Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 531

 

Д.Даваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Н.Батсайхан, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ш.Хосбаяр,

ялтан Д.Даваасүрэнгийн өмгөөлөгч Т.Отгонсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буудай,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Г.Буяннэмэх, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Д.Даваасүрэнд холбогдох 201725030219 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Тугтан овгийн Даваадоржийн Даваасүрэн, 1985 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 8 дугаар гудамжны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХН85112578/,

Д.Даваасүрэн нь согтуурсан үедээ Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 4 дүгээр орцонд 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед Д.Ганзориг, С.Отгонбаяртай архи ууж байхдаа С.Отгонбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, улмаар талийгаач нь орцны 3 давхараас 2 давхар руу унаж, тархиндаа хүнд гэмтэл авч нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Д.Даваасүрэнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Тугтан овогт Даваадоржийн Даваасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваасүрэнг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Даваасүрэнд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваасүрэнгээс оршуулгын зардалд нэхэмжилсэн 5.550.650 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буудайд олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Д.Даваасүрэнгийн цагдан хоригдсон нийт 114 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Д.Даваасүрэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Даваасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие өөрийн болчимгүй үйлдлээр цуг архи ууж үеийн найзынхаа амь насыг хохироосондоо туйлын их харамсаж өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Миний бие ямар нэг муу санаа зорилго өвөртөлж талийгаачйин амь насанд хүрээгүй ба ийм зүйл болно гэж үнэхээр төсөөлөөгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр 5.550.650 төгрөгийг төлж барагдуулах болно. Миний эхнэр Г.Болортуяа нь надаас салаад 2 жил болж байгаа бөгөөд 3 хүүхдээ надад үлдээгээд явсан. Миний 2 настай, 9 настай, 11 настай хүүхдүүд маань харж хандах хүнгүй эцэг, эх дээр минь байгаа. Эх маань тэтгэврийн доод хэмжээ авдаг, эцэг минь ажилгүй болохоор хүүхдүүдийг минь өсгөх бололцоо муу байдаг. Иймд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг хасч өгнө үү.” гэжээ.

Ялтан Д.Даваасүрэнгийн өмгөөлөгч Т.Отгонсүрэн гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Давж заалдах гомдлоосоо татгалзаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн түүний хувийн байдлыг нь харгалзан үзнэ үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буудай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

Прокурор Ш.Хосбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд зааснаар ялтанд оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн заалтын дагуу шинээр хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой. Бусдаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Даваасүрэн нь согтуурсан үедээ 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байрны 4 дүгээр орцны 3 дугаар давхарт иргэн Д.Ганзориг, С.Отгонбаяр нартай хамт архи ууж байхдаа С.Отгонбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний нүүрэн тус газарт нэг удаа цохиж орцны 3 давхараас 2 давхарын цонхны тавцан руу унагаж, тархинд нь хүнд гэмтэл учруулсан бөгөөд С.Отгонбаяр нь уг гэмтлийг авсны улмаас эмчлүүлж байгаад 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь:

ялтан Д.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батболдын гэрээс гараад орцонд Ганзориг, Отгонбаяр хоёр маргалдаад байхаар нь Ганзоригийг нь өмөөрөөд Отгонбаярыг болиоч гэж хэлээд гараараа нүүрэн тус газарт нь  нэг удаа цохисон чинь шатны уруу уначих шиг болсон. ...Би өмнө өгсөн сэжигтний мэдүүлэг дээрээс цочиролд ороод Отгонбаярыг цохисон талаараа мэдүүлээгүй. Одоогийн ярьж байгаа зүйл бол үнэн зөв юм.” гэх мэдүүлэг /хх1, х113/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Буудайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 00 цагийн үед байхаа манай ээж Амжаа над руу залгаад “Отгонбаяр хүнд зодуулаад гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө очиход Отгонбаяр нь гавал тархины тасагт хэвтсэн өөрийн гэсэн ухаангүй байдалтай 4 мөч нь татагнаж сарвагнаж, тийчигнэсэн байдалтай байсан. Отгонбаяр нь 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн сэхээн амьдруулах тасагт шилжсэн. Эмч нарын хэлж байгаагаар мэдрэлийн бүх цэгүүдэд харвалт өгсөн, харвалтын улмаас урт тархинд харвалт өгсөн, урт дагзнаас болж амьсгалж чадахгүй  мөгөөрсөн хоолойгоор нь амьсгалын аппарат залгаж аппаратаар амьсгалуулж байгаа гэсэн. Цаашдаа харвасан цуснуудыг хатааж шимэгдүүлэх эмчилгээ хийнэ л гэж хэлсэн. Бусдаас хагалгаанд орох боломжгүй зүрх зогсох юм уу харвах, цус алдаж амь насаа ч алдах магадлалтай л гэж хэлсэн. Ер нь бол найдваргүй талдаа болчихоод байна.” гэх мэдүүлэг /хх1, х50-51/,

“...Дүү маань 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш ухаан орохгүй байж байгаад шөнө 02 цаг 20 минутын үед нас барсан. Дүүг маань Баярсайхан эмч үзэж байсан. Тархины бүрэн цус харвалт гэж байсан. Ямар ч хагалгаа хийх боломжгүй гэсэн.” гэх мэдүүлэг /хх1, х52/,

гэрч Д.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...21 цагийн үед Батболдын гэрээс Отгонбаяр, Даваа бид гурав гараад байрны гадаа байрлах дэлгүүрээс 0.75 граммын “Цагаан” нэртэй архи худалдан аваад Батболдын байрных нь орцонд гурвуулаа хувааж уусан. Архи уугаад дуусах үед Даваа Отгонбаярыг “чи муу ямар овоо п... вэ” гэж хэлээд гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохиход Отгонбаяр 3 давхараас 2 давхар руу цонхны завсараар уначихсан. Тэгэхээр нь би бууж очоод Отгонбаярыг “зүгээр үү” гэж асуусан чинь “зүгээр” гэж хэлсэн ба Даваа зугтаагаад орцноос гараад явчихсан. Тухайн орцонд би Отгонбаярыг орхиод Даваагийн араас гарч очоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “наадах чинь өөрөө маяглаад байсан шүү дээ” гэж хэлээд тоохгүй цаашаа яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх1, 30-31/,

гэрч Ч.Батболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...гэртээ иртэл орцонд Отгонбаяр, Ганзориг хоёр нэг танихгүй залуу буюу Даваа гэх залуутай гурвуулаа 4 давхарт тортой зүйл барьчихсан зогсож байсан. Ингээд бид нар манай гэрт ороод хөзөр тоглож, авч ирсэн 0.75 граммын “Цагаан” нэртэй архийг нь хувааж уусан. Тухайн архийг ууж дуудаас дахин 0.75 граммын архи авч хувааж уусан. Сүүлд авсан архиа ууж дуусгаагүй бид нар явлаа гэж хэлээд 21 цаг болж байхад Отгонбаяр, Ганзориг, Даваа гэх залуу гурвуулаа хамт гараад явсан. 22 цаг өнгөрч байхад би дэлгүүр орохоор гэрээсээ гартал манай орцны 1 болон 2 дугаар давхарын голд Отгонбаяр хажуу тал руугаа харчихсан газар хэвтэж байсан ба чихнээс нь цус гарсан байсан юм. Хажууд нь 2 цагдаагийн алба хаагч ирчихсэн байхаар нь юу болсон талаар Отгонбаяраас асуусан чнь надад юу ч хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх1, х45-46/,

гэрч Л.Байгалмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Батболд хүүтэйгэй хамт дэлгүүр орохоор гарсан. Гэтэл эргээд хүү гүйж орж ирээд “аав утас аваад ир гэлээ. Доор шатан дээр Отгонбаяр ах хэвтэж байна” гэж хэлээд аваад гарсан. Удалгүй Батболд орж ирэхдээ “доор Отгонбаяр өмдөндөө шээсэн, тэлээ нь тайлагдсан, куртик нь нэг газар, чихнээс нь цус гарсан байдалтай, нэмэх цээ нэртэй ундааны хуванцар сав дэрлэсэн хэвтэж байна, цагдаа нар ирээд түүнийг түргэнээр аваад явлаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х47/,

гэрч С.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 24-ний өглөө 10 цагийн орчим залгаад “Отгонбаяр нь зодуулаад гэмтэл дээр ирчихсэн байна, согтуу юм уу дамнуургаас буулгаад шээлгэх гэсэн чинь хөл нь дайваад явж чадахгүй байна, их согтуу байгаа юм шиг байна” гэж хэлсэн. Тэгсэн 14 цагийн үед Оюунаа над руу залгаад “Отгонбаяр нь сонин байна, та ирэхгүй бол болохгүй нь ээ, согтуу биш юм байна” гэж хэлэхээр нь би ажлаа амжуулаад 16 цагийн үед эмнэлэг дээр очсон. Намайг ороход 2 нүд нь 2 тийшээ харчихсан, 2 хөлөө ээлжлээд аягүй дээр өргөөд пад гэтэл нь тавиад тийчигнээд байсан. Мөн катитер тавьсан байсан ба шээс нь ув улаан л байгаад байсан. Эмч нар анх хэлэхдээ эхний имраагаар харуулахад ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байсан гэсэн. Тэгээд уг нь шингэн хийгээд явуулах гэж байсан чинь сувилагч эмэгтэй нь Отгонбаярын байдлыг хараад эмчдээ “энэ хүн нэг л биш байна” гэж хэлээд үргэлжлүүлэн хэвтүүлсэн гэсэн. Намайг очсон өдөр гавал тархины тасгийн эмч нь “цус хуралттай, судсанд нь өөр юм байх шиг байна, имраад харуул” гэсэн байдаг. Тэгээд маргааш өглөө нь имраад харуулахад дагзны уртавтар тархиндаа харвалт өгсөн, тэр нь нугасандаа маш ойрхон, нугасандаа тархи суучих юм бол зүрхэндээ нөлөөлдөг гэсэн. Мөн “Монгол болон аль ч оронд хагалгаа хийдэггүй, гагцхүү тариа болон эм ууж байж цусыг шимэгдүүлдэг эмчилгээ байна, энэ хүний сэхээн амьдруулах тасагт шилжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Сэхээнд оруулаад 2 хөл, 2 гарыг нь төсөр ортой нь хүлчихсэн байгаа юм. Одоо бол манай хамаатан садангууд бүгд сахиж байгаа эмч нь бид нарыг бэлэн байгаарай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х48-49/,

гэрч Д.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 1 дүгээр сарын 23-ны орой 08 цаг 30 минутаас машинт эргүүлийн хайрхан-112 чиглэлд д/а Хасбаатарын хамт үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд нийтдээ 18 дуудлага хүлээн авч шийдвэрлэсэн юм. Үүнээс 2017 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 22 цаг 9 минутад хайрхан-10 аас “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 22 дугаар байрны 4 дүгээр орцонд чихнээс нь цус гарсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Хасбаатарын хамт очиж шалгахад 22 дугаар 4 дүгээр орцны 2 давхарын хэсэгт гадуураа энгэр хэсэгтээ дөрвөлжин шоотой ноосон цамцтай жинсэн өмдтэй, шаргал өнгийн гуталтай эрэгтэй хүн хажуугаараа харж хэвтсэн байдалтай байсан ба зүүн чихнээс нь цус гарсан байдалтай байсан ба “таныг хэн гэдэг вэ, юу болсон бэ” гэж асуухад өөрөө “намайг Отгонбаяр гэдэг” гэж хариулж байсан ба “би хаана байгаагаа мэдэхгүй байна, гэртээ харимаар байна” гэхээр нь “та ар гэрийнхээ хүний утсыг хэл дээ” гэхэд “эхнэр” гэснээ 99167040 гэсэн дугаар хэлсэн. Би тэр дугаарт залгахад нэг эмэгтэй  хүн авсан ба “Отгонбаяр гэж хүн таних уу” гэхэд “танина манай нөхөр” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирж уулзаарай, танай нөхөр 2 дугаар хороо 22 дугаар байрны 4 дүгээр орцонд хэвтэж байна” гэж хэлэхэд “за удахгүй очлоо” гэсэн. Ингээд би 10 руу нөхцөл байдлыг танилцуулан түргэн тусламж дуудсан юм. Ингээд хүлээж байхад уг орцны 57 тоотоос Батболд гэх залуу гарч ирээд “манай найз Отгонбаяр байна шүү дээ, энэ манайхаас бараг цагийн өмнө гараад явсан, юу болсон юм бол” гэж хэлээд Отгонбаяраас юу болсон бэ гэж асуухад Отгонбаяр нь “Даваа намайг зодчихлоо” гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл ярьж чадахгүй байсан ба Ботболд нь Даваа гэх залуугийн утас руу залгаад байсан чинь холбогдохгүй, Ганзориг гэх залуу руу бас залгаад утсаа авахгүй байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх1, х53-54/,

гэрч Х.Хасбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 22 цаг 9 минутад хайрхан-10 аас “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны 22 дугаар байрны 4 дүгээр орцонд чихнээс нь цус гарсан хүн байна” гэсэн дуудлага ирсэн. Очиж шалгахад 22 дугаар 4 дүгээр орцны 2 давхарын хэсэгт гадуураа ноосон цамцтай, энгэр хэсэгтээ дөрвөлжин шоотой ноосон цамцтай жинсэн өмдтэй, шаргал өнгийн гуталтай эрэгтэй хүн хэвтэж байсан. Гэрэл тусгай хартал зүүн чихнээс нь цус гарсан байдалтай байсан ба Лхагвасүрэн тэр залуугаас “таныг хэн гэдэг вэ, юу болсон бэ” гэж асуухад өөрөө “намайг Отгонбаяр” гэдэг гэж хариулж байсан. Нөхцөл байдлыг хайрхан-10т мэдэгдэж түргэн дуудсан. Тэгтэл нөгөө залуу “би хаана байгаагаа мэдэхгүй байна, гэртээ харимаар байна” гэхээр нь “та ар гэрийнхаа хүний утсыг хэл дээ” гэхэд “эхнэр” гэж хэлээд нэг дугаар хэлсэн. Тэр дугаарт Лхагвасүрэн залгахад яриад байсан. Түргэний автомашин хүлээж байхад уг орцны 57 тоотоос Батболд гэх залуу гарч ирээд “манай найз Отгонбаяр байна шүү дээ, энэ манайхаас бараг цагийн өмнө Ганзориг, Даваасүрэн нартай хамт гараад явсан, юу болсон юм бол” гэж хэлээд Отгонбаяраас “юу болсон бэ” гэж асуухад Отгонбаяр нь “Даваа намайг зодчихлоо” гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл хэлээгүй ба Батболд нь Даваа гэх залуугийн утас руу залгаад байсан чинь холбогдохгүй, Ганзориг гэх залуу руу бас залгаад утсаа авахгүй байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х55-56/,

гэрч О.Одонтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын 23-нд хичээлээ 21 цаг 30 минутын үед тараад гэр рүүгээ ирсэн. Ингээд байрныхаа орц руу ороод нэгээс хоёр давхарын хоорондох тавцан дээр согтуу эрэгтэй хүн хөндлөн байрлалтай хэвтэж байсан ба орцны гэрэл харахад зүүн чихнээс нь цус гарч, шанаа эрүүг нь дагаж урсчихсан байсан ба хараад байхад амьсгалж байгаа нь мэдэгдсэн ба ингээд гар утсаараа 102 руу залгаж “манай байрны орцонд согтуу хүн хэвтэж байна” гэсэн дуудлагыг өгсөн юм. Ингээд би шууд гэртээ орж амарсан. Дараа нь цагдаа түргэн ирсэнийг мэдэхгүй, дараа нь цагдаагаас над руу залгаж байсан.” гэх мэдүүлэг /хх1, х63-64/,

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Талийгаач нь зүүн болон баруун талын аль нэг талаараа цохигдон унах үед дээрх гэмтлүүд нь үүссэн байх боломжтой. Талийгаач нь эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн тул гэмтлийг нарийн шалгах боломжгүй. Тархи ууршиж урсан зөөлөрсөн байдалтай байсан. Талийгаач нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдсэн тул этилийн спирт тогтоох боломжгүй.” гэх мэдүүлэг /хх1, х92/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...С.Отгонбаярын биед тархины битүү гэмтэл, бага тархины баруун талд хатуу бүрхүүл доорхи цус хуралт 8.7х3.4 см, тархи дарагдал, бага дархины цус хомсрол, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн талын 5, 6 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 ба түүнээс дээш удаагийн  үйлчлэлээр үүснэ: Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 1990 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х74/,

“...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачид их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, уртавтар тархи, гүүр, суурийн хэсэг, бага тархины баруун зүүн мөчрийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, гавлын урд, дунд болон арын хонхрын хатуу хальсан доорх цусан хураа, хуйханд цус хуралт, зүүн 5, 6 дугаар хавирганы шууд хугарал, зүүн чихний дэлбэн, арын төвгөрийн цус хуралт, зүүн, баруун бугалга, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, уртавтар тархи, гүүр, суурийн хэсэг, бага тархины баруун зүүн мөчрийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт, гавлын урд, дунд болон арын хонхрын хатуу хальсан доорх цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт, зүүн 5, 6 дугаар хавирганы хугаралууд гэмтлийн хүндэвтэр, цус хуралт, зулгаралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь 3 дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь 8 хоног эмчлэгдсэн тус цусанд спирт сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл илрэхгүй. Талийгаач нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 02 цаг 20 минутад нас барсан байна. Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэх 349 тоот шинжээчийн дүгнэлт /хх1, х85-87/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх1, х5/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х6-7/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х8/,

Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх1, х10/,

Цогцосны гадна үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх1, х11-12/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх1, х32-33/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх1, х134-139/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

          Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар Д.Даваасүрэнгийн үйлдлийг зөв зүйлчилсэн байх ба хуульд заасан хорих ялыг оногдуулсан нь үндэслэлтэй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

          Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйл буюу хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ /тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа/ нас барсан болох нь нөлөөлөхгүй бөгөөд амь хохирогч нас барсан үеэс эхлэн хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөнд тооцох, мөн бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан буюу гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулах хууль зүйн ойлголтууд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж байгаа Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд өөрчлөгдөн тусгагдсан байна.

             Тухайлбал, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт “энэ гэмт хэргийн улмаас /хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ хохирогч нас барсан бол...” гэж хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан байх хор уршгийн шинжийг хүнийг санаатай алах гэмт хэргийн хор уршгийн шинжээс тусгайд нь салгаж авч үзэхээр тусгажээ.

            Мөн Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэхэд Д.Даваасүрэн нь амь хохирогч С.Отгонбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, улмаар амь хохирогч нь орцны 3 давхараас 2 давхарын цонхны тавцан руу унаж тархиндаа хүнд гэмтэл авсан, улмаар эмнэлэгт хүргэгдсэн эмчлүүлж байгаад 8 хоногийн дараа нас барсан үйл баримт ялтан Д.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх1, х113/, гэрч Д.Ганзоригийн мэдүүлэг /хх1, 30-31/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /хх1, х92/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1990, 349 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр хангалттай тогтоогджээ.

Амь хохирогч нь уг гэмтлийг авсанаас хойш эмнэлэгт 8 хоног хэвтэн эмчлүүлсэн байх бөгөөд гавал тархины битүү гэмтлийн улмаас 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 02 цаг 20 минутад нас барсан байна. Д.Даваасүрэнг “Хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд түүний үйлдэл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

          Иймд Д.Даваасүрэнгийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй ба шүүгдэгч Д.Даваасүрэнд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Түүнчлэн шүүгдэгч Д.Даваасүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “хаалттай” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Дээрх үндэслэлүүдээр Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулан ялтан Д.Даваасүрэнгийн гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, харин өмгөөлөгч Т.Отгонсүрэнгийн гаргасан “...хэргийг дахин шалгуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хэргэсхгүй болгон шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Тугтан овогт Даваадоржийн Даваасүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Тугтан овогт Даваадоржийн Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Даваасүрэнг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Даваадоржийн Даваасүрэнг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Даваасүрэнд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг, “Шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Д.Даваасүрэнд оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                Ц.ОЧ