| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0075/и |
| Дугаар | 491 |
| Огноо | 2016-10-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч А.Энхтөр, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад сум, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: Өмнөговь аймгийн *******. Өмнөговь аймаг цагдаагийн газрын зүүн талд байрлах утас:*******
Гэм хорын хохирол 79333400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, өмгөөлөгч Ц.Баярмаа, гуравдагч этгээд *******, иргэдийн төлөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, гэрч , нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч миний бие 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Баруунсайханд байрлах Шарга дэлгүүрийн замын уулзвар дээр Ланд крузер маркийн 50-58 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний сууж явсан Ява маркийн мотоциклийг мөргөсний улмаас миний биед хүнд зэргийн гэмтэл учирч баруун хөлөө өвдөгний дээд хэсгээр тайруулсан юм. Дээрх зам тээврийн ослыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газар мөрдөн байцаалт явуулсан ба эрүүгийн хэрэгт Зам тээврийн осол дээр тогтоосон актаар Нарангэрэл овогтой Соёл-Эрдэнэ нь МУЗХДүрмйн 12.9-т: Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг осол гарсан гэсэн дүгнэлт, эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт болох 50-58 ӨМӨ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашин нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны өмчлөлд бүртгэлтэй болохыг эрүүгийн хавтаст хэрэгт тус тус тогтоосон байдаг. *******д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 143 тоот шийтгэх тогтоолоор Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд уг автомашиныг жолоодож явсан Н.Соёл-Эрдэнийг гэм буруутайд тооцон, хохирогч миний нэхэмжилсэн хохирлын зарим хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн. Иймд хохирогч миний бие өөрийн энэ гэмт хэргийн хохирогч болохоос өмнө олох ёстой байсан орлогоо 50-58 ӨМӨ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашины өмчлөгч, эзэмшигч байгууллага болох Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас доорхи хохирлыг нэхэмжилж байна. Өөрөөр хэлбэл энэ осол хэрэг гарахаас өмнө 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг Хүннүгийн говь ХХКомпанитай би ажил гүйцэтгэх гэрээ барилгын ажил гүйцэтгэж байсан. Уг гэрээгээр нилээдгүй олон тооны барилгын ажил гүйцэтгэх, ажил гүйцэтгэсний хөлсөнд 50021500 төгрөг авахаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэнээс хойш би уг мөнгөн дүнгээс 10000000 төгрөгийг авсан байсан ба осолд орсноос болж цаашид ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 90 хувиар алдаад байгаа ба хэрэв би осолд ороогүй бол ажилаа хийгээд гэрээ ёсоор ажлын хөлсөө авах бүрэн боломжтой байсан. Иймд Иргэний хуулийн 499, 505 дугаар зүйлд зааснаар миний олох ёстой байсан орлого болох 40021500 төгрөг мөн сэтгэл санааны хувьд хүнд цохилтонд орсон тул сэтгэл санааны хохирол 39168000 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанаас хойш эмчилгээнд зарцуулсан эмчилгээний зардал 143900 төгоөг буюу нийт 79333400 төгрөгийг Шүүхийн Шинжилгээний албанаас гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. Жич: Нэхэмжлэгч миний бие гэм хорын хохирол нэхэмжилж байгаа ба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх хуулийн заалттай тул улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно. Мөн хариуцагч байгууллагын хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар 50-58 ӨМӨ улсын дугаартай Ланд крузер маркийн автомашины өмчлөгч Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний алба тул уг байгууллагад хариуцуулан нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие 2015 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Баруунсайханд байрлах Шарга дэлгүүрийн замын уулзвар дээр Ланд крузер маркийн 50-58 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний сууж явсан Ява маркийн мотоциклийг мөргөсний улмаас миний биед хүнд зэргийн гэмтэл учирч баруун хөлөө өвдөгний дээд хэсгээр тайруулсан юм. Сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ их хохирч байна гээд /уйлав/. Аваарт орохоосоо өмнө Хүннүгийн говь ХХКомпанитай би ажил гүйцэтгэх гэрээ байгуулж барилгын ажил гүйцэтгэж байсан. Уг гэрээгээр нилээдгүй олон тооны барилгын ажил гүйцэтгэх, ажил гүйцэтгэсний хөлсөнд 50,021,500 төгрөг авахаар тохиролцож гэрээг байгуулсан. Гэрээ байгуулж ажил гүйцэтгэж эхэлсэнээс хойш би уг мөнгөн дүнгээс 10,000,000 төгрөгийг авсан байсан. Осолд орсноос болж цаашид ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрсэн, хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 90 хувиар алдаад байгаа ба хэрэв би осолд ороогүй бол ажлаа дуусгаж үлдсэн мөнгөө авах бүрэн боломжтой байсан. Одоо миний нэхэмжилж байгаа мөнгийг хариуцагчаас гаргуулж өгч намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч Б.*******ын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дүн өөрчлөгдөөгүй. Хариуцагч талтай шууд эвлэрэх боломжгүй. Б.******* нь тухайн ослоос болж хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан цаашид мэргэжлээрээ барилгын ажлыг насаараа хийж чадахгүйд хүрсэн байгаа. Б.******* барилгын ажил хийж амьдралаа авч явдаг. Өндөр настай ээжтэйгээ хамт амьдардаг. Одоогийн байдлаар эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд орж хүний асрамжинд амьдрах болж байна. Б.******* нь осолд ороогүй бол ажлаа дуусгаж үлдсэн мөнгөө авах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа гэм хорын хохирол болох 79,333,400 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас Б.*******ыг хохиролгүй болгож 79,333,400 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн Б.*******ын нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь олох ёстой орлого гэж Хүннүгийн говь ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэх байсан ажлын хөлс 40021500 төгрөг, сэтгэл санааны хохирол 39168000 төгрөг, анхан шатны шүүх хуралдаанаас хойш эмчилгээнд зарцуулсан эмчилгээний зардал 143900 төгрөг буюу нийт 79333400 төгрөгийг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас нэхэмжилжээ. Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд:
1. Нэхэмжпэгч нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №2015/09 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр З12 м3 өрлөг, 588 м2 өрлөг, 3899 м2 шавар, 885 м2 хар шавар, 1458 м2 паркет суулгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байжээ. Дээрх ажпын хэмжээг тус 70 айлын орон сууцны барилгын төсөвтэй харьцуулан харвал эдгээр ажил тус барилгын нийт гадна ханын өрлөг, шаврын ажлын хэмжээтэй ойролцоо байна. Энэхүү өрлөг шаврын ажлыг хийж гүйцэтгэхэд тоосго, блок зэрэг материалыг зөөх, өрөх, хагалж тайрах, барьцалдуулах шаврын материал болох элс, цемент, ус зэргийг мөн адил зөөх, холих, зуурах зуурсан зуурмагаа зөөх зэрэг олон ажлууд зайлшгүй давхар хийгдэнэ. 7 давхар 70 айлын орон сууцны барилгын нийт гадна ханын өрлөг, шавар, паркетны ажилд нэг юм уу хоёр хүний хөдөлмөрийн бүтээмж хангалтгүйгээс гадна захиалагч компанид цаг хугацаа болон эдийн засгийн хувьд ашиггүй юм. Нэхэмжлэгч нь Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны явцад “бригад үүсгэн 4-өөс дээш гишүүнтэй ажилладаг байсан” гэдэг. Харин Хүннүгийн говь ХХК-ийн захирал 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №128 дугаартай тодорхойлолтод “******* овогтой ******* ахлагчтай бригад нь /РД:*******/ манай компанид 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Ажил гүйцэтгэх гэрээг”-ээр сарын 4500000-5500000 төгрөгийн гүйцэтгэлтэйгээр өрлөг дотор заслын ажлыг өндөр чанартайгаар гүйцэтгэж байгаа болно" гэснээс харвал Б.******* нь бригадын ахлагч гэсэн боловч хөлсөөр ажиллах гэрээгээр тус компанид ажиллаж байсан гэж харагдаж байна. Харин олох ёстой орлого гэх гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний хэлбэртэй байгаагаас харахад Б.******* нь нэг ижил хугацаанд компанитай хөлсөөр ажиллан тогтмол хугацаанд орлого олдог, эсхүл ажил хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөний дараа хөлсөө авдаг гэх ойлголттой тайлбарыг нэхэмжлэгч, гэрч хоёр зөрүүтэй хийж буй нь баримтууд хууль ёсны гэхэд эргэлзээтэй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна”, ажил гүйцэтгэх гэрээний 3.2 дахь хэсэгт “Ажлын үр дүнг бүрэн гүйцэтгэж, түүнийг хүлээлгэн өгөх үед хөлсийг төлнө гэснээр нэхэмжлэгч нь тухайн ажлыг аливаа доголдолгүйгээр хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөнөөр ажлын хөлсийг авах боломжтой. Хэрэв доголдол илэрвэл Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт зааснаар доголдлыг арилгахад шаардлагатай зардлуудыг төлөх ёстой. Мөн тус гэрээнд гүйцэтгэвэл зохих ажлыг хугацаандаа гүйцэтгэж чадаагүй тохиолдолд гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд захиалагчид 0,5 хувийн алданги төлөхөөр тохирсон байдаг. Иймд нэхэмжлэгч нь тус ажлыг хэддүгээр зэргийн, хэдэн өрлөгчин, шаварчин туслах ажилчидтайгаар тэдгээр хүмүүст хэдэн төгрөгийн цалин, хөлсийг төлж хэдий хугацаанд ямар нэгэн доголдолгүйгээр хийж гүйцэтгэх боломжтой байсныг тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь өөр бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу хэдэн төгрөгийн хөлс бодитоор төлөгдөж байсан, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул тус гэрээгээр олох ёстой орлогыг тодорхойлох боломжгүй. Мөн тус ажил гүйцэтгэх гэрээнд ерөнхий инженер Б.Одонбаяр Хүннүгийн говь ХХК-ийг төлөөлсөн байдаг бөгөөд Б.Одонбаяр нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй.
2. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй 39168000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Гэтэл нэхэмжпэгч нь юуг үндэслэж, хэрхэн тооцсон нь үл мэдэгдэх сэтгэл санааны хохирол нэхэмжилж буй нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй учир сэтгэл санааны хохирол 39168000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байна.
3. Эмчилгээний зардал 143900 төгрөгийн тухайд нэхэмжпэгч нь эрүүгийн хэргийн хохирол болох эмчилгээний зардалд 3366690 төгрөг нэхэмжилж байсан бөгөөд түүнд 5200000 төгрөг төлсөн байна. Иймд 143900 төгрөгийг эрүүгийн хэрэгт төлсөн эмчилгээний зардлын илүү төлсөн зардалд тооцох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжпэгч Б.*******ын гэм хор учруулсаны хохирол буюу олох байсан орлого, сэтгэл санааны хохирол, эмчилгээнд гарсан зардалд 79333400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Б.******* нь 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №2015/09 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр З12 м3 өрлөг, 588 м2 өрлөг, 3899 м2 шавар, 885 м2 хар шавар, 1458 м2 паркет суулгах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байдаг. Энэ гэрээнээс харахад цөөхөн хоногт ийм их ажлыг гүйцэтгэх боломжгүй харагдаж байгаа. Нэхэмжлэгч нь хэдэн хүнтэй хамтарч ажиллаж байсан нь тодорхойгүй байна. Харин Хүннүгийн говь ХХК-ийн захирал 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн №128 дугаартай тодорхойлолтод Б.******* нь манай компанид 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс “Ажил гүйцэтгэх гэрээг”-ээр сарын 4500000-5500000 төгрөгийн гүйцэтгэлтэйгээр өрлөг дотор заслын ажлыг өндөр чанартайгаар гүйцэтгэж байгаа болно" гэснээс харвал Б.******* хөлсөөр ажиллах гэрээгээр тус компанид ажиллаж байсан гэж харагдаж байна. Нэхэмжлэгч нь тус ажлыг хэддүгээр зэргийн, хэдэн өрлөгчин, шаварчин туслах ажилчидтайгаар тэдгээр хүмүүст хэдэн төгрөгийн цалин, хөлсийг төлж хэдий хугацаанд ямар нэгэн доголдолгүйгээр хийж гүйцэтгэх боломжтой байсныг тогтоох боломжгүй юм. Нэхэмжлэгч нь өөр бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээний дагуу хэдэн төгрөгийн хөлс бодитоор төлөгдөж байсан, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй байх тул тус гэрээгээр олох ёстой орлогыг тодорхойлох боломжгүй. Мөн тус ажил гүйцэтгэх гэрээнд ерөнхий инженер Б.Одонбаяр Хүннүгийн говь ХХК-ийг төлөөлсөн байдаг бөгөөд Б.Одонбаяр нь тус компанийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилж буй 39168000 төгрөгийг төлөх үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Гэтэл нэхэмжпэгч нь юуг үндэслэж, хэрхэн тооцсон нь үл мэдэгдэх сэтгэл санааны хохирол нэхэмжилж буй нь дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй учир сэтгэл санааны хохирол 39168000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэргийн хохирол болох эмчилгээний зардалд 5200000 төгрөг төлсөн байдаг. Иймд 143900 төгрөгийг эрүүгийн хэрэгт төлсөн эмчилгээний зардалд оруулж тооцох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжпэгч Б.*******ын гэм хор учруулсаны хохирол буюу олох байсан орлого, сэтгэл санааны хохирол, эмчилгээнд гарсан зардалд 79333400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Албан ажлаа хийж явж байгаад хүн дайрсан. Тухайн ослоос болж эрүүл мэнд болон сэтгэл санааны хохиролд орсон Б.*******ын эмчилгээний зардалд хувиасаа 5,200,000 төгрөг төлж, эрүүгийн хуулиар ял шийтгүүлсэн байгаа гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 017151 дугаартай шийдвэр, Өмнөговь аймгийн Замын цагдаагийн тасгийн 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Н.Соёл-Эрдэнийн жолооны үнмлэхийн хуулбар, 50-58 улсын дугаартай автомашины технийкийн тодорхойлолтын хуулбар, Монгол Улсын Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн хуулбар, Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь-Эм хангаж ХХК-ийн зарлагын баримтууд, Хүннүгийн говь ХХК, Б.******* нарын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, харуицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Соёл-Эрдэнийн хариу тайлбар, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хүннүгийн говь ХХК-ийн захирал ын тодорхойлолтууд, Өмнөговь аймгийн *******ны дарга Ш.Эрдэнэбаярын хүсэлтүүд, 5058 ӨМӨ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хэрэг шилжүүлэх тухай хүсэлт, Өмнөговь аймгийн шүүхийн шинжлгээний албаны 2016 оны батлагдсан төсвийн хуваарь, Өмнөговь аймгийн *******ны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Өмнөговь аймгийн *******ны даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 14н/33 тоот итгэмжлэл, Б.Энхбатын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, О.Буянжаргалын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Сэтгэцийн гэм судлалын 21/16 дугаартай магадлагаа,Дэгжих говь ХХК-ийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 33 дугаартай тушаал, Замын цагдаагийн газрын 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн алба хаагчдын 2016 оны ээлжийн амралтын хуваарь, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Өмгөөлөгч Ц.Баярмаагийн хүсэлтүүд, өмгөөлөгч С.Цацралтуяагийн хүсэлтүүд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны зар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаярын хүсэлтүүд, эмнэлгийн магадлагаа, Жирэмсэн болон амражсаны эмнэлгийн хуудас, Өмнөговь аймгийн *******ны 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6н/148 тоот итгэмжлэл, 6н/149 тоот итгэмжлэгсэн төлөөлөгчөөс татгалзах тухай албан бичиг, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судалын 966 дугаартай дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгсийн хариу тайлбар, хүсэлт, Монгол Улсын Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/158 дугаартай тушаалын хуулбар, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/469 дугаартай тушаалын хуулбар, Офицер бэлтгэх сургалтанд хамрагдах алба хаагчдын нэр, зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.******* нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас гэм хорын хохирол 79333400 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн шүүхийн шижилгээний алба нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Б.******* нь гэмт хэргийн улмаас бие, эрүүл мэндэд нь хохирол учирсан байх тул нэхэмжлэгчийг учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй этгээд гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх бүрэлдэхүүн эдийн болон эдийн бус хохирол учирсан байна гэж үзэж байна.
Эдийн хохирол гэдэгт эд материал болон эрүүл мэндийн хохирол учирсныг хэлдэг. Харин эдийн бус хохиролд сэтгэл санааны хохирлыг ойлгоно.
Нэхэмжлэгч Б.*******ыг эдийн болон эдийн бус хохирлыг нэхэмжлэх эрхтэйгийн хувьд шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтууд, мөн шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг дүгнэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албыг хариуцагч этгээд байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч нь томилсон буюу эзэмшүүлсэн байвал хохирлыг өөрөө хариуцна гэсэн байх тул Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албан нь хохирлыг хариуцах этгээд гэж үзэж байна.
******* нь гэмт хэрэг гарах үед албаны машинаар албан ажлаа гүйцэтгээд явж байсан. Албаны машиныг унах эрхээ албан ажлаа гүйцэтгэхдээ олгосон байдаг учраас албаны машины өмчлөг буюу эзэмшигч нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба байх тул хариуцлагыг алба нь хариуцна.
Б.******* нь нэхэмжлэлдээ 50021500 төгрөгийн орлого олох ёстой байсан бөгөөд үүнээс 10000000 төгрөгийг нь авч үлдэгдэл болох 40021500 төгрөгийг нэхэмжилсэн мөн дээр эрүүл мэндэд учирсан хохирлыг нэмж нэхэмжилсэн байдаг. Эрүүл мэндэд 143900 төгрөгийн хохирол учирсан байдаг. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Улаанбаатар хот явсан зардал 186700 төгрөг гарсан бөгөөд нотлох баримтуудаар нотлогдож байх тул эдгээрүүлийг хариуцагчаар гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.
Харин 928000 төгрөгийг ирээдүйд гарах хохирол гэж нэхэмжилдэг бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас бусдын биед хохирол учирсан байх тул ирээдүйд гарах хохирлтой шалтгаант холбоо байна гэж шүүх бүрэлдэүүн үзлээ. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалт өндөр хувьтай гарсан байдаг ба хиймэл хөл хийлгэхэд тэр нь цаашдаа таараад яваад байдаггүй солигдох шаардлагатай байдаг болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлогдсон. Үүнийг ирээдүйд гарах бодитой зардал гэж үзэж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Сэтгэл санаанай хохирлыг 38031300 төгрөгийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжилдэг бөгөөд Б.*******ыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар сэтгэл санаа нь хохирсон байна гэж үзэж байна. Харин Б.*******ын сэтгэл санаанд 38031300 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байх тул үүнийг хангах үндэслэлгүй байна. Энэ сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн мөнгөн дүн нь хувирах боломжтой дүн болхыг үгүйсгэх боломжгүй байна. Нотлох баримтаас үзэхэд зарим нэгэн зардлаа сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн мөнгөн дүнгээс хасч нэхэмжлээд байгаа нь энэ хохирлыг хэмжихэд бэрхшээл болж байна. Иргэний хуульд сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх эрхийг нь нээж өгсөн байх хэдий нь энэ нэхэмжлэлийн шаардлагаа ямар шалгуур, ямар журмаар, юуг үндэслэн нэхэмжилж байгаа болохоо бодитойгоор нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь боломжгүй байна.
Олох ёстой байсан орлогыг 2010750 төгрөгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Хүннүгийн говь ХХК-тэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр б.******* болон түүний баг хамт олон 50021500 төгрөгийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан байна. Энэ гэрээг хариуцагч талаас хүчин төгөлдөр бус гэрээ гэж үздэг бөгөөд үүнийгээ нотлох баримтаар нотлож няцаалт хийж чадахгүй байх тул шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж шийдвэрлэв.
Ажил гүйцэтгэх гэрээгээр 50021500 төгрөгийн гэрээг байгуулсан байх бөгөөд үүнээс 10000000 төгрөгийг нь авсан болох нь нотлох баримтаар нотлогддог. Үлдэгдэл 40021500 төгрөг үлдсэн байх бөгөөд үүнийг бүгдийг нь Б.*******ын олох ёстой байсан орлого гэж үзэх боломжгүй байна. Учир нь:
Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар зарим мөнгөн дүнг нь хасч үлдсэнийг нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дээрх нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол болон эрүүл мэндийн хохирлыг Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний алба дангаараа учруулаагүй байна. Тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* болон мотоцикль жолоодож явсан жолоочийн буруутай үйлдэл харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ганцхан дээрх байгууллага нь хариуцах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хохирогчийн бруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж үзэж 50 хувиар бууруулан хасч шийдвэрлэх нь зүйтэй.
Хариуцагч тал ажил гүйцэтгэх гэрээг Б.*******ын компанийн инженертэй байгуулсан байх бөгөөд хуулийн этгээдийг төлөөлөх ёстой байна. Иймд гэрээг хүчин төгөлдөр гэрээ биш гүж үзэж тайлбараа гаргадаг.
Гэрээ нь талуудын чөлөөт эрхийн илэрхийлэл байх бөгөөд үүнийг ямар ч этгээд хуульд заасан журмын дагуу байгуулж болдог. Дээрх ажил гүйцэтгэх гэрээг Одонбаатар хуулийн этгээдийг төлөөлж байгуулах эрхтэй юу гээд үзэхээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан үндэслэлийг бий болгохгүй байна гэж үзэж шүүх бүрэлдэхүүн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Иймд хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар нь үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 497, 499, 505 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албанаас 21291350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
2.Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 5842050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг улсын тэмдэгтийн хураамж 554617 төгрөг төлөхөөс чөлөөлж, хариуцагч Өмнөговь аймгийн Шүүхийн шижилгээний албанаас 264406 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Р.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД А.ЭНХТӨР
Л.УГТАХБАЯР