| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2016/00623/И |
| Дугаар | 718 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 718
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандангийн 10-5 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, РД:ОР61020502, Тайж овогтой Цагааны Ундралын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3 дугаар гудамжны 015 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, эмэгтэй, РД:ОБ75112201, Хоньч хүүхэн овогт Дистийн Цэрэннадмидад холбогдох,
Худалдан худалдах авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал 2.732.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Минск, хариуцагч Д.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ундрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Цэрэннадмид нь миний дүү Ц.Отгонтуяагаас 2013 онд миний хашааг 6.500.000 төгрөгөөр тохиролцон наймаалцаж авсан бөгөөд увуулж цувуулж 3.500.000 төгрөгийг авсан. Нэг амбаараа буцаан авч 400.000 төгрөгөөр зарж борлуулсан. Одоо үлдэгдэл 2.600.000 төгрөгөө авах гэж 2014 оноос хойш 2 удаа ирж уулзсан боловч урдаас хэл амаар дайрч доромжлоод ерөөсөө зөв харьцахгүй байсан. Эвлэрүүлэн зуучлалаар шийдүүлэх гэж 30.000 төгрөг тушаасан боловч зөвшөөрөөгүй. Иймд Ц.Цэрэннадмидаас хашааны зөрүү 2.600.000 төгрөг болон замын зардал, нотариатын зардал нийт 2.732.700 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Минск шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Ундрал надтай ямар нэгэн төрөл, садангийн холбоо байхгүй. Тэр хүн Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүн, харин би Увс аймгийн Тэс сумын хүн юм. Ц.Ундрал бид хоёр Улаанбаатар хотоос автобусаар хамт ирэхдээ танилцсан. Улмаар Увс аймагт таниж мэдэх хүн байхгүй байсан учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр намайг оролцуулж байгаа. Одоо нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хашааны зөрүү мөнгө 2.600.000 төгрөг, замын зардал, нотариатын зардал, бусад зардал нийт 132.700 төгрөг болж байгаа. Иймд Д.Цэрэннадмидаас 2.732.700 төгрөг гаргуулж Ц.Ундралд олгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.Цэрэннадмид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эмнэлэгт хэвтсэн байсан учраас тайлбараа өгч амжаагүй. Эмнэлгээс гараад Бөхмөрөн суманд явж байгаад өчигдөр ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2012 онд Ц.Отгонтуяагаас уг хашааг авсан. Тухайн үед найзын журмаар явж байгаад 1.200.000 төгрөг өгч явуулаад хашаанд нь буугаад үлдсэн. Тэр хашаандаа жил ирээгүй. Жилийн дараа нөхөр нь ирж бичиг баримт надад шилжүүлж өгөхдөө банкинд байсныг нь 1.300.000 төгрөгөөр чөлөөлж шилжүүлж өгсөн. Гэтэл эгч нь буюу Ц.Ундрал гарч ирээд хашааны зөрүү мөнгө нэхэж эхэлсэн. 2014 онд би амбаарыг нь буцааж өгсөн. Тэрнээс гадна бас мөнгө өгсөн. Хэдэн төгрөг өгсөнөө санахгүй байна. Өнгөрсөн жил би хагалгаанд ороод Ц.Ундралд мөнгийг нь өгч чадаагүй, мөнгийг нь хагалгаанд орсны дараа өгнө гэж бичиг хийж өгсөн” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ундрал нь хариуцагч Д.Цэрэннадмидаас 2.732.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Ц.Отгонтуяа нь Ц.Ундралд “Цэрэннадмидаас хашаа худалдсаны үлдэгдэл 3.000.000 төгрөг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийн бүх эрхийг эдлэх, бүх шатны шүүх хуралдаанд оролцох, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөх, холбогдох үйлдэл хийх, төлбөр, тооцоо хийх, мөнгө хүлээж авах эрхийг 3 жилийн хугацаатай 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр итгэмжлэлээр олгожээ.
Хариуцагч Д.Цэрэннадмид нь Ц.Отгонтуяагаас хашаа худалдан авч үлдэгдэл төлбөр болох 2.600.000 төгрөгөө төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хариуцагч Д. Цэрэннадмидын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Миний бие Цэрэнадмид нь хашааны зөрүүг хагалгаанд орсныхоо дараа өгөхөөр тохиролцов” гэх бичгээр нотлогдож байх тул хашааны үнийн зөрүү 2.600.000 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Ундрал нэхэмжлэх эрхтэй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нь “Улаанбаатар хотоос ирж очсон замын зардал, нотариатын зардал гэх 132.700 төгрөг гаргуулах” шаардлага гаргасан байх бөгөөд 132.700 төгрөгийн хэд нь замын зардал, хэд нь нотариатын зардал болох нь тодорхойгүй, мөн нотариатын зардал 6700 төгрөг гэсэн баримт байгаа ба ямар, ямар баримтуудыг батлуулсан болох нь тодорхойгүй байх тул замын зардал болон бусад зардал 132.700 төгрөг гаргуулах үндэслэлгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, няцаах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Д.Цэрэннадмидаас худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 2.600.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ундралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 132.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү 2.508 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 58.673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэннадмидаас 56.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ундралд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.Цэрэннадмидаас 2.600.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ундралд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 132.700 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ундралын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2.508 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, 58.673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Цэрэннадмидаас улсын тэмдэгтийн хураамж 56.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ундралд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР