Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 120/2020/0003/З |
Дугаар | 471 |
Огноо | 2020-08-05 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 471
Ж.Н-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын дарга Ю.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Х нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ж.Н-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн ГХБХБГД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 40 дүгээр зүйлийн 40.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 47 дугаар зүйлийн 47.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ж.Н-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Ж.Н-г Ханбогд сумын газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 8,135,392 (найман сая нэг зуун гучин тав гурван зуун ерэн хоёр) төгрөг олгож, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Өмнөговь аймгийн ГХБХБГД-д даалгаж,
2 дахь заалтаар: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж Ж.Наранхүүд олгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчаас давж заалдах гомдолдоо: “ ... хариуцагч Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын дарга Ю.Э миний бие Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч, энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.
Учир нь : Тус аймгийн Ханбогд сумын газрын даамал Ж.Н нь
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.6-д “Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”, 37.1.8-д “Өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх”, 37.1.13-д “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэж заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ удаа дараа биелүүлээгүй.
2. Сумын Газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод бүрэн тусгагдсанаар “Өөрийн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хийгдэж байгаа газрын харилцаатай холбоотой бүх эрх зүй хэм хэмжээний актыг боловсруулах, хуулийн дагуу зохион байгуулах үүрэгтэй".
3. Төрийн захиргааны албан хаагч тангараг өргөхдөө хууль дээдлэхээ тангарагладаг. Гэтэл Ж.Н нь 2015 оноос хойш Ханбогд сумын хэмжээнд газар олголтыг зохион байгуулахдаа Газрын тухай хуулийн холбогдох заалтыг удаа дараа зөрчсөн нь Аудитын шалгалтаар тогтоогдсон.
Мөн байгууллагын холбогдох мэргэжилтнүүд хяналт шалгалт хийж удаа дараа зөрчил арилгах мэдэгдэл өгсөн боловч холбогдох арга хэмжээг авч хариу ирүүлдэггүй.
1. Ханбогд сумын Засаг даргын 2018 оны Газрын тухай хууль зөрчиж гаргасан захирамжуудыг жагсаан дүгнэлт гаргасан бөгөөд энэ хяналтаар илэрсэн хууль бус шийдвэрийг арилгахтай холбоотойгоор 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ГХБХБГ- аас боловсруулсан аймгийн Засаг даргаас Ханбогд сумын Засаг даргад “Зөрчил арилгуулах тухай” 1-2222 дугаартай албан бичгийг хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй, зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй,
2. ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга П.З-ын 2019 оны 02 дугаар сарын 12-02 дугаар сарын 25-ны өдрүүдэд Ханбогд сумын Засаг даргын 2017, 2018 оны газар олголттой холбоотой захирамжийг хянасан хяналтаар 2018 оны 10,11 дүгээр сард дахин Газрын тухай хуулийг зөрчиж газар олголт хийсэн нь тогтоогдсон.
3. Аймгийн Засаг даргын 2019 оны А/272 дугаар захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2019 оны 04 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Ханбогд сумын Цагаан хадны бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа Гаалийн хяналтын талбайн газар эзэмших гэрээг дүгнэх, Газрын тухай хуулийн хэрэгжилтийг шалгасан.
Уг хяналтын явцад 2019 онд дахин Газрын тухай хуулийг зөрчин Цагаан хадны бүсэд 3 аж ахуйн нэгжид нийт 50 га газрыг дуудлага худалдаа зохион байгуулалгүй шууд олгосон байсан ба Цагаан хаданд ажиллах явцад ГХБХБГ-ын мэргэжилтнүүд хамт ажиллаж байсан Ж.Н-д заавар зөвлөмж өгч, газар олголт хийхдээ холбогдох хуулийг зөрчихгүй байх, цаашид анхаарч ажиллах талаар хэлж сануулсан.
Гэтэл энэ өдрөөс хойш буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 16 захирамжийг алдаатай, газрын тухай хууль зөрчиж гаргасан.
4. Ханбогд сумын Засаг даргын 2019 оны газар олголттой холбоотой захирамжуудыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар авч үзэхэд нийт 74 захирамж гаргаснаас 41 захирамж нь ямар нэгэн байдлаар хууль, дүрэм, журам зөрчсөн,үг үсэг, бүрдлийн алдаатай байна.
Эдгээрээс үзэхэд 3 буюу түүнээс дээш удаа өөрийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь харагдаж байна. Иймд ГХБХБГ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуультай холбоотой тайлбар.
1. ГХБХБГ-ын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 319 дугаар албан бичгээр Ж.Н-д мэдэгдэл хүргүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Ж.Н нь хариу тайлбар ирүүлсэн. Тайлбартаа эрхэлсэн ажлын хүрээнд ямар нэгэн хууль зөрчөөгүй гэсэн ба Аудитын байгууллагын болон бусад шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөөгүй байсан.
2. Иймд 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ж.Н-г ажлаас халах тушаал гаргаж мэдэгдэл хүргүүлсэн. Ж.Н нь ээлжийн амралтыг биеэр эдлэхдээ 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс амарч байсан тул дээрх тушаалыг хүчингүй болгож, ээлжийн амралттай холбогдуулан цалинг хууль, журмын дагуу олгосон. Мөн тушаалыг мэдэгдлийн хамт хүргүүлсэн.
3. Амралтын хугацаа дууссан тул ГХБХБГ-ын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд хууль зөрчөөгүй гэсэн утга агуулга бүхий тайлбар байсан.
4. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны 112 тоот өрөөнд Газрын дарга Ю.Э, Газрын удирдлагын хэлтсийн дарга П.З, Захиргаа хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Н болон Ж.Н нар байлцан сонсох ажиллагаа явуулсан. Сонсох ажиллагаанд оролцохдоо мөн өөрөө ямар ч хууль зөрчөөгүй, зөвхөн захирамжийн төсөл боловсруулдаг гэсэн тайлбар хэлж байсан.
Иймд ГХБХБГ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дугаар тушаалаар Ж.Н-г албан тушаалаас халсан нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Байгууллагын дотоод журмын талаарх тайлбар.
ГХБХБГ-ын Дотоод журмын 9-д “Албан тушаалд томилох, албан тушаалаас чөлөөлөх, халах” талаар журамласан ба 9.6-д Албан хаагчийг энэхүү журмын 13.6-д заасан “Ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах хүртэл хариуцлага тооцно”, 13.6.7-д “Бүх төрлийн албан бичиг, тайлан, шийдвэрийг илтэд зөрүүтэй хуурамчаар гаргасан, бусдын үүрэгт ажилд хөндлөнгөөс дур мэдэн оролцож буруу шийдвэр гаргахад нөлөөлсөн, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан”, 13.6.8-д “Албан тушаалаа урвуулан ашигласан нь нотлогдсон бол ноцтой зөрчилд тооцно” гэж заасан. Ж.Н нь 2015 оноос хойш удаа дараа Газрын тухай хууль зөрчиж байснаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан нь Аудитын байгууллагын дүгнэлт, байгууллагын холбогдох мэргэжилтнүүдийн хяналтаар тогтоогдсон болно.
“Байгууллагын дотоод журам”-ын Удирдлага зохион байгуулалтын хэсгийн 3.3-т "ГХБХБГ-ын дарга төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хууль, дүрэм, зааврын дагуу албан хаагчдыг томилж, чөлөөлөх ба байгууллагын үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангана" гэж заасан. Энэ хэсэгт ажлаас халах асуудлын зохицуулаагүй ба дээрх 9 дэх хэсэгт журамласан.
Төрийн албаны тангарагтаа үнэнч, сумынхаа нутаг дэвсгэрт Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг хуулийн хүрээнд зохион байгуулж Засаг дарга нартаа мэргэжлийн үүднээс дэмжлэг үзүүлж, алдаатай буруу шийдвэрийг засаж залруулж ажилладаг Газрын даамал олог байдаг.
Сумын Газрын даамал нь сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд Засаг даргад дэмжлэг үзүүлэх, хуулийн хүрээнд зохион байгуулах, мэргэжлийг нь эзэмшсэн, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн ганцхан хүн юм. Гэтэл Ханбогд сумын газрын даамал Ж.Н олон жил ажиллахдаа энэ үүргээ биелүүлж чадаагүй нь олон удаагийн баримтаар нотлогдсон тул ажлаас халсан нь үндэслэлтэй.
Иймээс Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулсан боловч хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, захиргааны актын үндэслэл болсон хуулийн зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрхэн дүгнэж, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг маргааны үйл баримт, хэргийн нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэнд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий Б/31 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3.3, 27.4.2, 27.5, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 4/3 дугаар зөвлөмж, 2019 оны 1/61 дүгээр албан шаардлага, ГХБХБГ-ын “Дотоод журам”-ын 9.6 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийг “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг” болон “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчиж удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсан.
Ж.Н нь Ханбогд сумын газрын даамлын албан тушаалыг хашиж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан авагдсан баримтууд, түүний тайлбар[1], гэрч П.З, З.М нарын мэдүүлгүүдээр[2] тогтоогдож байна.
Тодруулбал, Өмнөговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 4/3 дугаар албан бичгээр[3] газрыг дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй олгосон, дуудлага худалдааны мөнгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлээгүй, иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн Аймгийн Засаг даргад хандан “Хууль хэрэгжүүлж ажиллах тухай” зөвлөмжийг хүргүүлж, мөн газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1/61 дүгээр албан шаардлагаар ГХБХБГ-ын мэргэжилтэн Ж.Н-д Төрийн албаны тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ тооцон, нотлох баримтыг ирүүлэхээр Өмнөговь аймгийн ГХБХБГД-д хариуцуулжээ.
Мөн Ханбогд сумын Газрын удирдлагын хэлтсийн дарга П.З, мэргэжилтэн Б.М, З.М, О.Х нарын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Ханбогд суманд ажилласан ажлын тайлан[4], 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Ханбогд сумын Засаг даргын захирамжид хяналт шалгалт хийсэн ажлын тайлан[5], 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Тавантолгойн Гашуунсухайт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайлан[6], Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1-1844 дүгээр албан бичиг[7], 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 1-2222 дугаар албан бичиг[8], Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын даргын 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 397 дугаар албан бичиг[9] болон түүний хавсралтаар авагдсан “Иргэн, хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх талаарх хяналт шалгалтын дүн” зэргээс үзэхэд Ханбогд сумын Засаг даргын гаргасан шийдвэр, захирамжууд нь Газрын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна.
Нэхэмжлэгчээс дээрх зөвлөмж, албан шаардлага, тайлангуудад дурдсан зөрчлүүдийг үгүйсгээгүй бөгөөд “...мэдэгдлийг авч хэрэгжүүлж байгаа, хугацаанд нь өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ хийнэ, албан шаардлагыг бүрэн хэрэгжүүлнэ” гэж 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Сонсох ажиллагааны үеэр мэдүүлжээ.
Нэхэмжлэгчийн “...би Засаг даргын захирамжийг хуульд нийцсэн эсхүл нийцээгүй гэдгийг дүгнэх эрх бүхий албан тушаалтан биш, үе үеийн Засаг дарга нар намайг чи төлөвлөөд ир гэдэг, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших хүсэлтийг мэргэжилтэн рүү цохож, үүрэг болгодог, албан тушаалын тодорхойлолтод заасны дагуу гарсан шийдвэрийг танилцуулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй учраас мэдэгдэл хүргүүлж ажилласан, зөвхөн захирамжийн төсөл боловсруулдаг байсан, төсөл нь эцсийн шийдвэр биш тул Газрын тухай хууль болон өөр бусад хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг би гаргасан гэж үзэхгүй, энэ нь Засаг даргын эрх хэмжээний асуудал” гэснийг анхан шатны шүүхээс зөвтгөсөн агуулгаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь нэхэмжлэгчийн дээрх тайлбараас үзэхэд тэрээр Засаг даргын гаргаж буй шийдвэр нь хууль зөрчиж байсан болохыг мэдэж байжээ гэж дүгнэхээр байна.
Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргийг нарийвчлан тодорхойлж, 37.1.6-д “Харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх”,37.1.13-д “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 37.1.14-д “Удирдлагын санаа бодолд нийцэх эсэхийг үл харгалзан тэдний гаргах шийдвэрээс үүдэн гарч болзошгүй сөрөг үр дагаврыг урьдчилан анхааруулж байх”, 37.1.15-д “Харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах” гэж заасныг Ж.Н биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ тохиолдолд дээд шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх эрхтэй.
Нэхэмжлэгчийн хувьд Ханбогд сумын газрын даамлын үүргийг дангаар хашдаг бөгөөд Ажлын байрны тодорхойлолтод зааснаар салбарын хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гарах хэм хэмжээний актыг боловсронгуй болгоход санал өгөх, тэдгээрийг хэрэгжүүлэх, тайлагнах, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд геодези, зураг зүй, газар зохион байгуулалтыг эрхлэх, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д зааснаар харьяалах дээд шатны албан тушаалтныг хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээллээр хангах зэрэг үүргийг хүлээсэн байна.
Гэтэл нэхэмжлэгч нь дээр дурдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж гаргасан зөрчлөө зөвтгөх боломжийг түүнд олгосон ч заасан хугацаанд зөвтгөөгүй бөгөөд хариуцагчийн “... сумын газрын даамал нь сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд Засаг даргад дэмжлэг үзүүлэх, хуулийн хүрээнд зохион байгуулах, мэргэжлийг нь эзэмшсэн, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн ганцхан хүн атлаа олон жил ажиллахдаа энэ үүргээ биелүүлж чадаагүй нь олон удаагийн баримтаар нотлогдсон” гэж тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.
Дээр дурдсан байдлаар хариуцагчийн Б/31 дүгээр тушаал нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, бодит нөхцөлд байдалд тохирсон, зорилгодоо нийцсэн байх, шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн этгээдэд урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагааны тусгай зарчмыг зөрчөөгүй байх тул маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэлгүй учраас нэхэмжлэгчийн “урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.
Төрийн жинхэнэ албан хаагч нь холбогдох хууль, тогтоомжоор хүлээсэн үүргээ шат шатандаа биелүүлээгүйн улмаас хууль зөрчсөн шийдвэр гаргах нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх төрийн албаны эрхэм зорилгод харшлах тул зөрчил дутагдлыг тухай бүрт нь илрүүлж, зохих арга хэмжээг авч, хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.6, 37.1.13, 37.1.15, 47 дугаар зүйлийн 47.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Н-ийн “Өмнөговь аймгийн ГХБХБГ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өмнөговь аймгийн газрын даамлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал
[2] 3 дугаар хавтаст хэргийн 152-174 дэх тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 173-184 дэх тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 185-191 дэх тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 200-202 дахь тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 203 дахь тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 204 дэх тал
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 165 дахь тал