Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2019/ШЦТ/84

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга Н.Ням

            Улсын яллагч Ш.Баасандорж,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

            Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Ж-гийн Б-од холбогдох эрүүгийн 1927001960071 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон баг ___тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б- овгийн Ж-гийн Б- /РД: ___/

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

            Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 06 дугаар сард, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн  хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Ч-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүгдэгч Ж.Б- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 

Хохирогч Д.Ч- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн ___тоотод нөхөр Ж.Б-, том охин 11 настай Ч.Н-, бага охин 3 настай Ч.С- нарын хамт амьдардаг. Манай нөхөр Ж.Б- бид хоёр Өвөрхангай аймгийн Хархорин суманд “Хархорин” ХХК-д цэцэрлэгч ажилтай. Ж.Б- бид хоёр 2003 оноос хойш хамтран амьдарч байна. Ж.Б- бид хоёрт гэр бүлийн батлах байхгүй. Манай хоёр охин Ч.Н-, Ч.С- нар Ж.Б-ын төрсөн хүүхэд мөн. Харин Ж.Б- бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй учир манай хүүхдүүд миний нэрээр овоглож явдаг. Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны орой 20 цаг 00 минутын орчим хоёр охин Ч.Н-, Ч.С- нарын хамт гэртээ байж байсан чинь нөхөр Ж.Б- согтуу орж ирээд миний нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохисон. Мөн зүүн хавирга руу 1 удаа өшиглөсөн. Мөн байшингийн хаалга дотроос нь түгжчихээд намайг буланд шахаж зогсоод чи муу банзал пизда гээд 5 минут орчим загнасан. Тэгээд би Ж.Б-ыг түлхэж газар унагаагаад байшингаас гараад явсан. Би байшингаас гарч яваад нэг цаг орчим болоод байшиндаа орсон чинь Ж.Б- орон дээр суучихсан ганцаараа яриад нэг цаг орчим болоод байшиндаа орсон чинь Ж.Б- орон дээр суучихсан ганцаараа яриад буюу үглээд сууж байсан. Тэгээд би хоёр хүүхэдтэйгээ унтсан. Харин манай нөхөр Ж.Б- байшингаас гарч ороод ганцаараа юм ярьж байгаад шөнийн 04 цагаас 00 минутын орчим унтсан. Тэр өдөр манай гэрт нөхөр Ж.Б-, хоёр охин бид дөрөв байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манайх Ганган-Орхон багийн мойлтын 4-16 тоотод талийгаач Эрдэнэбат гэдэг айлын байшинд түр хугацаагаар амьдарч байсан юм. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн маргааны талаар манай 2 охин мэднэ. Өөр харсан хүн байхгүй....гэсэн мэдүүлэг /хх 32-34 дугаар хуудас/,

 

 Насанд хүрээгүй гэрч Ч.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай аав гэртээ ганцаараа нэг шил архи уугаад согтсон. Тэгээд орой 20 цаг 00 минутын орчим манай аав согтуурхаж манай ээжийг янхан пизда гэж хараагаад байшиндаа зогсож байхад нь нүүр хэсэгт 1 удаа цохьсон. Мөн ээжийн зүүн хавирга орчим нь 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд манай аав Ж.Б- байшингийн хаалга дотроос нь түгжээд манай ээж Д.Ч-г байшингийн буланд шахаад загнаад байсан. Тэр үед ээж, аавыг газар түлхэж унагаагаад гараад зугтаасан. Тэгээд гэрт аав, дүү бид гурав үлдсэн. Манай ээж байшингаас гарч яваад нэг цагийн орчим болоод буцаад гэртээ ирсэн. Тэгээд ээж, дүү бид гурав унтсан. Харин аав согтуурхаж ганцаараа ярьж байгаад шөнө 04 цаг 00 минутын орчим унтсан. Манай аав Ж.Б- дүү бид хоёрыг зодоогүй.....” гэсэн мэдүүлэг /хх 38-40 дүгээр хуудас/,

 

Гэрч Д.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна ажил дээр байж байсан чинь 13 цаг 00 минутын орчим Ж.Б- өөрийн эхнэр Д.Ч-г хүнтэй утсаар яриад байна гэж уурлаад Д.Ч-тэй маргалдаж байгаад Ж.Б- Д.Ч-гийн хөл рүү 2-3 удаа өшиглөж гараараа 1 удаа цохисон. Тэгээд би болон манай ажлын хүмүүс салгасан...” гэсэн мэдүүлэг /хх 42 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Даваа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 07 дугаар сарын 07 дугаар сарын 25-ны өдөр Д.Ч-, Ж.Б- нар хоорондоо маргалдсан талаар 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн. 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр манай төрсөн эгч Д.Ч- аавын гэрт тааралдсан юм. Тухайн үед манай эгч Д.Ч- ярихдаа нөхөр Ж.Б- архи уухаараа намайг зодоод болдоггүй гэж ярьж байсан. Тухайн үед Д.Ч-гийн нүүр бага зэрэг хавдчихсан байсан. ....” гэсэн мэдүүлэг /хх 43 дугаар хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №385 дугаартай дүгнэлтэд: “..Д.Ч-гийн биед зүүн шанаанд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой....” гэжээ /хх 47 дугаар хуудас/,

 

  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 2-5/,
  • Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх16-17/,
  • Аюулын зэргийн үнэлгээ /18-22/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр, 2019 оны 06 дугаар сард, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрүүдэд гэр бүлийн  хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.Ч-г байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан хохирогч Д.Ч-гийн мэдүүлэг /хх 32-34/, насанд хүрээгүй гэрч Ч.Н-, гэрч Д.Мөнхбат нарын мэдүүлгүүд /хх 38-40, 42/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 2-5/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 16-17/, аюулын зэргийн үнэлгээ /18-22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудас /хх 56,/ шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ж.Б-ын үйлдэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ж.Б-од холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ж.Б-ийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч Ж.Б-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзаж хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно.

 

Шүүгдэгч Ж.Б-од зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал  олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг тус тус хүлээлгэж,

 

шүүгдэгч Ж.Б-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,  

 

 шүүгдэгч Ж.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,

 

шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон битүүлжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж,

 

шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

 

Хохирогч Д.Ч-д 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд “Шүүх хуралд суухгүй, надад санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бөгөөд хохирогч Д.Ч-г шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б- овгийн Ж-гийн Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Ж- Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-од зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал  олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

 

            4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

            6. Шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон битүүлжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч

 

 

Ж.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЭНХ-АМГАЛАН