| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2019/0073/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/76 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/76
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, шүүгч Г.Энх-Амгалан, Б.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга: А.Батцог,
Улсын яллагч: Д.Бат-Өлзий,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн,
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Э-,
Шүүгдэгч: Э.А-,
Иргэдийн төлөөлөгч А.Мөнхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогтой Э-гийн А-д холбогдох эрүүгийн 1927001130040 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 34 настай эрэгтэй. боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймгийн Хархорин сум 3 дугаар баг Эрдэнэтолгойн ___ оршин суух хаягтай, одоо ___ тоотод оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадваргүй, М овогтой Э-гийн А-, /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн гадна шатан дээр хохирогч П.Б-ийг 7 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э- мэдүүлэхдээ:
Манай хүү Э.А- нь хавар, намрын улиралд гэнэт энэ өвчин нь хөдлөөд байдаг. Э.А- нь биедээ хутга авч яваад байдаггүй. Би тухайн үед Өвөрхангай аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тэр хойгуур л гэрийн орны гудасны завсар байсан хутгыг авсан байна. Тухайн хутга нь манай нөхрийн сийлбэр хийдэг хутга байгаа юм. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсанд их харамсаж байна. Э.А- нь 3-4 сар эмчилгээнд яваад эм тангаа тухай бүрт нь уугаад байхаараа гайгүй болчихдог. Манай ээж амьд сэрүүн байхдаа хамт амьдарч ая эвийг нь олдог байсан. Э.А- нь одоо ганцаараа амьдардаг. Надтай хамт байдаггүй. Энэ өвчин нь хөдөлхөөрөө хэнд ч дийлдэхгүй болдог. Цагдаа, эмнэлгийн хүмүүсийн тусламжтай эм тариаг нь хийж гайгүй болдог гэв.
Хохирогч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны орой 20 цаг 00 минутын орчим М.Батнасантай 0,5 граммтай нэг шил “Нутгийн буян” архи хувааж уусан. ...Би М.Батнасангаас салаад урагшаа явж дэлгүүрээс нэг шил 0,5 граммтай “Нутгийн буян” архи аваад Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн 2 давхарт дотрын тасгийн гадна шатны дэргэд 23 цаг 00 минутын орчимд очиж унтсан. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 03 цаг 30 минутын орчим сэрээд халаасанд байсан архинаасаа 2 балгаад сууж байсан чинь Э.А- орж ирсэн. Намайг шатан дээр сууж байсан чинь Э.А- миний баруун гар талд суугаад архинаас чинь 2 балгачихмаар байна гэж хэлээд миний ууж байсан архинаас 2 балгасан. Тэгээд Э.А- хутга гаргаж ирээд надруу дайрч намайг зогсож байхад гэдэс рүү 3 удаа, толгой руу 2 удаа, баруун шанаанд 1 удаа, хамар орчим 1 удаа тус тус 7 удаа хутгалсан. Тухайн үед Э.А-ээс хутгыг салгаж авах санаатай ноцолдоод дийлээгүй. Тэгээд би А-тэй зууралдаад нэгдсэн эмнэлгийн төв хаалгаар орж эмч нар хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирж Э.А-ийг аваад явсан. Харин намайг эмч нар эмнэлгийн боолтын өрөөнд оруулсан. “...Би согтуу байсан. Миний хувьд болсон асуудлыг талаар сайн мэдэж байна. “...Би эмнэлэгт 6 хоног хэвтсэн. Одоо миний гэдэс орчим газарт өвдөөд байх юм. “....надаас ямар нэгэн эмчилгээний зардал гараагүй. Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эмч нар намайг эмчилж өгсөн... ... Надад өөрт нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй, санал хүсэлт алга...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 167-168 дугаар хуудас/,
Гэрч Ц.Дамбын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цаг 00 минутын орчим эмнэлгийн амрах өрөөнд сууж байсан чинь манай жолооч Отгонболд орж ирээд үзүүлэх хүн ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би эмнэлгийн боолтын өрөөнд орсон чинь 39 орчим насны Б-ь гэх эрэгтэй толгой, цээж, хэвлийн орчим газраараа хутгалуулчихсан шархтай хэвтэж байсан. Тэгээд удалгүй манай мэс заслын их эмч Насанбат орж ирээд Насанбат эмч тухайн хутгалуулсан хүнийг үзээд хагалгааны багийг дуудаж хагалгаанд орсон. Манай сувилагч Ариунтуяа надад хэлэхдээ энэ хүнийг А- хутгалчихсан байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч Б.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...тасгийн үүд орчим хүмүүс чанга, чанга хашгираад маргалдаад байгаа дуу сонсогдсон. Тэгээд 5 ноймерын өрөөний цонхоор харсан чинь нэгдсэн эмнэлгийн зүүн талын хаалганы гадаа орой манай тасагт хүрз барьчихсан орж ирсэн А- нэг хүний араас нь барьчихсан чамайг ална гэж хашгичаад эмнэлгийн төв хаалга руу чиглээд явж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Гэрч Н.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Одоо би Эрдэнэтолгой баг хариуцсан хүний их эмчээр ажиллаж байна. Э.А- нь 1996 оноос сэтгэцийн эмчийн хяналтад одоог хүртэл байдаг юм. Э.А- нь жил бүр Улаанбаатар хотын Шар хад гэх газар байрлах Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлдэг юм. Э.А- нь сэтгэцийн шизофрение хэв шинжит эмгэгтэй хүн байгаа юм. Шизофрение хэв шинжит эмгэг онштой хүн өвчин нь хөдөлсөн үедээ өөрийгөө удирдан жолоодох чадваргүй, хөөрлийн байдалд ордог юм. Миний хувьд Э.А-ийг сар бүр үзэж эмчийн хяналтанд байлгадаг. Э.А- нь 2018 оны 07 дугаар сарын 02-ноос 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 2018 оны 07 дугаар сарын 25-наас 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэл тус тус Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Э.А- нь амбулаториор эмчлүүлэгчдийн картаа 2018 онд хаячихсан байна лээ. Тэгээд Э.А-д 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинэ карт нээж өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
Гэрч Н.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 04 цаг 00 минутын орчим 70327103 дугаараас хутгалуулсан хүн ирсэн байна. Ирж үз гэж хэлсэн. Тэгээд намайг ирэхэд П.Б-ь хэвлийн тус газраа болон хэд хэдэн газар хутгалуулчихсан шинэ шархтай байсан. ...П.Б-ийн хэвлийг нээж шалгахад дотор эрхтэн гэмтээгүй байсан. Хэвлийн нэвтэрсэн шархыг гадна, дотор талаас нь оёж хаагаад хэвлийг угааж урсгуур тавьж хэвлийг хааж хагалгааг дуусгасан. ...П.Б-ийн толгой хэсэгт 5, хэвлийд 2 тус тус нийт 7 газар хутгалуулсан шинэ шархтай байсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №252 тоот:
“...1. П.Б-ийн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, толгой, хамар, баруун хацар, цээж, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Амь насанд аюултай гэмтэл байна.
4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын №858 тоот:
“...1. Э.А- нь бусад шизоферене сэтгэцийн эмгэгтэй байна.
2. Э.А- уг сэтгэцийн эмгэг нь төрөлхийн байх боломжтой байна.
3. Э.А- нь 2019-04-23-наас 24-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг үйлдэх үедээ бусад шизоферене өвчтэй байсан байна.
4. Э.А- нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон, удирдах чадваргүй байсан байна.
5. Э.А-ийн сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг тогтоох боломжгүй байна.
6. Э.А-д эмнэлгийн чанартай албадлагын албадан эмчилгээ хийх шаардлагатай байна.
7. Э.А-ийн уг өвчин нь төрөлхийн Оюуны хомсдол эмгэгийн суурин дээр үүссэн байх боломжтой байна.
8. Э.А- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна.
9. Э.А- нь гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна.
10. Э.А- нь СЭМҮТ-д 2000 онд 1 удаа, 2004 онд 1 удаа, 2007 онд 1 удаа, 2008 онд 1 удаа, 2015 онд 2 удаа, 2019 оны 05 сард нийт 7 удаа хэвтэн эмчлүүлсэн байна. Э.А- нь харьяа аймгийн сэтгэцийн эмчийн хяналтад байдаг байна.
11. Э.А- нь хэрэг хариуцах чадваргүй байна..." гэх дүгнэлт /хх-ийн 98-102 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүгдэгч Э.А- нь 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цаг 40 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн гадна шатан дээр хохирогч П.Б-ийг 7 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч П.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Ц.Дамба, Б.Дуламсүрэн, Н.Насанбат нарын мэдүүлэг хх-ийн 27-28, 38 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №252 тоот: “...1. П.Б-ийн хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, голгой, хамар, баруун хацар, цээж, хэвлийд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Амь насанд аюултай гэмтэл байна. 4. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх дүгнэлт /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэрээр гэм буруутай байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч П.Б-ь нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А- нь хэрэг хариуцах чадваргүй болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын №858 тоот: “...1. Э.А- нь бусад шизоферене сэтгэцийн эмгэгтэй байна. 2. Э.А- уг сэтгэцийн эмгэг нь төрөлхийн байх боломжтой байна. 3. Э.А- нь 2019-04-23-наас 24-нд шилжих шөнө буюу гэмт хэрэг үйлдэх үедээ бусад шизоферене өвчтэй байсан байна. 4. Э.А- нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон, удирдах чадваргүй байсан байна. 5. Э.А-ийн сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулах эсэхийг тогтоох боломжгүй байна. 6. Э.А-д эмнэлгийн чанартай албадлагын албадан эмчилгээ хийх шаардлагатай байна. 7. Э.А-ийн уг өвчин нь төрөлхийн Оюуны хомсдол эмгэгийн суурин дээр үүссэн байх боломжтой байна. 8. Э.А- нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан байна. 9. Э.А- нь гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. 10. Э.А- нь СЭМҮТ-д 2000 онд 1 удаа, 2004 онд 1 удаа, 2007 онд 1 удаа, 2008 онд 1 удаа, 2015 онд 2 удаа, 2019 оны 05 сард нийт 7 удаа хэвтэн эмчлүүлсэн байна. Э.А- нь харъяа аймгийн сэтгэцийн эмчийн хяналтад байдаг байна. 11. Э.А- нь хэрэг хариуцах чадваргүй байна..." гэх дүгнэлт /хх-ийн 98-102 дугаар хуудас/, гэрч Н.Буянжаргалын мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9-т зааснаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч Э.А-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг шинжээчийн дүгнэлт, прокурорын саналыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 2 жилийн хугацаагаар хэрэглэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг,
Шүүгдэгч Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж байгаа болно.
Шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Э.А-ийг сэтгэцийн байдал нь өөртөө эсхүл бусдад аюул учруулах байдлыг тогтоогоогүй боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбар зэргээр тэрээр өөртөө болон бусдад аюул учруулахаар байна гэж шүүхээс хууль зүйн дүгнэлт өгч эмчлүүлэх хугацааг тогтоосон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3 , 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 19.3 дугаар зүйлийн 3, 6, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогтой Э-гийн А-ийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7, 9-т зааснаар шүүгдэгч Э.А-д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлалын хуулийн тасгийн энгийн зэрэглэлтэй тасагт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсны улмаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүний хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гаргах болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүгдэгч Э.А-д авсан сэтгэл заслын эмчилгээ хийлгэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт даалгасугай.
5. Шүүгдэгч Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 16 см урттай хар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА
ШҮҮГЧИД Г.ЭНХ-АМГАЛАН
Б.САРАНТУЯА