Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 1862

 

 

Ж.Сайнжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04937 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Сайнжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.Мөнхжаргалд холбогдох

 

Түрээсийн төлбөрт 10 800 000 төгрөг, алдангид 5 400 000 төгрөг, нийт 16 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алимаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түрээслэгч Ж.Мөнхжаргалтай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө түрээсийн зардал 1 000 000 төгрөг, ашиглалтын зардалд 80 000 төгрөг, барьцаанд 1 000 000 төгрөг, нийт 2 080 000 төгрөг бэлнээр авч, эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдэн гэрээ байгуулж, цаашид түрээсийн төлбөр болох 1 000 000 төгрөгийг сар бүр төлж байхаар тохиролцсон юм. Гэтэл Ж.Мөнхжаргал нь төлөхгүй удаа дараа намайг хуурч мэхэлж, их ажил хийж байгаа хүний дүр үзүүлж, удахгүй найз нь түрээсийн мөнгөө төлнө гэж хуурч явсаар 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр болгосон. Энэ өдөр би Ж.Мөнхжаргалтай уулзаж, ярилцаад чи 3 сарын түрээсийн төлбөрөө төлсөнгүй, төлбөрөө төл, эсхүл өрөөнөөс гар гэж хэлэхэд хариуцагч нь би өрөөнөөс чинь гарахгүй, миний ажил урагштай сайхан явагдаж байгаа. Надад энэ өрөө их өгөөжтэй байгаа, одоо найз нь маш том гэрээ хийх гэж байгаа гээд утсан дээрээсээ миний тооцож чадахааргүй их мөнгөн дүнтэй ажлын гэрээ харуулж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний буюу гэрээний хугацааг дуустал түрээсийн төлбөрөө төлөхгүй байж байгаад нэгмөсөн 6, 6 сараар түрээсийн төлбөрөө өгч байя гэж хэлсэн. Би өмнөх төлбөрөө төлөөгүй байхад чамд яаж итгэх юм бэ гэж асуухад Ж.Мөнхжаргал хоёулаа гэрээгээ сунгаад нотариатаар батлуулчихья гэсэн. Би нотариатаар батлуулахаар албан ёсных болох юм байна гэж итгээд саналыг зөвшөөрч гэрээгээ сунгахаар нотариат дээр очсон. Бидний анх байгуулсан гэрээ засвартай байсан. Яагаад гэвэл улсын бүртгэлтийн дугаар байхгүй, өрөөний хэмжээг 45 м.кв гэж бичсэн байсан юм. Нотариатаар гэрээг батлуулах гэж байсан тул гэрээнд улсын бүртгэлийн дугаар болон талбайн хэмжээг засаад гэрээг Ажлын байрны түрээсийн гэрээ гэж гарчиглан, гэрээний эхний нүүрийг сольсон юм. Гэрээний хамгийн сүүлийн хуудасны доод хэсэгт сунгалт хэсгийг бичих гэж байгаад алдаатай бичиж засварласан. Ингээд нотариатаар батлуулах гэсэн боловч нь нотариатч засвар орсон гэрээг гэрчлэхгүй гэж хэлсэн учраас гэрээний хамгийн сүүлийн хуудасны алдаатай бичиж засварласан хэсгийг урж, түүний дээд хэсэгт буюу гэрээний 5.4 дэх хэсэгт нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгав гэж бичээд 4 хувь хуулбарлан нотариатаар батлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг Ж.Мөнхжаргалыг гараад явсан хойгуур гэрээнд сунгалтын талаар нэмж бичээд гарын үсэг зуруулсан гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрээний бүх хувь дээр Ж.Мөнхжаргалын цэнхэр балаар зурсан гарын үсгийн эх хувь байгаа. Хэрвээ гэрээг гарын үсэг зурсны дараа канондсон бол гарын үсгийн эх хувь харагдахгүй, канондсон харагдана. Мөн гэрээний хамгийн сүүлийн хуудасны ураад авсан хэсэг дээр Ж.Мөнхжаргал төлбөрийг 6, 6 сараар төлнө гэж бичээд гарын үсэг зурсан байгааг хааш нь хийх юм бэ. Ж.Мөнхжаргал нь 2015 оны 8 дугаар сард өрөөнөөс гарсан, түүнээс хойш ашиглаагүй гэсэн байдаг. Тиймээс би н.Өнөр-Отгонтөгсийг гэрчээр асуулгаж, хариуцагчийг 2016 оны 2 дугаар сарыг хүртэл өрөөг ашиглаж байсан гэдгийг нотлуулсан. Ж.Мөнхжаргал төлбөрөө 6, 6 сараар өгнө гэж тохиролцсон учраас би 2015 оны 12 дугаар сард түүн рүү их залгасан боловч утсаа авахгүй байсан. Би аргаа бараад мессеж бичсэн. Над руу хааяа л хариу мессеж бичиж завгүй байна, 2-3 хоногийн дараа уулзая, санаа зоволтгүй өнөөдөр хүлээлцэнэ гэж бичдэг байсан боловч өдийг болтол түрээсийн төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Ж.Мөнхжаргалаас 2015 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 10 сарын түрээсийн төлбөрт 10 800 000 төгрөг, түрээсийн гэрээний үүргээ зөрчсөний 5 400 000 төгрөгийн алданги, нийт 16 200 000 төгрөг нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрөөс барьцаанд авсан 1 000 000 төгрөгийг суутгаагүй бөгөөд нэхэмжлэлээс хасахад татгалзахгүй, тэрийг тооцсонгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Сайнжаргалтай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Төмөрчдийн гудамж, 8 дугаар байрны 404 тоот 40 м.кв талбайг 1 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон барьцаа 1 000 000 төгрөг төлж, 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг байранд орсон. Түрээсийн байрыг оффисын зориулалтаар ашиглахаар тохиролцсон доторх зарим эд зүйлсийн хамт түрээслэсэн болно. Ж.Сайнжаргал нь түрээслэх хугацаанд 1 удаа намайг эзгүйд ирсэн байсан, би түүнээс хойш 2 удаа утсаар ярихад Америк явах гэж байна гэсэн. Манай хүмүүс энэ гарах санал тавьсан, хэтэрхий жижиг, хэт халуун, шороо тоос ихтэй, ажиллахад хүндрэлтэй байна гээд бид түрээсээ 8 дугаар сараар тасалбар болгон 9 дүгээр сараас эхлэн тэнд дахин очиж ажиллаагүй болно. Энэ тухайгаа Ж.Сайнжаргалд хэлэхэд тэр дургүйцэн түрээслэгч дахин олоход хэцүү түрээслэгч олтол та нар түр байж бай гэсэн. Бид 9 сараас эхлэн ажиллаагүйг манай ажилчид бүгд мэдэж байгаа. Уг өрөөг түрээслэхдээ Монголын цахилгаан холбооны утас, интернэт тавиулсан бөгөөд гарсан өдрөөр тасалбар болгосон байгаа. Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал нь түрээслэхдээ бүх түлхүүр авч үлдсэн байсан бөгөөд биднийг эзгүйд орсон байсан. Дараа нь 10 сард над руу гэнэт утастаж яаралтай уулзая гэхээр нь оффист очиход ХААН банкнаас зээл авах гэтэл би дандаа орлого бэлнээр авдаг болохоор болдоггүй, чи туслаач, түрээсийн гэрээг шинээр хийж, түрээсийн мөнгөө 6, 6 сараар авдаг гэж харуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би дургүйцэхэд надад туслаач гэж гуйсан. Тэгээд өөрөө гэрээгээ бичээд хажуугийн нотариатчийг таньдаг гээд ороход байхгүй байсан. Утастаад дуудахад тэр ирсэн. Би паспорт байхгүй гэтэл манай охин гадаа машинд байгаа гэж хэлээд яах ч аргагүй би паспортоо авчирч бүртгүүлээд гарсан. Харин Ж.Сайнжаргалд түрээсэлсэн 5-8 сарын 2 сарын төлбөрөө төлсөн, одоо 2 сарын төлбөр төлнө. Зальдаж хийсэн гэрээний төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна.

Анх байгуулсан түрээсийн гэрээг нотариатаар батлуулаагүй. Гэрээг хэргийн материалд өгсөн. Эхний гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.2, 318.4-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тиймээс өрөөнөөс гарахдаа түрээслүүлэгчид урьдчилан мэдэгдэх үүрэггүй. 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Ж.Сайнжаргал, Ж.Мөнхжаргалыг дуудаж уулзан банкнаас зээл авах гэсэн боловч орлого нотолсон баримт авчир гээд байна. Хоёулаа түрээсийн гэрээг дахин бичээд, нотариатаар гэрчлүүлэе гэж гуйж, хажууд таньдаг нотариатч байгаа гээд дагуулж очин 2 дахь гэрээг хийсэн байдаг. Гэрээг байгуулсан огноог 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр бичсэн нь хүн амын орлогын албан татвараас зайлсхийж улсын бүртгэлд бүртгүүлээгүй байж байгаад орлого тодорхойлох баримт хэрэгтэй болсны улмаас дахин гэрээ хийсэн гэж үзэхээр байна. Гэтэл уг гэрээг мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан байгаа. Хэрвээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа бол гэрээний нэмэлт хэсэг гэж шинээр бичих ёстой байсан.

Сүүлийн гэрээний нүүр хэсгийн толгойг “Ажлын байрны түрээсийн гэрээ” болгон өөрчилж, бэлдээд нотариатч дээр ирсэн. Гэрээний сүүлийн 2 хуудас хуучнаараа байсан учраас хуучин гэрээг сунгаж байгаа шүү гэж хэлсэн. Ж.Мөнхжаргал дургүйцсэн ч гарын үсгээ зураад гараад явсны дараа гэрээний 5.4 буюу нэмэлт гэсэн хэсэг дээр 2015 оны 6 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгав гэж бичиж оруулсан. Тиймээс би гэрээний жинхэнэ эх хувь буюу Ж.Мөнхжаргал гарын үсэг зурсан хувь нь хаана байна гэхээр нэхэмжлэгч нь байхгүй, Ж.Мөнхжаргал гарын үсэг зурсан байгаа биз дээ гэдэг. Энэ ажиллагаа нотариатч Д.Одгэрэлийн тусламжтайгаар хийгдэж байгаа юм. Гэрээг канондож байхдаа нотариатч мэдэж байсан талаар хэлж мэдэхгүй байна. Магадгүй Ж.Сайнжаргал хариуцагчийг явсны дараа гэрээний 5.4-т нэмэлт гэсэн хоосон цаасан дээр сунгалтын талаар бичээд нотариатаар батлуулсан байж болох юм. Хэрвээ нотариатч энэ хэрэгт ороогүй бол гэрээний эх хувь байх ёстой. Гэтэл хаана ч байхгүй байна. Нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт байгаа тасархай цаасыг харуулж гэрээний доод хэсгийг урж авсан, энэ тал цаасан дээр Ж.Мөнхжаргалын гарын үсэг байгаа гэж тайлбарладаг. Нэг тал цаасыг нотлох баримт гэж үзэх боломжгүй. Гэрээ нь бүрэн бүтэн, талуудын гарын үсэг зурагдсан тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ. Түүнээс юун дээр гарын үсэг зурсан нь мэдэгдэхгүй цаасыг баримт гэж үзэхгүй. Ж.Сайнжаргал гэрээнд өөрөө сунгав гэж биччихээд түүнийхээ дагуу мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэгчид түрээсэлж байгаа өрөөний түлхүүр байсан байна. Шүүх хуралдаанаас өмнө СД бичлэгт үзлэг хийхэд Ж.Сайнжаргал өрөөг өөрт байгаа түлхүүрээр онгойлгож орж байсан. Яагаад аль 2015 оны 8 сард түрээслэхээ болсон өрөөг хүлээж авахгүй байж байгаад гэнэт 2016 оны 3 дугаар сард ирж байгаа юм бэ. Өмнө нь ирж өрөөг хүлээж авах боломжтой байсан.

Өрөөг 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл түрээсэлж байсан гэдгийг гэрч Ж.Өвгөнтангад, С.Болдбаатар нараар гэрчлүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилж буюу 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны 2 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, алдангийн хувьд уг гэрээ нь хүчин төгөлдөр бус учраас төлөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ж.Мөнхжаргалаас 13 728 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 472 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 226 590 төгрөг гаргуулан Ж.Сайнжаргалд буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Ж.Сайнжаргал Ж.Мөнхжаргалтай 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан цаг хугацаанд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй ба энэ шаардлагыг хангаагүйгээрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байсан. Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Ж.Мөнхжаргал түрээсийн байрыг эзэмших, ашиглах ажил үйлчилгээгээ зогсоосон. Үүнийг гэр бүл, хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилдэг. Түрээслэгч Ж.Сайнжаргал банкнаас зээл авахад шинэ түрээсийн гэрээ хэрэгтэй байна гэж Ж.Мөнхжаргалыг нотариат дээр дагуулан орж 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолж бичсэн “Ажлын байр түрээсийн гэрээ” гэж гарчигласан өөр шинэ гэрээнд түрүүчийн гэрээний төгсгөлийн хуудсыг канондаж хуулбарлан оруулж түрээслэгч Ж.Мөнхжаргалаар гарын үсэг зуруулсан байна. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нотариатаар гэрчлүүлж байгаа гэж ойлгож болох ба гэхдээ Ж.Мөнхжаргалд банкны зээлд өгөх баримт гаж хуурсан байдаг. Энэ гэрээний хувийг Ж.Мөнхжаргалд огт өгөөгүй Ж.Мөнхжаргал ч авна гээгүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүчин төгөлдөр гэрээ болгож харагдуулах зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Байрыг нь эзэмших ашиглах түрээслэх үйлдэл зогссон байхад энэ гэрээг хийх ёсгүй байсан. Түрээслүүлэгч гэрээг өөртөө ашигтай байдлаар хожим шийдвэрлүүлэх зорилгоор Ж.Мөнхжаргалыг хуурч гэрээнд гарын үсэг зуруулсан болно.

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний төгсгөлийн хуудас дээр 5.4 заалт нэмэлт гэсэн хэсэг дээр “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгав” гэж канон буюу техник хэрэгслээр хуулбарлан буулгасан бичвэр байгаа ба энэ бичвэрийг шүүх гэрээг сунгаж бичсэн хэлцэл гэж үзэж Ж.Мөнхжаргалаас энэ хугацааны түрээсийн төлбөрт 3 240 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь нотлох баримтыг хуулийн дагуу бүрдүүлсэн, хүчин төгөлдөр нотолгооны хүчин чадалтай эсэхэд дутуу үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Гэрээний энэ хэсгийг Ж.Мөнхжаргал гэрээн дээр гарын үсэг зурснаас хойш түрээслэгч, нотариат Одгэрэл нар 5.4 заалт нэмэлт гэх хэсэгт хуулбарлан оруулсан болох нь тэр хэсгийн бичвэрийг жинхэнэ үзгээр бичсэн гэх хувь олдохгүй нотариат Одгэрэл дээр ч байхгүй, улсын бүртгэлийн хэлтэс дээр ч байхгүй байгаагаар нотлогдож байна. Нотариатын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заасныг зөрчсөн байх ба үндэслэл болгосон материал нь олдохгүй, үдэж хадгалаагүй байхад нотариатын үйлдлийг хуулийн шаардлага хангасан үйлдэл гэж үзэх, гэрээ хэлцэл нь нотлох баримтын хүчин чадалгүй зөрчилтэй байгааг шүүгч үл тоомсорлож байгаад гомдолтой байна.

Нотариатын журнал тэмдэглэлд үг үсгийн засваргүй, Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд оруулаагүй байна гэж Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан. Гэтэл нотариатч Одгэрэлийн бүртгэл журналын 598 дугаарт бичсэн тэмдэглэлд “Түрээсийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын 1 080 000 төгрөгөөр түрээслэсэн гэж бичээд Ж.Мөнхжаргалын оролцоогүй, түүнд танилцуулаагүй 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өөрчилж сунгав” гэж оруулга хийж нэмж бичсэн болох нь чернелийн өнгө, бичгийн эгнээний байршил, бичвэрийн утга зэргээр мэдэгдэж байгаа болно. Ж.Сайнжаргал 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ж.Мөнхжаргалтай байгуулсан түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул энэ гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан “Ажлын байрын түрээсийн гэрээ нь хэлцэл хийгч нэг талын эрх ашгийг илтэд хохиролд оруулсан дүр үзүүлсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт заасан хэлцлийн хэлбэрийг зөрчсөн, Нотариатын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 35 дугаар зүйлийн 35.6 дахь заалтуудыг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй  болгож 2015 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээсийн гэрээний үүргийн дагуу 2 сарын төлбөр 2 160 000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ болон тооцооны хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж.Сайнжаргал хариуцагч Ж.Мөнхжаргалд холбогдуулан түрээсийн төлбөрт 10 800 000 төгрөг, алдангид 5 400 000 төгрөг нийт 16 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 30-ний өдөр Түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний 8 дугаар байрны 404 тоот хаягт байрлах, 43.3 м.кв талбайг 2015 оны 5 дугаар сарын 01-нээс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  7 сарын хугацаатай, сарын 1 000 000 төгрөгний түрээсийн төлбөртэй түрээсэлсэн бөгөөд барьцаанд 1 000 000 төгрөг, 1 сарын түрээсийн төлбөрт 1 000 000 төгрөг, ашиглалтын зардалд 80 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч татгалзлын үндэслэлээ “түрээсийн байранд 2015 оны 8 дугаар сараас үйл ажиллагаа явуулаагүй, 2015 оны 9 сараас хойш түрээсийн байранд очоогүй гарсан, түрээсийн гэрээг сунгаагүй, нэхэмжлэгч банкнаас зээл авахад баримт хэрэгтэй байна туслаач гэсэн тул түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан, гэтэл түрээсийн гэрээний эхний нүүр сүүлийн хуудсыг сольсон байсан, түрээсийн гэрээний 5.4-д хугацааг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сүүлд нөхөж бичсэн гэж тайлбарлажээ.

 

Зохигчид түрээсийн гэрээг сунгасан, түрээсийн байрнаас нүүж гарсан үйл баримтын талаар маргаж байна.

 

Хэргийн 73-75 дугаар талд талуудын хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн түрээсийн гэрээ авагдсан бөгөөд уг гэрээнд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн тухай тэмдэглэгээ дарагдсан байна.

 

Талууд анх түрээсийн гэрээ байгуулахдаа Улсын бүртгэлд бүртгүүлээгүй бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд уг гэрээг бүртгүүлсэн нь хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хэргийн 66 дугаар тал дахь Чингэлтэй дүүргийн нотариатч Г.Одгэрэлийн бүртгэлийн дэвтрийн 598 дугаарт бүртгэгдсэн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн 124-125 дугаар тал дах талууд хоорондоо утасны мессежээр харилцсан харилцааны талаарх цахим мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн 126 дугаар тал дах Чингэлтэй дүүргийн Улсын статистик эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивт хадгалагдаж байгаа эрхийн улсын бүртгэлийн Ү-2202022899 дугаартай хувийн хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн 92-94 дүгээр тал дахь гэрч Д.Оюунгэрэлийн мэдүүлэг зэрэг баримтаар хариуцагч Ж.Мөнхжаргалын түрээсийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн баримт хэрэгтэй байна гэж гуйхаар нь гэрээнд гарын үсэг зурсан, гэрээний 5.4-д гарын үсэг зурсны дараа нөхөж хугацааг сунгаж бичээд хуулбарласан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Ийнхүү талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар зохигчид түрээсийн гэрээний хугацааны талаар өөрчлөлт оруулж 2015 оны 12 дугаар сарын 31-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан гэж үзэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь буруу байна.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь доторх тавилгын хамт түрээслэн өгсөн, талууд гэрээг хуульд нийцүүлж бүртгүүлсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Иймээс анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэж өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Хариуцагч 2015 оны 8 дугаар сард ажлаа дуусгаж 2015 оны 9 дүгээр сараас хойш түрээсийн байраанд очоогүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүйгээс гадна түрээсийн байранд очоогүй гэх нөхцөл байдал болон “иргэн Ж.Мөнхжаргал 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шинээр гэрээ хийж ашиглаад 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гэрээ хугацаа дуусч сунгаагүй” гэх агуулга бүхий “Монголын Цахилгаан холбоо” ХК-ийн тодорхойлолт нь хариуцагч Ж.Мөнхжаргалыг түрээсийн байрнаас 2015 оны 8 дугаар сард нүүн гарсныг буюу байрыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснийг эргэлзээгүй нотлох баримт болохгүй юм.

 

Хэргийн 130-132 дугаар талд авагдсан СД бичлэгийг бэхжүүлж үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн 124-125 дугаар тал дахь талууд хоорондоо утасны мессежээр харилцсан харилцааны талаарх цахим мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаас үзвэл хариуцагч түрээсийн байрыг гэрээний 1.7-д заасны дагуу хүлээлгэн өгөөгүй, ашигласан хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буруутай гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хариуцагч Ж.Мөнхжаргалаас 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх 9 сар 12 хоногийн хугацааны түрээсийн төлбөрт 9 152 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу тохиролцон тогтоосон алдангид 4 576 000 төгрөг, нийт 13 728 000 төгрөг гаргуулахдаа гэрээ байгуулах үед хариуцагчаас нэхэмжлэгчид урьдчилан өгсөн 1 000 000 төгрөгийг хасч тооцохоор шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн атлаа уг мөнгийг хасаагүй байх тул 12 728 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/04937 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Мөнхжаргалаас 12 728 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Сайнжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 472 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “226 590 төгрөг” гэснийг “218 598 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Ж.Мөнхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 600 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                                     Н.БАТЗОРИГ

 

                                                                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ