Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 721

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор би,

   Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, “Тэнгэр” бөөний төвийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Зүүнговь сумын Зэл баг, 1-10 тоотод оршин суух, РД:ОД82103110, Шарнууд овогт Уламбаяр овогтой Цогтхүүд холбогдох,

      Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.757.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төвийн захирал Ж.Мягмаржав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жамба овогтой Мягмаржав миний бие нь Увс аймгийн 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр” бөөний төвд хүнсний бөөний худалдааны үйл ажиллагаа явуулдаг юм. Миний бие энэ чиглэлээр маш олон жил ажиллаж байгаа бөгөөд манай төвөөс аймаг болон сумдаас иргэд, аж ахуй нэгж, албан байгууллага ирж бараа бүтээгдэхүүн бөөндөж авдаг. Тухайн бараа бүтээгдэхүүн авч буй хүмүүс, аж ахуй нэгж, албан байгууллага нь олон удаа үйлчлүүлсээр байж байнгын үйлчлүүлэгч болж дараагийн бараа авахдаа зээлээр авч яваад дансанд барааны мөнгөө шилжүүлэх зэргээр харилцдаг юм. Манай бөөний төвийн харилцагч Увс аймгийн Зүүнговь сумын Зэл багийн иргэн У.Цогтхүү нь эхнэр н.Туулын хамт 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр над руу утсаар ярьж дүүгээ явуулж манай “Тэнгэр” бөөний төвөөс 4.575.250 төгрөгийн хүнсний бараа бүтээгдэхүүн зээлээр авч яваад одоо болтол төлж өгөөгүй байгаа юм. Урьд нь тэрээр манайхаас бэлнээр болон зээлээр бараа аваад мөнгөө дансаар шилжүүлээд явдаг байсан. Гэтэл сүүлд дүүгээрээ захиж авахуулсан дээрх бараа бүтээгдэхүүний мөнгийг У.Цогтхүү болон түүний эхнэр н.Туул нараас нэхэхэд “Удахгүй  өгнө, танай данс руу шилжүүлнэ” гэж хэлээд алга болчихдог одоо сүүлийн үед мөнгөө шаардах гээд утас руу нь залгахад авахаа больсон юм. Иймд У.Цогтхүүгээс хүнсний барааны үнэ 4.757.250 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

        Хариуцагч У.Цогтхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “У.Цогтхүү миний бие Тэнгэр бөөний төв рүү өөрийн биеэр залгаж бараа авсан тохиолдол байхгүй. Харин эхнэр маань авсан байна. Бид хоёр хэдэн хүнээс авлагатай ч авч чадахгүй байгаа ба бага хүү маань 2014 оны 7 дугаар сард уг бөөний төвийн 2 давхраас унаж маш хүнд гэмтсэн нь бид хоёрт эмчилгээ хийлгэх зэрэг санхүүгийн байдалд хүндээр туссан. Одоо 12 дугаар сард хүүхдийнхээ хөлийг үзүүлэхээр Улаанбаатар хот явах тул эрхэм Ж.Мягмаржав та миний хүсэлтийг хүлээн авна уу. Бид 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.585.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.585.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.587.250 төгрөгөөр 3 хувааж төлөх хүсэлтэй байна. Мөн шүүх хурал хийлгэхгүйгээр энэхүү асуудлыг эвлэрүүлэн шийдэж өгөхийг хүсье” гэжээ.

       Нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төвийн захирал Ж.Мягмаржав шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч У.Цогтхүүгийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартай танилцлаа. У.Цогтхүү нь надаас авсан бараа бүтээгдэхүүний мөнгийг хугацаа зааж төлөхөөр хүсэлт гаргасан байна. Заасан хугацаандаа энэхүү төлбөрөө төлж барагдуулвал надад татгалзаад байх санал алга. Иймд миний нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төв, хариуцагч У.Цогтхүүд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.757.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У.Цогтхүү нь нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төвийн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.757.250 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 1.585.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1.585.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1.587.250 төгрөгөөр 3 хувааж төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч У.Цогтхүү нь “Тэнгэр” бөөний төвийн нэхэмжлэлийн шаардлага болох худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.757.250 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

      Нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төв улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 91.066 төгрөг төлсөн ба тал хувь болох 45.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 45.533 төгрөг, хариуцагч У.Цогтхүүгээс 45.533 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төвд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төвийн худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 4.757.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Цогтхүү төлж  барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.066 төгрөгөөс 45.533 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 45.533 төгрөг, хариуцагч У.Цогтхүүгээс 45.533 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тэнгэр” бөөний төвд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч У.Цогтхүү шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР