргийг хураан авах мөрдөгчийн санал, прокурорын тогтоол, хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 23-27, 52 дугаар хуудас/,
2.40 см урттай 24 ширхэг хуш модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ, модыг Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын нярав П.Мягмарсүрэнд үзлэгийн тэмдэглэлээр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11-13, 50 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-5 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч О.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч О.Т- нь 2018 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар багийн нутаг “___” гэх улсын тусгай хамгаалалттай газрын ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч О.Т- байгаль орчинд 1090584 төгрөгийн хохирол учруулсныг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр ногдуулахаар заасны дагуу 3271752 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж акт тавьсан нь хуульд нийцэж байна.
Уг нөхөн төлбөрийг шүүгдэгч 2019 оны 04 дүгээр сарын 29-нд төлж барагдуулсан байна. /хх-ийн 94 дүгээр хуудас/
Харин нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар хуулийн зохицуулалттай байхад Бат-Өлзий сумын сум хөгжүүлэх сангийн торгуулийн дансанд оруулсныг залруулж ___ гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутаг тул Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд харъяалагдаж байна.
Иймд шүүгдэгчийн төлсөн нөхөн төлбөр 3271752 төгрөгийг Бат-Өлзий сумын Сум хөгжүүлэх сангийн торгуулийн данс болох 100100355401 дансанд тушаасныг залруулж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 100101813001 тоот данс руу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оруулахыг Бат-Өлзий сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 45 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 24 ширхэг хуш модыг улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөө 1, ишгүй сүх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Т-ийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч өндөр насны тэтгэвэрт байдаг, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.5 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл. 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сонин баяр овогт О-гийн Т-ыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сонин баяр овогт О-гийн Т-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч энэ хэрэгт 45 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх хохирол төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч О.Т-ын хохирол, нөхөн төлбөрт төлсөн 3271752 төгрөгийг Бат-Өлзий сумын Сум хөгжүүлэх сангийн торгуулийн данс болох 100100355401 дансанд тушаасныг залруулга хийж Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 100101813001 тоот данс руу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц оруулахыг Бат-Өлзий сумын Засаг даргад үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.Т-ийн гэмт хэрэг үйлдэж олсон Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын хашаанд хадгалагдаж байгаа 24 ширхэг хуш модыг улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хөрөө нэг ширхэг, ишгүй сүх нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч О.Т-ийн эзэмшлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүйд тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА