| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2019/0043/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/46 |
| Огноо | 2019-05-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/46
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Батцог
Улсын яллагч: Д.Алимаа
Шүүгдэгч: С.Ц- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн С-гийн Ц-д холбогдох эрүүгийн 1927001030039 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын ___ багт оршин суух хаягтай боловч одоогоор Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороолол ___ тоотод түр оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
-Архангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 1992 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1/03 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар,
-1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 240.1, 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1/121 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар,
- Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ял дээр 2002 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 01 жил 05 сар 11 хоногийн хорих ялаар,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 01 сарын хорих ялаар,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зуйлийн 98.2, 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 08 сарын хорих ялаар,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2, 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 06 сарын баривчлах ялаар,
-Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 10 хоногийн хорих ялаар,
-Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 04 сар 11 хоногийн баривчлах ялаар,
-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 11 сар 12 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Т овгийн С-гийн Ц- /РД: ___/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт М.Н-гийн нүүрэн тус газар гараараа цохиж хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж улмаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүгдэгч С.Ц- нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ: “Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн Сансар хороонд байх “___” дэлгүүрээс юм авах гэж машинтай очсон. Тухайн үед надтай хамт Г- явж байсан. Би дэлгүүр рүү ороод 2 шил архи аваад гараад иртэл М.Н- машин дотор орж ирээд суучихсан байсан. Би хэдүүлээ хаана очиж архинуудаа уух юм бэ гэж асуутал Г- хойд хороо руу явъя гэж хэлсэн. Бид нар хойд хороонд П- гэх айлын хашаанд очсон. Бид нар тухайн үед 4-үүлээ 2 шил архи, нэг том пиво уусан. Тухайн үед хамт архи ууж байсан М.Н- гэж хүн нь миний Хархоринд сууж байсан эхнэрийн төрсөн ах нь юм байна лээ. Би тэрийг нь сайн мэдэхгүй. Тухайн үед М.Н- надад хандаж миний хөл муу чамд миний эмчилгээний зардалд туслах мөнгө төгрөг байна уу гэж нэхсэн. Манай аав, ээж миний эмчилгээ хийлгэх гэж байсан 300.000 төгрөгийг танай охин 10 жилийн сургуулиа төгсөж байгаа гээд танай хүүхдэд өгсөн байсан гээд хэрүүлийн чанартай зүйл ярьсан. Би хариуд нь тэр мөнгө төгрөг надад ямар хамаа байхав. Би ажил хөдөлмөр хийж байгаа. Өнөөдрийн хувьд надад танд өгөх мөнгө төгрөг алга. Дараа танд мөнгө төгрөг өгье гэж хэлсэн. Бид хоёр тэр асуудлаасаа болж хоорондоо маргалдаад би М.Н-г нэг удаа цохьсон. Би тухайн хашаанаас гараад эгчийндээ очих гээд явсан” гэв.
Хохирогч М.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт П- гэх айлын хашаанд Г-, Ш-, О, М, Ц- бид нар 75 грамтай 2 шил хараа нэртэй архи хувааж уусан. Бид ууж дуусаад явах гэсэн чинь Ц- намайг чи архи аваад ир гэж хэлсэн. Би хариуд нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн чинь миний нүд рүү Ц- гараараа нэг удаа цохисон. Би Ц-д цохиулаад газар унасан. Цохиулсаны улмаас миний нүдний дээд, доод зовхинд хүрэн ягаан өнгийн цус хуралт үүссэн. Одоо зүгээр болсон. Миний бие өвдөж байгаа зүйл байхгүй. Би Ц-д одоо болон цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Д.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна, 14 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт П- ахын хашаанд Г-, П-, Ц-, М.Н-, шар хочтой Очироо, Мөнхжаргал бид нар 75 грамтай 2 шил Хараа нэртэй архи хувааж ууцгаасан. Бид нар ууж байсан архиа дуусгаад явцгаах гэж байсан чинь С.Ц- босож ирээд М.Н-г гараараа нэг удаа цохиод унагааж байгаа бололтой байсан. Би тухайн үед төвөг гэж бодоод хашаанаас түрүүлээд гараад явсан, цааш юу болсон эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/
Гэрч Н.Очирсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манай нутгийн хүмүүс намайг Шар Очироо гэж дууддаг юм. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна, 13 цаг 50 минутын орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт П-ын хашаанд Г-, Ц-, Н-, Мөнхжаргал, Д.Ш- бид нар 75 грамттай 2 шил Хараа нэртэй архи хувааж ууцгаасан ...Би С.Ц-ас юу болсон талаар асуусан чинь би дээр П-ын хашаанд архи ууж байгаад чамайг согтсоны дараа М.Н-г гараараа нэг удаа нүд рүү нь цохьсон гэж ярьж байсан. Миний хувьд Ц- Н-г цохиж байхыг хараагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 131 дугаартай “1.М.Н-гийн биед 2 нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 23 дугаар хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 2-3 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Шүүгдэгч С.Цэрэнцамбын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн нутагт М.Н-гийн нүүрэн тус газар гараараа цохиж хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж улмаар хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт болон бусад баримт зэргийг хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд шүүгдэгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн асуудлаар тусгайлсан санал гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч С.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч С.Цэрэнцамбыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч С.Ц- нь гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, 3 хоног цагдан хоригдсон, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн С-гийн Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн С-гийн Ц-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ын цагдан хоригдсон 3 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45.000 төгрөгийг шүүгдэгч С.Ц-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас хасч 405.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч С.Ц- нь 3 хоног цагдан хоригдсон, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримаар хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул цагдан хоригдож байгаа шүүгдэгч С.Ц-ыг шүүх хуралдааны танхимаас сулласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН