Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 714

 

                   

                                              Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                               баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, Увс аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Хяргас сумын Хайрхан багт оршин суух, О.Батхүүд холбогдох,

       Гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан хохирол 341.913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Увс аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн О.Батхүү нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн Хяргас сумын Хайрхан багийн нутаг “Хадын өтөг” гэх газраас зохих зөвшөөрөлгүй 1.7 метр куб хэрэглээний шинэс мод бэлтгэж, ойн санд 341.913 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Прокурор иргэн О.Батхүүд холбогдох хэргийг 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иргэн О.Батхүү нь ойн санд учруулсан 341.913 төгрөгийн хохирлоо одоо хүртэл төлж барагдуулаагүй, төлбөрийг төлж барагдуулах талаараа санаачлага гаргахгүй байх тул уг хохирлыг иргэн О.Батхүүгээс гаргуулж Хяргас сумын төрийн сангийн дансанд тушаалгахыг даалгаж өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай шүүхэд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Прокурорын газраас иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн О.Батхүүгээс ойн санд учруулсан хохирол болох 341.913 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иргэн О.Батхүү нь ойн санд учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх ба нэхэмжлэх зүйлгүй болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь О.Батхүүд холбогдуулан гэм хорын хохирол 341.913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнайгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

     1. Нэхэмжлэгч Увс аймгийн Прокурорын газар О.Батхүү холбогдуулан гэм хорын хохирол 341.913 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР