| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0047/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/51 |
| Огноо | 2019-06-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Өлзий |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2019/ШЦТ/51
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Улсын яллагч: Д.Бат-Өлзий
Шүүгдэгч: Э.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овгийн Э-ийн Д-ид холбогдох эрүүгийн 1927001200045 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овгийн Э-ийн Д- /РД: ___/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ гэх газарт байх өөрийн гэртээ өөрийн эцэг Ч.С-ыг пиво уулаа гэж уурлан хохирогч Ч.С-ыг орон дээрээс татаж унаган зүүн гар руу нь өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч Э.Д- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Хархорин сумын төв орчихоод хөдөө гэртээ харьтал манай аав согтуу янз бүрийн юм яриад байсан. Гэнэт миний уур хүрээд аавыг орон дээр сууж байхад нь татаж унагаагаад гар руу нь өшиглөсөн. Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Миний буруу” гэв.
Хохирогч Ч.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ багт оршин суух хаягтай боловч ___ гэх газар эхнэр Ч.Э-, хүү Э.Д- нарын хамт амьдардаг. Э.Д- миний төрсөн хүүхэд мөн ...Би 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сумын төв ороод 2 литрийн савтай нэг ширхэг пиво авч ирсэн юм. Тэгээд би 2 литрийн савтай нэг ширхэг пиво 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын орчим гэртээ уугаад байж байсан чинь манай хүү Э.Д- намайг пиво уусан байна гэж уурлаад гэрийн зүүн талын орон дээр сууж байтал татаж газар унагаад, зүүн гар руу нэг удаа өшиглөсөн. Тэгээд би босох гэсэн чинь миний зүүн гар хугарчихсан байсан. Би Э.Д-ийг миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн чинь намайг аашлаад тоохгүй байхаар нь Д.Мөнхтүвшингийн гэрт очсон. Д.Мөнхтүвшин намайг Хархорин сумын төв оруулж эмчид үзүүлсэн. Намайг Хархорин сумын нэгдсэн эмнэлэгийн эмч нар үзээд миний зүүн гарыг хугарсан байна гэж хэлсэн ...Би Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгооны төвийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2 хоногийн өмнө ирсэн ...Манай эхнэр Ч.Э-, хүү Э.Д- бид гурав байсан ...Манай хүү Э.Д- өмнө нь намайг болон эхнэр Ч.Э-ийг зодож байгаагүй. Манай хүү архи уудаггуй юм. Э.Д- үг дуу цөөтэй хүн байгаа юм ...Одоо миний бие гайгүй. Би өөрийн хүү Э.Д-ид одоо болон цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэсэн мэдүүлэг /хх 23-24 дүгээр хуудас/
Хохирогч Ч.С-ын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “Би Өвөрхангай аймаг руу эмчилгээ хийлгэхэд надаас 250,000 төгрөг гарсан. Би энэ мөнгийг өөрийн хүү Э.Д-оос авахгүй ...Э.Д-ид гомдолгүй ...Э.Д-той өөрийн хүсэлтээр эвлэрсэн тул түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх 25 дугаар хуудас/
Гэрч Ч.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай хүү Э.Д- манай нөхөр Ч.С-ыг пиво уусан байна гэж уурлаад гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нь татаж унагаад зүүн гар руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Ч.С- гар хугарчихлаа гээд босоод ирсэн. Би очоод үзсэн чинь манай нөхөр Ч.С-ын гар нь хугарчихсан байсан. Манай нөхөр Ч.С- уурлаад Д.Мөнхтүвшингийн гэр рүү гүйгээд явчихсан. Тэр орой Ч.Мөнхтүвшин манай нөхөр Ч.С-ыг Хархорин сумын төв оруулж эмчид үзүүлсэн ...Миний бодлоор хүү Э.Д-ийг өшиглөх үед нөхөр Ч.С-ын гар нь хугарсан байх, Э.Д- манай нөхөр Ч.С-ын гар руу их эвгүй өшиглөсөн юм ...Манай хүү Э.Д- урьд нь намайг болон Ч.С-ыг зодож байгаагүй. Манай хүү архи уудаггүй ...Манай нөхөр Ч.С- архи уудаггүй, заримдаа бага зэрэг пиво уудаг. Тэр өдөр манай хүү Э.Д- аавыгаа пиво уусан байна гэж уурлаад гар руу өшиглөж гарыг нь хугалчихсан юм” гэсэн мэүүлэг /хх 27-28 дугаар хуудас/
Гэрч Н.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. 2019 оны 05 дугаар сарын 06-ны орой 20 цаг 00 минутын орчим Нэгдсэн эмнэлгийн жижүүрт гар нь гэмтсэн хүн ирсэн байна гэж намайг дуудсан. Очиж үзэхэд Ч.С- гэх хүний зүүн гарын бугалга яс гадна хэсгээрээ сэлтэрхий үүсгэсэн, далд зөрүүтэй хугаралтай байсан. Ч.Сэд-Одын гарын хугаралтай хэсэгт “гипс, гелтегнен боолт” хийж Ч.С-од бүсийн оношилгооны төвд эмчлүүлэх талаар зөвлөгөө өгч 13-А маягт хийж өгсөн. Тухайн үед Ч.С- гэх хүнээс архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 29 дүгээр хуудас/
Гэрч Д.Мөнхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 00 минутын орчим гэртээ байж байсан чинь Ч.С- ах манайд явган гүйж ирээд манай хүү Э.Д- намайг зодож миний гарыг хугалчихлаа гэж хэлсэн. Би Ч.С- ахыг мотоциклийн араар суулгаж Хархорин сумын нэгдсэн эмнэлгийн эмчид үзүүлсэн чинь Ч.С- ахын зүүн гарын бугуй нь хугарчихсан байна гэж хэлсэн. Эмч нар Ч.С- ахын гарыг боож өгсөн. Ч.С- ах 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр надтай хамт Хархорин сумын төв ороод буцахдаа 2 литрын савтай 1 ширхэг боргио пиво авч гэртээ харьсан. Тэр боргио пивыг гэртээ уучихаад сууж байхад нь Ч.С- ахын хүү Э.Д- уурлаад Ч.С- ахын гар руу өшиглөж зүүн гарыг нь хугалчихсан гэсэн. Ч.С- ах надад тэгж ярьсан” гэсэн мэдүүлэг /хх 30 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Амгалангийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “...Ч.С-ын биед зүүн гарын бугалга ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо ...Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ...Амь насанд аюулгүй гэмтэл байна ...Хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 35-р хуу/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх 2-3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Д-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Өвөрхангай аймгийн Хархорин сумын ___ гэх газарт байх өөрийн гэртээ өөрийн эцэг Ч.С-ыг пиво уулаа гэж уурлан хохирогч Ч.С-ыг орон дээрээс татаж унаган зүүн гар руу нь өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.С- /хх 25/, гэрч Ч.Э- /хх 27-28/, Н.Насанбат /хх 29/, Д.Мөнхтүвшин /хх 30/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /хх 35/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Э.Д-ид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Э.Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Э.Д-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Д- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,
шүүгдэгч Э.Д-ийн эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овгийн Э-ийн Д-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б- овгийн Э-ийн Д-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулахаар хугацааг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Э.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-ийн эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэ бүхий “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн санал бүхий прокурорын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №40 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Д-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН