Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 110/2018/0066/З |
Дугаар | 482 |
Огноо | 2020-08-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 482
Дугаар 221/МА2020/0482 | Улаанбаатар хот |
Х.Д-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХД, тус ХТ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХД, тус ХТ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлоор, Х.Д-ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХД, Тэргүүлэгчид, тус сумын ЗДТГД, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4, 46 дугаар зүйлийн 46.2.5, 49 дүгээр зүйлийн 49.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Д-ыг урьд эрхэлж байсан Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын ИТХТ-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэр, Өлгий сумын ИТХТ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож,ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17.994.117 /арван долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг Өлгий сумын ИТ Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн хэсэг болох 358.371 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХД, тус ХТ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэт нэг талыг баримтлан, зарим хууль ёсны нотлох баримтуудыг үгүйсгэн тайлбарлаж, хэрэгт авагдсан зарим эрх зүйн чадамжгүй бичиг баримтыг хөдөлбөргүй үнэн гэж дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
1. Нэхэмжлэгч Х.Д нь урьд нь гаргасан Өлгий сумын ИТ Хурлын нарийн бичгийн ажилд эгүүлэн томилогдох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан шүүхээс нэхэмжлэлээ татаж авч байсан талаар түүний татгалзалд дүгнэлт хийлгүй орхигдуулсан.
Энэ нь Өлгий сумын ИТ Хурлаас 17 дугаар тогтоолыг гаргасан үндэслэлийн нэг шалтгаан нь байсан ба хариуцагч энэ орон тооны ажилд маргахгүйгээр сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажилд маргаж бие даасан шаардлага гаргаж байсан. Х.Д нь энэ орон тооны ажилд үндэслэлгүй маргасны улмаас Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч Х.А-д ажилгүй байсан үеийн цалин хөлсийг төлж хохирч байсан. Хэрэв Х.Д нь өөрөө сэлгэн ажиллуулахыг хүлээн зөвшөөрсөн бол энэ орон тооны ажилд маргах ёсгүй байлаа.
Сэлгэн ажиллуулах нь өөрөө Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журамтай гэдгийг шүүх анзаараагүй. Тухайн орон тооны ажилд сэлгэн ажиллуулах зайлшгүй шаардагдах мэргэжилтэй байх, хоёр байгууллагын удирдлага зайлшгүй хоорондоо тохиролцсон байх журамтай.
Гэтэл Х.Д-ыг тухайн орон тооны ажилд сэлгэн ажиллуулах талаар хоёр байгууллагын удирдлага хоорондоо тохиролцсон асуудал байхгүй, зөвхөн үүрэгтэй ажлаас нь чөлөөлөн шилжүүлэн ажиллуулсан асуудал байсан. Үүнд анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Түүнээс гадна шүүгч маргаж буй нэг орон тооны ажилд “Эгүүлэн томилогдох” “Үргэлжлүүлэн ажиллах” гэсэн монгол үгийг тус тусад нь ойлгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Улсын Дээд шүүхийн шүүгчийн 103 дугаар захирамж гарах хүртэл Х.Д нь маргаж байсан хугацаандаа санал бодлоо илэрхийлэн сэлгэн ажиллуулах талаар ямар ч асуудал хөндөж байгаагүй. Тийм учраас шүүгч энэ талаар хэт нэг талыг баримталсан, нэхэмжлэгчийг дэмжиж шийдвэрлэсэн гэж хариуцагчийн зүгээс үзсэн.
2. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 13 дугаарт “нэхэмжлэгч Х.Д нь 2003 онд төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэж төрийн албанд анх орох иргэдийн нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн байгаа” гэж ямар ч нотлох баримтгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.
Х.Д нь ямар орон тооны ажилд, төрийн албаны аль түшмэлийн, ямар ангилал, зэрэглэлд хамаарах шалгалтад орж тэнцэж байсан, хэдэн оноо авч байсан, маргаан бүхий орон тооны ажилд томилогдоход Төрийн албаны зөвлөлийн ямар тогтоолоор хэдийд нэр дэвшсэн талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад худлаа дүгнэлт хийсэн.
Төрийн албанд анх орох иргэдийн нөөцөд бүртгүүлэх, ямар нэгэн орон тооны ажилд нэр дэвших юм бол үйлдэл бүрт Төрийн албаны салбар зөвлөлөөс ямар нэгэн тогтоол шийдвэр гарах хууль журамтай. Үүнийг бодоход анхан шатны шүүх хэт нэг талыг дэмжиж шийдвэрлэсэн нь харагдаж байна.
Төрийн албаны салбар зөвлөлийн архиваас энэ талаар ямар ч нотлох баримт гараагүй ба анх маргаан бүхий орон тоонд томилогдож байхад ИТ хурлын тогтоолд ч дурдагдаагүй ба нэхэмжлэгч энэ талаар өөрөө нотолж чадаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн дүгнэлт хийсэн 2 дугаар хавтаст хэргийн 149-158 дугаар талд авагдсан гэх нотлох баримтууд бүгд эрх зүйн чадамжгүй баримтууд байна.
3. Нэхэмжлэгч Х.Д-ы сурч төгссөн гэх аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын дэргэдэх Марксизм Лениннизмын их сургууль нь тухайн үед Боловсролын байгууллагад бүртгэгдээгүй, дээд боловсрол эзэмшүүлэх талаар ямар ч зөвшөөрөлгүй, үүсгэн байгуулах талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй, албан ёсны тамга, тэмдэггүй байхад энэ сургуулийг сурч төгссөн гэх хуурамч дипломыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон явдалд гомдолтой байна.
Энэ диплом нь хууль ёсны, баталгаатай гэж үзвэл Х.Д нь хэнтэй хамт сурч байсан, ямар төрлийн хичээлийг, ямар багш зааж сургаж байсан, өдөр, орой, эчнээ сургалтын аль нь болох нь тодорхой бус, улсын шалгалтыг хэний зөвшөөрөл, ямар журмаар авч байсныг шүүхээс баталгаатай тогтоох байсан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн заалтуудыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Нөгөөтэйгүүр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 06/1883 дугаар албан бичигт дурдсанаар Х.Д-ы 2004 онд Орхон аймгийн Ардчилсан намын дэргэдэх “Иргэний боловсрол” их сургуулийг төгссөн гэх диплом нь дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагаар тооцогдохгүй гэж дүгнэсэн байх ба мөн адилхан Баян-Өлгий аймгийн Марксизм Лениннизмын улс төрийн их сургууль нь бакалавр зэрэг олгож, дээд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага биш гэж үзэхээр байсныг шүүх буруу үнэлсэн байна.
Гэрч О.Х-ын мэдүүлсэнчлэн ...мөн энэ үед Засгийн эрхийг Ардчилсан нам барьж байсан байна. 1989-1990 онд Монгол Ардын Хувьсгалт нам задран унаж засгийн эрх барих эрх алдсан байх ба гэрч О.Х өөрөө огцорч ажилгүй болсон болохоор энэ албан бус сургуулийн хуурамч дипломыг худалдаж амьдарч байсан байж таарна. Учир нь 005 тоот дипломд татан буугдсан Монгол Ардын Хувьсгалт намын тамгыг дарсан байгаа нь энэ сургууль угаасаа байхгүй байсан ба уг диплом хуурамч гэдгийг тодорхойлж байгаа болно.
Анхан шатны шүүх 1995 онд хүртэл мөрдөж байсан Боловсролын тухай хуулийг тайлбарлаж хэрэглэсэн мөртлөө шинэ хууль батлагдаж мөрдсөнөөр энэ хуулийг буцаан хэрэглэх эсэхийг тайлбарлаж хэрэглээгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2 төрлийн хүсэлтийг шүүхэд гаргасан ба хүсэлтийн 1 дэх хэсэгт мэргэжлийн шинжээч томилуулах дүгнэлт гаргуулах байсан боловч шүүгч өөрөө 254 дүгээр захирамжид тодорхой дүгнэлт хийсэн байсныг шийдвэрээр үгүйсгэсэн нь харамсалтай байна.
Иймд албан бус, хуурамч дипломыг дээд боловсрол эзэмшсэн гэж дүгнэсэн нь хууль бус. Учир нь Х.Д нь ямар ч дээд боловсрол эзэмшээгүй талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 14/4493, 06/1883 дугаар албан бичгүүдээр тодорхойлсон.
Х.Д нь хуурамч бичиг баримт боловсруулан ашиглахдаа гаршсан этгээд болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн шүүхийн 79 тоот таслан шийтгэх тогтоол, прокурорын мэдүүлгүүдээр батлагдаж байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний зүгээс 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 2 хүсэлтийн 2 дахь хүсэлтийг шүүх тухайн үед шийдвэрлээгүй орхигдуулсан. Миний бие Х.Д-ы сурч төгссөн гэх их сургууль нь тухайн үед бүртгэлийн болон татварын байгууллагад бүртгүүлэн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байсныг тогтоолгох тухай хүсэлтээсээ татгалзсан санаа бодлоо илэрхийлж байгаагүй.
Харин 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтийг шүүхийн шаардсаны дагуу дахин тодруулж өгсөн болохоос хүсэлтийн 2 дахь хэсгээс татгалзаагүй, хэвээр үлдээсэн болно.
5. Анхан шатны шүүх нь хариуцагчийн Х.Д-ыг ИТ Хурлын нарийн бичгийн ажилд томилохгүй байсан эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Х.Д нь 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл өөрөөр хэлбэл, Улсын Дээд шүүхэд гаргасан гомдлоосоо татгалзах тухай, үүнийг шийдвэрлэсэн мөн өдрийн улсын Дээд шүүхийн шүүгчийн 103 тоот захирамж гарах хүртэл томилогдох ямар ч боломжгүй байсан.
Хэрэв өөрөө 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эгүүлэн томилогдох ёстой байвал энэ гомдлыг гаргах ёсгүй байсан. Энэ асуудлаас болж ИТ Хурлыг буруутгасан нь үндэслэлгүй.
Х.Д нь анхнаасаа сэлгэн ажиллуулсан гэж ойлгож байсан бол иргэн Х.Атэй маргаж, бие даасан шаардлага гаргах ёсгүй байсан. Анхан шатны шүүх үүнд зөв дүгнэлт хийгээгүй. 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлаас албан ёсоор чөлөөлөгдөөгүй байсныг шүүх анхаарч үзээгүй.
Нөгөөтэйгүүр Х.Д нь ИТХД-д гаргасан хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хурлаар авч хэлэлцэх үед өөрөө ирж хуралд оролцоогүй байсан.
6. Сумын ИТ Хурлын Х.Д-ыг томилохгүй байсан нэг үндэслэл нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа. Хэрэв урьд нь уг албан тушаалыг тухайн үед ямар ажлын байрны тодорхойлолтоор хашиж байсныг нэхэмжлэгч өөрөө нотлох байсан боловч нотолж чадаагүй ба энэ талаар түүний хувийн хэрэг болон ИТ Хурлын ажлын алба, архивд баримт байхгүй.
Сумын ИТХД, Нарийн бичгийн дарга буюу ажлын албаны дарга, хурлын бичиг хэргийн ажилтан гэсэн 3 орон тоогоор ажиллаж байгаа учраас тухайн ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогч гэдэг утгаар нь хурлын дарга өөрөө боловсруулан батлахаас өөр аргагүй. Ер нь ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогчийн зүгээс боловсруулан баталж мөрдөж байгаа нь шүүх болон ажил олгогч нарын тогтоосон жишиг байгаа.
Маргаан бүхий орон тооны ажлыг түр орлон гүйцэтгүүлж байгаа хүний ажлын чиг үүргийг тодорхойлох зорилгоор ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж мөрдөхөөс аргагүй байдалд хүрснийг шүүх анзаараагүй сэлгэн ажиллуулах хугацаанд боловсруулсан байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.
7. Нэхэмжлэгч Х.Д нь хуурамч нотлох баримт боловсруулсан гэмт хэрэгт холбогдож байсан нь прокурорын мэдэгдэл, таслан шийтгэх 79 дугаар тогтоолоор тогтоогдсон. Түүний хамгийн гол үр дагавар нь сумын ИТ Хурлын тамгыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан явдал маш хортой байлаа.
Шүүхээс түүний гэм бурууг нь тогтоогоогүй байгаа ч түүний хор уршиг шүүхийн хүчин төгөлдөр, хууль ёсны шийдвэр, магадлалд нөлөөлөн тухайн бүр хүчингүй болгуулсан үр дагавар дагуулсан байдаг.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хууль ёсны 37 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 475 дугаар магадлал зэрэг нь Х.Д-ы тарьсан гай, гэмт үйлдлээс болж Улсын Дээд шүүхийн 36 дугаар шийдвэрээр хүчингүй болж байсан бол энэ гай дагуулсан Улсын Дээд Шүүхийн 36 дугаар тогтоол нь эргээд Улсын Дээд шүүхийн 24 дугаар тогтоолоор хүчингүй болж, анхан шатны шүүхийн 34 дүгээр шийдвэр болон Давж заалдах шатны шүүхийн 475 дугаар магадлалд хууль ёсны гэж дүгнэгдэж байсан зэрэг жишээтэй.
Энэ бүхэн Х.Д-ы үйлдсэн гэмт хэргийн хор, уршгийн үр дагавар байсныг анзаарахгүйгээр анхан шатны шүүх нэхэмжлэгчийг дэмжиж, эрх зүйн чадамжгүй, худал хуурмаг нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосонд харамсаж, гомдож байна.
Анхан шатны шүүх сумын ИТ Хурлаас 17 дугаар тогтоолыг гаргахдаа нөхцөл байдлыг тодорхойлж өгөөгүй, эрх олгосон хуулийн заалтыг тусгаагүй гэж Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарласан.
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ИТХТ-ийн хурлаас хэлэлцэж шийдвэр гаргах тодорхой нөхцөл байдлыг тогтоосны эцэст Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйл, заалтуудын дагуу олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд 17 дугаар тогтоолын төслийг баталсны дагуу хурлын дарга захиргааны акт гаргасан.
17 дугаар тогтоолын Үндэслэх хэсэгт удирдлага болгосон Төрийн албаны тухай хууль болон бусад хуулийн зүйл, заалтыг зааж өгсөөр байхад анхан шатны шүүхийн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт гаргах нөхцөл байдлыг тогтоогоогүй, хуулийн заалт, зүйлийг тусгаагүй, захиргааны акт гаргах эрх олгосон хуулийн заалтыг заагаагүй гэж дүгнэсэн нь буруу. Үүнийг анхан шатны шүүх эрх хэмжээнээс хэтрүүлэн хэт нэг талыг баримтлан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
9. Бүх шатны ИТ Хурал болон түүний Тэргүүлэгчдийн хуралдаанаас гарах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх ба хуралдааны тэмдэглэл, явуулсан албан бичиг нь захиргааны акт биш. Төрийн албаны салбар зөвлөл ч мөн адилхан шийдвэр тогтоол хэлбэртэй байх ёстой.
Анхан шатны шүүх Өлгий сумын ИТ Хурлаас Төрийн албаны салбар зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн шийдвэр, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, албан бичиг зэргийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ба шийдвэрийн удирдлага болгосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.13 дугаар заалтын алинд ч хамаарах нэхэмжлэлийн шаардлага биш байна.
Учир нь Төрийн албаны салбар зөвлөл болон ИТХТ-ийн чухам ямар төрлийн шийдвэр, захиргааны ямар актыг хүчингүй болгож байгаа нь тодорхой бус байх тул шүүх хуулийн энэхүү заалтуудыг буруу хэрэглэсэн.
10. Ажилгүй байсан цалин хөлсийг төлүүлэхдээ нэхэмжлэгч мөн 2019 он 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж байсныг, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл Засаг даргын Тамгын газарт урьдын адил ажиллаж байсныг анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тухай сумын ИТ Хурлын 17 дугаар шийдвэр нь хууль ёсны байх тул түүнд цалин хөлс гаргаж өгч байгаа нь үндэслэлгүй.
Хамгийн сүүлд дүгнэхэд анхан шатны шүүх нь ямар нэгэн гаднын нөлөөнд автагдсан, эсвэл дээрээс нь улсын төрийн дарамт шахалт үзүүлсэн болохоор энэхүү хууль бус үндэслэл муутай шийдвэр гаргахад хүрсэн байж болзошгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс манай гаргасан гомдол тус бүрийг хэрэгт авагдсан бодит үнэн нотлох баримтад тулгуурлан хуулийн хүрээнд дүгнэлт хийж, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, эсхүл хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг буруу үнэлж, захиргааны актын үндэслэлийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХД, тус ХТ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангав.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн дүгнэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх “Өлгий сумын ИТХТ-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэрийг” тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д энэ хуулийн 52.2.4-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлийг тодорхой зааж, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах тохиолдлуудыг нэрлэн заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заажээ.
Дээр дурдсан Өлгий сумын ИТХТ-ийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 1-01/95 дугаар албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн хурлын тэмдэглэл, 179 дүгээр албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэр гэх зэрэг нь захиргааны актын хуульд заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шийдвэр биш байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Д-ыг урьд эрхэлж байсан Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын ИТХТ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож,ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 17.994.117 /арван долоон сая есөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван долоо/ төгрөгийг Өлгий сумын ИТ Хурлын төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг дараахь үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Д-ы 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан урьд эрхэлж байсан Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулах тухай хүсэлтийг Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 17 дугаар тогтоолыг гаргажээ.
Уг тогтоолоор Өлгий сумын ИТ Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Х.Д-ыг ажлаас чөлөөлж, өөр албан тушаалд сэлгэн ажиллуулсан тухай 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож, мөн тухайн үед эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний ажлаас нь чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.
Нэхэмжлэгчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулах үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг өөрийнх нь зөвшөөрснөөр төрийн байгууллага хооронд тэдгээрийн удирдлагын харилцан тохиролцсоны дагуу ажлын тодорхой чиглэлээр 2 жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно, ... сэлгэн ажиллуулах хугацааг 1 жил хүртэл сунгаж болно”, 22.3-д “... сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалт нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй шинэ Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-д ижил утга агуулгаар орсон байна.
Нэхэмжлэгчээс сэлгэн ажиллуулах хугацаа дууссан тул түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь шууд үргэлжлүүлэн ажиллуулах ёстой гэж маргасныг анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэж Х.Д-ыг урьд эрхэлж байсан Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Төрийн албаны тухай хуульд “...сэлгэн ажиллуулах хугацаа дуусмагц түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авна” гэх зохицуулалтыг төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч, шударгаар хөдөлмөрлөж, ашиг сонирхлоос ангид хуулийг чандлан баримталдаг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулан олговол зохино.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төрийн албаны эрхэм зорилгыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэж заасан бөгөөд уг хуулиар нарийвчлан зохицуулсан харилцаа болон зүйл, заалтыг энэ хуулийн зорилгод нийцүүлсэн агуулгаар ойлгож хэрэглэх нь хууль дээдлэх, хуульд үндэслэх зарчимд нийцэх болно.
Нэхэмжлэгч өмнө нь Сумын ИТХТ-ийн тамга, тэмдгийг ашиглаж эрүүгийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болж байсан үйл баримтын талаар тухайн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, Х.Д-ыг ХТ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулахаас татгалзсаныг хууль бус гэж дүгнэх боломжгүй.
Анхан шатны шүүх “...хариуцагч талаас Х.Д-ыг гэмт хэрэгт холбогдож байсан, төрийн албаны шалгалт өгсөн талаарх ямар ч баримт байхгүй гэсэн тайлбар гаргасан боловч маргаан бүхий захиргааны актад эдгээр тайлбарт холбогдолтой хууль зүйн үндэслэлийг заагаагүй...” гэх үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримтыг “...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халахаар зохицуулсан...” гэж дүгнэн ХТ-ын 17 дугаар тогтоолыг хүчингүй болгосон нь хэргийн үйл баримтыг бодит нөхцөл байдалд нийцүүлэн зөвөөр дүгнээгүй гэж үзэхээр байна.
Учир нь 17 дугаар тогтоолыг гаргасан Тэргүүлэгчдийн тухайн өдрийн хурлын тэмдэглэлд “..ХТ-ын дарга Х.Даулетбек: “...Х.Д-ыг ... Засаг даргын Тамгын газарт уламжилснаар өнөөдрийг хүртэл Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллуулж ирсэн. Тухайн үед бидний гаргасан шийдвэр эрх зүйн алдаатай байжээ. Түүнийг залруулах, эсвэл хүчингүй болгох шаардлагатай байна. ... манайд Х.Д-ы хувийн хэрэг, бичиг баримт байхгүй болохоор танилцуулах боломж байхгүй байна, ... өөрөө авч явсан бол энд хүрэлцэн ирж тайлбар хийж, та бүхний асуултад хариулт өгөх боломж олгож урьсан боловч ирээгүй байна. Х.Д нь миний мэдэж байгаагаар дээд боловсрол эзэмшээгүй, бакалаврын зэрэг байхгүй, ажиллаж байх хугацаандаа хурлын тамга, тэмдгийг ашиглан гэмт хэрэгт холбогдож байсан...”, Тэргүүлэгч гишүүн О.Е: “Нэгэнт төрийн алба хаах шаардлага хангахгүй байгаа бол эргүүлэн томилох боломжгүй.., Урьд нь Хурлын тамга ашиглан гэмт хэрэг үйлдсэн байжээ. Цаашид түүнд итгэх итгэл алга, ... тогтоолын төслийн үндэслэх хэсэгт Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн албанд нэр дэвшсэн тогтоол байхгүй талаар тусгах нь зүйтэй...”, Тэргүүлэгч гишүүн Х.Э: “... Бид өөр өөрийн санал бодлоо илэрхийлэн хамтын шийдвэрээ гаргах ёстой. Өөрөө өргөдөл өгөөд ирэхгүй байгаа асуудлыг ойлгохгүй байна” гэх зэрэг үндэслэлээр Х.Д-ыг ХТ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулахаас татгалзаж, тухайн үед хашиж байсан Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгах боломжгүй байна
Тодруулбал, Х.Д нь “...бусдад ашиглуулах зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болж шийдвэрлэсэн..., шүүгдэгч Д-ы Х-ыг хуурамч баримт бичиг ашиглаж байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай...” гэсэн нь хэрэгт авагдсан прокурорын мэдэгдэл[1], аймгийн прокурорын албан бичиг[2], шийтгэх тогтоол[3] зэргээр тогтоогдож байх бөгөөд давж заалдах гомдолд “...түүний хамгийн гол үр дагавар нь сумын ИТ Хурлын тамгыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан явдал маш хортой...” гэснийг үгүйсгэх боломжгүй юм.
Сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа Хурлын тамга, тэмдгийг ашиглаж эрүүгийн хэрэг үйлдсэн нь тогтоогдож байсан хүнийг ХТ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд дахин эгүүлэн ажиллуулах эсэх асуудлыг Тэргүүлэгчид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хурлаараа хэлэлцэж, гаргасан шийдвэрээ тогтоолоор баталсан нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, захиргааны үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр үндэслэл бүхий байх тусгай зарчмуудыг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд Сумын Хурлын даргын хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгайлан зохицуулсан бөгөөд маргаан бүхий 17 тогтоолыг гаргахдаа мөн хуулийн 22.1.1-д “Тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх”, 22.1.2-т “Тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 22.1.4-д “Эрх бүхий этгээдээс Хурал, Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах”, 22.1.6-д “ХТ-ын нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасныг үндэслэл болгосон нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.
Түүнчлэн Хурлын Тэргүүлэгчид тухайн асуудлаар өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж хамтын шийдвэрээ албажуулсан ХТ-ын 17 дугаар тогтоолд Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална” гэж заасныг үндэслэсэн нь хуульд нийцсэн байна.
Мөн маргаан бүхий 17 дугаар тогтоолд тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 36 дугаар захирамжийг үндэслэл болгосон. Уг захирамжаар нэхэмжлэгч Х.Д-аас тус шүүхэд гаргасан “Өлгий сумын ИТХТ-ийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоол, Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын ИТ Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.
Анхан шатны шүүхээс “...энэ хэргийн хувьд уг асуудлаар биш, харин дээрх шийдвэрүүдийн дагуу сэлгэн ажиллуулах хугацаа дууссанаар Х.Д-ыг урьд эрхэлж байсан ... Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд ... үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйтэй холбоотой асуудлаар маргасан өөр маргаан тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй...” гэж үзэн захиргааны хэрэг үүсгэсэн нь зөв боловч шийдлийн хувьд үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Х.Д нь 2003 онд төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэж төрийн албанд анх орох иргэдийн нөөцийн бүртгэлд бүртгэгдсэн...” гэсэн нь Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын тодорхойлолтоор[4] нотлогдож байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ”... Х.Д нь ямар орон тооны ажилд, төрийн албаны аль түшмэлийн, ямар ангилал, зэрэглэлд хамаарах шалгалтад орж тэнцэж байсан, хэдэн оноо авч байсан, маргаан бүхий орон тооны ажилд томилогдоход Төрийн албаны зөвлөлийн ямар тогтоолоор хэдийд нэр дэвшсэн талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй...” гэх гомдлыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Гомдолд “...би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 2 төрлийн хүсэлтийг шүүхэд гаргасан, ... 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүсэлтийг шүүхийн шаардсаны дагуу дахин тодруулж өгсөн болохоос хүсэлтийн 2 дахь хэсгээс татгалзаагүй...” гэх тухайд.
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 254 дүгээр “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.6-д заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээч томилуулах, нэмэлт нотлох баримт цуглуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, энэ захирамжид бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн хугацаанд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол эрхтэй болохыг заасан байх тул хүсэлтийг шийдвэрлээгүй гэх гомдол үндэслэлгүй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдолд “...Сумын ИТХД, Нарийн бичгийн дарга буюу ажлын албаны дарга, хурлын бичиг хэргийн ажилтан гэсэн 3 орон тоогоор ажиллаж байгаа учир тухайн ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогч гэдэг утгаар нь хурлын дарга өөрөө боловсруулан батлахаас өөр аргагүй, ... ажлын байрны тодорхойлолтыг ажил олгогчийн зүгээс боловсруулан баталж мөрдөж байгаа нь шүүх болон ажил олгогч нарын тогтоосон жишиг байгаа. Маргаан бүхий орон тооны ажлыг түр орлон гүйцэтгүүлж байгаа хүний ажлын чиг үүргийг тодорхойлох зорилгоор ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталж мөрдөхөөс аргагүй байдалд хүрсэн” гэснээс үзэхэд Х.Д-ыг сэлгэн ажиллуулах хугацаанд буюу тухайн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах нөхцөл бий болоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
Хэдийгээр хариуцагч нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 1.2, 1.7, 1.11, 2.6 дахь заалтуудыг зөрчиж, ажлын байрны тодорхойлолтыг уг зааврын дагуу байгуулагдсан ажлын хэсэг, эсхүл мэргэшсэн баг боловсруулаагүй, хариуцагч Өлгий сумын ИТХД өөрөө боловсруулж, баталсан ч энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахуйц хэмжээний үндэслэл болохгүй юм.
Давж заалдах гомдолд “... аймгийн Монгол Ардын Хувьсгалт намын дэргэдэх Марксизм Лениннизмын их сургууль нь тухайн үед Боловсролын байгууллагад бүртгэгдээгүй, дээд боловсрол эзэмшүүлэх талаар ямар ч зөвшөөрөлгүй, үүсгэн байгуулсан талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад энэ сургуулийг сурч төгссөн гэх хуурамч дипломыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон...” гэх тухайд.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2019 оны 06/1883 дугаар албан бичгээр[5] “...БНМАУ-ын 1991 оны Боловсролын тухай хуульд дээд боловсролын агуулгын багтаамжийг хэмжих багц цаг, дипломын болон бакалаврын зэргийн боловсролын талаарх зүйл заалт байхгүй тул Х.Д-ы Баян-Өлгий аймгийн намын хорооны дэргэдэх Марксизм Лениннизмын их сургуулийн 005 дугаартай дээд боловсролын дипломын талаар дүгнэлт гаргах боломжгүй...”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 14/5262 дугаар албан бичгээр[6] “... 1991 оны БНМАУ-ын Боловсролын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Боловсролын байгууллагыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заасан, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 03/327 дугаар албан бичгээр[7] “...Ардын боловсролын яамны сайдын 1991 оны тушаалыг шүүж үзэхэд Баян-Өлгий аймгийн намын хорооны дэргэдэх Марксизм Лениннизмын их сургуулийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тухайд холбогдох баримт байхгүй байна” гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн.
Гэтэл шүүх “Х.Д нь Баян-Өлгий аймгийн намын хорооны дэргэдэх Марксизм Лениннизмын их сургуулийг төгссөн, улс төрийн дээд боловсролтой болохыг түүний диплом, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна... үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул Х.Д-ыг дээд боловсролтой гэж үзэх үндэслэлтэй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Шүүхээс урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг гүйцэд цуглуулсны үндсэн дээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.
Нэгэнт эрх бүхий байгууллагуудаас Баян-Өлгий аймгийн намын хорооны дэргэдэх Марксизм Лениннизмын их сургууль нь тухайн үед Боловсролын байгууллагад бүртгэгдээгүй, дээд боловсрол эзэмшүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй гэсэн хариуг ирүүлсэн байхад Х.Д-ы 005 дугаартай дипломыг жинхэнэ эсхүл хуурамч гэдэгт давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй бөгөөд энэхүү үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Дээрх байдлаар хариуцагчийн Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд Х.Д-ыг шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байх тул “нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй бөгөөд тухайн асуудлыг шийдвэрлэсэн ХТ-ын 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговор олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн “18.352.488 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох” шаардлага хангагдах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дугаар зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-ы “Өлгий сумын ИТХТ-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Хурлын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1-01/95 дугаар албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 179 дүгээр албан бичиг бүхий тухайн орон тооны сонгон шалгаруулалтын талаар нийтэд зарласан шийдвэрийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Д-ы “Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Х.Д-ыг урьд эрхэлж байсан Өлгий сумын ИТХТ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг Тэргүүлэгчдэд даалгаж, Өлгий сумын ИТХТ-ийн 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаар тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 18.352.488 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХД, тус ХТ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлан бхйбай бай байобаый бай байа абйы ай абай бай бай абыай бай бай хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] 1 дүгээр хавтас хэргийн 235-236 дахь тал
[2] 2 дугаар хавтас хэргийн 143-144 дэх тал
[3] 1 дүгээр хавтас хэргийн 232 дахь тал
[4] 2 дугаар хавтас хэргийн 150 дахь тал
[5] 2 дугаар хавтас хэргийн 70 дахь тал
[6] 2 дугаар хавтас хэргийн 74 дэх тал
[7] 2 дугаар хавтас хэргийн 91 дэх тал