| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2016/00411/и |
| Дугаар | 381 |
| Огноо | 2016-11-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 381
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн * тоотод оршин суух, Г овогт С.Э /РД:*/-ын хүсэлттэй
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Э, нарийн бичгийн дарга Я.Эрдэнэ-Уянга оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэг үржлийн албанд үйлчлэгчээр 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарыг дуустал ажиллаж байсан ба нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилтийг Нийгмийн даатгалын дэвтэр дээр бичсэн боловч ажилд орсон, гарсан тушаалын бичилтийг дэвтрийн ар талд бичээгүйгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд намайг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэг үржлийн албанд 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Э нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч С.Э нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэг үржлийн албанд 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хүсэлт гаргагч С.Э 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хүсэлт гаргагч С.Э №220393 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэг, үржлийн албаны 1994,1995, 1996 оны цалингийн хүснэгтийн хуулбар,
Гэрч С.О шүүхэд өгсөн “С.Э нь намайг анх сургуулиа төгсөөд ажилд ороход Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэгт санитарчинаар ажиллаж байсан ба 1997 оны 03 сар хүртэл ажиллаж байгаад орон тооны цомхотголд орсон. Саниторчины орон тоо нь 1993 онд цомхотголд орох үед би тухайн үед Мал эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байсан ба С.Э үйлчлэгчээр ажилд авч, тушаал гарган өөрт нь нэг хувийг гардуулсан. Тэр тушаалаа алга болгосон юм шиг байна лээ. 1997 онд С.Э ажлаасаа гарах үед надад дүү нь цомхотголд орлоо гээд ярьж байсан, би тухайн үед цомхотголд орох яах вэ, тушаалаа аваарай гэж хэлж байсан. С.Э нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэгт санитарчинаар ажиллаж байх хугацаандаа маш сайн ажилтан байсан, ажилдаа зүтгэлтэй, ямар ч ажлыг хар цагаан гэж гололгүй сайн ажилладаг хүн байгаа юм. Сайн ажилтан байсан болохоор орон тоо нь цомхотголд орох үед үйлчлэгчээр хүртэл мал эмнэлэгт үлдээсэн. С.Э бол мал эмнэлгийн салбарт насаараа ажилласан хүн” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Э шүүхэд өгсөн “С.Э нь намайг анх сургуулиа төгсөөд ажилд ороход Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэгт санитарчинаар ажиллаж байсан ба намайг 1994 оны 08 сард Сулин хээрийн отрьядад шилжин ажиллахад Хатанбулаг сумын мал эмнэлэг, үржлийн тасагт ажиллаад үлдсэн. Саниторчины ажил нь мал эмнэлгийн бүхий л үйлчилгээний ажлыг хийдэг хүн байгаа юм, шил сав цэвэрлэх, үйлчлэгчийн ажлыг хүртэл хийдэг байсан. Би С.Э Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт 5 жил хамт ажилласан. С.Э нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэгт санитарчинаар ажиллаж байх хугацаандаа маш сайн ажилтан байсан, цэвэрлэгээний ажлыг сайн хийдэг байсан. Би дараагийн ажлын хамт олондоо Энхцэцэгийн магтаж ярьдаг байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Иймд хүсэлт гаргагч С.Э нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэг үржлийн албанд 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г овогт С.Э /РД:*/-ын Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Мал эмнэлэг үржлийн албанд 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 03 дугаар сарыг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ