| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00696/И |
| Дугаар | 712 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 712
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яруйт баг, Толгодын 22-29 тоотод оршин суух, 1963 онд төрсөн, 53 настай, эмэгтэй, РД:ОЮ63080205, Хөх овогт Батзулын Алтантуяагийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1963 онд төрсөн, 53 настай. Би 1979 оноос 1981 оны хооронд Увс аймгийн Техник мэргэжлийн сургуулийг жимс ногоочноор төгсөж илгээлтээр ирээд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 30 тоот тушаалаар тус газарт жимс ногоочноор ажилд орж 1989 оныг дуустал тасралтгүй ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон ажлаас чөлөөлсөн тушаалуудаа үрэгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд Б.Алтантуяа намайг 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн газарт жимс ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Нийгэм, Д.Нарантуяа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Алтантуяа миний төрсөн эгч бөгөөд Орхон аймагт амьдардаг тул би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь шүүх хуралдаанд оролцож байна. Б.Алтантуяа нь Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 30 тоот тушаалаар 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс цэцэрлэгчнээр ажилд орж 1989 оныг дуустал ажилласан. 1986 оны 4 дүгээр сард тус байгууллагын нэр нь Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болж өөрчлөгдсөн байдаг. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул түүний Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 3 дугаар сарыг дуустал, Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал, Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргаж ирүүлсэн Батзулын Алтантуяагийн Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйн даргын 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 30 тоот “Илгээлтээр ирсэн хүүхдийг ажилд авах тухай” тушаалд “28 ажилчидыг 1981 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн үндсэн ажилчнаар, нэрс дунд Б.Алтантуяа, цэцэрлэгчин” гэж бичигджээ,
3. 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйн захиргаанаас шагнуулсан “Аваргын диплом”,
4. 1986 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас шагнуулсан Талархал,
5. 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Улаангомын Шинжлэн ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 54 тоот “ШУҮНэгдэлд ажиллах орон тоо, цалингийн хэмжээ батлах тухай” тушаалын хавсралтын 75-д “Батзул Алтантуяа” гэжээ,
6. 1987 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс шагнасан “Баярын бичиг”,
7. ШУҮНэгдлийн захиргаанаас 1988 оны 3 дугаар сарын 05-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
8. ШУҮНэгдлийн захиргаанаас 1989 оны 7 дугаар сарын 10-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
9. ШУҮНэгдлийн захиргаанаас 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шагнасан “Баярын бичиг”,
10. Гэрч Д.Нарантуяагийн шүүхэд өгсөн: “Би 1981 оноос Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд хөдөө аж ахуйн цэцэрлэгчнээр ажилд орж 1987 он хүртэл ажиллаад, 1987 оноос Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлэл нэртэй болоход ногоочин, цэцэрлэгчин, жимсчнээр 1994 он хүртэл, 1994 оноос дахин Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болоход цэцэрлэгчин, жимсчнээр 1998 он хүртэл ажиласан юм. Намайг 1981 онд Б.Алтантуяа бид хоёр хамт ТМС төгсөж ирээд цэцэрлэгчин, ногоочноор ажилд орж байлаа. Бид хамтдаа эмэгтэйчүдийн хуралд явж байсан, мөн 1985 онд Б.Алтантуяа байгууллагын аварга, би дэд аваргаар тус тус шалгарч байсныг санаж байна. Тухайн үед манай байгууллагын даргаар Т.Цэвээн, С.Дэчинпил, н.Болоож, н.Сүхбат, н.Хайдав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
11. Гэрч Д.Нийгэмийн шүүхэд өгсөн: “Би 1971 оноос Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд хөдөө аж ахуйн бульдозерчнаар 1987 он хүртэл ажиллаад, 1987 оноос Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл нэртэй болоход тракторчнаар 1994 он хүртэл, 1994 оноос дахин Улаантолгойн чацарганы аж ахуй нэртэй болоход механикчаар 1995 он хүртэл ажилласан юм. Б.Алтантуяа нь 1981 онд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд нөхрийн хамтаар цэцэрлэгчин, ногоочноор ажилд орсон бөгөөд нөхөр нь сүүлд тракторчнаар надтай хамт ажиллаж байсан. Улмаар намайг 1995 онд ажлаас гарахад тэндээ ажиллаад үлдсэн хүмүүс байгаа юм” гэх мэдүүлэг,
12. Гэрч Д.Нарантуяа, Д.Нийгэм нарын Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Алтантуяа нь Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал, Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гаргаж ирүүлсэн Б.Алтантуяагийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйн даргын 1981 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 30 тоот “Илгээлтээр ирсэн хүүхдийг ажилд авах тухай” тушаал, 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Улаангомын Шинжлэн ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн 1986 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 54 тоот “ШУҮНэгдэлд ажиллах орон тоо, цалингийн хэмжээ батлах тухай” тушаал, ажиллаж байхдаа буюу 1985, 1986, 1987, 1988, 1989 онуудад шагнуулсан аваргын диплом, талархал, баярын бичгүүд, гэрч Д.Нарантуяа, Д.Нийгэм нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Алтантуяагийн Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал 4 жил, 9 сар, Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 жил, 9 сар цэцэрлэгчнээр, нийт 8 жил, 6 сар цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хөх овогт Батзулын Алтантуяагийн Увс аймгийн Улаантолгойн Чацарганы аж ахуйд 1981 оны 7 дугаар сараас 1986 оны 3 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 9 /ес/ сар, Улаангомын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд 1986 оны 4 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 9 /ес/ сар цэцэрлэгчнээр, нийт 8 /найм/ жил, 6 /зургаа/ сар цэцэрлэгчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Алтантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР