Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 167

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,

Шүүгдэгч: С.Б, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914003330216 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Б

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-22-11 тоотод тоотод 2019 оны 04 сарын 14-ний өдөр Г.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

 Шүүгдэгч С.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний орой гэртээ байхад манай хүүхэд А гэртээ орж ирээд “Агийн ээмгийг Бүлтүүш авчихлаа” гэсэн. тэгэхээр нь эхнэр гараад явсан. Тэгж байтал орилолдоод байх шиг чимээ гарахаар нь би гэрээс гарахад Бүлтүүшийн гэрт ороход Бүлтүүш манай эхнэртэй хүүхдийн ээмэгний талаар маргаж байсан. Тэгээд Бүлтүүш “дандаа хулгайч" гээд байхаар нь би уур хүрээд Бүлтүүшийг гараараа нүд рүү нь бол цохих нь цохисон эрүү рүү нь цохисон юм байхдаа санахгүй байна. Тэгээд Бүлтүүш над руу аяга шидэх гэхээр нь аягийг нь шидүүлэлгүй би Бүлтүүшийг үснээс нь зулгааж татсан. Намайг ороход зүгээр байсан ямар нэг шарх, хавдар байгаагүй. Цагдаа ирэхэд Бүлтүүшийн нүд нь лав хөхсөн байсан бусдыг нь ажиглаагүй. гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

3. Хохирогч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2019 оны 04 дүгээр сарын 14-ны орой манайд А гэдэг охин дүү Атай хамт орж ирсэн. Тэгээд А нь миний шар өнгийн 10.000 төгрөгийн үнэ бүхий ээмгийг зүүчихсэн байхаар нь би өөрийнхөө ээмгийг авсан. Тэгсэн чинь ээж, аав 2 нь ирээд надтай хэрүүл хийж аав болох Б нь миний нүд рүү гараараа 1 удаа эрүү орчимд 1 удаа цохисон. Тэгээд миний үснээс чирж намайг гаргасан. Тэгтэл эхнэр нь “боль боль” гээд салгасан. Миний ээмэг 2-3 хоногийн өмнө алга болсон байж байгаад А манайд адилхан ээмэг зүүгээд ороод ирсэн болохоор нь миний ээмэг мөн гэж бодсон. Би болохоор ээмээгээ хүүхдүүд гадаа гаргаад хаясан юм байх гэж бодсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 5-8/

Уг ээмгийг адилхан хийц загвартай шар өнгийн ээмэг болохоор нь би миний ээмэг мөн байна гэж бодсон юм. Би А болон А нарыг цохиж зодоогүй. Би миний ээмгийг зүүсэн явж байна өг гэхэд А өөрөө надад тайлж өгсөн чинь А уйлаад гарсан. Намайг Бүлтүүш гэж дууддаг. Намайг Бт зодуулахад Бын эхнэр болон А, А нараас өөр хүн байгаагүй. Би гомдолгүй. Харин эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. эмчилгээний зардалд 160 гаран мянган төгрөг гарсан. С.Б нь хохирол төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 62-65/

4. Гэрч Ш.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би жил гарангийн өмнө дунд захын орчимд хүн ээмэг зараад явж байхаар нь би шар өнгөтэй доод тал нь зуйвандуу дотор нь цэцгэрхүү юмтай ээмэг 10.000 төгрөгөөр авсан. Тэгэхэд ганцаараа явж байгаад авсан юм. Тэр ээмгийг би зүүж байгаад Аг манай гэрт орж ирэхэд нь өгсөн юм. Агийн эгч нь манай гэрт байсан тэгээд Ад эгч нь хөх өнгөтэй ээмэг өгөхөөр нь би Ад “миний дүү энийг авах уу” гээд өөрийнхөө шар өнгөтэй доод тал нь зуувиндуу дотор нь цэцэгэрхүү юмтай ээмээгээ ээмэгний савнаас би өөрөө гаргаж өгсөн. Тэр ээмэг нь бөөрөнхий хавчтдаг юмтай бөгөөд цоолдоггүй ээмэг юм. А миний ээмгийг гартаа бариад гарсан. гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

5. Гэрч Д.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Манай том охин хүүхдээ харуулах гээд дүү Аг дуудсан. Тэгээд А том охиных руу орой дүү Атай хамт явсан. Би гэртээ нөхөртэйгөө хоол хийгээд сууж байхад А уйлаад ороод ирэхээр нь “яасан юм” гэсэн чинь “Бүлтүүш эгч А эгчийг ээмэг авчихлаа гэж загнасан” гэсэн. Тэгэхээр нь би Бүлтүүш буюу Бынд ороход гэрт нь Б А нар байсан. Тэгээд би хүүхдээ өмөөрөөд “яахаараа чиний ээмгийг манай хүүхэд авдаг юм" гээд хэрэлдсэн. Би Бтай хэрэлдэж байхад манай нөхөр С.Б орж ирээд Бын нүд рүү нь гараараа цохисон. Тэгэхээр нь би нөхрөө болиулж салгасан. Б Баас цагдаад дуудлага өгөх гэхэд нь үнэндээ утсыг нь булааж авч байсан. Б буцаагаад утсаа булааж аваад цагдаад дуудлага өгсөн. Өнөөдөр орой том эгчийнх нь хадам ээж Э Ад ээмэг өгсөн гэсэн. Тэр ээмгийг нь Б өөрийнх нь ээмэг гээд байгаа юм байна лээ. гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

6. Гэрч Т.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дүү Агаар хүүхдээ харуулаад Аг хүүхэдтэйгээ хадам ээжийнх рүү оруулсан. Би араас нь усанд орчихоод орсон. Манай хадам ээж шүрээр юм хэлхдэг юм. Тэр шүрнийх нь хайрцагны таг нь онгойлгохоор нь би дотроос нь цэнхэр ээмэг авч Ад өгөхөд хадам ээж Э цаанаас нь “би энд нэг ээмэг байгаа зүүдэггүй юм энийг өгье” гэсэн. тэгээд А тэр ээмгийг аваад гэр рүүгээ дүү Атай явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй гэртээ байж байсан чинь хадам ээж гаднаас орж ирээд “нөгөө ээмэгнээс болоод бөөн зодоон болсон байна цагдаа ирсэн байна намайг дуудлаа” гээд орж ирсэн. Хадам ээж зодоон болоход нь байхгүй байсан юм шиг байна лээ харин хадам ээж рүү А залгаж хэлсэн юм шиг байна лээ. Би тэр явдпыг мэдээгүй гэртээ байсан. Шар өнгөтэй ээмэг харагдсан би хэлбэр дүрсийг нь мэдэхгүй байна. гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

7. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2019 оны 04 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ байж байгаад том эгч Гийнд очсон. Тэнд байж байгаад А эгчтэйгээ гэр рүүгээ явах замаараа Бүлтүүш эгчийнд ороход Бүлтүүш эгч А эгчийн зүүж байсан шар өнгөтэй ээмгийг харчхаад “миний ээмэг байна” гээд ээмгийг нь авсан. Бүлтүүш эгч “ээмгээ алга болгочихсон чинь зүүсэн байна” гээд А эгчийг хэлж байсан. Тэр өдөр А эгч тэр ээмгийг том эгч Гийн хадам ээжээс авсан юм. Тэгээд зүүгээд явж байхад нь Бүлтүүш эгч “миний ээмэг” гээд авсан. Тэгээд би гэртээ орж ээжид “Бүлтүүш эгч Аы ээмгийг авчихсан” гэж хэлсэн. Тэгээд ээж Бүлтүүш эгчийнд ороод “хүүхдийн ээмэг өг” гэсэн. Тэгж байтал аав орж ирээд бүлтүүш эгчийн нүүр рүү цохисон хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Аав Бүлтүүш эгчийн үснээс нь чирж гэрээс гаргаагүй харин үсдэж авсан. Тэгээд буцаагаад тавьсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

8. Арван найман насанд хүрээгүй гэрч Б.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2019 оны 04 дугаар сарын 14-ний өдөр том эгч Гийн хүүхдийг авах гээд эгчийндээ очсон. Би хүүхдийг нь аваад хадам ээжийнд нь байж байхад Г эгч хадам ээж болох Э эгчийн шүр хийдэг савнаас нь надад цэнхэр ээмэг авч надад өгөхөд Э эгч надад шар өнгийн ээмэг өгсөн. Тэгээд тэр 2 ээмгийг би аваад шар ээмгийг нь чихэндээ зүүсэн. Тэгээд тэнд байж байгаад хүүхдийг нь Г эгчийн гэрт нь оруулж өгчихөөд манай дүү А ирчихсэн байсан тул хамт гэр рүүгээ явах замаараа бид 2 дэлгүүр орчихоод айл хэсэж Бүлтүүш эгчийнд очиход Бүлтүүш эгч миний зүүсэн ээмгийг харчхаад “миний ээмэг байна надад тайлаад өгдөө ямар сонин юм бэ миний ээмэг байна” гэхээр нь би “ямар сонин юм бэ Э эгч надад сая өгсөн” гэхэд Бүлтүүш эгч “үгүй миний ээмэг байна” гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

... Тэгээд манай дүү гэр рүүгээ яваад ээжид хэлсэн чинь ээж ирээд Бүлтүүш эгчтэй “энэ ээмгийг Э манай хүүхдэд өгсөн” гээд Эийг дуудахаар болоод байж байхад аав Бүлтүүш эгчийн гэрт орж ирээд Бүлтүүш эгчийг гараараа нүүр орчимд нь цохисон. хэдэн удаа цохисныг нь би хараагүй. Ээж аавыг “боль” гээд болиулсан гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/

9. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ний өдрийн 252 дугаартай шинжээчийн:

1. Г.Бын биед доод эрүүний шонтон ясны хугарал, тархи доргилт, зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, доод эрүүнд цус хуралт , зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх н гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд 2019.04.14-нд үүсгэгдсэн байх боломжтой байна. шинжээчийн гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ болон хавтаст хэргийн 77 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Бын урьд ял шийтгэгдэж байсан тухай ял шалгах хуудас, хавтаст хэргийн 53-57 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч С.Бын эзэмшлийн Nokie маркийн гар утас битүүмжилсэн тэмдэглэл, хавтаст хэргийн 93-94 дүгээр хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Улсын яллагч болон өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж , шүүгдэгч хохирогч нар эвлэрч шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч С.Б нь 2019 оны 04 сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг 5-22-11 тоотод Г.Быг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч Г.Бын мэдүүлэг, гэрч Ш.Э, Д.Э, Т.Г, арван найман насанд хүрээгүй гэрч Б.А, Б.А нарын мэдүүлэг болон шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 252 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 Иймд шүүхээс шүүгдэгч С.Быг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч С.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагч болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бын эзэмшлийн “Nokie” маркийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Бт хэрэгцээний дагуу буцаан олгохоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт хохирогчийн толгойн рентген зураг болон хохирлын баримт бүхий бичгийн нотлох баримтыг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг рентген зураг болон бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Бын нь урьд ял шийтгэгдэж байгаагүй, энэ талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Бт нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Быг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан С.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоож, хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч С.Бын эзэмшлийн гар утсыг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч С.Бт хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт хохирогчийн толгойн рентген зураг болон хохирлын баримт бүхий бичгийн нотлох баримтыг эд мөрийн баримтаар тооцсон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг рентген зураг болон бичгийн нотлох баримтыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэрэгт хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.                                               

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ