Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 00155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Д.Соёлзул

             Улсын яллагч                                 Э.Гантулга

                         Шүүгдэгч                                          С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөр хаан овогт Сугаржавын Дт холбогдох эрүүгийн 1932000000188 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1972 оны 10 дугаар сарын 25-ны едөр Сэлэнгэ аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Өндөр хаан овогтой Сугаржавын Д РД: *

 

            Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

          Шүүгдэгч С.Д нь 2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч С.Ажтай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч  гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

            Хохирогч С.Ажын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би Д намайг юугаар цохисныг нарийн сайн хараагүй ээ. Намайг майхан дотор өмдөө солих гээд сууж байхад Д ирсэн. Ирээд хэрүүл хийхээр нь би Дт чамтай юу ч ярихгүй гээд яв зайл гэсэн ба тухайн үед миний урд жижиг ширээ байсан. Би харин өөр тийшээ харж байхад гэнэт л миний толгой руу нэг зүйл онож би толгойгоо дарахад цус гарч байсан харин Дийг хүмүүс аваад явсан..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-р хуудас/

           

            Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн №216 тоот дүгнэлтэд:

  1. С.Ажын биед духанд хаван, няцарсан шархтай цус хуралт, зулгаралтын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 19-р хуудас/,

Яллагдагч С.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн:  "...Тэгээд би хэрүүл хийж байгаад майхан дотроо унтаад өгсөн юм. Тэгээд хэсэг унтаж байгаад бие засмаар санагдаад майхнаас гараад Аж эгчийн майхны хажуугаар гарч бие засах гэж байгаад Аж эгчийг ганцаараа майхандаа сууж байхаар нь хэрэлдсэндээ уучлалт гуйх гээд майхан руу нь шагайтал Аж эгч миний өөдөөс муу лалар минь шоронд чинь хатаанаа гээд гарын салаавч гаргаад байсан юм. Тэгэхээр нь миний уур хүрээд Аж эгчийн урд талд байсан жижиг ширээг огцом дээш өргөтөл Аж эгчийн толгойг цохисон байх. Тэгтэл Аж орилоод цаанаас манай хамаатнууд ирээд намайг салгаад аваад явсан юм..." гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-р хуудас/ болон

         

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд болох  Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 27 дугаар хуудас/,  шүүгдэгчийн хурууны хээний дардас /ХХ-ийн 28 дугаар хуудас/, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт оршин суудаг нь үнэн гэх тодорхойлолт /ХХ-ийн 29 дүгээр хуудас/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 31 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 32-35 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 07 дугаар сарын 21-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч С.Ажтай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь:

           Хохирогч С.Ажын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн №216 тоот дүгнэлт /ХХ-ийн 19 дүгээр хуудас/, шүүгдэгч С.Д нь мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч С.Д нь төрсөн эгч С.Ажтай маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь цохиж хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Д нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно.

            Иймд шүүгдэгч С.Дийг ургийн баяр хийж байх үедээ 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн эгч С.Ажтай ургийн баяраар  хийсэн тэмцээнээс болж маргалдаж улмаар түүний толгойн тус газарт цохиж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан С.Дийг  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Хохирогч С.Аж нь хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

           Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, С.Дт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх зэргийг тус тус дурьдаад

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1.Шүүгдэгч Өндөр хаан овогтой Сугаржавын Дийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан С.Дийг  700 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700,000 төгрөгөөр торгох ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг шүүгдэгч С.Дт даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар С.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэлцэгдэх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

          7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Дт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Б.АЛТАНЦЭЦЭГ.