| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 128/2017/0348/З |
| Дугаар | 546 |
| Огноо | 2017-07-16 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 546
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан иргэн Л.Дын нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.
Нэхэмжлэгч: Л ийн Д
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Д би Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013-2017 онд Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад тус дүүргийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 тоот тушаалаар мөн өдрөөс эхлэн ажлаасаа халагдсан болно.
Дээрх шийдвэрийг би эс зөвшөөрөн Төрийн албаны зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг харьяаллын дагуу Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн байна. Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл нь 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 15/58 тоот албан бичгээр “албан тушаалын орон тоо нь хасагдсан, өөрчлөгдсөнтэй холбогдон гарсан маргаан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй учир шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү" гэсэн хариу өгсөн. Би 2013 онд төрийн албаны тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч. Намайг ажлаас халсан үндэслэл нь “Бүтцийн өөрчлөлтийн дагуу хийж байгаа орон тооны цомхтгол" гэж Тамгын газрын дарга тайлбарласан.
Манай хэлтэс өмнө нь Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс гэж нэрлэгдэж байгаад одоо Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтэс нэртэй болж нэрэнд нь өөрчлөлт орсон боловч хэлтсийн бүтэц, орон тоо, хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод агуулгын эрс өөрчлөлт орох нөхцөл бүрдээгүй агуулга хэвээр хадгалагдаж үлдсэн.
Иймээс Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/13 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23.2, 23.4, 24.1, 25.1 зэрэг заалтад дурдсан нөхцөл байдал үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халсан нь мөн хуулийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Ер нь орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнгээр томилогдсон дүүргийн шинэ удирдлагууд нь Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадын дарга, мэргэжилтнүүдийг ээлж дараалан хоморголон халж байгаа нь төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчиж, төрийн алба нь мэргэшсэн, тогтвортой байх гэсэн төрийн албаны зарчмыг алдагдуулж байна
Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны Б/13 тоот тушаалыг хүчингүй болгож, Л.Д намайг Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Л.Дын 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамж батлагдан гарсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Дыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар бүхий тушаалаар ажлаас чөлөөлсөн болно. Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх 2,201,589 төгрөгийн тэтгэлгийг Л.Дын цалингийн дансанд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн.
Иймд иргэн Л.Дын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Д нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, тус шүүхэд анх “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар 2017 оны 07 дугаар сарын 03-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар “2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ажлаас халагдсан өдрөөс эхлэн өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд буцаан томилогдох хүртэлх хугацааны турш ажилгүй байсан үеийн цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр нэмэгдүүлсэн.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Л.Дын нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Л.Дыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/13 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832, Дүүргийн Засаг даргын А/486 дугаар захирамжийг тус тус үндэслэн тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, орон тоо хасагдсан гэж үзэн Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Дыг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.
Шүүх маргаан бүхий тушаалд дурдсан үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулан Дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг хянахад өмнөх бүтэц, зохион байгуулалтаас өөрчлөгдсөн, орон тооноос хасагдсан зүйл байхгүй болох нь тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг 8 хэлтэстэй, мөн захирамжийн 1 дүгээр хавсралтаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийг 1 дарга, 4 мэргэжилтэнтэй байхаар, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг 7 хэлтэстэй, мөн захирамжийн хавсралтаар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийг 1 дарга, 3 мэргэжилтэнтэй байхаар тус тус баталсан байгаагаас дүгнэхэд орон тоо хасагдаагүй, хэлтсийн даргын албан тушаал нь хэвээр хадгалагдаж байна.
Хариуцагчаас Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаал нь Төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шинжилгээний хэлтэс болон нэр өөрчлөгдсөн, мөн уг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго нь агуулгын хувьд өөрчлөгдсөн гэж маргадаг боловч дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон байх боловч төрийн албан хаагчийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь “Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга”-ын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт, “Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга”-ын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтуудаас тодорхой харагдаж байна.
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр
заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас
чөлөөлнө 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагч болох Л.Дыг албан тушаалаас нь чөлөөлөх хуульд заасан дээрх нөхцөл байдал бий болоогүй байна.
Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөж, орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэх заалтыг хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан баталгаанд халдсан байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, Л.Дыг ажилд нь эгүүлэн тогтоож, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал урамшууллаас бүрдэнэ”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Л.Дын ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх цалин хөлснөөс нэг удаагийн тэтгэлэг болох 2.201.589 /хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун наян ес/ төгрөгийг хасч үлдэх 2,287,776 /хоёр сая хоёр зуун наян долоон мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийг Л.Дад олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Дыг ажилд нь эгүүлэн тогтоож, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн даргын албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 4,489,365 /дөрвөн сая дөрвөн зуун наян есөн мянга гурван зуун жаран тав/ төгрөгийн цалин хөлснөөс нэг удаагийн тэтгэлэг болох 2.201.589 /хоёр сая хоёр зуун нэг мянга таван зуун наян ес/ төгрөгийг хасч үлдэх 2,287,776 /хоёр сая хоёр зуун наян долоон мянга долоон зуун далан зургаа/ төгрөгийн цалин хөлсийг Л.Дад олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Дад олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН