Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 711

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч:  Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 3 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, РД:ОО56120171, Тайж овогт Нийдэнгийн Сүх-Очирын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Сүх-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Н.Сүх-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Тус сумын “Лениний зам” нэгдэлд 16 настайгаасаа буюу 1972 оноос илгээлтээр малчин болж хоньчин, тууварчнаар 1975 он хүртэл ажиллаад, 1975 оноос 1978 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн “Лениний зам” нэгдэлд 1990 оныг дуустал мал малласан. Ажиллах хугацаандаа 1990 онд Аймгийн аварга тууварчнаар шалгарч байсан. Одоо нас өндөр болж тэтгэврийн бичиг баримтаа цэгцлэхэд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, мөн Тэс сумын архив шатсан, аймгийн төв архиваас хагас дутуу цалингийн лавлагаа гарсан /тууварт явсан үедээ цалингаа сар сард  нь авдаггүй бөөнд нь олон сарын цалин авдаг байсан тул зарим сард цалин бичигдээгүй байх/ учир шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1975 оны 6 дугаар сар хүртэл, 1978 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Н.Сүх-Очир нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Нийдэнгийн Сүх-Очирын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. Увс аймгийн ХЗЭ-ийн хорооноос 1989 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шагнасан Диплом,

3. Увс аймгийн АХ-ын Гүйцэтгэх захиргаанаас 1991 оны 2 дугаар сарын 01-ний өдөр шагнуулсан “1990 оны аймгийн Аварга тууварчины үнэмлэх”,

4. Гэрч Ж.Найдангийн шүүхэд өгсөн: “Би 1968 оноос 1976 он хүртэл Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Ендэрт бригадад малчнаар ажиллаж байгаад 1976 оноос Тэс сумын 10 жилийн сургуульд 1981 он хүртэл аж ахуйн захирлаар, 1981 оноос 1986 он хүртэл сургууль цэцэрлэгийн няраваар, 1986 оноос “Лениний зам” нэгдлийн орон тооны бус намын үүрийн дарга, хэвлэл түгээгч, Ендэрт бригадын даргаар 1992 он хүртэл тус тус ажилласан юм. Н.Сүх-Очир нь 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчин, тууварчнаар ажиллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Бид нэг нутгийн хүмүүсийн хувьд нэг нэгнээ эртнээс таних бөгөөд Н.Сүх-Очир 2 дугаар бригад, би 3 дугаар бригадад олон жил амьдарч зундаа 2-3 километр зайтай зусаж байлаа. Түүний эхнэр нь н.Төгсөө нь Тэсийн ахлах сургуулийн багшаар ажилладаг байсан. Мөн ажиллах хугацаандаа тэрээр 3 жилийн цэргийн алба хаасан санагдаж байна” гэх мэдүүлэг,

5. Гэрч Г.Нүрзэдийн шүүхэд өгсөн: “Би 1977 оноос Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Таван улиас бригадын худгийн моторчноор 1992 он хүртэл ажилласан юм. Н.Сүх-Очир нь  манай нэгдлийн Ендэрт бригадын малчин, тууварчнаар тус нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Бид хоёр нэг нутгийн уугуул, зэргэлдээ бригадын хүмүүсийн хувьд нэг нэгнээ эртнээс таньж мэдэх бөгөөд нэг байгууллагад 15 жил хамт ажилласан нь үнэн. Миний санаж байгаагаар Н.Сүх-Очир нь аймгийн аварга тууварчнаар шалгарч байсан юм. Тухайн үед байгууллагын даргаар Ж.Гомбосүрэн, Г.Норов, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Ж.Найдангийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэл болон Тэс сумын сургуульд ажиллаж байсныг ажиллаж байсныг нотлох түүнийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 399 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, Г.Нүрзэдийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүнийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

       Нэхэмжлэгч Н.Сүх-Очир нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал, 1978 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчин, тууварчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Н.Сүх-Очирын цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан “Диплом”, Аваргын үнэмлэх, гэрч Ж.Найдан, Г.Нүрзэд нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолтод зарим саруудад цалин бичигдээгүй ба нэхэмжлэгч Н.Сүх-Очирын “тууварт явсан үедээ цалингаа сар сард нь авдаггүй бөөнд нь олон сарын цалин авдаг байсан тул зарим сард цалин бичигдээгүй байх” гэх тайлбар, 1989 оны 7 дугаар сард цалин гараагүй боловч дипломоор шагнагдсан байдал, 1990 онд аварга тууварчнаар шалгарч байсан аваргын үнэмлэх зэргээр тэрээр Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

      Иймд нэхэмжлэгч Н.Сүх-Очирын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал 2 жил, 11 сар, 1978 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 12 жил, 4 сар малчин, тууварчнаар, нийт 15 жил, 3 сар малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Сүх-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Нийдэнгийн Сүх-Очирын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1972 оны 7 дугаар сараас 1975 оны 5 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 1978 оны 9 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 12 /арван хоёр/ жил, 4 /дөрөв/ сар малчин, тууварчнаар, нийт 15 /арван тав/ жил, 3 /гурав/ сар малчин, тууварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Сүх-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР