Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 164

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: П.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Хохирогч: М.А,

Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814006930188 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 05 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар,

Мөн Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 145 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Б.Ж

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11-63 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 12 дугаар сарын 01-нд шөнө би гэртээ согтуу орсон тэгээд
эхнэр Атай хэрүүл хийсэн тэгж байхад манай ээж араас орж ирээд намайг барьж авсан би тухайн үед эхнэр рүү цохих гэж дайраад байсан тэр үед гэрээс гүйж гарч явсан тэгээд би гэртээ унтаж байхад цагдаа нар ирж намайг авч явсан. Би толгойнд нь нэг удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй. гэх мэдүүлэг /хх-ийн 54-56/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 23 цагийн үед манай нөхөр Б.Ж Баянхонгор сумын 4 дүгээр баг 4-11-63 тоотод байх гэртээ согтуу орж ирсэн...миний хоолойноос боосон тэгээд үсдэж дарсан энэ үед гаднаас хадам ээж орж ирсэн...Ж уурлаж намайг дахин үсдэж аваад чирээд тулга тойруулсан...Намайг урьд өмнө цохиж зодож байсан айл болгож авч суусан цагаасаа эхэлж цохиж зоддог байсан би зодуулдаг талаараа хэн нэгэнд хэлж байгаагүй манай гэрийнхэн 2014 онд намайг зодуулсан байхыг харж байсан тэрнээс өөрөөр намайг зодуулдаг талаар би мэдэхгүй. Миний толгой руу цохиж зоддог би эмнэлэгт хэвтэж байгаагүй сүүлд буюу одоо цагдаад хандах үед эмнэлэгт хэвтсэн толгой их өвддөг урд шүд хиймэл зодуулснаас болж шүд хийлгэж байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 31-34/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А мэдүүлэхдээ: Үндсэн хуульд заасан эрхийн дагуу нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.    

5. Гэрч З.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2018 оны 12 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө би гэртээ унтаж байхад манай охин гаднаас үс арзайсан нэг гутал цахилгаан тайлагдсан саарал цамцтай нүүр царай нь шороо болчихсон байдалтай орж ирээд гэрт ухаан алдаж унасан тэгээд би түргэн дуудаж шууд эмнэлэгт авч ирээд амбулатори дээр хэвтүүлсэн нэг хоносон...Зодуулсан гэж хэлсэн нүүр царай үс нь туг тугаараа унасан байдалтай нуруу өвдөж байна гэж хэлээд байж байсан гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/,

6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 719 дугаартай шинжээчийн:

1. М.Агийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 08-09/ болон хавтаст хэргийн 96-100 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Жы урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 89-83 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Б.Жы эзэмшлийн мотоцикоыг битүүмжилсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 01-нээс 2018 оны 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11-63 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр М.Аг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч М.А гэрч З.П нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 719 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Б.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклыг эзэмшигч Б.Жд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.А нь хохирол гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Жыг энэ хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Б.Жд нь урьд нь ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь ял шийтгүүлж байсан гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Б.Жыг гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Жд гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхаар тогтоож, уг ялыг эдлүүлж, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан Б.Ж нь гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.                     

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Жы эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх мотоциклыг эзэмшигч Б.Жд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                       

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ