Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 102/2016/04929/и |
Дугаар | 1874 |
Огноо | 2016-11-14 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 1874
“Агь” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00605 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Агь” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч С.Мөнхтуяад холбогдох
53 696 603 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ачмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ачмаа, Ө.Жамбалсүрэн, Г.Цэцэгдэлгэр
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “Агь" ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ачмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Мөнхтуяатай 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12-SA-XY-97 дугаартай зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 12SA-BG-37 тоот барьцааны гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 12A-XG тоот хөдөлмөрийн гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 12 SAL-HT-HU-97/1 тоот гэрээг байгуулан, худалдааны төлөөлөгчөөр ажиллуулсан. Дээрх барьцааны гэрээг эх Д.Сэлэнгэ, эгч С.Мөнхтуул нараас С.Мөнхтуяа өөрөө итгэмжлэл хийлгэн байгуулсан. Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлж, нийгмийн даатгал бусад цалин хангамжийг цаг тухайд нь өгч, борлуулах бараа бүтээгдэхүүнийг худалдааны төлөөлөгчийн буюу С.Мөнхтуяагийн захиалсан төрөл, тоо, хэмжээгээр зээлээр нийлүүлэх, худалдааны төлөөлөгч С.Мөнхтуяа нь өөрийн борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг цаг тухайд нь төлөх үүрэгтэйгээр 2013 оны 01 дүгээр сараас 2016 оны 01 дүгээр cap хүртэл 3 жил ажилласан. 2015 оны эхнээс С.Мөнхтуяагийн бараа бүтээгдэхүүн борлуулсан төлбөр төлөгдөхгүй хоцорч хийгдэж ирсэн. Компанийн зүгээс худалдааны төлөөлөгч нь өр төлбөрөө барагдуулж ажиллаж чадна, хугацаа өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу хугацаа олгож өр барагдуулах гэрээ хийсэн.
Мөн С.Мөнхтуяатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т "хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах", Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т "Ажил олгогч нь ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлж ажиллахыг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй", Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 3.1-т тус тус "Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүугийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээнэ" гэж заасны дагуу С.Мөнхтуяатай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг үндэслэн, түүний хүлээн авсан барааны төлбөр 52 684 603 төгрөгийг нотариатын зардал 1 012 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мөнхтуяа шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд заасны дагуу нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад С.Мөнхтуяа нь өөрийн буруугаас компанид хохирол учруулсан гэх баримтгүй. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.3-т энэхүү гэрээтэй дагалдаад бараа материал хүлээлцэх хуудас байна гэж заасан бөгөөд бараа хүлээлцэх бүрт хөтөлж явахаар тусгасан боловч энэ талаарх баримтыг хэрэгт өгөөгүй байна. Иймд ямар ч нотлох баримтгүйгээр хариуцагчаас 52 684 603 төгрөгийг шаардах эрхгүй. Хэлцлийн хувьд С.Мөнхтуяа нь уг барааг авсан, хэрэглэсэн, хугацаа олгохыг хүссэн талаар бичээгүй харин өөр компаниуд өртэй байгааг хасч тооцож өгнө үү гэсэн байгаа. Энэхүү хэлцэлд С.Мөнхтуяагийн хүсэл зориг байхгүй, компани хүчээр байгуулсныг дурдах нь зүйтэй. Хэлцэл дээр өөр хүн С.Мөнхтуяа гэж бичээд өөрөөр нь хурууны дардасыг даруулсан. Уг хэлцлийг ямар өр төлбөр гарсан баримтын үндсэн дээр хийгдсэн нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Агь” ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Мөнхтуяад холбогдох 53 696 603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 421 880 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэмж дутуу төлсөн 4 553 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ачмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал ач холбогдол бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргаж өгсөн байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ", мөн хуулийн 40.3 дахь хэсэгт "шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэж заасан заалтуудыг баримтлаагүй, харьцуулаагүй, бодит байдлыг үнэн гэж бүрэн тогтоогоогүй хэргийг шийдвэрлэсэн. 2015 оны Авлагын бүртгэлийн хавтасны 2-т 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлж харилцан гарын үсэг зурж 48 672 050 төгрөгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, хавтаст хэргийн хуудас 8 дахь талд "Өр төлбөр барагдуулах батлах хэлцэл" 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 48 672 050 төгрөгийг хүлээн зөвшөөрч харилцан гарын үсэг зурсан тус тус баримтуудаар дараа тайлан гаргахаар эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг хүлээн авсан гэдэг нь нотлогддог. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “Агь” ХХК нь хариуцагч С.Мөнхтуяагаас барааны үлдэгдэл төлбөр 51 175 102 төгрөг, торгууль 1 037 506 төгрөг, гар утасны төлбөр 393 623 төгрөг, ажлын хувцасны төлбөрт 77 916 төгрөг, нотариатын зардал 1 012 000 төгрөг нийт 53 696 603 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
“Агь” ХХК, С.Мөнхтуяа нарын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ болон барьцааны гэрээ, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр барьцааны зүйлийн үнэлгээг нэмэгдүүлэх гэрээ байгуулагдсан байх боловч нэхэмжлэгч компани нь эдгээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй тул талуудын маргааны зүйлд хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохгүй баримт болно.
Харин нэхэмжлэгч “Агь” ХХК, хариуцагч С.Мөнхтуяа нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэл нөхцлыг талууд тохиролцсон эсэх, хариуцагчаас нэхэмжлэгчид хохирол учруулсан эсэх үйл баримтын талаар талууд маргажээ.
Талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээний үйлчлэх хугацааг 1 жилийн хугацаатай гэж тус гэрээний хугацааг тодорхой заасан байна. Уг гэрээнд хариуцагч С.Мөнхтуяагийн гарын үсэг гэсэн хэсэгт зурагдсан гарын үсгийг өөр хүн зурсан гэж нэхэмжлэгч маргаж байгаа боловч хурууны хээ дарснаа баталсан агуулгатай тайлбар гаргасан тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу чөлөөт хүсэл зоригоо үндэслэн уг гэрээг байгуулагдсан гэж үзнэ.
Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд хөдөлмөрийн гэрээний салшгүй хэсэг байхаар заасан боловч талуудын хоорондох “Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ”-ний үйлчлэх хугацааг талууд хөдөлмөрийн гэрээний хугацаанд адил үйлчлэхээр заагаагүй, гэрээнд заасан 1 жилийн хугацаа дуусгавар болсноор гэрээ цаашид сунгагдсан эсэх талаар маргаж байгаа, гэрээ нь Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “талуудын хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж зааснаар тухайн гэрээний үгийн шууд утга болон Иргэний хуульд заасан хугацаа тоолох журмыг үндэслэн гэрээний хугацааг тодорхойлох нь зүйтэй.
Иймд талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хугацааг гэрээ байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 08-ны хооронд 1 жилийн хугацаатай байгуулагдсан гэж үзэх бөгөөд уг хугацаанаас хойш учруулсан эд хөрөнгийн хохиролд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан хөндлөнгийн Аудитын байгууллагаас гаргасан 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн тайланг буруу, хэрэгт хамааралгүй нотлох баримт гэж үзэх боломжгүй. Энэ дүгнэлтээр хариуцагч С.Мөнхтуяагийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 31-ний хоорондох 3 жилийн хугацааны санхүүгийн тайлан дахь нийт авлагын бүртгэлийн 819 ширхэг баримт тооцоогоор 51 175 102 төгрөгийн барааны төлбөр барагдуулаагүй болохыг тогтоожээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээсэн ажилтан өөрт итгэмжлэлээр болон бусад баримт бичгийн дагуу хүлээж авсан бараа материалаа буцаан өгөөгүй бол бүрэн хариуцлага хүлээлгэх”-ээр заасан тул эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээтэй ажилласан 1 жил буюу 2013-2014 он хүртэлх хугацаанд үүссэн өр төлбөр буюу буцааж өгөөгүй тооцооны үлдэгдэл 7 900 000 төгрөг байгаа нь аудитын тайлан /хх-71-73/ болон худалдааны төлөөлөгч С.Мөнхтуяагийн өр барагдуулах хуваарь зэрэг /хх-31/ баримтуудтай харьцуулан үзсэнээр тогтоогдож байна.
Аудитын тайланд тусгагдсан 2014-2016 оны тооцооны үлдэгдэлтэй холбоотой төлбөрийг эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хүрээнд төлүүлэх боломжгүй. Учир нь дуусгавар болсон гэрээний дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй тул хариуцагчаас 2013 оны тооцооны үлдэгдэл 7 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Хэргийн 71-73 дугаар талд авагдсан “Аудитын тайлан”-д 2015 оны 8 дугаар сарын 31-нээс 2015 оны 12 дугаар сарын 31, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар цалингаас суутгасан мөнгөн дүнг бичсэн байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедаа байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага тооцож болохоор заасан. Хариуцагч буюу ажилтны зүгээс ийнхүү цалингаас нь хохиролд тооцон суутгал хийсэнтэй холбоотой гомдол, маргаан үүсгэж байгаагүй тул эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үнийн дүнгээс хасч тооцох шаардлагагүй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс Аудитын тайлан гаргуулахад болон нотариатын зардалд 1 012 000 төгрөгийг нэхэмжилсэн нь хариуцагчийг үүргээ биелүүлээгүйгээс гаргасан нэмэлт зардал, хохирол гэж үзэх боломжгүй тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Учир нь зохигчдын хооронд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэх талаар маргаантай байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд эдгээр зардал багтахгүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2016/00605 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3-т зааснаар хариуцагч С.Мөнхтуяагаас 7 900 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Агь” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 796 603 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 426 433 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 141 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Агь” ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Агь” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426 433 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА