Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 724

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багт оршин суух, 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, РД:ОЭ67031705, Шангас овогт Баттөмөрийн Долгорын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Долгор шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн, 49 настай. Би 16 настайгаасаа эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Суварга багт аав, ээжийн гар дээр мал маллаж өссөн. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

      Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Долгор нь 1983 оны 4 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо Б.Долгор нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байхгүй тул шүүхэд хандсан. Иймд Б.Долгорын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Б.Долгор нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Баттөмөрийн Долгорын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

2. 1987 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Зүүнговь сумын АДХ-ын тэргүүлэгчидээс  шагнасан “Баярын бичиг”,

3. Итгэмжлэл,

4. Гэрч Р.Эрдэнэдэлгэрийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажилд орж улмаар тракторчнаар 1990 он хүртэл ажиллаад “Говийн хөгжил” ХХК болоход үргэлжлүүлэн тракторчноор 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. Б.Долгор нь аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1984 оноос Суврага бригадад бие даан малчнаар 1991 оны 3 сарыг дуустал ажиллаж байсан. Түүний нөхөр Д.Батсүх мөн л Суварга бригадын малчнаар олон жил ажилласан юм. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэдэв, Т.Хүрэлхүү, С.Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,

5. Гэрч Д.Бизьяагийн шүүхэд өгсөн: “Миний бие 1988 оноос Увс аймгийн Зүүнговь сумын Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд орж 1993 он хүртэл ажилласан юм. 1988 онд намайг Улаангом сумаас Зүүнговь сумын нэгдсэн эмнэлэгт шилжин очиход Б.Долгор нь тэнд “Говийн хөгжил” нэгдэлд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1990 оны үед их хувьчлал явагдаж “Говийн хөгжил” компани болоход үргэлжлүүлэн 1991 оны эхэн хүртэл ажилласан санагдаж байна. Би Зүүнговь суманд бэр болж очсон цагаас Б.Долгорыг таньж мэдэх бөгөөд манайх 2012 он хүртэл Зүүнговь суманд амьдарч байгаад ирсэн айл юм” гэх мэдүүлэг,

6. Гэрч Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизьяа нарын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэл болон хүн эмнэлэгт тус тус ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд тус тус хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Б.Долгор нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргаж ирүүлсэн Б.Долгорын цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан баярын бичиг, гэрч Р.Эрдэнэдэлгэр, Д.Бизьяа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч Б.Долгорын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Баттөмөрийн Долгорын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1983 оны 4 дүгээр сараас 1991 оны 3 дугаар сарыг дуустал 8 /найм/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Долгорын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР