| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0152/Э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4., |
| Улсын яллагч | П.Мөнхтуяа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 162
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: П.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Хохирогч: Д.Ж,
Шүүгдэгч: Д.Ст түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000140 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Д.С
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.С нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-9-12 тоот хашааны үүдэнд шороон зам дээр 2019 оны 03 сарын 20- ны орой 3404 БНХ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон машиныг ухраан замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж ардаа байсан иргэн Д.Эийг дайрч амь насыг хохироон авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаач бид хоёр манай ажил болох “Их тайга 2” ресторан буудалтай газар Х түүний эхнэрийн хамт очиж нүүрс буулгачхаад гэртээ ирээд байж байтал талийгаач “урд өдөр нь хүний төрсөн өдөрт орсон чинь би шартаад байна чи нэг юм олоод ирээч” гэхэд нь би “мөнгө байхгүй” гэж хэлэхэд “чи тоосгон дэлгүүр буюу Элбэг дэлгүүрийг таньдаг биз дээ” гэхээр нь би Хгийн хамт дэлгүүр орж нутаг нэртэй архи авч ирээд ууж эхэлсэн тэгээд ууж дуусгаад орон дээрээ хэвтэж байсан тэгээд ажпын гал унтарч байгаа байх гэж бодоод гэрээс гараад хашааныхаа том хаалгыг нээсэн тэгэхэд талийгаач байгаагүй тэгээд би машинаа асаагаад ухарсан тэгтэл хашааны хаалга хүрээгүй байхад машин хүндрээд эхэлсэн тэгээд зогсоод буугаад ирэхэд талийгаач миний хөл доор урд дугуйны доор хөндлөн байрлалтай хэвтэж байсан тэгээд би орилоод байж байтал манай охин Ц аав ээжийг дайрсан байна гээд орилоод гүйж байсан тэгээд цагдаа нар ирсэн. Би тухайн өдөр 14-15 цагийн хооронд хашаанд оруулаад гэрийн баруун урд чигээр нь машиныг тавьсан байсан. Тухайн тээврийн хэрэгслийг би 2 жилийн өмнө 1.000.000 төгрөгөөр авсан нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа. гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажлын гараатай байсан. Тухайн өдрийн өглөө нь ажил дээрээ очиж галаа түлчихээд гэртээ буцаж ирээд байж байтал өдрийн 12 цаг өнгөрч байхад ажлаас нүүрс ирчихлээ буулгаарай гэж хэлсэн. Би нүүрс буулгах гээд явах гэтэл талийгаач чи ганцаараа яаж буулгах вэ. хоёулаа Хг дуудаад хамт явъя гэж хэлсэн Хг дуудахад эхнэртэйгээ ирсэн. Бид нар 4-лээ ажил дээр очоод бид хэд нүүрс буулгаж дуусчхаад буцаад гэртээ ирсэн. Тухайн өдөр Ж та нүүрс буулгасан юм чинь өнөөдөр амарчих эгчийн бие бас тааруу байх шиг байна гэхэд нь бид гэртээ ирээд би машинаа хашаандаа оруулж тавьсан байсан. Гэртээ ороод байж байтал талийгаач миний дотор муу байна шартсан юм шиг байна чи надад 1 шил архи аваад ирээч гэхэд нь надад мөнгө байхгүй гэж хэлэхэд чи Элбэг гэдэг дэлгүүрийн хүнийг таньдаг биздээ тэнд очоод паспортоо үлдээгээд архи аваад ир гэсэн юм. Тэгээд Элбэг гэдэг дэлгүүрээс 0,75 литертэй 1 ширхэг архи, 0,5 литртэй 1 шил архи нийт 2 шил архи аваад гэртээ авч ирсэн. Бид тухайн үед 4-лээ байсан. Бид нар 2 шил архийг ууж дуусгаад би хэвтэж байснаа унтсан байсан. Гэнэт сэрээд ажил дээр гал түлнэ гэж бодоод ажил руугаа явахаар гарсан. Тэгэхэд гэрт талийгаач болон Х эхнэртэйгээ байсан. Би хашааны хаалгаа нээчихээд машинаа асаагаад арагшаа ухарсан хашааны хаалга хүрээгүй байтал машин гэнэт хүндрээд хөдлөхгүй байхаар нь юу болов гэж бодоод буугаад хартал талийгаач нь машин доогуур орсон байсан. Би гайхаад юу болоод ийм зүйл болчхов гэж бодоод өөрийн үйлдэлдээ гэмшээд байж байтал цагдаа нар ирсэн гэв.
3. Хохирогч Д.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Д.С нь миний ажилладаг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр баг “Их тайга 2” ресторан, караоке, буудалд галч хийдэг байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ажил дээр согтуу талийгаач эгч Э, С түүний эхнэрийн хамт ирсэн. Талийгаач эгч бас архи уусан юм шиг байхаар нь би бие муутай байж архи уулаа гээд загнаад Сыг нэлээн согтуу болохоор нь гал руугаа орчих юм болов уу гэж айгаад тэд нарыг “харь өнөөдрийн галыг би аргалаад түлчихье” гэхэд ах нь харьж амарлаа гээд тэд нар яваад өгсөн. Манай ажил дээр ирэхэд С нь өөрийн машин болох саарал өнгийн жижиг тэргээрээ ирсэн ер нь бол байнга машинаа унаж ирдэг яагаад цагдаатай дайралддаггүйг нь мэдэхгүй асуухаар “ийм муу машинтай болохоор цагдаа нар тоодоггүй юм” гэж хэлээд инээгээд ярьж байсан. Тэр өдрийн 21 цагийн үед талийгаач Эийн охин Ц над руу залгаад юу хэлээд байгаа нь ойлгогдохгүй уйлаад байхаар нь хажууд чинь хүн байна уу яриулаадах гэхэд хажуу талын айлын хүн нь утсаар нь надад “нөгөө С чинь Эийг машинаараа дайрчихлаа бараг өнгөрчихлөө” гэж хэлсэн тэгээд бид нар сандраад талийгаачийн гэрт очсон тэгэхэд цагдаа нар ирсэн байсан. С нь ажил дээрээ байнга согтуу ирдэг талийгаач байнга хамт явж архи уулгахгүй гээд байдаг байсан тэгсэн хэрнэ л хорьж дийлэхгүй архи уулгасан байгаа харагддаг зарим тохиолдолд талийгаачийг хэл амаар “чамд ямар хамаатай юм жингэр минь” гэх зэргээр хэлж байгаа сонсогддог, цохиж зодож байсныг хараагүй талийгаач ч энэ талаар юм яриагүй болж өгвөл Сыг өмгөөлөх талдаа байдаг. Д.Сын эгч нь буяны ажилд гээд 200.000 төгрөг миний данс руу мөн талийгаач группэд байсан түүнийхээ зээлийг авч Сын өмнө ажиллаж байсан газрынх нь цалингийн зээлийг 1.136.000 төгрөг хаагаад өртэй үлдсэн байсан тэр өрийг нь Сын эгч нь хаасан өмнө С нь хотын захиргаанд жижүүр хийж байгаад халагдсан байдаг тэгэхэд цалингийн зээлтэй үлдсэн юм байна лээ өөр мөнгө төгрөг одоогоор өгөөгүй байгаа. Би гомдолтой байна манай талийгаач эгч нэлээн биерхүү хүн байсан тэр жиг тэрэг яаж дээгүүр нь гарсныг ойлгохгүй байна талийгаачийн бага охин нь над дээр үлдэж байгаа том охин хөдөө айлын болоод гарсан нэг банди байдаг тэр нь аав дээрээ өссөн болохоор тэр болгон холбоотой байгаад байдаггүй талийгаачийн оршуулгын зардалд ойролцоогоор 5.000.000 төгрөг зарцуулагдсан түүнийг баримтаар гаргаж өгнө өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 51-53/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж мэдүүлэхдээ:...
Д.С нь Их тайга рестронд галчаар ажилладаг. 2019 оны 03 дугаар сарын 20 ны өдөр С нь ажлын гараатай байсан. Тухайн өдөр оройн 18 цагийн үед согтуу ажил дээр Д.С, талийгаач нар ирээд нүүрс буулгачхаад байж байхаар нь Д.Сыг согтуу байхаар нь гал руу орчих болов уу гэж бодоод гэр лүүгээ яв гэж хэлсэн. Талийгаач нь тухайн өдөр мөн архи уусан байхаар нь би бие муутай байж яагаад архи уусан юм бэ гэж загнаад гэрлүү нь явуулсан юм. Удаагүй 30-40 минутын дараагаар хүүхэд нь уйлаад залгасан юу ярьж байгаа нь мэдэгдэхгүй уйлаад байсан. Тэгэхээр нь өөр хүн байна уу гэхэд өөр хүн яриулсан юу болсон талаар асуухад “танай эгчийг нөхөр нь машинаар дайрсан байна” гэж хэлсэн. Би төрсөн дүү рүүгээ залгаад яараад очсон чинь амьсгаа хураасан байсан. Цагдаа болон түргэний тэрэг ирсэн байсан. Ийм л зүйл болсон бидний хувьд маш их гомдолтой байна гэв.
5. Шүүгдэгч Д.Сын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
... 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 14 үед Х эхнэр Оийн хамт манайд ирээд байж байтал ажил дээр нүүрс ирлээ гэхээр бид дөрөв очиж нүүрсээ буулгачхаад гэртээ ирээд хашаандаа аваад 2 жил болж байгаа нэр дээрээ шилжүүлээгүй байсан өөрийн эзэмшлийн 3404 БНХ улсын дугаартай саарал өнгийн аксент маркийн машинаа хашаандаа оруулаад гэрийнхээ үүдэнд тавьчхаад гэртээ ороход талийгаач “чи 10 мянгатын голд байдаг Элбэг дэлгүүрийг таньдгаараа яваад архи аваад ир” гэсэн тэгээд Х бид хоёр явж тэр дэлгүүрээс би иргэний үнэмлэхээ барьцаанд тавиад Нутаг нэртэй 0.75, 0.5 литрийн архи аваад гэртээ ирээд ууцгаасан талийгаач өмнөх өдөр намайг ажлаас ирэхэд архи уусан байсан. Тэгээд бүгдээрээ согтоцгоосон би гэрээс гарч ирээд хашааныхаа том хаалгыг онгойлгоод гэрийн ертөнцийн зүгээр баруун талд байрлуулсан тээврийн хэрэгслээ асаагаад чигээрээ орсон байсан болохоор ухраад явж байтал машин нэг хүндрээд явсан тэгээд юу болчхов гээд машинаасаа буугаад хартал талийгаач машин доогуур хөндлөн хэвтсэн байсан тэгээд яагаад энэ доогуур орчхов гээд талийгаачийг татахад хөдлөхгүй байсан би татаад дийлэхгүй байсан тэгээд намайг орилоод байж байхад Х гэрээс гарч ирсэн тэгэхэд тэр манайд байсан тэгээд хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 64-66/
6. Гэрч Д.Бат-Өлзийгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би талийгаачийн ар талийн хашаанд байдаг 2019 оны 03 дугаар сарын 20-ны 12 цаг үед талийгаачийн гэрт ороход талийгаач нэлээн согтуу Сгийн эхнэртэй хамт байсан нэрийг нь мэдэхгүй талийгаач надаас Өлзий эгчээ 6000 төгрөг зээлээч гэсэн тэгэхээр нь би мөнгө байхгүй гээд гараад явсан. Намайг тэднийд ороход талийгаачийг дайрсан саарал машин хашааны үүдэн дээр зогсож байсан тэгээд 2-3 цагийн дараа хашаандаа оруулсан гэрийн ертөнцийн зүгээр баруун талд байсан. Тэгээд орой гэртээ байж байтал цаг хараагүй хүүхэд нь ээжээ гээд орилоод байсан тэгээд гараад ирсэн чинь талийгаач машины доор хашааны үүдэн дээр хэвтэж байсан талийгаачийн нөхөр Сүхээ би хүн алчихлаа гээд 2 гараа өргөөд сарваганаад байсан тэгтэл цагдаа машин руугаа хийсэн намайг гэрээс гарахад цагдаа ирсэн байсан... С ямар нэг зүйл хэлээгүй тухайн машины хамрын урд суусан байсан тэгээд цагдаагийн хамт тэндээс хойшлуулсан. С согтуу түүний эхнэр Сүхээ нар согтуу байсан тэд нар 2019 оны 03 дугаар сарын 19-нд архи уугаад 2019 оны 03 дугаар сарын 20-нд архи уугаад 2 хоног архи ууж байгаа. Сүхээ нь эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаж байсан зүйл ажиглагдаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/
7. Гэрч Х.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
… 2019 оны 03 дугаар сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад гэртээ хүүхдээ хөхүүлээд байж байхад талийгаач Эийн охин Улаанкаа орж ирсэн бүтэн нэрийг нь мэдэхгүй манайд гаднаас орилоод уйлаад ороод ирэхээр нь яав гэж асуухад “та гараад ээжийг авраач ээжийг аав машинаар дайрсан байна та авраач” гэхээр нь гэр лүү нь гүйгээд очсон чинь хашааныхаа үүдэнд талийгаач машинд дайруулсан доогуур нь байсан тэгтэл түргэн зэрэгцэж ирсэн тэгээд үзээд өнгөрсөн байна цагдаа дууд гэсэн тэгээд би цагдаад дуудлага өгсөн тэгээд намайг яриад байж байтал цагдаа нар ирсэн. Би талийгаачийг 2 жилийн өмнөөс танина хүүхэд нь манайхаар орж гардаг байсан талийгаачтай 2019 оны 03 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед манай хажуу талын айлд нөхөр Сүхээ болон Сгийн хамт машинаараа буюу талийгаачийг дайрсан саарал өнгийн машинаар нүүрс авч ирж өгсөн тэгэхэд бага зэрэг архи үнэртэй байсан нэг их согтуу байгаагүй намайг тэвэрч аваад эгч нь чамд хайртай шүү миний хүү танайх нүүрсгүй болж байгаа бол маргааш нүүрс аваарай гэж байсан тэгэхэд нь би за яах вэ гэж хэлж явуулсан. Тэгэхэд талийгаачийн нөхөр Сүхээ нь машинаа өөрөө унаж ирээд буцаад унаад явсан тэгэхэд Сүхээ нь нэлээн согтуу байсан манайх талийгаачийнхтай нэг хамар хашааны цаана наана байдаг. Талийгаачийн охин танд яг яаж байгаад талийгаач машинд дайруулсан талаар хэлээгүй харин аав ээжийг машинаараа дайрсан байна гэж хэлсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/
8. Гэрч М.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...2019 оны 03 дугаар сарын 20-ний 21 цаг 30 минутанд нэг эрэгтэй хүн 80770141 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн нэгнийгээ дайрчихлаа гэсэн тэгтэл цаана хүмүүс орлилдоод байсан болохоор нь би олон зүйл асуулгүй шууд хаягийг нь аваад утсыг нь тасалж дуудлагатай явж байсан эмч руугаа залгаж хаягийг нь хэлсэн надад хэлсэн хаяг нь 3-9-26 тоот гэсэн тэгтэл тэр хаяг нь дээр байхгүй байна гэсэн. Би дахиад дуудлага өгсөн дугаар луу залгаад утсаа авахгүй байж байгаад авсан тэгтэл түргэн ирж байна гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 58-60/
9. Гэрч Г.Оюундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 03 дугаар сарын 20-ний 21 цаг 30 минутанд 3-9-26 тоотод дуудлагаар очиход хаяган дээрээ байхгүй байсан... харин 3-9-12 тоотод очиход 34-04 БНХ улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан ба урд хоёр дугуй нь эмэгтэй хүн дээгүүр давж зогсож байсан. Би эмэгтэйг очиж үзэхэд ухаангүй 2 нүдний хүүхэн хараа жигд өргөссөн гэрлийн урвалгүй захад судасны лугшилт мэдэгдэхгүй бие нь цэв хүйтэн толгойноос нь их хэмжээний цус газарт урссан хажууд нь нөхөр гэх согтуу хүн сөхрөөд суусан ямар ч орчны харьцаагүй согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 61-63/
10. Гэрч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр найз Бийнд очоод байж байтал гадаа нь машин ирээд нүүрс буулгасан тэгсэн нэг эгч Бийг манайд очъё гэсэн тэгтэл Б жаахан байж байгаад араас чинь яваад очъё гэсэн тэгээд байж байтал Б намайг хоёулаа тэр эгчийнд очоодохъё гэсэн тэгээд хамт очоод гэрт нь ортол 2 эмэгтэй 2 эрэгтэй хүн ундааны савтай архи юм уу цэвэр ус юм уу нэг зүйл уугаад сууж байсан тэгээд ороод удаа ч үгүй байж байтал нэг ах ажил руугаа явлаа гээд түлхүүрээ аваад гарсан тэгээд байж байтал түүнтэй хамт байсан ах гадаа машин асчихлаа гэхэд нэг тарган эгч гэрээс гараад явсан тэгээд тэр ах сууж байснаа 5 минут л болсон байх араас нь гэрээс гарсан тэгээд Б бид хоёр гэрт үлдсэн нэг эмэгтэй эгч орны хажууд сууж байсан тэгээд байж байтал Б түрүүлж гэрээс би араас нь гараад очиход хашааны үүдэн дээр нэг охин уйлаад түргэн дуудаач гээд байж байсан машин доогуур эмэгтэй хүн харагдсан жолооч талын хаалга онгорхой нэг ах хажууд нь суусан сүүлд гэрээс гарсан ах машин урд сууж байсан тэгээд Б түргэн дуудсан тэгээд би Бөд хэлээд явлаа шүү гэхэд яв яв гэсэн тэгээд би гэр лүүгээ явсан Бийн ирэхдээ эм авах гэж яваад замаараа орсон байсан болохоор тэндээс гараад эмээ аваад гэртээ очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
11. Гэрч Д.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сынхтай ойрхон байдаг учраас эхнэр Оийн хамт очсон тэгтэл С ажил дээр нүүрс ирчихлээ гэнэ хамт явчхаад ирье гэхээр нь түүний ажилладаг Их тайга 2 зоогийн газар очиж нүүрсийг буулгаж зуухны өрөө руу нь нүүрсийг нь зөөж өгчхөөд гэрт нь буцаж ирэхэд талийгаач манай эхнэр би С бид 4 цуг явсан. Гэрт нь ирээд хоорондоо ярилцаж байгаад 1 шил архи уучихъя гээд Элбэг дэлгүүр лүү С ахын хамт яваад би гудамжны үзүүр дээр байж байхад тэр ороод зээлээд аваад ирлээ гээд “Нутаг” нэртэй 2 шил архи аваад С машинаа гэрийнхээ баруун талд оруулж тавьсан. Гэрт нь ирээд архи уусан тэгээд дуусгаад байж байтал талийгаач Э, С нар Сын ажил руу хоёулаа явъя нүүрс хийсэн очихгүй бол болохгүй тэндээ хононо гэж хэлээд гэрээс хамт гарсан тэгэхэд эхнэр бид хоёр гэрт нь үлдээд жаахан байж байгаад явъя гэж би хэлэхэд талийгаач болон түүний нөхөр С хоёр тэг тэг жоохон байж байгаад цоожлоод явчих охин руугаа ярихад удахгүй очлоо гэж байгаа бололтой байсан тэгээд эхнэр бид хоёр гэрт нь үлдээд манай эхнэр тасраад унтаад өгсөн тийм зүйл болсныг мэдээ ч үгүй мэдвэл сүүлд нь мэдсэн байх. Намайг гэрт нь байхад талийгаач Сын хамт гэрээс гараад машин дуугарч л байсан би тоогоогүй тэгтэл гэнэт хүмүүс ээ чааваас гээд орилоод шуугилдаад байхаар нь гараад хартал талийгаач хашааны үүдэн дээр Сын машин доогуур харагдаж байсан тэгээд цагдаа түргэн ирсэн... С балмагдаад одоо би яана гээд уйлаад сандраад байсан... гэх мэдүүлэг. / хх-ийн 67-68 /
....Талийгаач Э С хоёр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй талийгаач Э миний хань ажил руу чинь хамт явъя гээд Сын хамт гэрээс гарсан. Талийгаачийн хэл яриа нь цэвэр тод юм ярьж байсан гуйвж дайвсан зүйл байхгүй миний харахаар тийм байсан бид 4-үүлээ 0.75 литрийн шилтэй архи хувааж уусан өөр нэмж архи уугаагүй тэгээд би гэрээс гарахад нь С ахыг такси бариад явчихгүй юу машинаа үлдээчихгүй юу гэхэд гайгүй биз гээд гэрээс гараад явсан. гэх мэдүүлэг. / хх-ийн 73-74 /,
... хүн орилох шиг болсон тэгэхээр нь гэрээс нь гараад машины жолоочийн талын хаалганы харалдаа ирэхэд талийгаач доогуур нь харагдаж байсан тэгэхээр нь би урдуур нь тойроод машины урд талд сөхрөөд суусан тэгээд цагдаа нар ирээд би боссон ямар хүмүүс байсныг санахгүй байна 2-3 хүн харагдах шиг болсон Ийм зүйл болоогүй надад тэгж хэлсэн зүйл байхгүй талийгаачийн охины найз охиныг зүс танина цуг яваад байдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90/
12. Гэрч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Э нөхөр С, С түүний эхнэр нар манайд ирж 1 шуудай нүүр 5000 төгрөгөөр зарсан тэгээд талийгаач намайг манайх руу явах уу миний хүү гэсэн тэгээд би араас нь яваад очъё гээд араас найз Оросоогийн хамт талийгаачийн гэрт яваад очтол тэр 4 гэртээ архи уугаад сууж байсан тэгээд тэр архинаас Сүхээ ах бид хоёрт нэг нэг хийж өгөөд бид хоёр уугаад байж байтал дахиад “Нутаг” нэртэй архи гаргаж ирээд бид хоёрын хамт 4-үүлээ ууж эхэлсэн тэгээд удаачгүй байж байтал Сүхээ ах ажил руугаа явлаа гээд гэрээс гараад машинаа асаасан тэгсэн С ах талийдагт цаадах чинь машинаа асаачихлаа гэхэд талийдаг юм хэлэлгүй гараад явсан тэгээд удаа ч үгүй явж байтал С ах гэрүүгээ явлаа гээд араас нь гарсан тэгээд байж байтал Сгийн эхнэр гэрээс гарсан тэгээд Орсоо бид хоёр гэрт нь үлдсэн тэгээд удаачгүй хүн орилоод байхаар нь Орсоо бид хоёр цуг гараад хартал С ах машины урд суусан Сүхээ ах үрүүл талын хаалгаа онгойлгоод суусан хүүхэд нь ээжийг дайрсан байна ш дээ түргэн дуудаач гээд намайг тэгсэн тэгээд түргэн би дуудсан тэгтэл түргэн удаа ч үгүй 5 минут болсон байх ирсэн би түргэн дуудахдаа хаягийг нь мэдэхгүй өөрийн гэрийн хаяг болох 3-9-26 тоот хаягийг хэлсэн тэгсэн түргэн ирээд нас барсан байна гэтэл цагдаа нар түргэнтэй зэрэгцээд ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72/
13. Гэрч Л.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаач Э утсаар манай нөхөр Х бид хоёрыг гэртээ дуудсан хэдэн цаг болж байсныг би мэдэхгүй байна тэгээд гэрт очоод Сын ажлын газар очиж 4-үүлээ нүүрс буулгачхаад буцаад гэрт нь ирсэн тэгээд бөөндөө ярилцаад архи уухаар болсон талийгаач урд өдөр нь төрсөн өдөрт ороод ирсэн халамцуу байсан тэгээд архи ууж эхэлсэн нэлээн л уусан тэгээд би юу болсныг мэдэхгүй нэг сэрэхэд хүмүүс цагдаа ирлээ гээд орилоод байсан тэгээд би гэрт унтаж байгаад айгаад нүүрсний хажууд хэвтээд өгсөн тэгээд тэндээ унтсан байсан тэгээд 2 цагдаа намайг бос гэхээр нь би орилоод гэрүүгээ гүйгээд гэртээ ороод унтаад өгсөн мэдэх зүйл бол энэ гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/
14. Арван найман насанд хүрээгүй гэрч Э.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 03 дугаар 20-ны орой би цагийг нь сайн санахгүй байна би найз Оын хамт гадуур явж байгаад гэр болох 3-9-12 тоотод ирэхэд аав машинаа асаагаад хашааны том хаалгаар хойшоо ухраагаад зогссон машин нь асаалттай хойшоо хөдлөх гээд чадахгүй байсан тэгэхээр нь би аавыг согтуу машинаа унаж хайчих гээд байгаа юм ээж хаана байна гэхэд ээж чинь айл руу орсон байх гэсэн тэгээд байж байтал надтай хажууд цуг явсан охин ээжийг машин доогуур орсон байхыг хараад машин доогуур хүн орсон байна гээд орилсон тэгээд би ээж босооч гээд орилоход дуугараагүй улмаар гэр тусаагаад харахад толгойн хэсгээс нь цус гарсан байсан тэгээд түргэн дуудаач гэж орилоход гэрээс 2 хүн гарч ирээд Б ах түргэн дуудсан тэгээд намайг хажуу талын айлд ороод байж бай гээд дагуулж орсон ороод байж байтал түргэн цагдаа ирсэн. Манай найз охин О машин доогуур хүн байна гэхэд аав С машины үрүүл дээр суусан Х ах машины урдаас нь түрсэн байдалтай машинаа хойшоо ухраах гэхэд машин нь хөдлөхгүй улмаар урагшаа хойшоо хөдөлгөөд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 77-80/
15. Гэрч М.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 03 дугаар сарын 20-ны орой талийгаачийн охин Цын хамт Хөх толгойд манай эгчийнд хамт байж байгаад орой 20 цагийн үед Цын ээж түүн руу залгаад хаана байгаа талаар асууж байсан ер нь байнга ээжтэйгээ ярьдаг, уг нь бол манай тэр эгчийнд хонох гэж байсан юм тэгээд байтал Ц би гэртээ харимаар санагдаад байна би гэртээ харьчхаад ирье гээд надад хэлэхээр нь би түүнийг орой болсон болохоор нь ганцааранг нь яаж явуулах вэ гээд хамт манай эгчийнхээс 20 цаг 40 минутын үед гараад 21 цаг 30 минутын үед Цын гэр болох 10 мянгатын 3-9-12 тоотод очсон тэгээд бид хоёр түүний гэрийн урд талын гудамжны нарийнаар гараад иртэл Цын аав С ах нь хашааны том хаалганаас хойшоо ухраад гараад зогссон байдалтай хойш нь хааз өгөөд тэр машины урдаас С ах түрж байсан тэгтэл машин нь хөдлөхгүй байсан тэгсэн Ц ээжийгээ аавтайгаа хамт гарах гэж байна гэж бодоод машины жолоочийн ард талын хаалгыг онгойлгоод хартал ээж нь байхгүй байсан тэгээд ааваасаа асуухад мэдэхгүй энэ хавиар айл руу орсон байх гэж хэлж байсан тэгээд би жолоочийн хаалгыг онгойлгоод С ахыг согтуу машин барьж яах гээд байгаа юм гэж хэлэх гэхэд хаалга нь эхэндээ онгойхгүй байсан тэгсэн хажуугаас Ц онгойлгож өгсөн тэгээд бид хоёр С ахад зэрэг согтуу байж машинаасаа буугаач гэхэд чамд хамаагүй хойшоо холд гэсэн тэгэхэд нь би С ахыг урдаас нь түрсэн байхаар нь “та нэгнийгээ согтуу байхад битгий уруу татаад машинтай нь гаргах гээд байгаач” гэж загнахад С ах түрэхээ болиод хамрын урд зогссон тэгээд машин доогуур нь чулуу, блок тээглэсэн юм байхдаа гэж бодоод доогуур нь хартал хүний толгой байсан тэгээд ахиулаад харахад хүн хэвтэж байсан тэгээд би Цт доогуур нь хүн байна аавыгаа битгий хойш нь ухруулаарай машиныг нь унтраа гэж хэлсэн тэгсэн тэгээд Ц утасныхаа гэрлийг тусгаж байгаад хартал ээж нь байсан тэгээд “аав ээжийг дайрсан байна ш дээ гээд аавыгаа боль” гэж загнаад машиных нь түлхүүрийг хариулж машиныг унтраасан улмаар түргэн дуудаач гээд орилоход гэрээс нь 2 ах гарч ирсэн тэгсэн тэр хоёр ахын нэг нь түргэн дуудсан тэгээд би талийгаачийн гараас татах гэхэд дийлэхгүй байсан мөн С ах машин дотроо хаалгаа нээчхээд хаалганыхаа доогуур хараад ямар нэг зүйл ярихгүй суугаад байсан мөн тэр машины урд байсан С ах гэрээс гарч ирсэн ах нар хараад л зогсоод байсан тэгээд байж байтал С ах машинаасаа буугаад талийгаачийн хажууд өвдөглөж суугаад дуу гаргахгүй гараас нь бариад суугаад байж байгаад нэлээн удсаныхаа дараа С ах цагдаа дууд нас барсан байна гэж хэлсэн тэгэхэд цагдаа, түргэн хоёрыг дуудсан байсан тэгээд би эргэж хараад Цыг хартал байхгүй болсон тэгтэл хажуу талынхаа айлд гүйгээд ороод ирсэн байсан тэнд орж би түүнийг аргадсан гэх мэдүүлэг /хх-ийн 86-88/
16. Гэрч Д.Ягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Манайх эхээс долуулаа би том эгч нь байгаа юм Д.С нь Говь- Алтай аймгийн төвд эцэг эхийн гар дээр сургууль цэцэрлэг дамжиж өссөн 10 дугаар ангиа Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр сургуулийг онц дүнтэй төгсөөд Улаанбаатар хот Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн сургууль аваад төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн одоогоор бол Хөдөө аж ахуйн их сургууль. Тэнд багшилж байх хугацаандаа Хандаа гэх хүнтэй гэр бүл болж суугаад тэр хоёрын дундаас 2 охин гарсан удаа ч үгүй эхнэр Хандаа нь 2 хүүхдээ төрлийндөө үлдээгээд орхиод Солонгос яваад сураггүй болоод түүнээс болж архи хэрэглэж эхэлсэн гэж би боддог тэгээд Баянхонгор аймагт Хонгор дээд сургууль шинээр байгуулагдсан тэгээд Нягтлан бодох бүртгэлийн багш тэнхимийн эрхлэгчээр ирээд байж байгаад тус сургууль нь татан буугдаад ажилгүй болоод захиргаанд жижүүрээр ороод архинаас болоод гарсан тэгээд явж байж байгаад талийгаачтай танилцсан байдаг. Ер нь С хүний үгэнд сайн ордог өөрөө төлөв даруухан хүний өмнөөс ямар нэг хэрүүл маргаан үүсгэдэггүй хүнтэй зөв харьцдаг ах эгч нарынхаа үгэнд ордог гол нь архи уудгаа бид нарт хэлдэггүй байсан учир нь бид нар хол байдагтай холбоотой байх. Би талийгаачтай ер нь Сын талаар сайн ярьдаг байсан тэгэхэд С бид хоёр болж байна надад халамжтай архи бол тэгтлээ их уудаггүй ажилсаг сайн талаар хэлж байсан. С нь тооны ухаанд сайн дуу дуулах сонирхолтой сайхан дуулдаг. Боловсролын тал дээр хэнээс дутахааргүй айлын дээрээс 4 дэх хүүхэд байгаа юм. Талийгаач Этэй танилцаад 8 жил нэг гэрт ороод 5 дахь жилдээ амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/
17. Гэрч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Миний доод талын дүү олон жил нэг дор байсан даруухан, үг дуу цөөтэй хүний үгийг их сайн явдаг 1997 онд Хөдөө аж ахуйн их сургуульд эдийн засгийн сургуульд Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч багш хийж байгаад 1998 онд Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургууль шинээр байгуулагдаад тэнд Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч, багш, нягтлан бодогчийг 2005 он хүртэл хийж байгаад 2005 оноос Баянхонгор аймагт Хонгор дээд сургууль байгуулагдахад ирж Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэг, багш хийж байсан төгссөн мэргэжлээрээ гайхагддаг түүний шавь нар нь хүртэл гайхагддаг. Өөрийнх нь багш нь Баянхонгорт сургууль байгуулаад ирсэн байдаг. Хүний хувьд хүн чанар мундаг хүнд их тусархуу ах эгч нартаа ажил төрөл хийдэг байхдаа их тусалдаг байсан. Тэр үед архи хэрэглэдэггүй байсан 2005 оноос хойш Улаанбаатар хотод ирж байгаагүй сонсохнээ Баянхонгор аймагт ирээд архинд ороод ийм асуудалтай учирсан. Гарын эв дүй сайтай сурсан сургуулиа алтан медальтай төгссөн мундаг хүн. Дээд сургуулиа төгсөөд тэндээ багшаар үлдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 93-94/
18. Гэрч Р.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Баянхонгор аймгийн дунд зах буюу “Дэлгэрэх” худалдааны төвд худалдагч хийгээд 6-7 жил болж байна. Тийм зүйл байгаа тухайн үед надаас 2 удаа их хэмжээгээр бараа бүтээгдэхүүн аваад баримт бичүүлчихье гэж хэлж байсан яг ямар хүн байсаныг нь санахгүй байна наад үзүүлж байгаа падан бол яг миний бичсэн баримт мөн байна үнийн дүнг нь буруу бичээд би өөрөө засвар оруулсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн 211-212/
19. Баянхонгор аймийн “Энх-Нахиа” ХХК-ний 2019 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 187 дугаар
1. Ассент маркийн 34-04 БНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 1200.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-98/
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2018 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч Д.Сын гэх цус нь АВО системээр /01/ бүлгийн харьяалалтай байна. гэх дүгнэлт /хх-ийн 115 /
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 2017 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн “С УГ64080171” гэсэн хаягтай цусанл 1,6 промилли спиртийн зүйл илрэв.
2. Цусанд 1,6 промилли спиртийн зүйл илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
Жич: Шинжилгээнд ирүүлсэн цус бага хэмжээтэй тул химийн хорт бодисын агууламж тодорхойлох шинжилгээнд хүрэлцэхгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 120-121/
22. Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 19/03 дугаар
Жолооны хүрдний сул явалт 10 градусаас хэтрээгүй, системээс тос гоожоогүй, сул хөдөлгөөн багатай байгаа боловч, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ алдагдсан нь урд гарнуудыг хооронд нь арматурын төмөр барьж хөдөлгөөнгүй бэхэлсэнтэй холбоотой. тулгуур эд ангиудын бэхэлгээ сайн, сул хөдөлгөөн багатай байв.
Автомашины урд, хойд талын ажлын тормосны ажиллагаа жигд, сайн, гэрэлтүүлэх хэрэгслүүд, ялангуяа ухрах арааны гэрэл ажиллагаатай байгаа нь зам, тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас шалтгаалсан нөхцөл байдал үүсээгүй, жолооч аюул тохиолдсон үед автомашиныг зогсоох арга хэмжээ авч чадаагүйтэй холбоотой гэж дүгнэлээ.
23. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 24 дугаар:
1. Талийгаач Д.Эийн биед цээжний хэнхэрцэг зүүн талд 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирга нугалмын хажуугийн шугамаар 2,3,4,5,6,7,8,9 дүгээр хавирга эгэмний дунд шугамаар, баруун талд 1,2,3,4,5,6 дугаар хавирга суганы урд шугамаар_ 1,2,34,5 дугаар хавирга нугаламын хажуугийн шугамын шууд болон шууд бус хоёрчилсон хугарал, зүүн атгаал ясны далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуун зулай хэсгийн цус хуралт, дээд уруул, зүүн бугалгад шарх, дух, хацар, хамар, дээд уруул, доод эрүү, бугалга, өвдөг, хэвлий, ташаа, өгзөг, нуруунд зулгаралт, шилбэ, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2. Талийгаач нь цээж, хэвлий дарагдах хэлбэрийн амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ
3. Талийгаач нь бөөрний аяганцар тэвшинцрийн архаг үрэвсэл, элэгний хатуурал, зүрэхний булчингийн зузаарал өвчинтэй байсан ба энэ нь үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй болно.
4. Талийгаачийн цус болон цөсөнд хийсэн химийн шинжилгээгээр цусанд 2.4% промилли, цөсөнд 2.3% промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
5. Талийгаачийн цус нь / 01/ бүлгийн харьяалалтай байна.гэх мэдүүлэг /хх-ийн 133-137/
24. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ний өдрийн 17 дугаар
1. Жолооч Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Тухайн зам тээврийн олсол болсон шалтгаан нь жолоочийн буруутай үйлдлээс болж гарсан байх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй болно.
4. Цагдаагийн байгууллагын мэдээллийн сан жолоочийн лавлагаанаас шүүхэд Дагвадорж овогтой С нь 21118 дугаартай ВС ангилалын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна гэх дүгнэлт /хх-ийн 127-128/
25. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасаг шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 23 дугаар
1. Тухайн осол хэрэг болсон гэх газрыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.21-д зааснаар “зорчих хэсэг” гэдэгт “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан замын хэсэг. Зам нь тусгаарлах зурвасаа зааглагдсан хэд хэдэн зорчих хэсэгтэй байж болно” гэж заасан тул зорчих хэсэг гэж үзэхгүй. Харин Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д зааснаар “ Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэдэг нь “Замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэр хамаарна. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт шаардлагыг мөрдөнө ..” гэж зааснаар уг осол болсон гэж газар нь замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарна.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.18-д “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр, замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэр хамаарна. Замын зэргэлдээх нутаг дэвсгэр дотор энэ дүрмийн заалт шаардлагыг мөрдөнө” гэж зааснаар хашааны үүд болон хашаан дотор хэсэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн гарсан хүний амь нас эрүүл мэнд хохироосон тохиолдолд зам тээврийн осол гэж үзнэ...гэх дүгнэлт /хх-ийн 203-204/
26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2019 дугаартай шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн “хялгасны ширхэг” гэж хаягласан хар өнгийн 3 хэсэг хялгас мэт зүйл нь үс биш байна.
2. “Тээврийн хэрэгсэлийн зүүн хойд талын дугуйнаас үс” гэж хаягласан үс мэт зүйлс, тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуйнаас” гэж хаягласан үс мэт зүйл 1 ширхэгт нь хайрсны хээ голчийн бүтэцтэй байх тул үс байна. Эдгээрийн үзүүр хэсэгтээ булцуу илрээгүй тул ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Иймд хүнийх эсэхийг тогтоох боломжгүй.
3. “Хялгасны ширхэг” гэж хаягласан хар өнгийн урт үс мэт зүйлст хайрсны хээ голчийн бүтэцтэй байх тул үс байна, үсний уг хэсэгт булцуу илэрсэн тул ДНХ- ийн шинжилгээнд тэнцэнэ.
4. “Хялгасны ширхэг” гэж хаягласан хар өнгийн урт үс нь ДНХ-ийн тогтолцоогоороо нэг эмэгтэй хүний үс байна. гэх дүгнэлт /хх-ийн 195-198/ хавтаст хэргийн 181-183 дугаар хуудсанд авагдсан хохиролын баримтууд, , хавтаст хэргийн 02-05 дугаар хуудсанд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, , хавтаст хэргийн 6-15 дугаар хуудсанд авагдсан замын цагдаагийн газрын хэрэг, осолын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хавтаст хэргийн 43-47 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн авто машин битүүмжилсэн тухай тогтоол тэмдэглэлүүд хавтаст хэргийн 158-163 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Д.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай тодорхойлолт, болон хохирогчоос хохирлын 4 хуудас нотлох баримтыг гаргасан зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг гэм буруу эрүүгийн хариуцлага гэсэн хоёр шаттай явагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Д.Сын гэм буруугийн талаар мэтгэлцэх зүйлгүй, гэм бурууг нь хүлээн зөвшөөрч байгаа иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багаггүй ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.С нь 2019 оны 03 сарын 20- ны орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг 3-9-12 тоот хашааны үүдэнд шороон зам дээр 34-04 БНХ улсын дугаартай аксент маркийн тээврийн хэрэгслийг 2.80 хувийн согтуугаар жолоодон машиныг ухраан замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 3.7а-д заасан “жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, ухрах хөдөлгөөн хийх үедээ машины ард байсан иргэн Д.Эийг дайрч амь насыг хохироосон үйл баримт болсон нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ж, гэрч Х.Э, Д.Х, С.Б, Л.О, Э.Ц, М.О нарын мэдүүлэг, Үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 187, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017, 2018, 2019, Баянхонгор аймаг дахь Шүүхнийн шинжилгээний албаны 24, Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны 17, 23, Баянхонгор аймгийн авто тээврийн төвийн 19/03 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Сыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч Д.Сүхбатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ж нь найман сая наян найман мянга дөрвөн зуун / 8088400 / төгрөг нэхэмжилсэн баримтыг хавтаст хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хохирол нөхөн төлөх зорилгоор таван минутын завсарлага авсаны дараа шүүгдэгч Д.Саас хохирогч Д.Жд хоёр сая төгрөг төлж хохирогчийн зүгээс үлдэгдэл зургаан сая наян найман мянга дөрвөн зуун / 6088400 / төгрөг нэхэмжилсэн боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж шүүгдэгч Д.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,...ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Ст тухайн зүйл заалтад заасан ял шийтгэлийг хүлээлгэж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Д.Ст тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж уг ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолох зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Сын эзэмшлийн “аксент” маркийн 34-04 БНХ авто машиныг битүүмжилсэн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Д.Ст хэрэгцээний дагуу буцаан олгож шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Сын 021118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, 01134958 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0837290 дугаартай татварын гэрчилгээ, архины шил нэг ширхэг, рунк нэг ширхэг, бор өнгийн түрийвч нэг ширхэг, 100-тын дэвсгэрт нэг ширхэг, 500-тын дэвсгэрт нэг ширхэг, 1000-тын дэвсгэрт нэг ширхэг, үс мэт зүйл 4 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 021118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд, 01134958, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0837290 дугаартай татварын гэрчилгээ, бор өнгийн түрийвч нэг ширхэг, 100-тын дэвсгэрт нэг ширхэг, 500-тын дэвсгэрт нэг ширхэг, 1000-тын дэвсгэрт нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Ст буцаан олгож, архины шил нэг ширхэг, рунк нэг ширхэг, үс мэт зүйл 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байх тул түүнийг ял шийтгүүлж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Д.Сыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Д.Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж, хоёр жил зургаан / 02 жил 06 сар / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Д.Ст хоёр жил зургаан / 02 жил 06 сар / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Д.Ст хоёр / 02 / жилийн хугацаагаар хөдөлмөрлөх дадал олгох сургалтадл хамрагдах үүргийг хүлээлгэж, хэрэгжүүлэхийг нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар таван / 05 / жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч Д.Жы нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Сын эзэмшлийн аксент маркийн авто машиныг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, уг авто машиныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Ст буцаан олгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Д.Сын 021118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх, 01134958 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0837290 дугаартай татварын гэрчилгээ, архины шил нэг ширхэг, рунк нэг ширхэг, бор өнгийн түрийвч нэг ширхэг, 100-тын дэвсгэрт нэг ширхэг, 500-тын дэвсгэрт нэг ширхэг, 1000-тын дэвсгэрт нэг ширхэг, үс мэт зүйл 4 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, 021118 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг ЦЕГ-ын лицензийн төвд, 01134958, дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0837290 дугаартай татварын гэрчилгээ, бор өнгийн түрийвч нэг ширхэг, 100-тын дэвсгэрт нэг ширхэг, 500-ын дэвсгэрт нэг ширхэг, 1000-тын дэвсгэрт нэг ширхэг зэргийг хэрэгцээний дагуу эзэмшигч Д.Ст буцаан олгож, архины шил нэг ширхэг, рунк нэг ширхэг, үс мэт зүйл 4 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн өөрчилж энэ өдрөөс цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 06 дугаар сарын 06-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ