Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ХШТ/41

 

Т.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгч Т.Б-ийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 992 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаар магадлалтай Т.Б-т холбогдох 2309 00000 2070 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1960 оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 64 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эх баригч эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, ... нарын хамт Сүхбаатар аймгийн ... сумын ... дугаар баг, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Т-ийн Б, (РД: ...).

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Т.Б нь 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн амь хохирогч, өөрийн төрсөн хүү З.Б-той маргалдсаны улмаас түүнийг хутгалж, цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, зүүн бугалга, шууны хатгагдсан гэмтэл бүхий нийт 23 шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Т.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 992 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Б-ийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 08 (найм) жил, 01 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 437 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэсэн.

 

Тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр гаргасан гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны            01 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт “... шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тусгана гэх заалтыг зөрчсөн нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарч байх ба энэ нь шүүхийн шийдвэрт шууд нөлөөлсөн байхад Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар гомдлын үндэслэл, тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн прокурорын эсэргүүцлийн хүрээнд хянаж байгаа нь хэргийн оролцогчдын тэгш эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолд талийгаачийн биед олон тооны шарх гэмтэл учруулсан, олон удаагийн нэвтрэлттэй гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн, “... Т.Б-ийг сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт үгүй байна. ... сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна, хэрэг хариуцах чадвартай байна” гэсэн дүгнэлтийг дурдаж, өмгөөлөгчийн саналын үндэслэл, дүгнэлтэд няцаалт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх, цаашлаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулахаар хуульд заасан үндэслэлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн талаар:

Монгол Улс шүүхийн прецедентийг албан ёсоор хэрэглэдэггүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтөөр “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг оновчтой тайлбарлан хэрэглэсэн Улсын дээд шүүхийн зарим тогтоол шийдвэрүүд практикт хэрэглэгдэж хэвшсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 д заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” хүндрүүлэх шинжийн хувьд “онц харгис хэрцгий” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдлийг ойлгодог. /Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №23 тогтоол/

Мөн түүнчлэн гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх шаардлагатай. /Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №564 тогтоол/

Гэтэл эрүүгийн 2309 00000 2070 дугаартай хэрэгт хохирогч хэрхэн зовж, тарчилсан, шүүгдэгч нь хохирогчийг хэрхэн зовоож тарчилгасан, онц харгис хэрцгий аргаар зовоож тарчилгаж байгаа үйлдлийн үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба зөвхөн олон тооны үйлдлээр шарх гэмтэл учруулсанд тулгуурлан “онц харгис хэрцгий” гэх ойлголтын бусад шинжид үнэлэлт дүгнэлт өгөөгүй орхигдуулсанд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар талийгаачийн биед олон тооны шарх гэмтэл учирсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон, үүнд шүүгдэгчийн зүгээс маргаагүй. Харин шүүгдэгч нь “талийгаачийг зовоож тарчилгах санаа зорилго агуулаагүй, байнга түүний дарамтад байдаг байсан, тухайн өдөр ч мөн адил талийгаач согтуу ирж дарамталсан. удаан хугацааны турш бие махбодын болон сэтгэл санааны дарамтад байдаг байсан, тухайн цаг хугацаанд уйл явдал маш гэнэт болсон, юу хийсэн. хэрхэн талийгаачийн биед дээрх олон тооны гэмтэл учруулсан талаараа санахгүй байна” гэх талаар мэдүүлгийг удаа дараа, тогтвортойгоор өгсөн байдаг.

Түүнчлэн гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг авч үзвэл тохиолдлын шинжтэй, тус хэргийг урьдаас төлөвлөж үйлдээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдох бөгөөд талийгаачийн удаа дараагийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй бөгөөд хавтаст хэрэгт хууль санаж мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч бүгд талийгаачийг согтууруулах ундааны хамааралтай байсан, агсам согтуу тавьдаг, шүүгдэгчийн болон бусдын эрх, эрх чөлөөнд халдсан үйлдэл гаргадаг талаар мэдүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Т.Б-ийн үйлдэлд талийгаачийг зовоож тарчлаах санаа зорилго тогтоогдоогүй, гэнэт үүссэн сэдэлтэйгээр нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэг цаг хугацаанд олон удаа хатгаж талийгаачийн амь насыг хохироосон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч нь харгис хэрцгий үр дагаврын урьдчилан харж, хүссэн гэж үзэх үндэслэл бодитоор тогтоогдоогүй, олон тооны шарх гэмтлийн улмаас талийгаач нь богино хугацаанд цус алдагдлын шоконд орж нас барсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар болон өмгөөлөгчийн гомдолд дурдагдаж буй үйл баримт, хууль зүйн дүгнэлтэд няцаалт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод “шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно”, “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт “нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно”, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Т.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, эрх зүйн байдлыг дээрдүүлэн, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгчийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас буюу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасны дагуу хөнгөрүүлэн зүйлсэн. Харин давж заалдах шатны шүүх “Т.Б-ийн сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсонгүй” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн хувьд, хэргийн зүйлчлэлийн талаар анхнаасаа маргаж оролцсон. Уг нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтууд, өмнө нь давж заалдах шүүхийн магадлалын эс зөвшөөрч хяналтын журмаар бичиж байсан гомдлоос тодорхой харагдана. Хүн амины хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг. Т.Б-ийн биед хийсэн үзлэгээр худалдан авалт хийсэн и-баримтууд авагдсан. Тус и-баримтуудаар Т.Б нь архинаас хамааралтай хүүхдийнхээ биеийг эрүүл болгох зорилгоор эмийн сангаас дусал авсан үйл баримт тогтоогдсон. Хоёрдугаарт, Т.Б-ийн хүү З.Б нь Бүгд Найрамдах Солонгос Улсад амьдарч байсан тул шүүгдэгч түүний бага насны хоёр хүүдийг харж байсан. Гэтэл архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, амь хохирогч 12 настай охин Б.Э-ийг “хайраа”, “үнсье” гэж дуудаж, шөнө ор руу нь орсон нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан, нөхцөл болсон. Эх хүн үрээ ална гэдэг нь тэвчишгүй нөхцөл байдал үүссэний улмаас үйлдэгддэг талаар гаргасан өмгөөлөгчийн тайлбарыг анхан шатны шүүх зөв дүгнэж, шүүгдэгчийн үйлдэлд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан шинж байна гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх ойлголтын шинжээчийн дүгнэлтээр тайлбарлах уу, эсхүл хууль зүйн ойлголтоор тайлбарлах уу гэдэг талаар Улсын дээд шүүх олон тооны тогтоол гаргасан тул энэ гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй, мөн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна. Мөн Т.Б 09 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар татагдах үедээ 23 удаа хутгалсан гэх нөхцөл байдлыг мэдсэн байдаг. Түүний яллагдагчаар өгсөн “эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж олон хүүхдэд амьдрал бэлэглэсэн атлаа өөрийнхөө хүүхдийг ийм болгочихлоо” гэх мэдүүлгээс хэргийн үйл баримт тодорхой харагдана. Мөн тэрээр “би хэрэг үйлдэгдэх үед манан шиг цагаан зүйл дунд байсан” гэж мэдүүлснээс үзэхэд, түүнийг сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Т.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Б-ийг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрэглэхээр хуульчилсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг шүүгдэгчид хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын зүгээс “Т.Б-т холбогдох хэргийг онц харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэлийг хийхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн” гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг “хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжээр хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр хяналтын гомдол гаргасан. Мөн өмгөөлөгч Б.Дашдорж шүүгдэгч нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж энэ хэргийг үйлдсэн гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр тайлбараа гаргаж байна. Прокурорын зүгээс хэргийн материалтай танилцаад, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн, нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй, нотлох баримтын хүрэлцээт байдал хангагдаагүй гэж үзэж, хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэж байна. Учир нь, гэмт хэрэг гарахаас өмнөх цаг хугацааны шүүгдэгч болон амь хохирогч хоорондын харилцаа, тэдгээрийн зан араншин, хувийн байдлыг тодруулсан олон тооны нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, энэ талаарх нотлох ажиллагаа хангалттай хийгдсэн. Харин гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа, зорилго болон гэмт хэргийг хэрхэн, яаж үйлдсэн болохыг тогтоосон нотолгоо, баримт нь зөвхөн шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг байх бөгөөд түүнийг бататгасан, эсхүл үгүйсгэсэн нотлох баримт байхгүй. Энэ нөхцөл байдал нь хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч, хохирогч нараас гадна бага насны хоёр хүүхэд байсан боловч унтсан байсан учир болсон хэргийн нөхцөл байдлыг мэдэхгүй тул хэргийн байдлыг гэрчлэх хүн болон өөр бусад нотлох баримт олдохгүйтэй холбоотой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан. Энэхүү хэргийн анхны дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэхдээ “хохирогч өөрийгөө хутгалж, амиа хорлосон” гэсэн байдаг. Шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагааны үед анх сэжигтнээр мэдүүлэхдээ “хохирогчийн байрлаж буй өрөөнд явж ороход гартаа барьсан хутгаар өөрийнхөө гэдсийг зүсэж байсан” гэж мэдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогчийн биед 23 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл үүссэн, хохирогчийн үхлийн шалтгаан нь гаднын биет цээжний хөндий рүү нэвтэрч, элэг, өрц, ходоодыг гэмтээснээс цус ихээр алдаж, цус алдалтын шок болохыг тогтоосон. Хохирогчийн биед үүссэн 23 тооны гэмтлийг бүгдийг нь шүүгдэгч үүсгэсэн үү, хэрэв үүсгэсэн бол гэмтлүүд хэрхэн, яаж үүссэн болохыг шүүхийн өмнөх болон шүүхийн шатанд шүүгдэгч Т.Б-ээс мэдүүлэг авах замаар тодруулсан. Тэрээр мэдүүлэхдээ “хохирогч хутга барьсан босоод ирэхээр нь ор руу түлхэн унагааж, хутгыг нь авахаар булаалцалдсан, цаашаа юу болсныг санахгүй байна” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн байна. Гэтэл амь хохирогч баруун, зүүн гарын алинаар нь ажилладаг болохыг шалган тогтоогоогүй, мөн биед нь үүссэн 23 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлээс өөртөө учруулах боломжтой гэмтэл байгаа эсэх, хэрэв байгаа бол хэчнээн тооны, ямар гэмтлүүд нь өөртөө учруулах боломжтой болохыг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тодруулаагүй. Тухайн нөхцөл байдлыг тогтоосноор шүүгдэгчийн холбогдсон хэргийн зүйлчлэл хөнгөрч болох буюу хүндрүүлэх шинж үгүйсгэгдэх, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж энэ хэргийг үйлдсэн үү, үгүй юу гэдэгт хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг тодорхойлох боломж нэмэгдэнэ гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд нотлох баримтын хүрэлцээт, хангалттай байдлыг хангуулсны дараа шүүх хэргийг зүйлчлэлд дүгнэлт хийх зайлшгүй шаардлага байгаа учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын гаргасан гомдлыг үндэслэн Т.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв. 

 

2.Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэл, үйл явдалд хандаж байгаа хандлага, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай анги дахь нэг бүлэгт системчлэгдэн хуульчилсан, хуулиар хамгаалагдсан нэг ижил эрх ашигт хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ тухайн гэмт хэргийн онцлог болсон объектив, субъектив шинжийг нь анхааралтай авч үзэж, тэдгээрт бодитой дүгнэлт хийх нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийж, зөв зүйлчлэх үндэс юм.

 

Үүнээс гэмт хэргийн субъектив шинж нь нийгэмд аюултай хэрэг үйлдсэн гэмт хэрэгтний ухамсар, хүсэл зоригийн уялдаа холбоо, өөрөөр хэлбэл, аливаа гэмт хэргийн дотоод мөн чанарыг тусган илэрхийлдэг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй нотолсон байхыг үүрэг болгосны ач холбогдол нь хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийг зөв зүйлчилж, гэмт этгээдэд шударга ял оногдуулах үндэслэл болдогт оршино.

 

4.Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Б нь 2023 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот гэртээ өөрийн төрсөн хүү З.Б-ийг хутгалж, цээжний хөндийгөөр өрц, элэг нэвт хатгаж ходоодны урд хана хүрсэн, хэвлийн хөндийгөөр бүдүүн гэдэс, зүүн бөөр нэвт хатгаж, нойр булчирхай, чацархай хатгасан олон тооны буюу нийт 23 тооны цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх гэмтэл үүсгэсний улмаас цус алдалтын шокоор нас барсан хэргийн үйл баримтыг анхан шатны шүүх үндэслэлтэй тогтоожээ.

 

Харин нотлох баримтаар тогтоогдсон хүний амь нас хохирсон хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэгт хуульчлагдсан гэмт хэргүүдийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан, нөхцөл, шүүгдэгч нь амь хохирогчийг хутгалж, амь насыг нь хохирооход чиглэсэн үйлдлийг хийхэд түлхсэн хүчин зүйлсийг анхаарч үзээгүйн улмаас Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

 

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм бурууг, тухайн гэмт хэргийг үйлдсэн сэдэлт, санаа зорилгын хамт тогтоох ёстой ба хүнийг алах гэмт хэрэг үйлдэх нь шүүгдэгчийн санаа зорилгын хүрээнд багтаж байсан, эсхүл өөрийнх нь үйлдлийн улмаас бусдын амь нас хохирсон эсэхэд, тодруулбал, шүүгдэгч нь амь хохирогчийг амь биед халдахаар урьдаас төлөвлөж, энэхүү санаа зорилгоо гүйцэлдүүлсэн, эсхүл алах сэдэлт гэмт хэрэг үйлдэх үед хоромхон зуур төрснөөр бусдын амь насыг хохироосон байдлын талаар анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

 

5.Өөрөө болон ойр дотны хүн нь бусдын эрхшээл дарамтад орсон, хүндээр доромжлогдсон, хүчирхийлэл, заналхийлэл зэрэг зүй бус, ёс суртахуунд үл нийцэх ажиллагааны үр дүнд санаа сэтгэл хоромхон зуур хүчтэй цочрон сэтгэцийн хэвийн байдал нь алдагдаж, өөрийгөө удирдан жолоодох чадвар доод түвшинд хүрч, бодит нөхцөл байдалд сонголт, дүгнэлт хийх чадвар хязгаарлагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, амь насыг нь хохироосон бол “санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан” гэж үзэж, санаатайгаар хүнд гэмтэл учруулсан, амь насыг нь хохироосон гэмт хэргээс ялгамжтайгаар зүйлчилдэг.

 

Гэмт этгээдийн хувьд хохирогчийн халдашгүй байдалд халдах бодол түргэн зуур бий болдог боловч хохирогчийн нэг удаагийн үйлдлээс гадна удаа дараа үргэлжилсэн, эсхүл амьдралын хэвшил болсон зүй бус зан үйлийн үр дүнд үүснэ.

 

Ялангуяа ахуйн хүрээнд үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийлэл, байнгын шинжтэй хэрүүл маргаан, зөрчил, хүндээр доромжлох, эд хөрөнгийн болон бусад эрхийн хязгаарлалт, аливаа үйлдэл, эс үйлдэл хийлгэхээр албадах зэргээр сэтгэл санааны шаналал, зовлон, стресс зэрэг нь удаан хугацаанд хуримтлагдсанаар өндөр зэргийн тэсрэлт илэрч, гэмт хэрэг үйлдэгдэн гарах шалтгаан, нөхцөл болдог байна. Өөрөөр хэлбэл, амь хохирогчийн зүй бус үйлдэл нь цаг хугацааны хувьд зөвхөн гэмт хэрэг үйлдэгдэх үед үүссэн байхаар хязгаарлагддаггүй болно.

 

Сэтгэц гэм судлалын шинжлэх ухаанд энэхүү сэтгэцийн үзэгдлийг физиологийн аффект хэмээн тодорхойлдог бөгөөд хүн өөрийнхөө үйлдлийн үр дүнд хор уршиг учрах боломж, аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийгээ удирдах чадвар буурсан ч сэтгэхүйн байдал бүхэлдээ алдагдаагүй байдаг тул “хэрэг хариуцах чадваргүй” гэж үздэггүй.

 

6.Хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудад дүн шинжилгээ хийхэд амь хохирогчийн амьдралын байдал, зан үйл, гэр бүлийнхэнтэйгээ харилцаж байсан харилцаа хандлагын талаарх дараах нотлох баримтууд цугларсан байна.

 

Шүүгдэгч Т.Б- өөрийн төрсөн хүү З.Б-ийн хувийн байдал, амьдралын хэвшил болсон үйлдэл буюу тогтмол согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, энэ үедээ зүй бус үйлдэл гаргадаг талаар “... Талийгаач архи уух болгондоо намайг дарамталж “Танд хамаагүй” гээд түлхдэг, нудардаг, хоёр ч удаа цохиж байсан. ... “Би өөрөө ажил, амьдралаа мэдэж байна, пи*** минь чи намайг хүүхдээ гэж боддог юм уу” гээд бахираад, цус, цэрээ хаашаа ч хамаагүй нийгээд, гэрт сууж байхдаа хүртэл бие засчихдаг. ... нэг уухаараа 10 гаруй хоног үргэлжлүүлэн хэрэглэдэг. Сүүлийн 10 гаруй жил тасралтгүй ууж байна. ...” (2 дугаар хавтаст хэргийн 1-3 дахь тал) гэсэн бол энэ талаар түүний бусад хүүхдүүд болох гэрч З.Б (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал), гэрч З.Б (1 дүгээр хавтаст хэргийн 80-82) нар, гэрч  Ж.Ч (1 дүгээр хавтаст хэргийн 74-75), мөн шүүгдэгчийн төрсөн ах, дүү, бусад төрөл, садны хүмүүс болох гэрч Б.Б (1 дүгээр хавтаст хэргийн 60 дахь тал) гэрч Ж.А (1 дүгээр хавтаст хэргийн 62), гэрч Б.Б (1 дүгээр хавтаст хэргийн 64), гэрч Т.Б (1 дүгээр хавтаст хэргийн 66-68), гэрч С.У (1 дүгээр хавтаст хэргийн 70-72), гэрч Т.А (1 дүгээр хавтаст хэргийн 77-78), гэрч Т.Д (1 дүгээр хавтаст хэргийн 84), гэрч Т.М (1 дүгээр хавтаст хэргийн 86-87) нар мөн адил мэдүүлжээ.

 

Тодруулбал, дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээр амь хохирогч З.Б согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ хэвийн боловч хэрэглэсэн үедээ догшин зан авир гаргадаг, ээжийгээ цохиж, гэмтээж байсан, 10 орчим жил тогтмол согтууруулах ундаа хэрэглэж байгаа, ээжээсээ архины мөнгө нэхдэг, тэтгэврийнх нь мөнгийг авч архи уудаг, мөнгө өгөхгүй бол “Өвлийн  хүйтэнд нүцгэн гараад хөлдөөд үхчихье” гэх зэргээр сүрдүүлдэг байсан, зарим тохиолдолд шүүгдэгч Т.Б- өөрөө гарч архи авч өгдөг байсан нөхцөл байдлууд тогтоогдож байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Т.Б нь хүү З.Б-т цохиулж, зодуулсан, гэр бүлийн хүчирхийлэлд байсан талаараа гэр бүлийн харилцааны онцлог шинжээс хамааран эрх бүхий байгууллагад мэдэгдэж байгаагүй боловч ойрын төрөл садандаа хэлж байснаар гэрчүүд тэдний харилцаа, амьдралын хэв шинжийн талаар мэдүүлсэн байдаг.

 

Харин шүүгдэгч Т.Б-ийн хувьд гэрчүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлснээр амь хохирогчийн дээрх байдалд санаа зовнидог, түүнд байнга анхаарал тавьдаг, архи уусан үед нь дусал, тариа хийж өгдөг, архины хамаарлаас гаргах зорилгоор суулгац тавиулсан боловч амь хохирогч өөрөө авсан, мөн архинаас гаргахаар эмчилгээнд ч явуулж байжээ.

 

Түүнчлэн амь хохирогч Т.Б- нь төрсөн дүүгийнхээ охин, бага насны хүүхэд болох Б.Э-тэй зүй бус харилцаа үүсгэхээр оролдож байсан талаар шүүгдэгч Т.Б “... Б.Э-ийн өөдөөс нь хараад сууж байхдаа “Ах нь үнсье” гэж хэлсэн байсан. Гэтэл дүү нь “Олон хүний дэргэд яах гээд байгаа юм” гэхэд “Ах нь уруул дээр нь үнсье” гэж хэлсэн гэсэн. ... дүүгээ “Хайраа” гэж дууддаг гэсэн. Б.Э надад “Б ах чинь намайг “Хайраа” гэж дуудаад байна. “Үнсье” гээд байна шүү дээ” гэж хэд хэдэн удаа хэлж байсан. Би ийм зүйл дээр нэлээн эмзэглэдэг байсан. ... янз бүрээр үг хэл болон үйлдлээрээ оролдоод, “Чи ямар хөөрхөн юм бэ” гээд урдуур хойгуур нь явахаар нь хормойг нь сөхөөд байдаг байсан. ... нэг шөнө унтаж байхад миний хөл дээгүүр даваад нэг хүнд юм хөдлөх шиг болсон. Тэгээд сэрээд цочоод харахад З.Б шалдан, дотуур өмд, дотоож ч байхгүй хэвтэх гээд, хөнжил рүү нь орох гээд явж байсан. Би тэр үед охиноо айлгачихгүй юмсан гээд З.Б-ийг татаад холдуулсан. ... Үүнд миний эмзэглэдэг шалтгаан нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өсвөр насны охидын эсрэг янз бүрийн бэлгийн хүчирхийлэл үйлдэгдэж байна гэсэн мэдээлэл гардаг учраас талийгаачийг архи уугаад мэдрэлгүй болчихдог хүн эмэгтэй хүүхдийг хохирогч болгочих вий, дээр нь жаахан хүүхэд учрыг нь олохгүй цуг унтах, аавыгаа их санаж байгаа хүүхдүүдийг бас ямар нэгэн байдлаар хохироох вий гэж их айдаг байсан. ...” (2 дугаар хавтаст хэргийн 2, 20, 46 дахь тал) гэж мэдүүлсэн нь насанд хүрээгүй гэрч Б.Э “... Архи уусан, согтсон үедээ их сонин зан гаргаад намайг “Үнсье” гээд хацар дээр үнсдэг. Бас “Уруул дээр үнсье” гээд байдаг байсан. Ер нь бол согтохоороо “Гоё юм авч өгье, гаръя” гээд байдаг юм. Тэгэхээр нь эмээ намайг гаргадаггүй, эсвэл өөрөө цуг дагаж гардаг. ... “Үнсье” гэхээр нь хацраа өгсөн чинь “Үгүй ээ, уруул дээр чинь үнсье” гэж хэлсэн. Тэгэхэд эмээ “Юу солиороод байгаа юм” гэж загнаад болиулсан. Өнгөрсөн хавар сургуулиа тараад гэртээ орж ирэхэд З.Б ах гэрт ирчихсэн байсан. Тэгээд би унтлагын өрөөнд ороод хичээлийн хувцсаа сольж байтал нэг хүн орж ирээд араас тэврэхээр нь З.Б ахыг байна гэж мэдээд “Цаашаа бай, тавиач” гэж хэлэхэд тавьчхаад гараад явж байсан. ...” (2 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал) гэснээр давхар батлагдаж байгааг үгүйсгэх баримт хэрэгт алга байна.

 

7.Гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн гэрт шүүгдэгч, амь хохирогч нараас гадна бага насны хоёр хүүхэд байсан боловч дээрх үйл явдал болсон өрөөнөөс өөр өрөөнд байсан, насанд хүрээгүй гэрчүүд нь амь хохирогч согтуу орж ирсэн, “Ээжээ” гэж орилоод хана цохиод байсан талаар мэдүүлснээс бусдаар хэргийн үйл баримттай холбогдох ач холбогдол бүхий мэдүүлэг өгөөгүй байх тул хэргийн үйл баримт, болсон үйл явдлыг шууд мэдүүлэх боломжтой цорын ганц эх сурвалж болох шүүгдэгчийн мэдүүлэг, түүнд дурдагдсан зүйлс, мэдээллийг харгалзан үзсэний эцэст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан шинжилж, үнэлэлт өгөх учиртай.

 

Шүүгдэгчийн хувьд хутгыг газраас авснаа санаж байгаа боловч түүнээс хойш хийсэн үйлдэл, болсон явдлын талаар огт санахгүй байгаагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршид мэдүүлж иржээ.

 

8.Үүнээс үзвэл амь хохирогчийн олон жилийн туршид согтууруулах ундааны хамааралтай байснаас гэр бүлийнхнийгээ биеийн болон эд хөрөнгийн хүчирхийлэл, дарамтад оруулж байсан, мөн дүүгийнхээ хүүхэдтэй зүй бус харьцаж байсан нөхцөл байдлын улмаас шүүгдэгч Т.Б нь эх хүний хувьд эмзэглэх, санаа зовних, бухимдал, айдас цөхрөлийн хосолсон байдал бүхий дарамтад орж, энэхүү дарамт нь цаг хугацаа өнгөрөх тусам хуримтлагдсаар ирсэн байна.

 

Энэ нөхцөл байдлыг удаан хугацаанд тэсвэрлэж явсаар гэмт хэрэг үйлдэгдэх үед амь хохирогч “Нохойн хоол шиг юмаа хоол гэлээ” гэж уурласан, мөн хутга бариад өөрийнх нь эсрэг халдах гэсэн үйлдэл хийснээр өдөөгдөн сэтгэл зүйн хувьд тэсрэх цэгт хүрч, өөрийн үйлдлээ ухамсарлан хянах, дүгнэлт өгөх чадвар, хяналтаа алдаж төрсөн хүүгээ олон удаа хутгалан, амь насыг нь хохирооход хүрсэн гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл, Т.Б-ийн санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бий болсон хохирогчийн зүй бус авираас гадна олон жилийн хугацаанд амь хохирогчоос үүдэлтэй стресс, дарамтад амьдарч ирсэн нөхцөл байдлууд нөлөөлсөн байна.

 

9.Хяналтын шатны шүүх шүүгдэгч Т.Б-т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүхийн магадлалд хийсэн дүгнэлт, прокурорын хууль зүйн дүгнэлтэд дараах тайлбар, няцаалтыг өгөхөөр тогтов.

 

9.1.Давж заалдах шатны шүүх “... шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэхүйн хэвийн байдал алдагдсан, санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэлээ болгосон байна.

 

Хэргийн 2 дугаар хавтасны 128-130 дахь талд авагдсан дээрх дүгнэлтээр шүүгдэгчийг сэтгэцийн өвчингүй, сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай, өөрийн үйлдэл, үйл ажиллагааг удирдах буюу хэрэг хариуцах чадвартайг тогтоожээ.

 

Санаа сэтгэл нь гэнэт, хүчтэй цочрон давчидсан нь аливаа сэтгэцийн өвчин биш, сэтгэцийн хувьд эрүүл хүнд ч үүсэж болдог тул хэрэг хариуцах чадваргүй гэж үздэггүй.

 

Хэрэг хариуцах чадваргүй байдал нь сэтгэцийн түр хугацааны хямрал гэх патологийн аффекттай холбогдох ба энэ тохиолдолд ухаан санаа балартаж, өөрийгөө удирдан хянах чадвараа бүр мөсөн алдсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, патологийн аффектад орсон бол хэрэг хариуцах чадваргүй гэж үздэг бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон бол холбогдогч этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл болдог.

 

Шинжээч “хэрэг хариуцах чадвартай” гэж тогтоосон нь санаа сэтгэл нь цочрон давчдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

 

9.2.Шүүгдэгч Т.Б-ийн хувьд хүүдээ байнга анхаарал тавьж, асарч тойглодог байсан, архинаас гаргах талаар анхаарч эмчилгээ хийлгэж байсан, өөрөө хүчирхийлэлд өртөж байсан боловч эх хүний хувьд хүүхдэдээ хариуцлага тооцуулах талаар арга хэмжээ авч байгаагүй зэрэг нь анхнаасаа алах санаа зорилго байгаагүй, харин хэрэг үйлдэх үед түүний амь насыг хохироох гэмт санаа гэнэт үүссэнийг илэрхийлж байна.

 

Гэтэл давж заалдах шатны шүүх “... амь хохирогч З.Б нь согтуурхан эх Т.Б-т гомдоллож, хана нүдэх, хоол голох зэрэг зүй бус үйлдэл гаргасан нь хохирогч бусдын нэр төр, алдар хүндийг ичгүүр, сонжуургүйгээр гутаан доромжилж, шүүгдэгч болон түүний ойр дотны хүмүүсийг биеийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх байдлаар эрхшээл, дарамтад оруулсан гэх нөхцөл байдал биш ...” гэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй.

 

Зүй бус, ёс суртахуунгүй үйлдэл нь эрх зүйн үр дагаврыг үүсгэх анхдагч нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг зөв тодорхойлохын тулд, ялангуяа ахуйн сэдэлттэй, гэр бүлийн хүрээнд бусдын амь насыг хохироох болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл урьд өмнө нь давтагдаж байсан талаарх хохирогч, шүүгдэгч нарын хоорондын зан харилцаа, амьдралын хэв шинж, харилцааны түүх, маргааны эхлэл, өрнөл, дэс дарааллыг цогцоор нь дүгнэх нь хуулийн хэм хэмжээний агуулгыг зөв тайлбарлан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг.  

 

Давж заалдах шатны шүүхийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн байхыг хохирогчийн хийсэн үйлдэл буюу хана цохих, эхийнхээ хийсэн хоолыг голж “Нохойн хоол” гэж хэлсэн гэж зөвхөн гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогчийн гаргасан зан авираар хязгаарласан нь хэргийн жинхэнэ байдалд үл нийцэх шийдвэр гарахад хүргэжээ.

 

9.3.Хяналтын шүүх хуралдаанд прокуророос “... Амь хохирогч баруун, зүүн гарын алинаар нь ажилладаг болохыг шалган тогтоогоогүй, мөн биед нь үүссэн 23 тооны хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтлээс өөртөө учруулах боломжтой гэмтэл байгаа эсэх, хэрэв байгаа бол хэчнээн тооны ямар гэмтлүүд нь өөртөө учруулах боломжтой болохыг шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тодруулах шаардлагатай ...” гэсэн дүгнэлт гаргасан.

 

Хэргийн материалаас үзэхэд шүүгдэгч хэрэг явдлын талаар анх охиндоо “Ах чинь өөрийгөө ингэсэн байна” гэсэн, мөн анх сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “... баруун гартаа барьсан зүйлээрээ биеийнхээ гэдэс, баруун хэвлий хэсэг рүү хатгаад байсан ...” гэж мэдүүлсэн (2 дугаар хавтаст хэргийн 1 дэх тал), мөн цагдаагийн байгууллагад “Өөрийгөө хутгалсан, ухаангүй амиа хорлосон байна” гэх дуудлага мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 1 дэх тал) өгч байжээ.

 

Гэвч 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 89-102 дахь тал)-нд тусгагдсанаар талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан, мөн түүний цээжний хөндий, хэвлийн хөндий нэвт хатгагдаж, дотор эрхтэн гэмтсэн нийт 16 гэмтэл, мөн бугалга, шуунд хатгагдсан шарх бүхий бусад гэмтлүүд учирсныг амь хохирогч өөрөө өөртөө учруулсан гэж үзэх боломжгүй юм.

 

10.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэхэд прокуророос шүүгдэгч Т.Б-ийн амь хохирогч Т.Б-ийг олон удаа хутгалж, амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

 

11.Шүүгдэгч Т.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжлэх зүйлгүйг илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчим болон мөн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмын шаардлагад нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

12.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн тул энэхүү гомдолд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэн, харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналыг хүлээн авч, магадлалыг хэвээр үлдээлгэх талаарх прокурорын хууль зүйн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

 

13.Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

14.Шүүгдэгч Т.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдан, үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хоригдож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 495 дугаар захирамж (2 дугаар хавтаст хэргийн 230-234)-аар яллагдагчийг шүүхэд шилжүүлэхдээ таслан сэргийлэх арга хэмжээг мөн өдрөөс хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шийтгэх тогтоол гарч, хорих ял шийтгэснээр дахин цагдан хорьсон ба сүүлийн буюу 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 992 дугаар шийтгэх тогтоол гарах хүртэл 395 (гурван зуун ерэн тав) хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 437 (дөрвөн зуун гучин долоо) хоног цагдан хоригдсон гэж тооцооны алдаа гаргасныг зөвтгөн өөрчлөв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 992 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

 

“Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

 

тогтоох хэсгийн:

 

1 дэх заалтыг “Шүүгдэгч Х овгийн Т-ийн Б-ийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

 

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-т 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

 

4 дэх заалтын “... 437 (дөрвөн зуун гучин долоо) ...” гэснийг “... 395 (гурван зуун ерэн тав) ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 106 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

 

Б.БАТЦЭРЭН

 

М.ПҮРЭВСҮРЭН

 

Б.ЦОГТ