| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0029/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/30 |
| Огноо | 2019-04-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/30
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч: С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц- овгийн С-гийн Ц-ад холбогдох эрүүгийн 1927000570020 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 1 дүгээр багийн “___” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц- овгийн С-гийн Ц-, /___/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг ___ гэх газар Б.Д-ийн нүүрэн тус газар гараараа удаа, дараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч С.Ц- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул улсын яллагчийн саналаар түүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгийг уншиж сонсгов.
Хохирогч Б.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Би 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум 1 дүгээр баг “___” гэх газар шинийн нэгний өдөр өөрийн хүүхдүүдтэй Бат-Эрдэнэ ахынд очиж золгоод тэнд С.Ц-тай таарсан. Тэгээд өөрийнхөө машинд Эрдэнэдорж гээд согтуу хүн, манай 2 хүүхэд миний машинд суугаад Ц-ын машинд Одгэрэл, Цоггэрэл мөн тэднийхний 2 хүүхэд суугаад манай гадаа 22 цагийн орчим ирсэн. Тэгээд манай гадаа хоёр машинтай очоод тэнд цуг ирсэн хүүхдүүд манайх руу гүйгээд орсон. Тэгээд гадаа байсан хоёр машинд Эрдэнэдорж, Одгэрэл нар согтуу унтаж байсан. Тэгээд Ц- миний машинаас Эрдэнэдорж гэх согтуу хүнийг өргөөд явж байхад нь би уурлаад согтуу хүн аятайхан авч яваач гээд Ц-ад
уурлаад хэлсэн чинь намайг барьж аваад миний нүүрэн хэсэг рүү гараараа гурван удаа цохьсон тэгээд машинтайгаа цуг ирсэн хүмүүсээ аваад яваад өгсөн. Ц- согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний тархи доргисон, хамар ясны хугарал, нүдний цус хуралт, зүүн хөмсөг язарсан. Бат-Өлзий сум 1 дүгээр баг “___ийн Хүүшийн хонхор гэх” манай өвөлжөөн дээр намайг Ц- зодсон юм. Миний эмчилгээний төлбөр 1.254.300 болсон. Миний эмчилгээний төлбөрт Ц- 1.300.000 төгрөг өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх 11-12/
Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №2167 дугаартай дүгнэлт “1.Б.Д-ийн бие тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн хугарал, муруйлт, зүүн хөмсөгний язарсан шарх, баруун, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, баруун, зүүн нүдний алимны салстын цус харвалт, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. З.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” /хх 20/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 1-3/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,
Шүүгдэгч С.Ц-ын хөрөнгө битүүмжилсэн тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл /хх 28-30/,
Шүүгдэгч С.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 69/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг ___ гэх газар Б.Д-ийн нүүрэн тус газар гараараа удаа, дараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Ц-ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.Ц-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Ц- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,
шүүгдэгч С.Ц-ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц- овгийн С-гийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц- овгийн С-гийн Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч С.Ц- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ын эзэмшлийн 1.400.000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны адуу битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 16 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН