| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2309 00000 1876 |
| Дугаар | 2025/ХШТ/48 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ХШТ/48
Ө.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Батбаатар, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Г.Анхбаяр, шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 170 дугаар магадлалтай Ө.Б-т холбогдох 2309 00000 1876 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, “П” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 59 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Ө-ын Б, (РД: ... ).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж “М” ХХК-ийн байрны ... тоотод байх “П” ХХК-ийн ажлын өрөөнд эхнэр Э.Э-ийг “2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гэртээ хоноогүй, өөр хүнтэй яваад ирсэн” гэж бусадтай хардан зодож, улмаар хохирогч Э.Э нь хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан буюу хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1014 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Б-ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгчийн цагдан хоригдсон 469 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ө.Б-аас нийт 137.225.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-д олгохоор шийдвэрлэжээ.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын гаргасан гомдлоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд, 170 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б-аас нийт амь хохирогчийн оршуулгын зардалд 19.239.300 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 109.587.500 төгрөг, нийт 128.826.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-д олгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсэгт “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангахгүй 19.998.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн нэмэлт заалт оруулан, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням өмгөөлөгч Г.Буянбадралтай хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “... анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж, шүүхийн шатанд шинжлэн судлуулсан дараах нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, энэ нь шүүхийн тогтоол, магадлал хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.
2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Т.Б-ийн өгсөн: “... Өнөөдөр өглөө буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө над руу 07 цагийн үед Ө.Б залгаад талийгаачийн бие муу байна, бөөлжөөд байна, та хурдан ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн гэрийнх нь гадаа охин Э.Э-ийн хамт 08 цагийн үед очиход байрны үүдэнд Ө.Б талийгаачийг нуруун дээрээ үүрээд гараад ирсэн байсан. ... Тэгээд бид нар ГССҮТ рүү шууд явж, 09 цагаас өмнө очсон. ... Ө.Б-ын хувьд гэр бүлтэйгээ мэнд мэддэг энгийн харилцаатай хүн. Ө.Б нь хувиараа барилгын ажил хийдэг. /А:Өмнө нь талийгаачийг хамтран амьдрагч Ө.Б нь цохиж зодож байсан асуудал байсан эсэх?/ Надад өмнө нь талийгаач хамтран амьдрагч Ө.Б-т цохиж зодуулж байсан талаар хэлж байгаагүй болохоор би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1хх 73-74),
2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Э.Э-ийн өгсөн: “... Манай эгч гэр бүлийнхээ талаар тийм ч их зүйл яриад байдаггүй. Нөхөр нь гар хүрсэн зэрэг зүйл өмнө нь сонсож байгаагүй. /Ө.Б- ямар зан төлөвтэй хүн бэ? Архи согтууруулах ундаа хэрэглэдэг үү?/ Би сайн мэдэхгүй байна. Эгчийнхээр орж гараад харьцаад байдаггүй. ... Манай эгч өөрөө их даруухан зөв хүн. Тийм учраас нөхөртэйгөө тийм ч их маргалдаж муудалцаад байдаггүй гэж бодож байсан” гэх мэдүүлэг (1хх 75-77),
2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Э.Э-ийн өгсөн: “... 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 10:13 цагт талийгаач над руу залгасан байсан. Би залгах үед нь утсаа анзаараагүй. 10:46 минутад эргээд залгахад талийгаач утсаа авангуутаа уйлсан хоолойгоор “хэрэг болох үед яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэхээр нь би “яасан юм бэ аниа” гэсэн чинь цаанаа уйлаад байсан. Тэгээд “Б гар мар руу цохиод” гэхэд нь би “тэгээд гайгүй юу” гэсэн чинь дуугарахгүй байсан. Би утсаа салгаад хэсэг байж байгаад эргэж залгаад “гайгүй юу та, би очих уу ” гэсэн чинь “яах юм бэ, хэрэггүй” гэсэн. ... 11-12 цагийн үед би талийгаач руу дахин залгаж ярьсан. ... 20 цаг өнгөрч байхад бага хүү Б.Э-ийн 99****** дугаар луу залгахад Б.Э утсаа авч байсан. “Ээж нь байна уу” гэж асуухад “ээж сая бөөлжөөд, гүйлгээд байсан, сая тайвшраад унтлаа” гэж аяархан хоолойгоор ярьсан. Тэгэхээр нь би “аав нь байгаа юм уу” гэж асуухад “байхгүй” гэж хэлсэн. Би түүнд “ээжийгээ сэрээгээд яриулаадах, ээжтэй нь би ярья” гэхэд талийгаачтай намайг яриулсан.... Манай эгчийг амилахуйн өрөө рүү оруулж дусал залгаад, тэгээд 15 цагийн үед хагалгаанд орно гээд хэвтүүлсэн. Тэгээд хагалгаанд ороод эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад орой 22 цагийн үед нас барсан. Хагалгаанд орсны дараа хагалгаа ахалсан эмч нь уулзаад “элэг няцарсан, цөс хагарсан байдалтай байсан, бид бүх арга хэмжээг авлаа, доторх бүх эрхтнээс нь цус шүүрсэн байдалтай байсан, одоо ер нь бэлтгэлтэй байгаарай, энэ хэзээ болсон үйл явдал юм бэ, энэ удсан байна гэж хэлсэн’’ гэх мэдүүлэг (1хх 80-82),
Ө.Б-ын сэжигтнээр өгсөн: “... 2023 оны 07 дугаар сарын 31-ний шөнө манай эхнэр Э.Э нь гэртээ ирж хоноогүй. 08 дугаар сарын 01-ний өглөө бид 2 оффис дээрээ уулзсан. ... Тэр үед би Э.Э-ийг хардаж, уурлаад, бид хоёр маргалдаад “Чи өөр хүнтэй яваад ирсэн” гэх зэргээр би уурлаад эхнэрээ алгадаад авсан. Тэгээд цаашаа толгой зэрэг газрууд руу нь маш олон удаа цохисон. ... Тухайн үйл явдал болсны дараа эхнэр бид хоёр эвлэрээд ажилдаа орсон. ... 08 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед манай эхнэр над руу залгаад “миний бие муу байна, би харилаа” гэж хэлсэн. Манай эхнэр гэртээ харьсны дараа би 16 цагийн үед гэртээ харихад үед манай эхнэрийн бие нь их хүйтэн болчихсон, чичрээд байсан. Тэгэхээр нь би өвчин намдаах эм уулгаад, хоол унд хийж идээд, унтахаар хэвтсэн. Тэгтэл 08 дугаар сарын 02-ны үүрээр 04 цагийн үед манай эхнэр “миний бие муу байна” гэж хэлсэн. Тэгээд би хадам ээж болон гэрийнхэнд нь хэлээд эмнэлэгт ирсэн” гэх мэдүүлэг (1хх 98-100),
2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шинжээч эмч Ч.Эрдэнэболорын өгсөн: “... Гэмтэл нь шууд учирсан даруйдаа үхэлд хүргэхгүй. Яаралтай эмнэлгийн тусламж аваагүй тохиолдолд үхэлд хүргэдэг гэмтэл” гэх мэдүүлэг (1хх 109),
2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн №2086 дугаартай дүгнэлт: “Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас баржээ. Талийгаач нь уушги, гуурсан хатгалгаа, зүрхний булчингийн эмгэгшил, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна” (1хх 119-131),
яаралтай тусламжид ирсэн огноо 2023 оны 08 дугаар сарын 02-ны 09:25 цаг (2хх 225),
мэс заслын тэмдэглэл: “... хэвлийн хөндийд их хэмжээний буюу 800мл орчим цусархаг шингэн байсныг соруулсан, ... цөсний хүүдийд чинэрсэн, шарлаж цайсан байдалтай цус шүүрч байсныг соруулан авав” гэх (2хх 232),
анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн шинжээч Ч.Эрдэмболорын “... 24 цагийн дотор эмнэлгийн тусламж авсан бол амь нас аврагдах боломжтой,... элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдал нь хүний биед шууд учирсан гэмтэл биш, гэмтлээс шалтгаалж бий болдог” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулж, Ө.Б-т холбогдуулан яллаж буй хэргийн зүйлчлэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинжид нийцэхгүй байгаа талаар хууль зүйн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн байхад эдгээр баримтуудад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хууль журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдээгүй чат (2хх 36-78) гэх баримтыг үнэлсэнд гомдолтой байна.
Түүнчлэн давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид байнга буюу гурав түүнээс дээш удаагийн давталтын шинж хамаарахгүй” гэж хуулийг буруу тайлбарлан, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй тул Улсын дээд шүүхээс миний үйлчлүүлэгч Б.Б-т холбогдох хэргийг хүлээн авч хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, шүүхийн практик хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой шийдвэр гарган өгөхийг хүсэж байна.
Монгол Улс шүүхийн прецедентийг албан ёсоор хэрэглэдэггүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтөөр “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” хэрэг маргааныг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх боломжтой нөхцөл байдлыг бий болгосон бөгөөд хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг оновчтой тайлбарлан хэрэглэсэн Улсын дээд шүүхийн зарим тогтоол шийдвэрүүд практикт хэрэглэгдэж хэвшсэн байдаг.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” хүндрүүлэх шинжийн хувьд “онц харгис хэрцгий” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдлийг ойлгодог. (Улсын дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №23 тогтоол).
Мөн түүнчлэн гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх шаардлагатай. (Улсын дээд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №564 тогтоол)
Гэтэл эрүүгийн 2309000001876 дугаартай хэрэгт хохирогч хэрхэн зовж, тарчилсан, шүүгдэгч нь хохирогчийг хэрхэн зовоож тарчилгасан, онц харгис хэрцгий аргаар зовоож тарчилгаж байгаа үйлдлийн үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтаар талийгаачийн биед халдаж зодсон үйл баримт 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед болсон, дээрх хугацаанаас хойш талийгаач бусадтай буюу өөрийн төрсөн дүүтэйгээ утсаар харилцаж, ганцаараа чөлөөтэй зорчиж, ажлаа хийж байсан гэх үйл баримтууд тогтоогдсон байдаг. Шүүгдэгч этгээд хохирогчоос өөр газар байх үедээ талийгаачийг алсаас зовоож, тарчлаах, харгис хэрцгий үйлдлийнхээ үр дүнг мэдрэх, хүнийг үхэлд хүргэх үр дагаврыг зориуд санаатайгаар бий болгох бодит боломж байхгүй. Гэтэл хүнийг алах зорилгоор зодож, гэмтэл учруулаад, эмчилгээ авах боломжийг нь хязгаарлаж, гэмтэл учруулснаас хойш 24 цагийн турш зовж шаналгаж, тарчлааж байгаад хүнийг алсан мэтээр зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” хүндрүүлэх шинжийн хувьд хамт амьдарч буй, эсвэл хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзэх ба дээрх харилцааны явцад хүнийг санаатай хөнөөсөн тохиолдлыг ойлгоно. (Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №448 тогтоол)
Мөн хууль тогтоогчийн зүгээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх шинжид “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг алсан” бол гэж хуульчлаагүй, харин “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан” бол гэх байдлаар хуульчилсан нь дээрх зүйлчлэлээр зүйлчлэхэд байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл бүхий харилцааг тогтоогдсон байх үндсэн шаардлагыг хангаж буй эсэхийг анхаарах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа юм.
Ө.Б-ын хувьд өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч, эхнэр Э.Э-ийн амь насыг хохироосон үйл баримтын хувьд маргаан байдаггүй. Түүнийг зодож гэмтэл учруулсан нь үнэн, талийгаачийн биед нүдэнд үл харагдах, дотор эрхтний хүнд гэмтэл учирсан гэдгийг мэдээгүйн улмаас, нэн даруй эмчилгээ хийлгээгүйн улмаас талийгаачийн амь нас хохирсон талаар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний амь нас хохирсон үйл баримтад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаангүй юм.
Харин шүүгдэгч болон талийгаач нарын хооронд байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж маргасан байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхээс өмнө нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байнгын харилцаа үүсээгүй байсан ч дээрх хүндрүүлэх шинжийг хэрэглэх боломжтой гэж үзэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.
Хэрэв Ө.Б нь байнгын шинжтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээд байсан бол энэ талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар нотлон тогтоох ёстой. Өмнө нь талийгаачийг зодсон бол хэзээ зодсон, ямар гэмтэл учруулсан, энэхүү асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан эсэх, талийгаач Э.Э, эсхүл түүний дүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн зүгээс Ө.Б-тай холбоотой дуудлага мэдээлэл өгч байсан эсэх, гомдол гаргаж байсан эсэх, ядаж нэг удаа Ө.Б эхнэртээ агсам согтуу тавьсан гэж зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх үйл баримтыг шалгаж тогтоох ёстой байсан.
Гэтэл анхан шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн буюу шүүгдэгчтэй шууд эсрэг сонирхолтой этгээд болох Э.Э-ийн анх өгсөн мэдүүлгээ өөрчилж өгсөн мэдүүлэг, мөн Э.Э-г хууль ёсны төлөөлөгчөөр нь тогтоож, Э.Э-г байлцуулан авсан насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн мэдүүлэгт үндэслэн, өөр ямар ч хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтгүй байхад “Ө.Б- нь амь хохирогч Э.Э-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогджээ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд давж заалдах шатны шүүхээс дээрх үйл баримтад холбогдуулан хэн гэх этгээдээс, хэзээ хавтаст хэрэгт гаргаж өгсөн нь тодорхойгүй, эх сурвалжгүй, үзлэг, нэгжлэгээр хураагдан авагдаагүй, мөрдөгч прокуророос тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргаагүй, хэрхэн яаж хэрэгт авагдсан нь тодорхойгүй, хууль бус баримтыг үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Ө.Б нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хуний эрүүл мэндэд хунд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэх зүйлчлэлд хамаарах талаар:
Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт хэргийн улмаас бий болох үр дагаврыг ухамсарлаж, зориуд, хүсэж үйлдсэн байх шинжээрээ ялгагддаг.
Хуульчлагдсан байдлыг авч үзэхэд ч гэсэн нэг нь “хүнийг алсан бол”, нөгөө нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэх байдлаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт санаа, сэдэл, зорилгоос гадна бий болж буй үр дагавар нь шууд, хувиршгүйгээр, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх боломжгүй байх нь хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж юм.
2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд 10.1 дүгээр зүйл /хүнийг алах/, 10.2 дугаар зүйл /санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах/, 10.3 дугаар зүйл /баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/, 10.5 дугаар зүйл /эх нярай хүүхдээ алах/, 19.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Төрийн өндөр тушаалтныг алах/ гэх байдлаар санаатайгаар хүнийг алах үйлдлийг хуульчилсан 5 төрлийн гэмт хэрэг тусгагдсан байна.
Харин гэмт этгээд нь хүнийг алах үр дагаврыг шууд ухамсарлаагүй, зориуд хүсээгүй боловч түүний санаатай үйлдсэн, гэм буруутай үйлдлээс хамааралтай шалтгаан нөхцөлийн улмаас хүний амь нас хохирсон буюу хуульчлагдсан бичиглэлийн хувьд “гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” буюу хожим бий болж буй үр дагавраас шалтгаалан зүйлчлэл хүндэрч тодорхойлогддог гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 /хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 13.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 /хүний хууль бусаар хорьсон гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.1 дүгээр зүйлийн 3 /эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.3 дугаар зүйлийн 3 /хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 15.5 дугаар зүйлийн 3 /хууль бусаар үр хөндөх гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/, 28.9 дүгээр зүйлийн 2 /байлдааны зэвсэг, галт хэрэгсэл, орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч нас барах/ зэрэг 6 зүйл хэсэгт тусгагдсан байна.
“Хүнийг санаатай алах”, “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай. (Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №550 тогтоол)
Гэтэл энэ хэрэгт Ө.Б нь талийгаач Э.Э-ийг алах зорилготой байсан гэдэг үйл баримт нотлогдон тогтоогдоогүй. Хэрэв хүнийг алах зорилготой байсан бол тус зорилгоо туйлд нь хүргэхийн тулд үргэлжилсэн үйлдэл хийсэн байх ёстой. Тодорхой хэмжээнд эрх, эрх чөлөөг нь хязгаарлах ч юм уу, нийгмээс тусгаарладаг ч юм уу үйлдэл хийгдэх, энэ үйлдэл нь тухайн гэмт хэргийн зорилго туйлдаа хүрэх хүртэл хугацаанд үргэлжилсэн байхыг шаарддаг. Гэтэл хэрэгт авагдсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг болон бусад баримтад амь хохирогч бусадтай чөлөөтэй харилцаж байсан, өөрийн гар утсаа эзэмшиж байсан, шаардлагатай тохиолдолд тусламж хүсэх бүрэн боломжтой байсан зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа нь түүний эрхийг хязгаарласан, хүний амь насыг хохироох туйлын зорилго агуулсан үйлдэл хийгээгүй болохыг нотолж байна.
Түүнчлэн яллах дүгнэлтэд яллаж байгаа хэргийн товч агуулгыг дурдахдаа “... 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр талийгаачийг зодож, гэмтэл учруулж, улмаар хохирогч Э.Э нь хэвлийн битүү гэмтэл ... цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн” гэж тусгасан байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь яг хэзээ юм бэ, гэмт үйлдэл хэзээ төгссөн талаар яллах дүгнэлтэд тусгалгүй орхигдуулсан ба шийтгэх тогтоолд ч энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
Ө.Б-ын бусдын эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан үйлдлийн цаг хугацааг авч үзвэл 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөөний 9 цагийн үед болсон гэх үйл баримтыг талууд хэн аль нь мэдүүлсэн байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бол 10 цаг 16 минутын үед талийгаачтай утсаар ярихад “Б цохисон, зодсон гэх талаар талийгаач ярьсан” гэж мэдүүлдэг. Харин дээрх цаг хугацаанаас хойш хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь талийгаачтай 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 11-12 цагийн орчим ярих үед, оройн 20 цаг өнгөрч байх үед ярихад, маргааш буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөө гэмтлийн эмнэлэгт талийгаачтай ярилцах үед 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө түүнийг зодож эрүүл мэндэд нь халдсанаас өөр дахин түүний биед халдсан үйл баримтын талаар яригдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт халдлага, хүний эрүүл мэндэд эсрэг чиглэсэн довтолгоо нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 9 цагийн үед эхэлж, мөн хугацаандаа дууссан байх буюу тухайн цаг хугацаанд талийгаачийн биед түүний үхэлд хүргэх шалтгаан болсон хүнд гэмтэл учирсан байдаг.
Харин талийгаач нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөөнөөс хойш шүүгдэгч Ө.Б-тай эвлэрч, учир зүйгээ олж, түүний үйлдлийг уучилсан гэж үзэх нөхцөл тогтоогдох ба 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэмтлийн эмнэлэгт байх үедээ Ө.Б-ын өмөөрч өөрийн төрсөн дүүдээ “өөр хүнд зодуулсан гэж хэлээрэй” гэж хэлж байсан гэх талаарх мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа юм.
Талийгаачийн биед 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө 09 цагийн үед хүнд гэмтэл учирснаар гэмт үйлдэл төгссөн буюу Ө.Б-ын үйлдэл дууссан. Гэвч түүний үйлдлийн улмаас бий болсон хохирол /хүнд гэмтэл/, хохирлын улмаас бий болсон үр дагавар арилаагүй буюу эмчилгээ хийлгэлгүй хугацаа алдаж, бүтэн 1 өдрийн дараа эмнэлэгт хандсан, 2023 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 9 цагийн үед гэмтлийн эмнэлэгт очсон, оношилгоо шинжилгээ хийлгэх байдлаар хугацаа алдаж, 15 цаг 30 минутын үед хагалгаанд орсон зэрэг нөхцөл байдлын улмаас гэмтлийн дараах хор уршиг буюу дотуур цус алдалт улам хүндэрч, их хэмжээний цус алдаж, цус бүлэгнэлтийн улмаас хагалгааны дараа буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн үед буюу анх гэмтэл авснаас хойш 36 цагийн дараа нас барсан байхад давж заалдах шатны шүүхээс талийгаач нь эмнэлгийн байгууллагаас “шаардлагатай эмчилгээг зохих стандартын дагуу авсан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмчээс мэдүүлэг авах ажиллагааны шатанд өмгөөлөгч Г.Буянбадралаас асуусан асуултад хариулахдаа “... Талийгаач нь гэмтэл авсан цаг хугацаандаа шууд эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь аврагдах боломжтой байсан, удах тусам биеийн байдал хүндэрнэ, ... шинжээч эмчийн хувьд цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хагалгааны тэмдэглэл зэрэг баримтуудад тулгуурлан ... эмнэлэгт очсон үеийн нөхцөл байдлаар, хагалгаанд орсон нөхцөл байдлаар амь нас аврагдах боломжтой байсан эсэх талаар асуугдсан гэж үзэж амь нас аврагдахгүй гэсэн дүгнэлт гаргасан, гэмтэл авснаас хойш 24 цагийн дотор эмнэлгийн байгууллагад хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол амь нас аврагдах боломжтой, ... Дээрх хүнд гэмтлийг авснаас хойш хөдөлгөөн хязгаарлахгүй, ажил хөдөлмөрөө хэвийн хийх боломжтой” гэх хариултуудыг өгсөн байх ба хэргийн зүйлчлэлийг шийдвэрлэхэд шууд нөлөөлөх: шинжээчийн дүгнэлтийн 3, 5 дахь асуултын хариуд “талийгаач нь хэвлийн битүү гэмтэл: элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас баржээ” гэж тусгасан байна. “Талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан нөхцөлд тусгагдсан байгаа элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдал гэх ойлголт нь гэмт хэргийн улмаас талийгаачийн биед шууд учирсан гэмтэл уу, эсхүл хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилт гэмтлийн улмаас үүсээд байгаа хор уршиг уу” гэх асуултад “талийгаачийн үхэлд хүргэх шалтгаанд дурдагдаж буй элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдал гэх ойлголт нь шууд учирсан гэмтэл биш, гэмтлээс шалтгаалж, гэмтлийн дараа дээрх нөхцөл байдал үүссэн” гэх хариултыг өгсөн байдаг.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэгт үйлдсэн хугацаагаар тооцно” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн 2309000001876 дугаартай хэрэгт авагдсан, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар Ө.Б нь талийгаач Э.Э-ийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өглөө ажлын байрандаа байх үедээ түүний биед халдаж зодсон, тухайн цаг хугацаанд талийгаачийн биед хүнд гэмтэл учирсан гэх үйл баримт хөдөлбөргүйгээр нотлогдсон байх бөгөөд дээрх хугацаанаас хойш дахин талийгаачийн бие эрүүл мэндэд халдаагүй, халдашгүй чөлөөтэй байх эрхийг, бусадтай харилцах эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал огтхон ч тогтоогдоогүй юм.
Өөрөөр хэлбэл Ө.Б гэмт буруутай үйлдэл нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн үед үйлдэгдэж, мөн үедээ төгссөн гэж үзэхээр байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос шалтгаалсан хүндрэл буюу хор уршиг арилаагүй, нэн даруй эмчилгээ хийлгээгүй нөхцөл байдлаас шалтгаалан хор уршгийн хэмжээ өсөн нэмэгдэж, 30 гаруй цагийн хугацаанд 800 мл дотуур цус алдаж, улмаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хүндрэлээр гэмтлээс хойш 36 цагийн дараа нас барж, хүний амь нас хохирсон хор уршиг 2023 оны 08 дугаар сарын 02-ны оройн 21 цагийн үед учирсан нөхцөл байдал тогтоогдож байгаа юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан санал дүгнэлт, нотлох баримтад үндэслэл бүхий няцаалт өгөөгүйгээс гадна, шинжээчийн мэдүүлэгт дурдагдсан “24 цагийн дотор эмнэлгийн байгууллагад хандсан бол амь нас аврагдах боломжтой, ... элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдал нь хүний биед шууд учирсан гэмтэл биш, гэмтлээс шалтгаалж бий болдог” гэх мэдүүлэгт дүгнэлт хийлгүйгээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байгаа юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалт, тус заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №24 дугаартай тогтоолд тусгагдсан “гэм буруутай эсэхэд” гэх ойлголтод шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэхэд үүссэн эргэлзээг ойлгоно, “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал” гэдэгт нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээг ойлгоно, “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан шийдвэрийг гаргах, эсхүл хөнгөн ялтай болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхийг ойлгоно гэж тус тус заасны дагуу шийтгэх тогтоол, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Ө.Б-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, хэргийн бодит байдалд тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч Ө.Б-ын хувьд хохирогчийг удаа дараа зодож, байнга элдвээр хэлж байсан болох нь тэдний хоорондоо харилцаж байсан мессежнүүдээс тодорхой харагддаг. Энэ хоёр хүний хоорондоо харилцаж байсан утсанд хадгалагдсан баримтыг зохих хэмжээгээр нь үзлэг хийгээд, урьд нь ийм байдалтай байсан байна. Ө.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан байна гэдгийг нотолсон гэж үзэж байгаа. Үүнийг хууль бусаар цуглуулсан баримт гэж үзэх үндэслэлгүй. Тухайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хохирогчийг зодох болсон шалтгааныг шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогч гэртээ хоноогүй, хардалтаас үүссэн гэдэг ч шүүгдэгч тэгж ярьдаггүй. “Би хоёр удаа алгадсан, гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг хэлдэг. Өөрөөр ямар ч байдлаар хэргээ ярьдаггүй. Үүнд хардсан асуудал байгаагүй. Зодох болсон шалтгааныг харахад бусдаас бартераар авсан “Aqua” загварын автомашиныг ажил тарах тулсан үед өөрийнх нь нэр дээр бүртгүүлснээс болж талийгаач руу уурласан. Үүнээс болж зодуулах вий гэдгээс болгоомжлон хохирогч граш доторх машиндаа хоносон. Энэ нь хэргийн нөхцөл байдлаас харагддаг. Энэ хугацаанд буюу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүгдэгч Ө.Б, талийгаач руу 98 удаа, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 113 удаа залгасан байдаг. Үүнээс үзвэл хэрвээ талийгаач гэртээ очсон бол ямар байдал хүлээж байгаа нь илт харагдахаар байна. Магадгүй гэртээ хоносон бол хүнд байдал үүсэх байсан байх. Маргааш нь ажилдаа очиход Ө.Б-ыг ямар байдалтайгаар эхнэртэйгээ харилцаж байсныг нь хажуу өрөөний залуугийн хийсэн бичлэгээс харж болно. Маш аймшигтайгаар орилж, хохирогчийн эрх чөлөөнд халдсан нь харагддаг. Ингээд 16 цагийн үед хохирогч миний бие муудаад байна, харилаа гэж хэлээд гарсан. Дараа нь үзлэг шалгалт хийхэд өрөөнийхөө шүүгээнд цустай хувцас, эд зүйлээ орхиод явсан байдаг. Хэдийгээр гэр нь ойрхон боловч тухайн хувцсыг өмсөөд явах боломжгүй болгосон нь харагддаг юм. Шүүгдэгч Ө.Б нь хохирогчийг өөрийнхөө ханиа, хайртай гэж ярьдаг ч хэрхэн яаж харьцаж байсан нь илт байдаг. Мөн шүүх хуралдааны үед хохирогчийн тал руу хэлт хийлгэсэн зүйлийг хэлж байгаа нь ямар дарамт шахалтыг үзүүлдэг байсан болох нь харагдаж байсан. Ингээд тухайн өдрийн 16 цагийн үед гэртээ хариад эмнэлгийн тусламж авч чадахгүй байсан нь шүүгдэгч Ө.Б-ын дарамт шахалттай холбоотой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өөрөө хамаатныхаа хүнийг авч ирээд дусал хийлгүүлж өгсөн, хүүхэд нь ч орж ирсэн, урд төмпөн тавиад бөөлжөөд хэвтэж байсан. Дараа нь эмнэлгийн тусламж дуудаагүй. Ээж рүү залгаад хүрээд ир гэж дуудсан байсан. ... Хохирогчийн хувьд бүх бие нь 4 дүгээр зэргийн эрээнтэлттэй гэдэг. 4 дүгээр зэргийн эрээнтэлт гэдэг нь бол ямар хэмжээ талбайг хамаарч байгааг мэдэхгүй байна. Гэвч маш их гэмтэлтэй байсан. Нүүр болон хоёр гар, хоёр гуя, хоёр шилбэ, анус хөхөрч няцарсан, гадна бэлэг эрхтэн хөхөрч урагдсан, хоолойг нь боосон. Ийм гэмтэл авсан хүн яаж тарчилж зовохгүй байх юм бэ. Энэ гэмтлийг учруулах үед яаж хүнийг тарчилгаж, зовоохгүй байх юм гэдэг үүднээс онц харгис хэрцгий аргыг хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Үнэхээр эмнэлгийн тусламж аваад хагалгаанд ороод цус алдалтын улмаас нас барсан. 37 цаг алдсан гэж ярьдаг. Энэ хүнд гэмтлийг авсан хүнд тухайн цаг хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэхгүй яасан юм. Яг л тэр байдлаараа нуун дарагдуулах зорилгоор гэрт нь байлгасан нөхцөл байдлыг хэлэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал үндэслэлтэй. Энэ хүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл тохирсон, зүйлчлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-ийн өмгөөлөгч Г.Анхбаяр хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Амь хохирогчийн биед үзлэг хийхэд маш олон тооны шарх, сорви илэрсэн байдаг. Энэ нь түүнийг тарчлаасан гэдгийг хангалттай нотолж байгаа юм. Мөн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад амь хохирогчийн бага насны хүүхдийн мэдүүлэг байдаг. Энэ мэдүүлэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан гэдгийг маш тодорхой заагаад өгсөн. Мөн хоорондоо холбогдоод харилцан ярилцсан чатууд байдаг. Энэ нь амь хохирогч шүүгдэгчийн эрхшээлд байсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэдгийг нотолж байгаа юм. Мөн амь хохирогчийг гэртээ байж байхад өөрийнхөө эгчийг авч ирээд эмчилгээ хийлгэсэн. Энэ нь түргэн тусламж үзүүлэх сонирхолгүй байж, маргааш өглөө нь амь хохирогчийг бие эрс муудаад болохгүй болохоор нь Шувуун фабрикт байдаг аав, ээжийг нь дуудсан байгаа юм. Аав, ээж, ах, дүү нар нь ирээд гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Ингээд цаг хугацаа алдсаны улмаас нас барсан байдаг. Энэ нь шинжээч эмчийн дүгнэлтэд тодорхой байдаг. Энэ үед амь насыг аврах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн байсан. Амь хохирогч тийм олон тооны шарх, сорвитой гэртээ хэвтэж байхад нөхөр нь буюу шүүгдэгч Ө.Б байсан. Хүмүүс өнөөдөр хүүхэд ханиад хүрэх үед л түргэн дууддаг болсон. Гэтэл тийм олон зовуурьтай, бие нь муу байж байхад түргэн тусламж үзүүлээгүй. Энэ нь амь хохирогчийг үхэлд хүргэх шалтгаан нөхцөл болсон юм. Тэр олон тооны шарх, сорви гэмтлийг учруулахдаа ганц, хоёр цохисон зүйл биш. Санаатайгаар зодож, цохисны үндсэн дээр үүссэн шарх юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалтай санал нийлж байна. Шүүх шинжилгээний дүгнэлтэд маш олон гэмтэл авсан байгаа талаар дурдсан байсан. Хоёр шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэв.
Прокурор Н.Гэрэлмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Ө.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус заасан хүндрүүлэн нөхцөлтэйгөөр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Шүүхийн дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Хэргийн хувьд талийгаач 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нөхөртөө зодуулж, үхлийн шууд шарх буюу шинжээчийн дүгнэлтэд тодорхойлсноор элэгний доргилт гэмтлийн улмаас элэгний цусан хангамж цочмог хямарч цусны зогшингошил, элэгний эдийн төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан. 2024 оны нэмэлт шинжээчийн дүгнэлтээр урьд гаргасан шинжээчийн дүгнэлтэд өөрчлөлт орохгүй, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаас харахад талийгаач тухайн өдөр шууд үхэлд хүргэх гэмтэл авсан нь тогтоогдсон байна. Хүнийг алах гэмт хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдлын талаар маргаж байна. Онц харгис хэрцгийгээр гэх ойлголт практикт тогтсон. Хохирогчид олон тооны гэмтэл учирсан байдаг. Хүнийг алах явцдаа болон алахаас өмнө зовж зүдрэхээр бий болгосон нөхцөл байдалд үүссэн шарх гэмтлүүд байна гэж үзэж байна. Талийгаачийн биед 12-13 дугаар хавирганы хугарал, чацархайн гэмтлүүд, 12 нугалаа гэдэсний гэмтлүүд үүссэн байсан. Онц харгис хэрцгийгээр үйлдэгдсэн гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэдгийг үгүйсгэж, гурваас дээш байнга гэсэн байдал үгүйсгэгдэж байна гэж үзэж байх шиг байна. Энэ нь тусдаа хууль хэрэглээний ойлголт тогтсон гэж үзэж байгаа. Байнга үйлдэх, гурваас дээш гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг алах гэмт хэргийн заавал хэрэглэх гол шинж биш. Улсын дээд шүүхийн 2024 оны 88 дугаартай хууль тайлбарласан жишиг тогтоосон тогтоол гарсан. Тэгэхээр зүйлчлэл хөнгөрүүлэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин хэргийн материалд анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтгүйгээр гаргасан байсан. Анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлж, давж заалдах шатны шүүх хүн амын дундаж наслалтыг тухайн 2023 оны Статистикийн газраас авсан дүгнэлтийг үндэслээд эмэгтэй хүний дундаж наслалтыг 76 нас гэж тогтоож, тооцоолол гарган хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцсон нь үндэслэлгүй байна. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар тухайн нэрлэн заасан гэмт хэргүүдэд сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар зохицуулсан байгаа. Анхан болон давж заалдах шатны шүүхийн сэтгэцийн хор уршиг гаргасан хэсгийг хүчингүй болгож, нэмэлт өөрчлөлт оруулан холбогдох нотлох баримтуудаа цуглуулаад иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хяналтын шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан гомдлоор Ө.Б-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
2.Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн хэргийн зүйлчлэл, Эрүүгийн хуулийг хэрэглэсэн байдлыг үндэслэлтэй гэж үзэж, “зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчлүүлэх”-ээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүнд дараах дүгнэлтийг өгч байна.
2.1.Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас анхан, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар “... хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид байнга буюу гурав түүнээс дээш удаагийн давталтын шинж хамаарахгүй гэж хуулийг буруу тайлбарлан, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн ...” гэж гомдолдоо дурджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д ““гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, мөн зүйлийн 5.1.6-д ““хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгохоор заасан.
Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад ““гэр бүлийн хүчирхийлэл”-ийг мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд (хамтран амьдрагч) энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” хамааруулахаар тодорхойлсон байдаг.
Хууль тогтоогчоос гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “байнга” гэсэн тооны давтамжийг тус гэмт хэргийн объектив үндсэн шинж болгон хуульчилсан бол энэхүү тоон утгаар илэрхийлэгдсэн ухагдахуун нь мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй.
Учир нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүнийг алсан гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагад татахад зайлшгүй шаардагдах шинж нь гэр бүлийн хүчирхийллийн нэг, түүнээс дээш удаагийн үйлдлээр гэмт хэргийн үндсэн шинжид багтаан оруулсан хор уршиг (амь нас хохирсон) учирсан байх явдал бөгөөд энэ нь хууль хэрэглээний практикт тогтсон ойлголт тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол хууль зүйн үндэслэлгүй юм.
2.2.Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг шүүгдэгчийн өмгөөлөгч үндэслэлгүй гэж үзэж “... хохирогч хэрхэн зовж, тарчилсан, шүүгдэгч нь хохирогчийг хэрхэн зовоож тарчилгасан, онц харгис хэрцгий аргаар зовоож тарчилгаж байгаа үйлдлийн үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй ...” гэж хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурджээ.
Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан “онц харгис хэрцгий” гэх ухагдахуунд хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, сэтгэл зүйн хүнд шаналал бий болгох зорилгоор зориуд ойр дотнынх нь хүмүүсийн дэргэд алсан зэрэг нөхцөл байдлыг хамруулдаг.
Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр үхлийн шалтгааныг хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрсэн гэж тодорхойлсон, цогцост хийсэн үзлэг, шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчид хэвлийн битүү гэмтлээс гадна толгойн хуйхны дотор гадаргуу дахь дагз, чамархайн цус хуралт, тархины баруун бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зовхи, дух, хамар, баруун болон зүүн шуу, бугалга, сарвуу, өгзөг, хоёр хөлийн шилбэнд цус хуралт, зулгаралт зэрэг олон тооны гэмтэл учирсан нь тогтоогджээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас 20 орчим тооны гэмтэл учирсныг үндэслэн хоёр шатны шүүх нь шүүгдэгч Ө.Б-ыг олон тооны шарх, гэмтэл үүсгэн хүнийг алсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь зөв байна.
Ийнхүү олон тооны гэмтэл шарх авсан, хэвлийн битүү гэмтлийн улмаас амь хохирогч Э.Э- нас барах хүртлээ 36 орчим цагийн турш амь тэмцэж тарчилсан үйл баримтуудаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн шинж бүрэн тогтоогджээ.
2.3.Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлынхоо гол үндэслэлийг шүүгдэгч Ө.Б нь “хүний алах” гэмт хэрэг үйлдээгүй, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг үйлдсэн гэж тодорхойлж, “... хүний амь насыг хохироох туйлын зорилго агуулсан үйлдэл хийгээгүй, ... эмчилгээ хийлгэлгүй хугацаа алдаж, бүтэн 1 өдрийн дараа эмнэлэгт хандсан, ... гэмтлийн дараах хор уршиг буюу дотуур цус алдалт улам хүндэрч, их хэмжээний цус алдаж, цус бүлэгнэлтийн улмаас хагалгааны дараа ... анх гэмтэл авснаас хойш 36 цагийн дараа нас барсан ...” гэж дурдсан байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Ө.Б нь эхнэр Э.Э-ийг хардалтын улмаас зодсоноор олон тооны гэмтэл учирсан, тус гэмтлийг авсан Э.Э маргааш өглөө нь буюу 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 09:00 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж, 15:40 цагт мэс засалд орсон боловч тухайн оройн 22:00 цагт нас барсан байдаг.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчид учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх гэмтлийн хүнд зэрэгт хамаарах ба талийгаач нь хэвлийн битүү гэмтэл болох элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, цус зогшингошил, төвийн үхжил, цус бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсныг тогтоосон байна.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийг тухайн хор уршгийг буй болгосон шалтгаан гэж үзэхэд эдгээр нь цаг хугацааны хувьд хор уршгийн өмнө хийгдсэн байх төдийгүй буй болсон хор уршиг нь хэн нэгэн хүний үйлдэл, эс үйлдлийн улмаас биш харин зөвхөн гэм буруутай тухайн этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдлийн дүнд бий болсон байх ёстой. Энэ нь хор уршиг буй болгох шалтгаан болсон гэж үзэж байгаа тэр үйлдэл, эс үйлдэл нь өөртөө ийм хор уршиг буй болгох дотоод бодит боломжийг агуулж байдгийг нээн харуулдаг.
Гэмт хэргийг субъектив шинжээр зүйлчлэхэд нийгэмд аюултай хэрэгт гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааны бодит агуулга болон тодорхой төрлийн гэмт хэргийн субъектив шинжийн хоорондын нийцэл тохироог нягт нямбай анхаарч үздэг. Гэм буруутай этгээдээс тухайн төрлийн гэмт хэрэгт харьцсан оюун санааны болон хүсэл зоригийн агуулгаар санаатай болон болгоомжгүй гэмт хэргийг ялган зүйлчилдэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл болон 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хууль тогтоогч объектив шинжид хамааруулсан бодит нөхцөл байдалд гэм буруутай этгээдийн хандсан сэтгэхүйн харьцааг гэмт хэргийн субъектив шинжийн агуулга болгон хуульчилжээ.
Дээрх гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхэд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, түүнийгээ бодит болгон хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл гэмтэлтэй шалтгаант холбоогүй бусад хүндрэл үүссэн эсэх зэргээр ялгагдана.
Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэргийн субъектив шинж нь гэмт хэргийн элемент болохын хувьд объектив шинжийн агуулгаар бүхэлдээ тодорхойлогдох буюу хуульчлан тогтоосон бүтээцэд оруулсан гэмт хэргийн объектив шинж нь субъектив шинжийн чиглэмж, хандлагыг тусган илэрхийлдэг болно.
Энэ хэргийн тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ө.Б- нь олон удаагийн цохих, зодох үйлдлээр бусдын эрүүл мэндэд нь аливаа гэмтэл учрах, хүнд хохирол, хор уршиг бий болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой, Ө.Б нь ийнхүү ухамсарлаж байгаа аюулыг олон удаагийн давтамж бүхий үйлдлээрээ шууд бий болгожээ.
Хэдийгээр Ө.Б нь амь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч дээр дурдсанчлан ухамсарлаж байгаа аюулаа үйлдлээрээ бий болгосон, амь нас нь хохирох нөхцөл байдалд зориуд хүргэснээр амь хохирогчийн хэвлийн битүү гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан буюу гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой хүндрэлийн улмаас нас барсан нь хүнийг алах гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэл, нотолгоо болно.
Хохирогч гэмтэл авсны дараа эмнэлгийн тусламж тэр даруй авсан эсэх, тодорхой хугацаанд эмнэлгийн тусламж, сувилгаа үйлчилгээ үзүүлсэн, тухайн цаг хугацаанд бус хожуу нас барсан зэрэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
3.Шүүгдэгч Ө.Б болон амь хохирогч Э.Э нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч 2010 оноос хойш хамтран амьдарч байсан бөгөөд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ буюу Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, ... гудамж, “М” ХХК-ийн байрны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “П” ХХК-ийн оффисын байрандаа Ө.Б нь эхнэр Э.Э-тай “Гэртээ хоноогүй, өөр хүнтэй яваад ирлээ” хэмээн хардалтын улмаас маргалдан, зодсоны улмаас Э.Э нь хэвлийн битүү гэмтэл, элэгний доргилтын улмаас элэгний цусан хангамжийн цочмог хямрал, зогшингошил, төвийн үхжил, бүлэгнэлтийн алдагдлаар хүндэрч нас барсан буюу онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
4.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
5.Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 18 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
6.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
7.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа анхан шатны шүүх тооцооны алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулжээ.
Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журамд нийцээгүй байна гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тодорхой шийдвэр гаргах, түүний үндэслэлийг тогтоох хууль зүйн чухал үр дагавар бүхий шинжлэх ухааны аргаар шалгагдсан баримтат мэдээлэл нь шинжилгээний үр дүн болдог.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг тогтоох нь тусгай мэдлэг шаардлагатай, нарийн төвөгтэй ажиллагаа болох нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад “тусгай мэдлэг” гэж хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай шинжлэх ухаан, техник технологи, урлаг, түүх, соёл, эдийн засгийн болон бусад тодорхой салбарын мэдлэгийг”, 4.1.3 дахь заалтад “хохирлын үнэлгээнд хийх шинжилгээ” гэж эрүүгийн, иргэний, захиргааны, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ... сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээнд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хамруулан хуульчилснаар илэрхийлэгдэнэ.
Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын дагуу хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол аль зэрэглэлд хамаарах ажиллагааг зөвхөн тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтоохоор заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Энххэрлэнгээс “... Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх зорилгоор шинжээч томилуулах ажиллагааг хийж өгнө үү” гэсэн хүсэлтийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гаргасныг тус прокурорын газрын прокурорын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 206 дугаар тогтоолоор “бүрэн хангаж” шийдвэрлэсэн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоох, зэрэглэлийг тодорхойлох ажиллагаа огт хийгдээгүй байна.
Гэтэл хоёр шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг зөрүүтэй байдлаар, тодруулбал, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцсон бол давж заалдах шатны “шүүх амь хохирогчийн нас болон хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцох нь ашигтай” гэж дүгнэж, өөрчлөн зөрүүтэй байдлаар шийдвэрлэснээс гадна шинжээчийн дүгнэлтгүйгээр хохирогчийн сэтгэцэд хор уршгийн нөхөн төлбөрийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байх тул холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрх нээлттэй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Б-аас нийт амь хохирогчийн оршуулгын зардалд 19.239.300 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 109.587.500 төгрөг, нийт 128.826.800 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-д олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-аас 19.239.300 (арван есөн сая хоёр зуун гучин есөн мянга гурван зуу) төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Э-д олгосугай” гэж өөрчилсүгэй.
2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
3.Шийтгэх тогтоол болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Г.Буянбадрал нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ