| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0153/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2019-06-06 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 163
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Улсын яллагч: П.Мөнхтуяа,
Шүүгдэгч: Д.Т, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор Э.Гантулгаас Д.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002700201 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 27-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Д.Т
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: Д.Т нь тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4 дүгээр багийн нутаг “Хонгио сүүж” гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 10-15-ны өдрийн хооронд иргэн Д.Дын эзэмшлийн 5 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж Д.Дт 3200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед сумаас гараад “Баян ус” гэх газарт очтол Д ахын адуу ус уугаад гарч байхаар нь 5 тооны адууг нь тасдаж авааж Гурванбулаг суманд мал авч байсан хүнд өгөөд 2300000 авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-60/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Хохирогч Д.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр сумын төвөөс гарч 4 дүгээр багийн нутаг Хонгио сүүж гэх газарт байх адуугаа очиж үзэхэд манай адуу байхгүй байхаар нь адуугаа хайж байгаад Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутгаас хагас адуугаа олсон. Манай адуунаас 5 тооны адуу буюу 3 гүү, 2 даага алга байсан. Би манай адууг Т хулгайлсан байж магадгүй гэж бодож байна. Би өөрийнхөө адууг хэн нэгэнд харуулж байгаагүй би өөрөө эргэж тойрч хардаг байсан. Т нь миний хохирлыг барагдуулсан тул надад одоо нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 28-31/
4. Гэрч С.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2018 оны 12 сарын 15-20-ны хооронд намайг Гурванбулаг суманд адуу худалдаж авч байхад Т гэх залуу 5 тооны адуу авчирч өгч байсан. Уг адууг Т нь ганцаараа мотоциклоор тууж авчирч өгсөн... /хх-ийн 34-36/
5. Гэрч Л.Мэндбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 01 дүгээр сарын 07 эсхүл 08-ны өдөр байсан яг хэзээ эсэхийн нарийн сайн санахгүй байна. Амгаланбаатар надад утсаар залгаад мах авах уу адууны мах өгөөдөхье гэхээр нь би түүнээс авхаар болоод тэдний гэрт нь явж очсон юм. Тэнд очиход нядалж, эвдэлж тавьсан адууны мах байсан. Тус махыг нь жигнэж үзэхэд 278 кг мах болсон ба 1 кг-ыг нь 50.00 төгрөгөөр нийтэд нь 1.400.000 төгрөгт авсан юм. Тэр тухайн үед хүнээс өрөндөө авсан мах юм байгаа гэж байх шиг байсан. Би түүнийг хулгайны мах болохыг нь мэдээгүй юм. Нэмж хэлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/
6. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 143 дугаар шинжээчийн:
1. Нас гүйцсэн гүү 3 толгой нэг бүрийн үнэ 800.000 төгрөг
2. Даага 2 толгой нэг бүрийн үнэ 400.000 төгрөг нийт 3200.000 гурван сая хоёр зуун мянган төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/
7. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 241 дугаар шинжээчийн:
1. Мустанг-5 маркийн мотоцикль 370.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/ болон, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан шүүгдэгч Д.Тын урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 62 дугаар хуудсанд авагдсан багийн Засаг даргын тодорхойлолт, хавтаст хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангиay 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Т нь 2018 оны 12 дугаар сарын 10-15-ны өдрийн хооронд тээврийн хэрэгсэл ашиглан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 4 дүгээр багийн нутаг “Хонгио сүүж” гэх газраас иргэн Д.Дын эзэмшлийн 5 тооны адууг бэлчээр дээрээс нь хулгайлж Д.Дт 3200000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хавтаст авагдсан хохирогч Д.Д, гэрч С.Н, С.Мэндбаяр нарын мэдүүлэг болон 143, 241 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Тыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Уг хэрэгт шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Д.Тын эзэмшлийн мустанг маркийн мотоцикль буюу түүний үнэ гурван зуун далан мянган / 370.000 / төгрөгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Тыг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Д.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар ялтан Д.Тд зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж, хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар ялтан Д.Т нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Т нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Д.Т нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан мустанг маркийн мотоциклыг хураан авч битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг мотоцикль буюу түүний үнэ гурван зуун далан мянган / 370.000 / төгрөгийг шүүгдэгч Д.Таас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Тт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ