Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 547

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б нарыг оролцуулан иргэн Б.М ны нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийв.

Нэхэмжлэгч: Б ийн М 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, эрхэлж байсантай тэнцэхүйц албан тушаалд томилох, ажилгүй байх хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.М миний бие 2013 оны 02 дугаар сараас эхлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 23-нд ажлаас чөлөөлсөн тухай мэдэгдэх хуудас авсан.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрөн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Эод 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэр бүхий 10 мэргэжилтний хамтаар үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан боловч Б/117 дугаар тушаалаар ажлаас халсан болно.  

Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд миний гомдлыг харъяаллын дагуу Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсэн байна. 

Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл нь 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15/82 тоот албан бичгээр “албан тушаалын орон тоо нь хасагдсан, өөрчлөгдсөнтэй холбогдон гарсан маргаан нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрлэх маргаанд хамаарахгүй учир шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шиийдвэрлүүнэ үү’' гэсэн хариу өгсөн. 

Иргэн Б.М би төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд, ажлаас халсан үндэслэл нь “Бүтцийн өөрчлөлтийн дагуу орон тоо хасагдсан” гэж Тамгын газрын дарга тайлбарлаж байгаа юм. 

Миний ажиллаж байсан хэлтэс Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс нэртэй байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832 дугаар захирамжаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтэс болж нэр өөрчлөн, албан тушаалын нэр төсөл хөтөлбөр индекс, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн нэртэй болсон боловч хэрэгжүүлэх чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод агуулгын эрс өөрчлөлт орох нөхцөл бүрдээгүй хэвээр хадгалагдаж үлдсэн.

Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны Б/117 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23.2, 23.4, 24.1, 25.1 зэрэг заалтад дурдсан нөхцөл байхал үүсээгүй байхад төрийн жинхэнэ албан хаагчийг ажпаас халсан нь мөн хуулийн 27.2.1, 27.2.2, 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна.

Иргэн Б.М би төрийн албыг нэр төртэй, хичээнгүй хашиж ирсэн бөгөөд нийгмийн шинжлэх ухааны бакалавр, Эдийн засгийн ухааны магистр, Монгол Упсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид докторантурт амжилттай суралцаж байгаа бөгөөд төрийн албаны альч салбарт ажиллах бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд төрийн албан хаагчдын эрх ашиг, төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор үндэслэлгүйгээр ажлаас халагдсан тухай нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч  Хан-Уул  дүүргийн  Засаг  даргын  Тамгын  газрын  дарга  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.М ны 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны үлгэрчилсэн жагсаалтыг батлах тухай нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжийг үндэслэн дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалт батлах тухай Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамж батлагдан гарсан.

Энэхүү шинэчлэн батлагдсан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтад Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлын байр батлагдаагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн тул Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн Б.М ныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар ажпаас чөлөөлсөн.

Өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж өөрчлөгдсөн тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу 3 сарын цалинтай тэнцэх 1,797,711 төгрөгийн тэтгэлгийг Б.М ны 5026822... тоот цалингийн дансанд 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.

Иймд иргэн Б.М ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

 ҮНДЭСЛЭХ нь:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэст гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.М нь Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, эрхэлж байсантай тэнцэхүйц албан тушаалд томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” хэмээн тодруулсан.  

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.М ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Б.М ныг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/117 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/832, Дүүргийн Засаг даргын А/486 дугаар захирамжийг тус тус үндэслэн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдаж, өөрчлөгдсөн гэж үзэн гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.М ныг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ. 

Шүүх маргаан бүхий тушаалд дурдсан үндэслэлтэй холбоотой нотлох баримтыг цуглуулан Дүүргийн Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийг хянаж үзэхэд өмнөх бүтэц, орон тоо, зохион байгуулалтаас өөрчлөгдсөн зүйл байхгүй болох нь тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/486 дугаар захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг 8 хэлтэстэй, мөн захирамжийн 1 дүгээр хавсралтаар Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийг 1 дарга, 4 мэргэжилтэнтэй байхаар, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/10 дугаар захирамжаар  дүүргийн Засаг даргын Тамгын газрыг 7 хэлтэстэй, мөн захирамжийн хавсралтаар Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийг 1 дарга, 3 мэргэжилтэнтэй байхаар тус тус баталсан байгаагаас дүгнэхэд орон тоо хасагдаагүй, харин 1 орон тоо нэмэгдсэн байна. 

Хэдийгээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоонд өөрчлөлт орсон байх боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь “Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн Гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ийн ажлын байрны тодорхойлолт, “Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Төсөл хөтөлбөр,  индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтэн”-ийн ажлын байрны тодорхойлолтуудаас тодорхой харагдаж байна. 

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын хувьд аль нэгийг хангасан байхад болох бөгөөд Б.М ны хувьд Эдийн засагч мэргэжилтэй тул хангаж байгаа ... Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/486 дугаар захирамжаар төсөл хөтөлбөр, индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтний нэршлийн хувьд өөрчилсөн тул ажлаас чөлөөлсөн ... Нэршил өөрчлөгдсөн болохоос чиг үүрэг нь хэвээр, төстэй байгаа ...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй юм.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-д “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.М ны хувьд төрийн албанаас чөлөөлөгдөх хуульд заасан дээрх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд гэр хорооллын дахин төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний орон тоо, чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хэвээр хадгалагдаж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэх заалтыг хэрэгжүүлэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн, төрийн албан хаагчийн хуулиар хамгаалагдсан баталгаанд халдсан байна гэж шүүх дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.М ныг ажилд нь эгүүлэн тогтоож, урьд эрхэлж байсантай дүйцэхүйц албан тушаал болох Төсөл хөтөлбөр, индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалган шийдвэрлэв. 

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл шагнал   урамшууллаас   бүрдэнэ”,   мөн   хуулийн   69   дүгээр  зүйлийн  69.1-д  “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор ... олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.М ны ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс энэхүү шүүхийн шийдвэр гарах 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх цалин хөлснөөс нэг удаагийн тэтгэлэг болох 1.797.711 /нэг сая долоон зуун ерэн долоон мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг хасч үлдэх цалин хөлсийг Б.Мд олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар тооцон төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, Б.М ныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт, шинжилгээний хэлтсийн Төсөл хөтөлбөр, индекс, гэр хорооллын дэд бүтцийн хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг хариуцагчид даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож, үлдэх 2,503,294 /хоёр сая таван зуун гурвазн мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөгийн цалин хөлснөөс нэг удаагийн тэтгэлэг болох 1.797.711 /нэг сая долоон зуун ерэн долоон мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг хасч үлдэх 705,583 /долоон зуун таван мянга таван зуун наян гурав/ төгрөгийг Б.Мд олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын  шимтгэлийг  хуульд  зааснаар  тооцон төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ДОЛГОРСҮРЭН