Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 713

 

     Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг, Хилийн 0166 дугаар анги, Овоотод оршин суух, 1987 онд төрсөн, эрэгтэй, РД:ТД87021613, Тайж овогт Дулмаагийн Мэндсайханы нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 30 айлын орон сууцны 11 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, ОВ65101001 регистртэй, Зуутраг овогт Санжийн Пүрэвжавд холбогдох,

    Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 15.928.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж,  нэхэмжлэгч Д.Мэндсайхан, хариуцагч С.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

     Нэхэмжлэгч Д.Мэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Дулмаагийн Мэндсайхан нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Санж овогтой Пүрэвжавтай Улаангом сумын 3 дугаар баг, аймгийн Улаанзагалмайн хорооны зүүн талд баригдаж байсан 16 айлын 1 дүгээр орцны 2 давхрын 10 тоотод 42 м.кв байр худалдан авахаар урьдчилгаа 30 хувь болох 11.500.000 төгрөг бэлнээр өгч орон сууцны захиалгын гэрээ С.Пүрэвжавтай хийсэн. Гэрээнд байр 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтанд оруулахаар заасан боловч өнөөдрийг хүртэл байрны ордер хүлээлгэн өгөөгүй. С.Пүрэвжав нь 2 жилийн хугацаанд урьдчилгаа мөнгийг буцаан өгөлгүй хүндрэл учруулж байгаа тул шүүхэд хандаж байна. Миний бие урьдчилгаа төлбөр болох мөнгөнөөс 4.000.000 төгрөгийг банкнаас цалингийн зээл авч өгсөн бөгөөд банкны 10 сарын хугацаанд 21 хувиар тооцож авсан хүү 397.371 төгрөг, 2 жилд 11.500.000 төгрөг, хугацаатай хадгаламжид 15.2 хувийн хүүтэй, 26 сарын хугацаанд 3.797.710 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 233.000 төгрөгийн хамт 15.928.000 төгрөгийг хариуцагч С.Пүрэвжаваас гаргуулж өгнө үү. Миний бие Өмнөговь аймгаас ирж шүүх хуралдаанд оролцож байгаа ба маш их хохирч байна” гэжээ.

      Хариуцагч С.Пүрэвжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 онд барилга баригдаж байхад Д.Мэндсайхан ирээд танай байр хямд юм байна гэж хэлээд байр захиалж байна гээд урьдчилгаа төлбөр 11.500.000 төгрөг өгсөн. Тэр байрыг би түүнд м/к-ыг нь хямдруулж 800.0000 төгрөгт тооцоод 41.000.000 төгрөгөөр уг байрыг өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн. Байр хугацаа алдаж ашиглалтад орсон учраас нэлээд асуудал гарсан. Байр маань 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад орсон. Уг байранд айлууд орох байтал Д.Мэндсайханых Өмнөговь аймаг руу шилжээд явсан. Тэгээд байраа авахгүй болсон тул урьдчилгаа мөнгөө авна гэж хэлсэн. Тэгэхэд би байр зарагдаж байж мөнгийг чинь өгнө гэдгийг хэлсэн. Түүнээс хойш байр хамтарч барьсан С.Мөнхбат надаас зугатаагаад олдохгүй байсаар байгаад 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр улсын комисс хүлээж авсан. Түүнээс хойш нэг байрны зээл гараад бусад нь гараагүй байтал улс орон даяар 8 хувийн зээл зогссон. Гэтэл өчигдөр эргээд 8 хувийн зээл олгож эхэлж байгаа гэж байна. Би түүний хадам ээжийн дүүгийнх нь эхнэр юм. Би түүнд учир байдлыг хэлсээр байтал намайг шүүхэд өгчихсөн байсан. Би тайлбар бичиж өгөхөөс эмээж байгаад өнөөдөр үнэнийг хэлье гээд ирсэн. Д.Мэндсайхан надтай хүү төлөх гэрээ хийгээгүй учраас би хүү төлөхгүй. Би түүнээс авсан 11.500.000 төгрөгийг нь өгнө” гэжээ.   

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

   Нэхэмжлэгч Д.Мэндсайхан нь хариуцагч С.Пүрэвжаваас 15.928.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Нэхэмжлэгч Д.Мэндсайхан, хариуцагч С.Пүрэвжав нар 2014 оны 7 дугаар 18-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг байрлах 16 айлын орон сууцны 2 давхарын 10 тоот байрыг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулжээ. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3.1-т зааснаар “Захиалагч нь захиалсан орон сууцаа тогтоосон хугацаанд хүлэээн авах эрхтэй” гэж заасан байна.

       Зохигчдын хооронд Орон сууц захиалгын гэрээ нэртэй Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах худалдан авах гэрээгээр биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдаг авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

     Иймд хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй тул нэхэмжлэгч нь 11.500.000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч нь “11.500.000 төгрөгийг хугацаатай хадгаламжид 15.2%-ийн хүүтэй, 26 сарын хугацаатай хадгалахад 3.797.710 төгрөг, 4.000.000 төгрөгийн цалингийн зээл авч түүний хүүнд 10 сарын хугауаанд 21%- иар авсан түүний хүү 397.371 төгрөг, улсын тэмдэгийн хураамж 233.000 төгрөг, нийт 4.428.000 төгрөг гаргуулах” шаардлага гаргасан байх бөгөөд уг шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

       Д.Мэндсайхан нь хэзээ, ямар банкнаас, хэдэн төгрөгийн зээл авч, хэдэн төгрөгийн хүү тооцож өгсөн нь тодорхойгүй, мөн ямар банкинд мөнгөө хадгалуулсан эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй, улсын тэмдэгтийн хураамжийг тус тус нэхэмжилсэн байх тул нийт  4.428.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй болно. 

      Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

     Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 11.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.428.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас 198.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Мэндсайханд олгох нь зүйтэй.  

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.Пүрэвжаваас 11.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мэндсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.428.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Мэндсайханы улсын тэмдэгтийн хураамж төлсөн 237.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвжаваас улсын тэмдэгтийн хураамж 198.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мэндсайханд олгосугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           П.БОЛОР