Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2025/ХШТ/42

 

Р.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар эрүүгийн хэргийн тогтоолтой Р.А-д холбогдох 9111 дугаартай хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1946 оны байдлаар: Өвөрмонголын Хишигтэн хошууны Зүүн ар нутагт 1917 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, Өвөрмонгол, тайж, Хишигтэн хошууны бага сургуулийг төгссөн, ам бүл 2, бод 60 гаруй, гэр 2-ын хөрөнгөтэй, ял шийтгэлгүй, 1940-1945 он хүртэл хошууны цагдаа цэрэгт цэргээс эхлэн ангийн дарга хүртэл ахлах дэслэгч цолтой явсан, баригдахын өмнө Хишигтэн хошууны Зүүн ар нутгийн цагдаа цэргийн дарга байсан Р-ын А.

 

Р.А нь Хишигтэн хошууны япон тагнуулч Илтэга-д тагнуулчаар элсэгдэн орж, хошууны иргэдийн дотор Япон улсын ажил явуулгад дургүйцсэн яриа өгүүлэл гаргасан болон Япон улсын цэрэг дайны хэрэгцээнд зарцуулагдахаар ард түмнээс татварлан авч буй мал, ноос үсийг амин хувийн хэрэгцээнд зарцуулах, эсвэл биелүүлэхээс зайлсхийх, хэн нэгэн этгээдүүдийг тагнан илрүүлж мэдээлэх, баривчлах зэрэг даалгаврыг хүлээн авч мэдээлэн ажиллаж байсан гэх хэрэгт холбогджээ.

 

БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар тогтоолоор Р.А-ыг тус улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 62 дугаар зүйлийг баримтлан 15 жил хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл бичсэн дүгнэлтдээ: “... БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 115 дугаар тогтоолоор Р.А-ыг тус улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 15 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 62 дугаар зүйлийг баримтлан 15 жил хөдөлмөрийн лагерьт хорьж, улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1.Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд Р.А нь тус Монгол Улсын эсрэг тагнах ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, Дотоод Монголын дотор ард иргэдийнх нь эсрэг дотоод тагнуулаар ажилласан байхад БНМАУ-ын эсрэг тагнах үйл ажиллагаа явуулсан гэм буруутайг нь тогтоосон ямар ч баримтгүйгээр улс төрийн зорилгоор тус Монгол улсын хуулиар хорих ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

2.Р.А-ын үйлдэлд тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 62 дугаар зүйлд заасан тус Монгол Улсын эсрэг тагнуул хийсэн, улсын нууцад байвал зохих утга бүхий мэдээнүүдийг гадаад улс буюу хувьсгалын эсэргүү байгууллага, энгийн хүмүүст шилжүүлэн өгсөн, шилжүүлэн өгөх зорилгоор хулгайлсан, цуглуулсан үйлдэл, нотлох баримт хавтаст хэргийн материалд байхгүй байна.

3.Р.А нь оршин амьдарч ажиллаж байсан Өвөрмонголын Хишигтэн хошууныхаа ард иргэдийн дунд Япон улсын ажил явуулгад дургүйцсэн яриа өгүүлэл гаргасан болон Япон улсын цэрэг дайны хэрэгцээнд зарцуулагдахаар ард түмнээс татварлан авч буй мал, ноос үсийг амин хувийн хэрэгцээнд зарцуулах, эсвэл биелүүлэхээс зайлсхийсэн этгээдүүдийг тагнан илрүүлж мэдээлэх зэрэг даалгаврыг Япончуудаас хүлээн авч мэдээлэн ажиллаж байсан хэрэг нь тус Монгол Улсын эсрэг чиглэгдсэн тагнуулын үйл ажиллагаа байсан гэж үзэх үндэслэл байхгүй байхад тус БНМАУ-ын Эрүүгийн хуулиар хилсээр хорих ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт /... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн .../-д заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 115 дугаар тогтоолоор Р.А-ыг тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 62 дугаар зүйлийг баримтлан 15 жил хөдөлмөрийн лагерьт хорьж, улс төрийн хэрэгт хилсээр хорьж шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д заасан /1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан/ гэмт хэрэгт шийтгүүлсэн үндэслэлд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар Р.А-д хорих ял шийтгэсэн БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Эрүүгийн хэргийн 115 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Өвөрмонголын Хишигтэн хошууны харьяат Р овогтой А-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйл /4.1. Энэ хууль 1922 оноос эхлэн “БНМАУ-ын шүүх, прокурор, мөрдөн байцаах, хэрэг бүртгэх байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах журмын тухай хууль” хүчин төгөлдөр болсон өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт улс төрийн хэрэг хэлмэгдсэн Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнд хамаарна/, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

 

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Р.А-ыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар тогтоолоор тухайн үеийн Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. Р.А нь тухайн үед Өвөр Монголын Хишигтэн хошууны цагдаа, цэргийн даргаар ажиллаж байхдаа Хишигтэн хошуунд байсан Япон тагнуулын газарт тагнуулчаар элсэж, Өвөр Монголын ард олны зан байдлын талаар мэдээлэн, тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан гэсэн үндэслэлээр ял шийтгэсэн нь үндэслэлгүй. Учир нь, хэрэгт Р.А нь Монгол Улсын эсрэг чиглэн тагнан турших ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан гэх үйл баримт байдаггүй. Иймд түүний үйлдэлд ял оногдуулсан Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх таслах газрын Эрүүгийн коллегийн 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Р.А-ыг цагаатгаж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулах үндэслэлээр дүгнэлт бичиж, хэргийг шүүхэд ирүүлснийг хянан хэлэлцэв.

 

2.БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдөр таслан шийтгэсэн 115 дугаар эрүүгийн хэргийн тогтоолоор Р.А-ыг “... Өвөрмонголын Хишигтэн хошууны зүүн ар нутгийн цагдаа, цэргийн даргаар ажиллахдаа Хишигтэн хошууны япон тагнуулч Илтэга-д тагнуулчаар элсэгдэн орж, улмаар түүний удирдлага дор хошууны иргэдийн дотор Япон улсын ажил явуулгад дургүйцсэн яриа өгүүлэл болон Япон улсын цэрэг дайны хэрэгцээнд зарцуулагдахаар ард түмнээс татварлан авч буй мал, ноос үсийг амин хувийн хэрэгцээнд зарцуулах, эсвэл биелүүлэхээс зайлсхийх, хэн нэгэн этгээдүүдийг тагнан илрүүлж баривчлах зэрэг даалгаврыг авч мэдээлэн ажилласан ...” гэж дүгнэж, хүчин төгөлдөр даган мөрдөж байсан 1942 оны Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 62 дугаар зүйлд зааснаар 15 жил хөдөлмөрийн лагерьт хорих ял шийтгэжээ.

 

3.1942 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд “Тагнуул хийж тусгай хадгалалтад байгаа улсын нууцад байвал зохих утга бүхий мэдээнүүдийг гадаад улс буюу хувьсгалын эсэргүү байгууллагууд буюу энгийн хүмүүст шилжүүлэн өгөх зорилгоор хулгайлах буюу цуглуулах” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.

 

Хэрэгт цугларсан баримтуудыг судалж үзэхэд Өвөр Монголын Хишигтэн хошууны зүүн ар нутгийн цагдаа, цэргийн даргаар ажиллаж байсан Р.А нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эсрэг чиглэсэн тагнуулын ажиллагаа явуулсан, улсын нууцад хамаарах баримт, мэдээллийг гадаад улс, хувьсгалын эсэргүү байгууллага, хувь хүнд шилжүүлэн өгөх зорилгоор олж авсан, хулгайлсан, цуглуулсан гэх үйлдэл хийсэн нь нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

4.Түүнчлэн 1942 оны Эрүүгийн хуулийн “Эрүүгийн хуулийг журамлан дагаж хэрэглэх хэмжээ хязгаар нь” хэмээх хоёрдугаар бүлэгт хууль үйлчлэх хэмжээ хязгаарыг заахдаа 2 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын газар дэвсгэр дээр ба мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын хязгаарын гадна үйлдсэн боловч тус улсын хязгаар дотор илэрсэн нийтэд аюул бүхий гэмт хэрэг үйлдсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харьяат хэн нэгэн ард иргэдийг энэхүү хуулийг журамлан дагаж шийтгэнэ” гэж, 3 дугаар зүйлд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын газар дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн гадаад улсын харьяат хүмүүс нь энэхүү хуулийн ёсоор шийтгэгдэнэ” гэсэн нь хилийн гадна, гадаад улсын эсрэг гадаадын харьяат иргэний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хууль үйлчлэх хууль зүйн боломжгүй гэсэн агуулгыг илэрхийлнэ.

 

Гэтэл Өвөр Монголын Хишигтэн хошууны нутаг дэвсгэрт болсон дээрх үйл явдлыг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх таслах газрын шүүх харьяалан шийдвэрлэх ёсгүй байжээ.

 

5.Р.А-ын холбогдсон 1942 оны Эрүүгийн хуулийн “Хувьсгалын эсэргүү” гэмт хэрэгт хамаарах 62 дугаар зүйлд заасан хэрэг нь Монгол Улсын Их Хурлаас баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г-д хамаарч байх тул Р.А-ыг “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч” гэж үзэх үндэслэл тогтоогдлоо.

 

6.Иймд хяналтын шатны шүүх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар эрүүгийн хэргийн тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, Р.А-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.БНМАУ-ын Дээд шүүх таслах газрын 1946 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 115 дугаар эрүүгийн хэргийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Р-ын А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧИД                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                Д.БАТБААТАР

                                                                                                Б.БАТЦЭРЭН

Б.ЦОГТ